Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

    2018          04          09                                               138/ШШ2018/00346

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

        Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М Н Тд холбогдох “2005  оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.М,  М.Ч, П.Эгийн төлөөлөгч П.Мө, тэдгээрийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ч.Т, гуравдагч этгээд Ж.Эч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд охиноо оюутан болоход нь Улаанбаатар хот руу шилжиж явсан. 2015 оны 7 сард төрсөн нутаг болох Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3-р багт ирж малчнаар ажиллаж байна. Эхнэр Ж.Эт гэр бүлийн газрыг бидний зөвшөөрөлгүйгээр аавдаа шилжүүлсэн байсаныг 2015 оны 10 сард мэдсэн. Тухайн үед нотариатч Агэдэг хүнтэй хуйвалдаж газрыг бидний зөвшөөрөлгүйгээр авсанд гомдолтой байна. 2003 онд хууль ёсны дагуу өмчилж авсан газрыг хууль бусаар авсан тул нотариатч Аы бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч М.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 9 сарын 26-ны өдөр хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Би 1987 онд төрсөн тухайн үед буюу 2005 онд 18 насанд хүрсэн байсан. Гэтэл надаас зөвшөөрөл авалгүй ээж Эт нь бидний гэр бүлийн газрыг нотариатаар баталсан байсныг 2015 оны 10 сард мэдсэн. Би дээд сургуульд орж төгсөж ажил хийж байгаад 2009 онд амралтаараа нутагтаа ирсэн. Тэгээд гэрээрээ ороход танай юмыг огт хөдөлгөөгүй бүх юм байрандаа байгаа гэж хэлж байсан. Гэтэл 2015 оны 10 сард  аав маань газрыг минь бусдад шилжүүлсэн байна гэдгийг  хэлж мэдсэн. Иймд бидний гарын үсэггүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулж баталсан 2005 оны 9 сарын 26-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгох хүсэлтэй байна. Бид өөрсдийн хашаандаа байшин барьж амьдрах талаараа ярьж байхад хэн ч ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Би энэ асуудал гартал бидний газар, хашаа байшин хүнд шилжсэн гэдгийг мэдээгүй байсан гэв.

