Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/49

 

 2019            06            03                                          2019/ДШМ/49

 

В /W/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч В /W/-д холбогдох, эрүүгийн 1920000070146 дугаартай, 1 хавтас, 186 хуудас бүхий хэргийг Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудайн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1982 оны 08 сарын ......-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт Бүгд найрамдах Хятад Ард Улсын, ......... орны ......... хотын ......... тоотод оршин суух, хэрэгт татагдах үедээ Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн .....дугаар хороо, “Д”ХХК-ийн ажилчдын байранд оршин сууж байсан, урьд ял шийтгэлгүй, В /W/-д холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 Шүүгдэгч В W/ 2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн ажилчдын амрах байранд тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан, Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн соёо 4 ширхэг түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан,

мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэргээр зорчин явахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 379 дүгээр тогтоолоор баталсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн хавсралт” Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон бараа буюу хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын соёо 12 ширхэг түүхий эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч В/W/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч В /W/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000 000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар шүүгдэгч В /W/-д оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000 000 төгрөгийн торгох ялаар тогтоож,

шүүгдэгч В/W/ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, эд хөрөнгөгүй, түүний ЕА8810725 дугаартай гадаад паспортыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Гадаадын иргэн харъяатын газарт шилжүүлснийг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын 12 ширхэг соёо зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч В /W/-оос амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 16060000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор,

шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлөдр болтол шүүгдэгч В /W/-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Тээврийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ялыг оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаж өгөөгүй орхигдуулсан байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлийн дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан эсэргүүцэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, тодорхой байгаа тул шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн агуулгад торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солино гэдгийг шийтгэх тогтоолд тусгаагүй гэсэн үндэслэл байх ба энэ  талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэх тогтоолд заавал тусгана гэсэн заалт байхгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Анхан шатны шүүх торгох ялыг оногдуулах шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих хариуцлагын талаар орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй байгаа нь эсэргүүцэл бичих үндэслэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлийн дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянавал:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-12/, үзлэг хийсэн тэмдэглэл/хх 13-14/, холбогдогчоос авсан мэдүүлэг/хх 15-17/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 19-20/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын мэдүүлэг/хх 30-33/, шүүгдэгч В /W/-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд/хх 34-35, 41-43, 107-110,/ гэрч Н.О/хх 46-47/, С.Н/хх-49/,  Я.М /хх 55-56/ нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх 59-61/, шинжээчийн дүгнэлт/хх-64, 67/-үүд зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд;         

Шүүгдэгч В/W/ 2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн ажилчдын амрах байранд тусгай зөвшөөрөлгүйгээр, “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан хүрэн баавгайн соёо 4 ширхэг түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан,   

