Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2018/00017

 

МАГАДЛАЛ

  2018       06         21                                     201/МА2018/00017

 

П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй,

М Н-н танхимд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Н, Д.Т нарын давж заалдах гомдлоор П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй, МН-н танхимд холбогдох “2005 оны 9 сарын 26-ны өдрийн Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.А-н нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд охиноо оюутан болоход нь Улаанбаатар хот руу шилжиж явсан. 2015 оны 7 сард төрсөн нутаг болох Дорнод аймгийн сумын багт ирж малчнаар ажиллаж байна. Эхнэр Ж.Э гэр бүлийн газрыг бидний зөвшөөрөлгүйгээр аавдаа шилжүүлсэн байсныг 2015 оны 10 сард мэдсэн. Тухайн үед нотариатч А гэдэг хүнтэй хуйвалдаж газрыг бидний зөвшөөрөлгүйгээр авсанд гомдолтой байна. 2003 онд хууль ёсны дагуу өмчилж авсан газрыг хууль бусаар авсан тул нотариатч А-н бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 9 сарын 26-ны өдөр хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Би 1987 онд төрсөн. Тухайн үед буюу 2005 онд 18 насанд хүрсэн байсан. Гэтэл надаас зөвшөөрөл авалгүй ээж Э нь бидний гэр бүлийн газрыг нотариатаар баталсан байсныг 2015 оны 10 сард мэдсэн. Би дээд сургуульд орж төгсөж ажил хийж байгаад 2009 онд амралтаараа нутагтаа ирсэн. Тэгээд гэрээрээ ороход танай юмыг огт хөдөлгөөгүй бүх юм байрандаа байгаа гэж хэлж байсан. Гэтэл 2015 оны 10 сард аав маань газрыг минь бусдад шилжүүлсэн байна гэдгийг хэлж мэдсэн. Иймд бидний гарын үсэггүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулж баталсан 2005 оны 9 сарын 26-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгох хүсэлтэй байна. Бид өөрсдийн хашаандаа байшин барьж амьдрах талаараа ярьж байхад хэн ч ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Би энэ асуудал гартал бидний газар, хашаа байшин хүнд шилжсэн гэдгийг мэдээгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгч М.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2005 оны 9 сарын 26-ны өдөр 21 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болсон байсан. Гэтэл ээж Ж.Э маань М.Э, П.М, М.Ч, миний бие М.М нараас зөвшөөрөл авалгүйгээр аав Ж-д газар бэлэглэх гэрээ байгуулан шилжүүлсэн байна. Үүнийг нь нотариатч А гэдэг хүн гэрчилж бид өмчлөх эрхээ алдчихаад байна. Би 2005 онд 16 настай байсан. Ээж Ж.Э эрх зүйн бүрэн чадамжгүй М.М миний өмнөөс гарын үсэг зурсан байгаа ч надад огт хэлээгүйд гомдож байдаг. Бид 2003 онд Улаанбаатар хот руу явахад би 13 настай байсан. Тэгээд би хотод сургуульд суралцан үлдсэн юм. Биднийг хот руу шилжихэд өвөө Ж, эмээ Д нар нь бидний гэрийг харж үлдсэн. Миний бие 2005 онд хотод сурч байсан тул энэ гэрээ хэлцэл хийгдсэнийг мэдэх боломжгүй байсан. 2015 оны намар аав маань утсаар холбогдож бидний газрыг бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжсэнийг мэдсэн. Би тухайн үед насанд хүрээгүй байсан ч одоо өмчлөх эрхээ алдаж байгаадаа гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой. Хэрэв хэлцэлд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байвал энэ талаар заавал тодруулж, бичгээр нотолсон баримтыг хавсаргах ёстой талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Ж.Э нь П.М нарын газрыг бусдад шилжүүлэх гэж байгаа тохиолдолд нотариатч нь эдгээр хүмүүс яагаад өөрсдөө ирээгүй болохыг асууж тодруулан итгэмжлэл шаардах ёстой байсан. Мөн бэлэглэлийн гэрээгээр газар шилжүүлэн авч байгаа Ж заавал өөрийг нь ирүүлж гарын үсэг зуруулахыг шаардах ёстой байсан. Иймд тухайн нотариатч Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2-т заасан журмыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой байсан атал баримтлаагүй тул хууль бус үйлдэл хийсэн байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйл 276.4-т зааснаар ...бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр тодорхой эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэхийг бэлэглэлийн гэрээ гэж ойлгоно... гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд нь бэлэг хүлээн авагч нь заавал зөвшөөрсөн байх ёстой бөгөөд нотариат дээр өөрийн биеэр ирж хүсэл зоригоо илэрхийлэх ёстой байсан. Гэтэл нотариатч энэ шаардлагыг хангаагүй байхад зөвхөн бэлэглэгчийн буюу Ж.Э-н зөвшөөрснөөр бэлэг хүлээн авагчийг ирээгүй байхад бэлэглэлийн гэрээг баталсан хууль бус үйлдэл хийсэн байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.4-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс шууд татгалзах ёстой байтал татгалзаагүй байна. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйл 46.2-т зааснаар агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэлт зоригийг илэрхийлж байх ёстой гэж заасан ба хэрэв 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хангахгүй байвал шууд татгалзах үүрэгтэй байсан. Энэ тохиолдолд газрын бусад өмчлөгч нарын хүсэлт зориг тодорхой бус байхад нотариатын үйлдэл хийжээ. Нотариатч хүн хамгийн түрүүнд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай байдаг атал А нь Ж.Э-н хувийн байдлыг тогтоож итгэмжлэлтэй эсэх талаар нь огт тодруулаагүй хууль бус үйлдэл гаргасан. Иймд нотариатын тухай хууль болон бусад хуулийн зөрчсөн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч нарын мэдүүлгээр, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын даамал Б-н тайлбараар нэхэмжлэгч нар нь нотариатч хууль бус үйлдлээрээ бэлэглэлийн гэрээг батлан газрыг бусдад шилжүүлснийг 2015 оны 10 сарын дундуур мэдсэн байна. Иргэний хуульд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан байдаг. Шаардах эрх үүссэн үеийг тоолохдоо эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тоолно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар эрх нь хэзээ зөрчигдсөн гэдгийг гэрч нар болон газрын албаны өгсөн тайлбараас тогтоогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нар нь 2015 оны 12 сарын 27-ны өдөр нотариатын хууль бус үйлдлийг бүрэн мэдсэн байна. Иймд Иргэний хуулийн зохицуулалт дээр үндэслэн нэхэмжлэгч нар нь 2015 оны 10 сараас эхлэн шаардах эрх нь үүссэн байна. Хөөн хэлэлцэх хугацааг ямар үед тоолох тоолохгүй талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан байдаг. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т хөөн хэлэлцэх хугацаа нь эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.5-д зааснаар “эдийн бус хөрөнгөд ... бусдаас шаардах эрх олгох... асуудал орно” гэж заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь 2005 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг баталсан нотариатч А-н нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлага тавьж байгаа. Иймд шаардах эрх болон шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа тогтоох ёсгүй. Иймд дээрх Иргэний хуулийн заалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тооцох хэрэгтэй. Хэрэв хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх хэзээ үүссэн бэ гэдгийг тогтооё гэвэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2015 оны 10 сард мэдсэн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн тайлбарлаж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулиар нотариаттай холбоотой аливаа асуудлыг зохицуулдаг. Нотариатын тухай хуулийн зорилго нь Энэ хуулийн зорилт нь нотариатын үйл ажиллагааны зарчим, нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоож, нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл хийх гэж байгаатай холбоотойгоор иргэд хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль юм. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллана гэж заасан байдаг. Гэтэл А нь татгалзах ёстой байтал татгалзалгүй үйлчилгээ үзүүлээд байгаа тохиолдолд ёс зүйн дүрмийн дагуу Монголын нотариатчдын танхимийн дэргэдэх ёс зүйн хороо нь хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Нотариатын тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.1-т зааснаар ... Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавина гэж заасан байдаг. Тэгэхээр Монголын нотариатчдын танхим нь өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаараа нотариатчдын үйлдэл тус бүр дээр хяналт тавих, удирдах, зохион байгуулах үүрэгтэй ажиллах ёстой. Нотариатын тухай хуулиар Монголын нотариатчдын танхим нь нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн байна гэсэн байгаа нь А нь Монголын нотариатчдын танхимын гадна талд үлдэх ёсгүй болохыг харуулж байна. Монголын нотариатчдын танхим нотариатчдын мэргэжлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлага арга зүйн чиглэлээр хангах, нотариатчын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Гэтэл өнөөдөр маш хариуцлагагүйгээр А чинь нас барсан хүн, нотариатын танхимд хамааралгүй, нотариатч гэдэг бол хүнийг хэлж байгаа болохоос нотариатын танхимыг хэлэхгүй гэж ярьж байгаа нь нотариатчдын эрх ашгаа хамгаалж чаддаггүй болохыг харуулж байна. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2-т зааснаар Нотариатын байгууллага нь Танхимын бүх гишүүдийн хурал, Танхим, түүний Удирдах зөвлөл, танхимын аймгийн болон нийслэл дэх дүүргийн тойргийн салбараас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно гэж заасан байдаг. Иймд бүтэц зохион байгуулалтын хувьд А нь Дорнод аймгийн нотариатчдын тойргийг төлөөлж байгаа нотариатын танхимд шууд харъяалагдаж байгаа хүн байсан. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-т зааснаар Танхимын дэргэд Сахилгын болон Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-т зааснаар Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдсон бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж ажиллана.. гэж заасан. Иймд ёс зүйн зөвлөл сахилгын хороо нь нотариатчдын хууль бус үйлдлийг хянаж хариуцлага хүлээлгэх ёстой. Иймд хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх нь 2015 оны 10 сард үүссэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотариатчын үйлдэл нь хууль бус болох нь хангалттай тогтоогдож байна. Мөн хариуцагч субъект биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хууль дээр нотариатын үйл ажиллагаа дуусгавар болох нөхцөлийг заахдаа нас барснаар гэж заасан байдаг. Энэ зөвхөн нотариатын үйл ажиллагааг л дуусгавар болгохыг л хэлж байгаа юм. Хуульд зааснаар нотариатын хууль бус үйлдлийг шүүхэд хандан хүчингүй болгуулж болохоор заасан. Иймд П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй 2005 оны 9 сарын 26-ны өдрийн 105 дугаартай нотариатч А-н нотариатын үйлдлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2005 оны 9 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг баталсан үйлдэл нь хүчингүй болгох үндэстэй байна. Өөрөөр хэлбэл нотариатч нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1.4-т зааснаар үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал татгалзах ёстой гэж заасан байдаг. Нотариатч А нь Ж.Э нь нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг мэдэж байсан тул гэрчлэхээс татгалзах ёстой байсан. Гэтэл хоёр иргэний үнэмлэхээр нотариатын үйлдлийг хууль бусаар хийсэн байна. Өмнө нь шийдэгдсэн шүүхийн тогтоол хавтас хэрэгт байгаа ч тэр нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийгдэх ёстой байсан хэлцэл тул үүнийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Иймд тухайн тогтоол нь хэрэгт хамаарахгүй өөр агуулгатай юм. Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэж байгаа тул сонирхогч этгээдийн хүсэлтээр хууль бус үйлдлийг нь шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оны 9 сарын 26-ны өдрийн нотариатч А-н газар өмчлөх эрхийг бусдад бэлэглэхийг гэрчилсэн 105 дугаартай гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна. Монголын нотариатчын танхим нь нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар нотариатчдын танхим нь ...нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Тухайн нотариатчдын хийсэн үйлдлийг нотариатч өөрөө хариуцах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан бол хариуцагч гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл Монголын нотариатчдын танхим нь өөрийн үйлдлээрээ нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулаагүй тул хариуцагч биш байна. Мөн тус үйлдэл нь 2005 онд болсон атал нотариатч гэрчилснээс хойш 12 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Нотариатч А нь 2006 онд нас барсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж заасан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

            Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ж-н бага охин нь юм. Хэрэг явдал 2005 онд болсон бөгөөд 3 шатны шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал. П.М-н гэр бүл нь 2003 онд Улаанбаатар хот явж хашаа байшингаа зарах зар өгч манайх авахаар болж мөнгийг нь өгсөн. Энэ мөнгөөрөө Улаанбаатар хотод циркийн хажууд граж худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгчид мэдээгүй байх үндэслэл байхгүй. Одоо л эдгээр хүмүүс газраа худалдсанаа мэдээгүй гэж ярьж байна. Энэ маргаан гарсаны дараагаар би Намайг залилж байна гээд цагдаагийн газарт өгч шалгуулахад Ж.Э нь 3 сая төгрөгөөр граж худалдаж авснаа хүлээсэн байдаг. П.М нь Ж.Э 3 сая төгрөгөөр хашаа байшингаа зарсан. Тэр мөнгөөрөө циркийн хажууд граш худалдаж авсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед цагдаа дээр энэ мэдүүлгүүд байсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ мэдүүлгүүдийг байхгүй болгосон байсан. Би ээжээрээ Ж.Э-тай утсаар яриулахад Ж.Э нь Өгсөн авсныг нотлох гэрч байхгүй юм чинь би мөнгө аваагүй гэж хэлсэн ч болно. Би танайхыг 10 жил амьдруулсан юм чинь хөлсөндөө авсан ч болно гэж хэлсэн байсан. Нэхэмжлэгч нар одоо ч хүртэл тухайн гражийг ашиглаж байгаа. 2015 оны 10 сард мэдсэн гэдэг нь худал. 2013 онд манайх хашаандаа том байшин барьсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. П.М нь манай байшинг хараад танайх шиг гоё байшинтай болох юмсан гэж хэлж байсан. П.М гэр бүлээрээ бүрмөсөн шилжиж явсан. Тэгээд .. аймагт мал аж ахуй эрхэлж байсан. ... аймгийн сум нь газар тариалангийн бүс нутаг болсон тул малтай айл байлгахгүй гэж хөөгдөөд 2015 оны 4 сард П.М, Ж.Э нар нь манай ах руу ярьж бид нар очих газаргүй боллоо гэдгээ хэлсэн. Тэгэхэд нь манайд хүрээд ир гэж хэлээд 7 сард суманд манай ахын дэргэд ирж буусан. Манай ахынх их ядруухан айл. Ирсэн цагаасаа хойш ахыг маань хөөж явуулна гэж их дарамталдаг байсан. 2015 оны 8 сард Ж.Э нь орж ирээд энэ хашаанд байшин барина гэж хэлсэн. Тэгэхээр нь би та зарчихаад юу яриад байгаа юм бэ гэж хэлээд байшин барихыг нь зөвшөөрөөгүй. Ж.Э нь 82, 83 настай, аав, ээж хоёртой минь их муухай харьцдагийг хүмүүс мэддэг. Гэр орноосоо хөөж зүй бусаар хэлдэг байсан. Нэхэмжлэгч нар нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Гурван шатны шүүхээр дамжин 2017 оны 6 сарын 19-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр Ж.Э, Ж нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул Ж.Э нь бусад хүмүүсийнхээ хохирлыг барагдуулах ёстой. Ж нь шударга эзэмшигч байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгч П.М, М.Э, М.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын Нотариатчдын танхимд холбогдох “2005 оны 9 сарын 26-ны өдрийн Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.А-н нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нар давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй.