Нэхэмжлэгч М.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2005 оны 9 сарын 26-ны өдөр 21 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болсон байсан. Гэтэл ээж Ж.Эт маань М.Э, П.М, М.Ч, миний бие М.Мө нараас зөвшөөрөл авалгүйгээр аав Жамсрандаа газар бэлэглэх гэрээ байгуулан шилжүүлсэн байна. Үүнийг нь нотариатч Агэдэг хүн гэрчилж бид өмчлөх эрхээ алдчихаад байна. Би 2005 онд 16 настай байсан. Ээж Ж.Эт эрх зүйн бүрэн чадамжгүй М.Мө миний өмнөөс гарын үсэг зурсан байгаа ч надад огт хэлээгүйд гомдож байдаг. Бид 2003 онд Улаанбаатар хот руу явахад би 13 настай байсан. Тэгээд би хотод сургуульд суралцан үлдсэн юм. Биднийг хот руу шилжихэд өвөө Жамсран, эмээ Долгорсүрэн нар нь бидний гэрийг харж үлдсэн. Миний бие 2005 онд хотод сурч байсан тул энэ гэрээ хэлцэл хийгдсэнийг мэдэх боломжгүй байсан. 2015 оны намар аав маань утсаар холбогдож бидний газрыг бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжсэнийг мэдсэн. Би тухайн үед насанд хүрээгүй байсан ч одоо өмчлөх эрхээ алдаж байгаадаа гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой. Хэрэв хэлцэлд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байвал энэ талаар заавал тодруулж, бичгээр нотолсон баримтыг хавсаргах ёстой талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Ж.Эт нь П.М нарын газрыг бусдад шилжүүлэх гэж байгаа тохиолдолд нотариатч нь эдгээр хүмүүс яагаад өөрсдөө ирээгүй болохыг асууж тодруулан итгэмжлэл шаардах ёстой байсан. Мөн бэлэглэлийн гэрээгээр газар шилжүүлэн авч байгаа Жамсран заавал өөрийг нь ирүүлж гарын үсэг зуруулахыг шаардах ёстой байсан. Иймд тухайн нотариатч Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т заасан журмыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой байсан атал баримтлаагүй тул хууль бус үйлдэл хийсэн байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйл 276.4-т зааснаар ...бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр тодорхой эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэхийг бэлэглэлийн  гэрээ гэж ойлгоно... гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд нь бэлэг хүлээн авагч нь заавал зөвшөөрсөн байх ёстой бөгөөд нотариат дээр өөрийн биеэр ирж хүсэл зоригоо илэрхийлэх ёстой байсан. Гэтэл нотариатч энэ шаардлагыг хангаагүй байхад зөвхөн бэлэглэгчийн буюу Ж.Этгийн зөвшөөрснөөр бэлэг хүлээн авагчийг ирээгүй байхад бэлэглэлийн гэрээг баталсан хууль бус үйлдэл хийсэн байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.4-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс шууд татгалзах ёстой байтал татгалзаагүй байна. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйл 46.2-т зааснаар агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэлт зоригийг илэрхийлж байх ёстой гэж заасан ба хэрэв 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хангахгүй байвал шууд татгалзах үүрэгтэй байсан. Энэ тохиолдолд газрын бусад өмчлөгч нарын хүсэлт зориг тодорхой бус байхад нотариатын үйлдэл хийжээ. Нотариатч хүн хамгийн түрүүнд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай байдаг атал Ань Ж.Этгийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлтэй эсэх талаар нь огт тодруулаагүй хууль бус үйлдэл гаргасан. Иймд нотариатын тухай хууль болон бусад хуулийн зөрчсөн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч нарын мэдүүлгээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын даамал Болормаагийн тайлбараар нэхэмжлэгч нар нь нотариатч хууль бус үйлдлээрээ бэлэглэлийн гэрээг батлан газрыг бусдад шилжүүлснийг 2015 оны 10 сарын дундуур мэдсэн байна. Иргэний хуульд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байдаг. Шаардах эрх үүссэн үеийг тоолохдоо эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тоолно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар эрх нь хэзээ зөрчигдсөн гэдгийг гэрч нар болон газрын албаны өгсөн тайлбараас тогтоогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нар нь 2015 оны 12 сарын 27-ны өдөр нотариатын хууль бус үйлдлийг бүрэн мэдсэн байна. Иймд иргэний хуулийн зохицуулалт дээр үндэслэн нэхэмжлэгч нар нь 2015 оны 10 сараас эхлэн шаардах эрх нь үүссэн байна. Хөөн хэлэлцэх хугацааг ямар үед тоолох тоолохгүй талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан байдаг. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хөөн хэлэлцэх хугацаа нь эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.5-д зааснаар “эдийн бус хөрөнгөд ... бусдаас шаардах эрх олгох... асуудал орно” гэж заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг баталсан нотариатч Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлага тавьж байгаа. Иймд шаардах эрх болон шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа тогтоох ёсгүй. Иймд дээрх иргэний хуулийн заалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тооцох хэрэгтэй. Хэрэв хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх хэзээ үүссэн бэ гэдгийг тогтооё гэвэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2015 оны 10 сард мэдсэн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн тайлбарлаж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулиар нотариаттай холбоотой аливаа асуудлыг зохицуулдаг. Нотариатын тухай хуулийн зорилго нь Энэ хуулийн зорилт нь нотариатын үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл хийх гэж байгаатай холбоотойгоор иргэд хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль юм. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллана гэж заасан байдаг. Гэтэл Ань татгалзах ёстой байтал татгалзалгүй үйлчилгээ үзүүлээд байгаа тохиолдолд ёс зүйн дүрмийн дагуу М Н Тийн дэргэдэх ёс зүйн хороо нь хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Нотариатын тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.1-т зааснаар ... Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавина гэж заасан байдаг. Тэгэхээр М Н Т нь өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаараа нотариатчдын үйлдэл тус бүр дээр хяналт тавих, удирдах, зохион байгуулах үүрэгтэй ажиллах ёстой. Нотариатын тухай хуулиар М Н Т нь нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн байна гэсэн байгаа нь Ань М Н Тын гадна талд үлдэх ёсгүй болохыг харуулж байна. М Н Т нотариатчдын мэргэжлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлага арга зүйн чиглэлээр хангах, нотариатчын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Гэтэл өнөөдөр маш хариуцлагагүйгээр Ачинь нас барсан хүн, нотариатын танхимд хамааралгүй, нотариатч гэдэг бол хүнийг хэлж байгаа болохоос нотариатын танхимыг хэлэхгүй гэж ярьж байгаа нь нотариатчдын эрх ашгаа хамгаалж чаддаггүй болохыг харуулж байна. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2-т зааснаар Нотариатын байгууллага нь Танхимын бүх гишүүдийн хурал, Танхим, түүний Удирдах зөвлөл, танхимын аймгийн болон нийслэл дэх дүүргийн тойргийн салбараас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно гэж заасан байдаг. Иймд бүтэц зохион байгуулалтын хувьд Ань Дорнод аймгийн нотариатчдын тойргийг төлөөлж байгаа нотариатын танхимд шууд харъяалагдаж байгаа хүн байсан. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-т зааснаар Танхимын дэргэд Сахилгын болон Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-т зааснаар Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдсон бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж ажиллана.. гэж заасан. Иймд ёс зүйн зөвлөл сахилгын хороо нь нотариатчдын хууль бус үйлдлийг хянаж хариуцлага хүлээлгэх ёстой. Иймд хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх нь 2015 оны 10 сард үүссэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотариатчын үйлдэл нь хууль бус болох нь хангалттай тогтоогдож байна. Мөн хариуцагч субъект биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хууль дээр нотариатын үйл ажиллагаа дуусгавар болох нөхцөлийг заахдаа нас барснаар гэж заасан байдаг. Энэ зөвхөн нотариатын үйл ажиллагааг л дуусгавар болгохыг л хэлж байгаа юм. Хуульд зааснаар нотариатын хууль бус үйлдлийг шүүхэд хандан хүчингүй болгуулж болохоор заасан. Иймд П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй 2005 оны 9 сарын 26-ны өдрийн 105 дугаартай нотариатч Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2005 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг баталсан үйлдэл нь хүчингүй болгох үндэстэй байна. Өөрөөр хэлбэл нотариатч нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.4-т зааснаар үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал татгалзах ёстой гэж заасан байдаг. Нотариатч Ань Ж.Эт нь нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг мэдэж байсан тул гэрчлэхээс татгалзах ёстой байсан. Гэтэл хоёр иргэний үнэмлэхээр нотариатын үйлдлийг хууль бусаар хийсэн байна. Өмнө нь шийдэгдсэн шүүхийн тогтоол хавтас хэрэгт байгаа ч тэр нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдэх ёстой байсан хэлцэл тул үүнийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Иймд тухайн тогтоол нь  хэрэгт хамаарахгүй өөр агуулгатай юм. Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэж байгаа тул сонирхогч этгээдийн хүсэлтээр хууль бус үйлдлийг нь шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оны 9 сарын 26-ны өдрийн нотариатч Аы газар өмчлөх эрхийг бусдад бэлэглэхийг гэрчилсэн 105 дугаартай гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Монголын нотариатчын танхим нь нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар нотариатчдын танхим нь ...нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Тухайн нотариатчдын хийсэн үйлдлийг нотариатч өөрөө хариуцах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан бол хариуцагч гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл М Н Т нь өөрийн үйлдлээрээ нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулаагүй тул хариуцагч биш байна. Мөн тус үйлдэл нь 2005 онд болсон атал нотариатч гэрчилснээс хойш 12 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Нотариатч Ань 2006 онд нас барсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж заасан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь Жамсрангийн бага охин нь юм. Хэрэг явдал 2005 онд болсон бөгөөд 3 шатны шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал. П.Мын гэр бүл нь 2003 онд Улаанбаатар хот явж хашаа байшингаа зарах зар өгч манайх авахаар болж мөнгийг нь өгсөн. Энэ мөнгөөрөө Улаанбаатар хотод циркийн хажууд граж худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгчид мэдээгүй байх үндэслэл байхгүй. Одоо л эдгээр хүмүүс газраа худалдсанаа мэдээгүй гэж ярьж байна. Энэ маргаан гарсаны дараагаар би “Намайг залилж байна” гээд цагдаагийн газарт өгч шалгуулахад Ж.Эт нь 3 сая төгрөгөөр граж худалдаж авснаа хүлээсэн байдаг. П.М нь Ж.Эт нь 3 сая төгрөгөөр хашаа байшингаа зарсан. Тэр мөнгөөрөө циркийн хажууд граш худалдаж авсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед цагдаа дээр энэ мэдүүлгүүд байсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ мэдүүлгүүдийг байхгүй болгосон байсан. Би ээжээрээ Ж.Эттай утсаар яриулахад Ж.Эт нь “Өгсөн авсныг нотлох гэрч байхгүй юм чинь би мөнгө аваагүй гэж хэлсэн ч болно. Би танайхыг 10 жил амьдруулсан юм чинь хөлсөндөө авсан ч болно” гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч нар одоо ч хүртэл тухайн гражийг ашиглаж байгаа. 2015 оны 10 сард мэдсэн гэдэг нь худал. 2013 онд манайх хашаандаа том байшин барьсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. П.М нь манай байшинг хараад танайх шиг гоё байшинтай болох юмсан гэж хэлж байсан. П.М гэр бүлээрээ  бүрмөсөн шилжиж явсан. Тэгээд Сэлэнгэ аймаг мал аж ахуй эрхэлж байсан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум нь газар тариалангийн бүс нутаг болсон тул малтай айл байлгахгүй гэж хөөгдөөд 2015 оны 4 сард П.М, Ж.Эт нар нь манай ах руу ярьж бид нар очих газаргүй боллоо гэдгээ хэлсэн. Тэгэхэд нь манайд хүрээд ир гэж хэлээд 7 сард Сэргэлэн суманд манай ахын дэргэд ирж буусан. Манай ахынх их ядруухан айл. Ирсэн цагаасаа хойш ахыг маань хөөж явуулна гэж их дарамталдаг байсан. 2015 оны 8 сард Ж.Эт нь орж ирээд энэ хашаанд байшин барина гэж хэлсэн. Тэгэхээр нь би та зарчихаад юу яриад байгаа юм бэ гэж хэлээд байшин барихыг нь зөвшөөрөөгүй. Ж.Эт нь 82, 83 настай, аав, ээж хоёртой минь их муухай харьцдагыг хүмүүс мэддэг. Гэр орноосоо хөөж зүй бусаар хэлдэг байсан. Нэхэмжлэгч нар нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Гурван шатны шүүхээр дамжин 2017 оны 6 сарын 19-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр Ж.Эт, Жамсран нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул Ж.Эт нь бусад хүмүүсийнхээ хохирлыг барагдуулах ёстой. Жамсран нь шударга эзэмшигч байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэв.