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэргээр зорчин явахдаа Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон бараа буюу хүрэн баавгайн соёо 4 ширхэг, саарал чонын соёо 12 ширхэг түүхий эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч В/W/ үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...2018 оны 07 дугаар сарын дундуур Д компанийн байрандаа амарч байхад үдээс хойш 17 цагийн орчим урьд нь харж байгаагүй, танихгүй, 4-5 хүн гадаа машинтай зогсож байсан. Тэгээд намайг дуудаад нэг эмэгтэй хүн надтай ярьсан, тэр 40 гаран насны эмэгтэй надад амьтны соёонууд үзүүлээд худалдаж авах уу гэж асуусан. Тэгээд бид хоёр үнэ тохиролцоод 250000 төгрөгөөр 16 ширхэг соёо худалдаж авсан, 4 ширхэг соёо нь том, 12 ширхэг нь жижиг соёонууд байсан. Надад хэлэхдээ 12 соёог чонын соёо, 4 соёог баавгайн соёо гэж хэлсэн. Энэ соёог Хятад руу авч явж болох уу гэхэд тэр хүмүүс болноо, ямар ч асуудалгүй гэж надад хэлсэн. Ингээд миний визний хугацаа дуусаад Хятад улс руу явахаар болсон. Би Улаанбаатар хотоос явахдаа өөрийн ачаа болох хувцас, эд зүйлээ нэг ширхэг том гахайнд хийгээд хүнээс худалдаж авсан 16 ширхэг соёонуудыг 3 хэсэг болгож хар өнгийн гялгар уутанд хийж скочдоод өөрийнхөө өмсөж байсан куртикнийхээ гадна талын халаасанд хийгээд вагонд суусан. Вагон Улаанбаатараас хөдлөөд Замын-Үүд дээр 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн орчим ирэхэд миний сууж явсан вагонд гаалийн шалгалтынхан орж ирээд миний биед үзлэг хийгээд халаасанд байсан хар гялгар ууттай соёонуудыг гаргаж ирээд задалж үзээд намайг вагоноос буулгаж, ийм эд зүйлийг хилээр гаргадаггүй талаар хэлж саатуулсан” мэдүүлэг/хх109-110/ нь, гэрч Н.Оийн “2018 оны 07 дугаар сарын дундуур наадмын дараахан ажил тарахын үед 17 цагийн орчим оффисын өрөөндөө байж байхад приус 11 маркийн шиг санаж байна, чернилэн ягаан өнгийн машинтай, нэг эмэгтэй ирээд “та нар чонын соёо авах уу” гээд гартаа барьчихсан орж ирсэн. Яг хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй. Тэгэхээр нь төвөгшөөгөөд “өө авахгүй, авахгүй” гэсэн. Тухайн үед Н компьютер дээр сууж байсан, яг тэр үеэс сэлбэгийн өрөөнөөс Ван Дондон гарч ирэх нь таараад нөгөө соёонуудыг Вд үзүүлж байгаад дагуулаад машин руугаа явсан. Араас нь харахад машин дотор урд талд нь нэг хүн сууж байгаа харагдсан, гэхдээ машинд хэдэн хүн байсныг мэдэхгүй. Вд тооны машинаар дүн үзүүлж байсан, тэгэхээр нь энэ хоёр мөнгө төгрөгөө тохиролцож  байгаа юм байна гэж бодсон. Ажил тарахын үед Воос “чи яасан түрүүний соёо авсан юм уу” гэхэд авсан гэж байсан, тэгэхээр нь би “чи аягүй бол нохойны соёо авсан даа” гээд инээгээд өнгөрсөн юм“ гэсэн мэдүүлэг/хх-46/,

гэрч С.Нийн “Манай ажлын тэр хавиар амьтны соёо барьсан хүмүүс мэр сэр харагддаг, гэхдээ би тэр энэ гэж хэлж мэдэхгүй. Тэр хүмүүс хятад хүмүүстэй яаж ийгээд ойлголцоод байх шиг байдаг юм. 2018 оны 07 дугаар сарын дундуур наадмын дараахан ажил тарахын үед 17 цагийн орчим оффис дээрээ өрөөндөө О эгчтэй байж байхад хар нүдний шилтэй, хар бараан хувцастай, махлагдуу эмэгтэй хүн орж ирээд үүдний хэсэгт зогсоод “чонын соёо авах уу” гээд гартаа соёо барьчихсан байсан. Би тэр үед жаахан зайдуу компьютер дээр сууж байсан. Орж ирээд “соёо авах уу” гэснээ “танай хятадууд байгаа юу, соёо авах уу” гэж асуухад О эгч “авахгүй ээ” гэж байсан. Тэгээд байж байтал В сэлбэгийн өрөөнөөс гарч ирэх нь таараад шууд нөгөө соёонуудаа үзүүлээд Вийг дагуулаад гарсан” гэсэн мэдүүлэг/хх-49/,

гэрч Я.Мгийн “Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил үүргийн хуваарьтай Замын-Үүд сумын гаалийн газрын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан. Энэ үед өглөөний10 цагийн орчим Улаанбаатар БНХАУ-ын Эрээн хотын чиглэлийн суудлын галт тэрэгний зорчигч нарыг шалгаж байх үед БНХАУ-ын иргэн В нь олон халаастай куртиктэй байсан нь сэжиг бүхий санагдсан учир уг иргэнтэй харьцаж “таны халаасанд ямар нэг эд зүйл  байна уу” гэж асууж шалгасан. Гэтэл В нь куртикнийхээ дотор талын халааснаас хар өнгийн гялгар уутаар боож багласан эд зүйл гаргаж надад өөрөө өгсөн. Уг боодолтой задалж үзэхэд дотроос нь амьтны гэхээр 4 ширхэг том, 12 ширхэг жижиг шүд соёонууд гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 55-56/,

иргэний нэхэмжлэгч  Ц.Цолмонбаатарын өгсөн “Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон, харин саарал чоно нь нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй элбэг тархацтай амьтанд хамаарна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг бөгөөд эр бодгаль хүрэн баавгай нь 6 500 000 төгрөгийн, эм бодгаль хүрэн баавгай нь 7 500 000 төгрөгийн үнэлгээтэй байдаг, харин саарал чонын эр бодгаль нь 510 000 төгрөгийн, эм бодгаль нь 600 000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Гэхдээ Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Тиймээс гэм буруутай этгээдээр 8 030 000 төгрөгийг 2 дахин үржүүлэн 16 060 000 төгрөгийг нэхэмжилж байна ” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн, Хөхтөний экологийн лабораторийн шинжээчийн “Амьтны соёо шүднээс тухайн бодгалийн хүйсийг тодорхойлох боломжгүй. Амьтдыг хэзээ агнасныг соёо шүднээс тогтоох боломжгүй. Хүрэн баавгайн 4 ширхэг соёо нь нэг бодгальд хамаарах буюу нэг баавгайн дээд хоёр соёо, доод хоёр соёо шүд байна. Хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 6500000, эм бодгаль 7500000 төгрөг, саарал чонын 12 ширхэг соёо нь гурван бодгальд хамаарах бөгөөд бодгаль тус бүрийн дээд хоёр соёо, доод хоёр соёо шүд байна. Саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 510000, эм бодгаль 600000 төгрөг” гэсэн дүгнэлт/хх-67/, Гаалийн Ерөнхий газрын 2019-03-29-ний өдрийн 02-1/1119 дугаар албан тоот/хх-89/ болон бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ба гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг тус тус зөв тайлбарлажээ.

Гэхдээ анхан шатны шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, торгох ялыг биеүүлэх хугацааг тодорхой зааж өгөөгүй улмаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлага, үр дагаврыг заагаагүй нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болов.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж “нэмж нэгтгэн” нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох учиртай байхад шийтгэх тогтоолд ...оногдуулсан ялын “хөнгөнийг хүндэд нь” гэж нэмж нэгтгэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл нь шүүхээс хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн өөр өөр ял оногдуулсан нөхцөлд  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх  эсхүл тус тусад нь эдлүүлэхээр тусгагдсан байхад шүүгдэгчийн үйлдсэн 2 гэмт хэрэгт хоёуланд нь ижил төрлийн буюу торгох ял оногдуулсан атлаа “хөнгөнийг хүндэд” багтаахаар заасан нь буруу буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн энэ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч гадаад улсын иргэн байх ба түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлогын талаар нотолж тогтоосон баримтгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр улмаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солихыг тус тус шийтгэх тогтоолд заах байжээ.

Тиймээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулахаар, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар шүүгдэгч В /W/-д оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000 000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В /W/-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг нийт 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000 000 төгрөгөөр тогтоосугай.” гэж өөрчилж,

4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В /W/ оногдуулсан торгуулийн ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж, улсын орлогод оруулсугай.” гэж,

5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В /W/ шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус нэмж,

4, 5, 6, 7, 8 дахь заалтуудыг 6, 7, 8, 9, 10 гэж дугаарлан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Арвинбуудайн эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БОЛОРМАА