Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Л.Мажигсүрэн /томилолтоор/;

шүүгдэгч: М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, тэдний өмгөөлөгч Ш.Бадмаараг;

шүүгдэгч: Э.Өргил, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхөөгийн Бат-Эрдэнэ, Өлзийдүүрэнгийн Онон, Энх-Амгалангийн Өргил нарт холбогдох эрүүгийн 201625020445 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:   

    

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмээ, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 33 дугаар байрны 16 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт ззаснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  ялын хугацаа дуусч суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, У394090814 регистерийн дугаартай, Дархчин овогт Мөнхөөгийн Бат-Эрдэнэ,

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 31 дүгээр байрны 33 тоотод оршин суух, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, УШ96072511 регистерийн дугаартай, Хэрэйд овогт Өлзийдүүрэнгийн Онон,

 

3. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30 дугаар байрны 05 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УУ95111556 регистерийн дугаартай, Магалан овогт Энх-Амгалангийн Өргил.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч М.Бат-Эрдэнэ нь Ө.Онон, Э.Өргил нартай бүлэглэн 83-34 УНЭ улсын дугаартай “Киа Лотз” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Цэрэндашийн 14-62 УБА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээс “Делл инспирон” маркийн зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлс хулгайлж 1.030.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Ө.Онон нь М.Бат-Эрдэнэ, Э.Өргил нартай бүлэглэн 83-34 УНЭ улсын дугаартай “Киа Лотз” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Цэрэндашийн 14-62 УБА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээс “Делл инспирон” маркийн зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлс хулгайлж 1.030.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Э.Өргил нь М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нартай бүлэглэн 83-34 УНЭ улсын дугаартай “Киа Лотз” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 дүгээр байрны гадна хохирогч Т.Цэрэндашийн 14-62 УБА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээс “Делл инспирон” маркийн зөөврийн компьютер, бэлэн 250.000 төгрөг, цүнхтэй эд зүйлс хулгайлж 1.030.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ө.Онон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Өргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ө.Онон, М.Бат-Эрдэнэ нарыг хулгай хийснийг огт мэдээгүй, гаднаас цүнхтэй зүйл авч орж ирсэн. М.Бат-Эрдэнэ, Ө.Онон хоёр намайг “нэг газарт хүргээд өг” гэж хэлэхээр нь хүргэж өгсөн. Сүүлд хулгайн эд зүйл болохыг мэдсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-10/, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-17/ хохирогч Т.Цэрэндаш /1хх-ийн 30, 209, 214-215/, гэрч Ц.Нарантуяа /1хх-ийн 39/, Э.Оргил /1хх-ийн 38/, Ч.Энх-Цацрал /1хх-ийн 40/ нарын мэдүүлэг, М.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79, 81, 155-156, 216/, Ө.Ононгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84, 86, 157-158, 217/, Э.Өргилийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн74,76, 159, 218/, Ө.Ононгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 104/, М.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 105/, Э.Өргилийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 109/, Ө.Ононгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 108/, Э.Өргилийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 107/, М.Бат-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 112-116/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 119-120/, Баянгол  дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 122-124/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохиролын үнэлгээ /1хх-ийн 18-20/,  тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 26/, хохиролын баримтууд /1хх-ийн 45-46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг гагцхүү тэдгээрийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нар нь бүлэглэж, “Киа Лотз” маркийн 8334 УНЭ дугаартай автомашин хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан, хохирогч Т.Цэрэндашийн 1462  УБА дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 1.030.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

 

     Мөрдөн байцаалтад эд зүйлээ алдсан Т.Цэрэндашийн хохирогчоор мэдүүлсэн /1хх-ийн 30, 209/: “…:2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Их дэлгүүрийн урд байрны зогсоол дээр машинаа тавьсан. Би нөхөртэйгээ хамт ойрхон хоолонд орсон. Тэгээд 21 цаг 45 минутын үед эргээд машин дээрээ ирэхэд миний машины баруун хойд талын хаалганы том цонх нь хагарсан байсан. Машины арын суудал дээр тавьсан байсан шар өнгийн компьютер, үүргэвчтэй цүнх алга болсон байсан. Би шууд цагдаа дуудсан. “Делл” маркийн зөөврийн компьютер, түрийвч, 250.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, “Худалдаа хөгжлийн банк”, “ХААН банк”, “Хадгаламж банк”-ны картууд, нүдний шил байсан. …Миний бие  үнэлгээнээс өөрийн нүдний шилний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үлдсэн эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад одоогийн байдлаар бэлнээр 250.000 төгрөг, үнэлгээний байгууллагын үнэлгээ буюу компьютерийн цүнх 20.000 төгрөг, зөөврийн компьютер 1 ширхэг үнэлгээ нь 500.000 төгрөг, түрийвч 30.000 төгрөг, үнэмлэх 25.000 төгрөг, банкны картууд 15.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Би нүдний шилийг 190.000 төгрөгөөр худалдаж авч байсан учир 190.000 төгрөгөөр үнэлж байна. Надад учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна…” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Ө.Ононгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 83-84, 86, 249/: “…Бат-Эрдэнэ “төв рүү явъя” гэхээр нь Өргил бид 3 цуг явсан. “Улаанбаатар” их дэлгүүр дээр ирээд Бат-Эрдэнэ бид 2 буугаад байран дундуур яваад, Өргил замаар явсаар Их дэлгүүрийн урд талын “Голомт” банкны урд талын арк дунд зогссон. Бат-Эрдэнэ бид 2 байран дундуур дотроо эд зүйл үлдээсэн машин байна уу гээд асаагуурын гэрэл тусгаж явж байгаад аркны хажууд Өргил дээр ирсэн. Өргилийн машинаас отвёртка аваад, цагаан өнгийн “Приус 20” маркийн машиныг зам дагуу тавьсан байхаар нь урдуур нь Өргил машинтайгаа орж ирээд аркыг бөглөж тавьж байгаад Бат-Эрдэнэ буугаад цонхыг нь отвёрткаар хөшиж хагалаад дотроос нь “Делл инспирон Ай5” маркийн зөөврийн компьютертэй цүнхийг авсан…Тэгээд гурвуулаа машинд суугаад “4 зам” дээр очиж зогсоод цүнхэнд юу байгааг үзэхэд   “Делл инспирон Ай5” маркийн зөөврийн компьютер, улаан эрээн шигтгээтэй түрийвч дотор 150.000 төгрөг, өөр бичиг баримтууд байсан…Мөнгөөр нь хоолонд орж, “РС” тоглож байгаад гэртээ харьж хоносон…Нийт 160.000 төгрөгийг Өргилийн автомашиныг угаалгаад, “РС” тоглоод, хоол унд авч идээд үрсэн…Бат-Эрдэнийн хулгайлсан нөүтбүүк нь Өргилийн машинд үлдсэн… ” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад М.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 78-79, 81, 246/: “…2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байх, “Өөлөө” гэж дууддаг Өргил гэж манай хажуу байрны хүүхдийн машинтай манай найз Ононгийн хамт байрны гадаа тааралдахаар нь “гурвуулаа ийшээ юманд явчихаад ирье” гээд дагуулж яваад Улсын их дэлгүүрийн урд талын “Голомт” банкны урд талд зогсоол дээр зогсоочихоод би ганцаараа буугаад “хүнтэй уулзана” гээд явсан…Цагаан өнгийн “Приус 20” маркийн машины цонхоор харахад үүргэвчтэй цүнх харагдаж байсан. Өөрийнхөө халаасанд байсан отвёрткаар баруун талын хаалганы цонхыг нь хөшиж хагалаад тэр үүргэвчийг авсан…Тэгээд машинд сууж байсан 2 найз дээрээ очсон… “Приус” машинд байсан үүргэвчинд хар өнгийн нөүтбүүк, цэнэглэгч, эрээн өнгийн судалтай урт түрийвчэнд 150.000 орчим төгрөг байсан…Би Онон, Өргил нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны гадна зогсож байсан цэнхэр өнгөтэй байх, сайн санахгүй байна, автомашины цонхны шилийг хагалж дотор талаас нь хар өнгөтэй эмэгтэй хүний цүнх хулгайлсан 2 үйлдлийг үйлдсэн…” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Э.Оргилын гэрчээр мэдүүлсэн /1хх-ийн 38/: “…Би 8334 УНЭ дугаартай “Киа” маркийн, мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгслийг 2010 онд хамаатан Мягмархандаас 4.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг…Миний автомашиныг төрсөн дүү Э.Өргил нь  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш унаж байсан…” гэх мэдүүлэг,

 

алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /1хх-ийн 43-44/, нүдний шил худалдаж авсан баримт /1хх-ийн 45/,

 

яллагдагч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 88-99, 101-103/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Э.Өргил дээрх хулгайн үйлдэлд оролцоогүй, М.Бат-Эрдэнэ нарыг хулгай хийсэн гэдгийг сүүлд мэдсэн гэж мэдүүлж байгаа боловч уг хэрэгт түүнийг хамтран оролцсон талаар, гэмт хэрэг үйлдэх явцад тэрээр ямар үйлдэл оролцоотой байсныг, хулгайлсан эд зүйлээ хамтран үрэн таран хийсэн зэргийг М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд хангалттай нотолсон байна.

 

Ийм учраас шүүгдэгч Э.Өргил, түүний өмгөөлөгч нарын “ Э.Өргилд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.  

 

М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нар бүлэглэн, бусдын бага бус хэмжээтэй эд хөрөнгийг машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтайд тооцогдох хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Гэвч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийн ялтай байдал өршөөлд хамаарагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

 Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд энэ нь шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болов.

 

Шүүгдэгч Ө.Онон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу зохих ялыг нэмж нэгтгэхээр тогтов.

 

            Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нар “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэснийг шүүх хүлээн авч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн гэж үзэж ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Э.Өргил нарын хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ө.Онон ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөр, иргэний нэхэмжлэлийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Цэрэндаш гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.030.000 төгрөг, мөн автомашины цонх шиллүүлсэн 150.000 төгрөг, нийт 1.180.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг хангаж, дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нараас хувь тэнцүүлэн  гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх хохирол төлбөрөөс шүүгдэгч Э.Өргил 343.300 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн тул түүний төлөх төлбөрөөс уг мөнгийг хасч тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 8334 УНЭ дугаартай “Киа Лотз” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх /1хх-ийн 22/ байх тул 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов. 

           

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дээрх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч тус бүрээс 1.166.666 төгрөгийг хураахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархчин овогт Мөнхөөгийн Бат-Эрдэнэ, Хэрэйд овогт Өлзийдүүрэнгийн Онон, Магалан овогт Энх-Амгалангийн Өргил нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Ононд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас  эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ 153 / нэг зуун тавин гурав/ хоног, шүүгдэгч Ө.Онон 122 /нэг зуун хорин хоёр/ хоног, шүүгдэгч Э.Өргил 3 /гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай .

 

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нараас тус бүр 1.166.666 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан

/ төгрөгийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнээс нийт 393.333 /гурван зуун ерөн гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг, шүүгдэгч Ө.Ононгоос нийт 393.333 /гурван зуун ерөн гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг, шүүгдэгч Э.Өргилөөс 50.000 /тавин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчТ.Цэрэндашид олгосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 8334 УНЭ дугаартай “Киа Лотз” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай. 

 

9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Өргилд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, Ө.Онон, Э.Өргил нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