 

Гэрч Ж.Эт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2005 оны 09 сарын 26-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээн дээрх “М” гэсэн гарын үсгийг би зурсан. Мөн хүүхдүүдийнхээ гарын үсэг зурах хэсэгт би өөрөө нэрээ бичсэн байгаа. Хүүхдүүд маань надад тухайн үед итгэмжлэл өгөөгүй. Бүгд Улаанбаатар хотод суралцаж байсан. Нотариатч Агэж хүнийг би сайн танихгүй. Тийм хүн байдаг гэдгийг л мэддэг байсан. Нотариатч дээр очиход надад хууль бус үйлдэл байна гэж хэлж байгаагүй. Надад бэлэглэлийн гэрээтэй холбоотой хууль зүйн туслалцаа өгч байгаагүй. Надаас итгэмжлэлийн талаар ч асууж байгаагүй. Гэхдээ би “аавдаа бэлэглэмээр байна. Би ирээд эргүүлж авч болно биздээ” гэхэд надад “тийм” гэж хэлж байсан. Би анх бол аавыгаа ядаж ямар нэг хороон дээр бүртгэлтэй байг гэж бодож шилжүүлсэн. Уг нь миний хаяг дээр ирэхэд л болох асуудал байсан юм билээ. Би бусад хүмүүсийн иргэний үнэмлэхийг ч авч очоогүй. Жамсран, Эт гэсэн иргэний үнэмлэхийг л авч очсон. Би нөхөртөө болон хүүхдүүддээ хашаа байшингаа зарж байгаа талаараа огт мэдэгдээгүй. Нөхөр маань ер нь наашаа ирдэггүй байсан. Хөдөө мал малладаг байсан тул ирэх шалтгаан ч байдаггүй байсан. Би буцаж ирэхгүй гэж бодоод шилжүүлсэн.Бид нар 2006 оноос Сэлэнгэ аймагт амьдарч байгаад 2015 оны 7 сард Дорнод аймгийн Сэргэлэн сум руу шилжиж ирсэн. 2015 оны 10 сард ах маань ирээд “Гражаас машинаа гаргаж ав” гэж уурласан. Тэр үед л би нөхөртөө бэлэглэлийн гэрээ үйлдэж шилжүүлсэн талаараа мэдэгдсэн. Э, Ч, М нараас итгэмжлэл авч 30  байр 7 тоотыг зарж байсан. Ер нь өмнө нь дүү маань биднийг Улаанбаатар хот руу шилжиж байхад худалдан авах тухай саналаа хэлж байсан. Тэгэхэд нөхөр маань “би хашаа байшингаа зарсан ч танайханд өгөхгүй” гэж хэлж байсан. Өмнө нь бидний дунд маргаан үүсч, асуудал гардаг байсан. Энэ бүхнээс болж ингэж хэлсэн байх гэж бодож байна. Би анх 3.000.000 төгрөг авч байсан. Гэхдээ сүүлд 80 дугаар байранд байр авах үед нь би 3.000.000 төгрөгийг тусламж үзүүлж байсан гэв.