1. Нотариатчийн хууль бус үйлдэл болон нотариатч нас барсан тохиолдолд түүний хийсэн хууль бус үйлдлийг хүчингүй болгох тухай асуудалд үндэслэл муутай дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор маргааныг шийдвэрлэхээс зайлсхийсэн, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн тухайд.

Нэхэмжлэгчдийн зүгээс Монголын нотариатын танхимыг хариуцагчаар тодорхойлсон ба шүүхээс “хууль бус үйлдэл хийсэн нотариатч нь нас барсан тохиолдолд түүний хийсэн хууль бус үйлдлийг нотариатын танхим хариуцахаар, түүнчлэн Нотариатын танхим нь нотариатчийн үйлдэлд эрх залгамжилж хариуцахаар зохицуулагдаагүй байна” гэж үзэж байгаа тохиолдолд тухайн тохиолдлын харилцааг зөв тодорхойлж, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл шүүх “Нотариатчийн танхимд холбогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор маргааныг шийдвэрлэхээс зайлсхийсэн, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн.

...Өөрөөр хэлбэл шүүхээс нотариатч Б.А-ын хууль бус нотариатын үйлдлийг Б.А өөрөө хариуцна гэж дүгнэж байгаа бол нас барсан нотариатчийн хууль бус үйлдлийг хүчингүй болгож болох хууль зүйн үндэслэл байгаа эсэх, тийм үндэслэл үгүйсгэгдэж байгаа бол ямар хуулийн, ямар зүйл заалтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулснаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй ба нэхэмжлэгч нарын шүүхэд мэдүүлэх эрх, шүүхээр хэрэг маргаанаа үндэслэл бүхий хянан шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн.

Шүүхээс: Нотариатч нас барсан тохиолдолд түүний гэрчилсэн хууль бус үйлдэл нь мөнхийн хууль бус тэр байдлаараа үлдэх мэт агуулга ойлгогдохоор дүгнэлт хийсэн ба Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасныг буруу ойлгогдохоор тайлбарлан дүгнэлт хийсэн. ...Харин Нотариатын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болохыг зохицуулсан байгаа ба ... 19.1.1-д нотариатч нас барснаар нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болохыг зохицуулсан байгаа болохоос “Нотариатчийн өмнө нь хийсэн хууль бус үйлдэл нас барсан гэсэн шалтгаанаар зөвтгөгдөн үлдэх агуулга огтхон ч байхгүй” байна. Нэгэнт 31 дүгээр зүйлийн 31.1-ийг зөрчсөн нь тогтоогдох тохиолдолд шүүх хүчингүйд тооцох эрх нь энэ заалтаар бүрэн олгогдсон байхад энэ заалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй.

2. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“...хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх нотлох баримт гаргаагүй...” гэж дүгнэсэн ба энэ хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх ойлголт нь нэхэмжлэгчдийн зүгээс өөрөө хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч, ийнхүү өнгөрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа дурдаж, түүнийгээ нотлох баримтыг ...шүүхэд гарган өгч, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөх замаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн үед хэрэглэгдэх ойлголт юм. Харин энэ тохилдолд нэхэмжлэгч нар нь нотариатч Б.А нь ...хууль зөрчиж үйлдэл хийснийг 2015 оны 10 сард мэдсэн бөгөөд уг нотариатын хууль зөрчиж гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж шүүхэд хандсан байхад шүүхээс нэхэмжлэгчийн өмнөөс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж ойлгож байгаа мэт агуулгаар тайлбарлаж ...үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн шүүхээс ингэж дүгнэж байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх хурал болохоос өмнө урьдаас ийнхүү дүгнэлт өгсөн байсан буюу субьектив байдлаар хөөн хэлэлцэх хугацааны тухайд хандсан гэдэг нь харагдаж байх ба талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг тус тус зөрчсөн.

“... 2015 оны 10 сард өөрсдийн эрхийг зөрчиж өмчлөх эрх бусдад шилжсэнийг мэдсэн гэж тайлбарлаж байгаагаа ... нотлох баримтаар нотолж чадаагүй ...” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсон бөгөөд энэ талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан. ...

...Шүүх хуралд гэрчээр оролцсон Ж.Э-н гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 10 дугаар хуудсанд ... зөв дүгнэсэн атлаа энэ дүгнэлттэйгээ нийцэхгүй илт үндэслэлгүй буюу “гэр бүлийн гишүүд мэдээгүй гэх боломжгүй байна” гэсэн ойлгомжгүй, хууль ёсны байж чадахгүй дүгнэлт өгсөн. ...

“Дээрх үйл явдлаас хойш 13 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д ...заасныг зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь гэрч Ж.Э, Г.О нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тайлбар, тодорхойлолт, мөн нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр 2015 оны 10 сард хууль бус нотариатын үйлдлээр эрх нь зөрчигдсөн болохыг мэдсэн гэдэг нь тогтоогдож байхад 13 жилийн дараа шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй болсон.

... Түүнчлэн шүүхээс шийдвэрийн 9 дэх хуудсанд “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч нарын шаардах эрхийг хуульчилж өгсөн байна” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй”, 84 дүгээр зүйлийн 84.5-д “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэснийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулиар нотариатч заавал татгалзахаар үүрэг болгон заасан үйлдлийг Б.А нотариатч зөрчиж гэрчлэх үйлдлийг хийсэн ба энэ үйлдэл нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн бөгөөд уг хууль зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж болох шаардах эрхийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтаар “хуулиар шаардах эрхийг олгосон” нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “... бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага ... нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэх ойлголтод шууд хамаарах бөгөөд “энэ шаардах эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарах” утгаараа Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан “... хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэсэн ойлголтоор тайлбарлагдах хэрэглэгдэх ёстой байхад уг хуулийн зүйл, заалтуудыг хэрэглээгүй. Түүнчлэн өмгөөлөгч нараас шүүх хурал дээр энэ талаар тайлбарласан байхад шүүхээс шийдвэртээ тайлбар, дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Өмгөөлөгч Л.Намнансүрэнд эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулалгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.М, М.Ч, М.Э нар нь хариуцагч Монголын нотариатчдын танхимд холбогдуулж 2005 оны 09 сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг”-г гэрчилсэн 105 дугаартай нотариатч Б.А-ын нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

2005 оны 09 сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-гээр Нэг талаас сумын баг, тоотод оршин суух П овогтой М, нөгөө талаас сумын баг, тоотод оршин суух С овогтой Ж нарын хооронд Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Г-0614000964 тоот газар өмчлөх гэрчилгээ бүхий 988 м.кв талбайтай газрыг 2005 оны 09 сарын 26-ны өдрөөс иргэн С.Ж-н өмчлөлд шилжүүлсэн ба энэхүү гэрээг нотариатч Б.А гэрчилсэн байна. /хх-ийн 7 дахь тал/

Нотариатч Б.А-г 2006 онд нас барсан тухай баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. /хх-ийн 1 дэх тал/

Нотариатч нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх талаар мэргэжлийн шалгалт өгч тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нотариатчийн чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэн байхыг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. дахь хэсэгт нотариатчийн үүргийг, 21.3. дахь хэсэгт нотариатчийн үйл ажиллагаанд хийж болохгүй хориглосон зүйлийг, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “нотариатч нь өөрийн хийсэн буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор  хариуцлагын албан журмын даатгалд даатгуулна” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1. дэх хэсэгт “нотариатч нас барсан тохиолдолд нотариатчийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно” гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нас барсан нотариатчийн урьд эрхэлж байсан үйл ажиллагааг эрх залгамжлан шилжүүлнэ гэсэн ойлголт, зохицуулалт байхгүй байна. Түүнээс гадна Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэгт “Нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой Монголын Нотариатчийн танхим ажиллана” гэж заасныг үйл ажиллагаа нь  дуусгавар болсон нотариатчийн үйл ажиллагааг эрх залгамжлан явуулна гэж ойлгож болохгүй юм. Ийм учраас анхан шатны шүүхийн “энэ хэргийн хариуцагч нь Нотариатын танхим биш бөгөөд түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдолдоо эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцуулсан баримт, хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар эрх, үүргийг танилцуулсан баримтад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь шүүх хуралдааны дараа гарын үсэг зурна гэсэн атлаа хуралдаанаас гарч ирсний дараа “шүүхийн шийдвэр гарсан учраас гарын үсэг” зурахгүй гэж гарын үсгээ зураагүй талаар тус шүүхийн шүүгчийн туслах дээрх баримтуудад тэмдэглэжээ. /хх-ийн 48,67,96,98 дахь талууд/

 Иймд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн”, мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн “шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн” гэсэн гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тэхай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч П.М, М.Ч, М.Э нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

      

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА  

                                                                                                                         З.ЭНХЦЭЦЭГ