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М Н Тд холбогдох “2005  оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 181/Ш32017/15228 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж хэргийг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж гарган хэргийг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нар нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох өмчлөх эрхийн улсын бүртгэл Г0614000964 дугаартай, 000049686 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоотод байрлах 988м2 газрын өмчлөх эрхийг бидний зөвшөөрөлгүйгээр  Ж.Эт / эхнэр буюу ээж / нь өөрийн төрсөн эцэг С.Жамсранд шилжүүлсэн “2005  оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг 2015 оны 10 сард мэдсэн тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

  Нэхэмжлэгч нарын өмчлөлийн дээрх газрыг  гэрчээр оролцсон Ж.Эт нь  2005 оны 9 сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн гишүүдийн итгэмжлэл болон зөвшөөрөл авалгүйгээр “Газар өмчлөх эрхийн гэрчилгээгч бусдад бэлэглэх гэрээ”-г өөрөө бусдын өмнөөс гарын үсэг зурж  эцэг С.Жамсранд шилжүүлж энэ талаар гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр шилжиж явсан талаараа мэдүүлсэн мэдүүлгээс үзвэл тухай үед буюу 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр тэдэнд мэдэгдэлгүйгээр бэлэглэх гэрээ хийгдсэн  үйл явдал  болсон байна.

 

Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын тайлбар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан  санал: “2005  оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа Наториатын тухай хуулийн 31 дүгээр зүлийн 31.1.4-д “ үйлчлүүлэгч төлөөлөх эрхгүй ...” буюу бусад этгээдийн зөвшөөрлийг аваагүй байдлыг шалгаж тодруулаагүйгээр нотариатын үйлдэл хийсэн хууль зөрчсөн” гэж  

 

Хариуцагчийн төлөөлөгч:“ Нотариатчч Аы нотариатын үйлдлийг танхим хариуцах субъект биш, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

Хэдийгээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын шаардах эрхийг хуульчилж өгсөн байна.

 

Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “Нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой М Н Т /цаашид “Танхим” гэх/ ажиллана” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 ”Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ”, 24.1.Нотариатч нь нотариатын үйлдлийг буруу хийсэн, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон зэрэг бусад буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын албан журмын даатгалд даатгуулна” гэж тус тус заажээ.

Дээрх заалтуудаас үзвэл нотариатчийн хууль бус үйлдэл болон нотариатч нас барсан тохиолдолд түүний хийсэн хууль бус үйлдлийг нотариатын танхим хариуцахаар Нотариатчдын танхим нь нотариатчийн үйлдэлд эрх залгамжилж хариуцахаар зохицуулагдаагүй, харин нотариатч нь хууль зөрчсөн үйлдлийн төлөө, бусдад хохирол учируулсан тохиолдолд хариуцлагаа өөрөө хүлээхээр зохицуулсан байх тул Нотариатчдын танхимд холбогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нар нь 2015 оны 10 сард өөрсдийн эрхийг зөрчиж өмчлөх эрх бусдад шилжсэнийг мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч  хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх нотлох баримт гаргаагүй ба нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна гэр бүлийн гишүүн Ж.Эт нь 2005 оны 09 сарын 26-ны өдөр 105 дугаартай нотариатч Б.Ааар “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилүүлсэн үйлдэл хийснийг гэр бүлийн гишүүд мэдээгүй гэх боломжгүй байна.

 

Дээрх үйл явдлаас хойш 13 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан,... үеэс үүснэ” гэж заасан заалтуудыг зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй хариуцагч М Н Тд холбогдох “2005  оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар Нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М Н Тд холбогдох “2005  оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.Аы нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон тал 119 дугаар зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                                         

                                         

                    

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА