Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 151

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 1 дүгээр хэсэг БАМ-ын 2-5 тоотод оршин суух, эмэгтэй, 56 настай, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Дарьсүрэнгийн Мажигсүрэнгийн /МЮ-61122561/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 3-7 тоотод оршин суух, эмэгтэй, 41 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Баатарын Батхишигт /МЮ-77021186ХХХХ /  холбогдох

“ 4.843.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мажигсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч Б.Батхишиг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мажигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь өрх толгойлсон эмэгтэй 2017 оны 01 дүгээр сараас тэтгэвэрийн зээл авч валютын арилжаа эрхлэн хоолныхоо мөнгийг олдог болсон. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Батхишиг надад “Та энд орлоготой, орлогогүй байхаар надад мөнгөө өгөөд доллар болгохгүй юу” гэхээр нь би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батхишигийн данс руу 2000 долларын үнэ 4.843.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл доллар ч үгүй, мөнгө ч үгүй болчихоод байна. Данс руу шилжүүлсэн 4.843.000 төгрөгөө нэхэхээр “н.Ганцэцэг аваад хойноос рубль болгох гэж яваад гээсэн, түүнээс мөнгөө аваад өгнө” гэдэг боловч өгөхгүй байгаа. Би Б.Батхишигийн данс руу л мөнгөө шилжүүлсэн болохоос надад н.Ганцэцэг гэдэг хүн хамааралгүй гэж үзэж байна. Иймд Б.Батхишигээс 4.843.000 төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэх.

Хариуцагч Б.Батхишиг шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Мажигсүрэн нэхэмжлэлээ бичихдээ худлаа зүйл бичсэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг “Голомт” банкнаас зээл аваад зогсож байхад Д.Мажигсүрэн эгч над руу утасдаад “Чиний өгсөн рублийг зараад мөнгийг нь хийчихлээ шүү” гэсэн, тэгээд удалгүй 2000 рубль захиж 4.843.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Миний хувьд өөрөө доллар явж авч чадахгүй байгаа. Харин 8 шарга захын ченж н.Алтангэрэл гэдэг хүн лүү мөнгөө шилжүүлээд доллар авдаг. Тухайн үед би өөрийнхөө 10.000 доллар, н.Болормаа эгчийн 10.000 доллар, Д.Мажигсүрэн эгчийн 2000 доллар нийт 22.000.000 доллар аваад н.Ганцэцэгт  хойноос рубль болгуулахаар өгсөн. Гэтэл н.Ганцэцэг тухайн өдөр 22.000.000 долларыг Алтанбулагийн хил дээр явж байгаад гээгдүүлсэн гэсэн. Тухайн үед доллар авахдаа намайг хүнд захиад авчруулж байгаа гэдгийг Д.Мажигсүрэн эгч мэдэж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ талаараа н.Ганцэцэг цагдаагийн байгуулалагд мэдэгдэж одоо шалгаж байгаа. Миний хувьд ч “бидний хохирлыг эзэн холбогдогчий нь олж арилгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байгаа. Хэдийгээр би энэ мөнгийг хувьдаа ашиглаж, хэрэглээгүй ч би өөрөө ч 10.000 доллараар хохироод л явж байна. Би энэ  Д.Мажигсүрэн эгчийн миний данс руу хийсэн 4.843.000 төгрөгийг төлөх ёсгүй харин н.Ганцэцэг мөнгөө өгсөн үед л өгөх ёстой гэж үзэж байна гэх.

Гэрч Г.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би эхнэртэйгээ /Б.Батхишиг/ “Голомт” банкнаас зээл аваад “ХААН” банкны вип өрөөнд байхад манай эхнэрийн утас дуугарч, утсаа аваад мөнгө төгрөг шилжүүлэх талаар ярьж байсан. Сүүлд нь асуухад “Д.Мажигсүрэн эгч доллар захьсан мөнгөө шилжүүлнэ гэж байна” гэсэн. Тухайн өдөр Д.Мажигсүрэн эгчийн утсаар ярьсан бил авах гэсэн боловч бид нарт өгөөгүй юм. Он сар өдрийг нь сайн санахгйү байна. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр өглөө бид хоёр ажил гараад хот явах гэж байхад н.Ганцэцэг ирээд 22.000.000 доллар авч хойшоо гарч солиулахаар манай эхнэрээс аваад явсан. Би хажууд байсан.  Д.Мажигсүрэн эгчийн доллар болгож авахаар өгсөн мөнгийг манай эхнэр үрж, ашиглаж зарцуулсан зүйл байхгүй гэх.        

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Мажигсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Батхишигт холбогдуулан гаргасан “4.843.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батхишигийн данс руу 2000 доллар худалдан авахуулахаар 4.843.000 төгрөгийг шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан харилцаа үүссэн байна. 4.843.000 төгрөгийг иргэн Б.Батхишигийн данс руу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь “ХААН” банкны “Орлогын мэдүүлэг”-ээр нотлогдож байна. Зохигчид нь 4.843.000 төгрөгийг данс руу шилжүүлж өгсөн, авсан талаар маргаагүй болно.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өөрөө доллар явж авч чадахгүй байгаа. Харин 8 шарга захын ченж н.Алтангэрэл гэдэг хүн лүү мөнгөө шилжүүлээд доллар авдаг. Тухайн үед би өөрийнхөө 10.000 доллар, н.Болормаа эгчийн 10.000 доллар, Д.Мажигсүрэн эгчийн 2000 доллар нийт 22.000.000 доллар аваад н.Ганцэцэгт хойноос рубль болгуулахаар өгсөн. Гэтэл н.Ганцэцэг тухайн өдөр 22.000.000 долларыг Алтанбулагийн хил дээр явж байгаад гээгдүүлсэн гэсэн...” гэсэн нь хэдийгээр хариуцагч уг мөнгийг үрж, ашиглаж алга болгоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд н.Ганцэцэгийг гуравдагч этгээдээр болон бусад байдлаар оролцуулах хүсэлт гаргаагүй бөгөөд зохигчдын хэн аль нь 4.843.000 төгрөгийг цааш дамжуулан доллар авч гуравдагч этгээдэд шилжүүлэн рубль болгох, гуравдагч этгээдэд төлөөлүүлэх талаар талууд амаар болон бичгээр мэдэгдсэн, харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй түүнийгээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 2000 доллар болгуулахаар 4.843.000 төгрөгийг хариуцагчийн дансаар шилжүүлэн өгснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг биелүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирол 4.843.000 төгрөгийг төлж барагдуулах нь зүйтэй юм. Иймд Б.Батхишигээс 4.843.000 төгрөг гаргуулан Д.Мажигсүрэнд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “...Энэ нэхэмжлэлтэй холбогдуулан Цагдаагийн газар, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж байгаа бөгөөд хуулинд заасны дагуу иргэний хэргийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу юм” гэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь: 

  Хариуцагчийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 22.000.000 долларын эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 369 дугаар захирамжаар хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно. Гэтэл уг захирамжийн дагуу Цагдаагийн газраас ирүүлсэн албан тооддоо “..Эрүүгийн Цагдаагийн тасагт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 183100029 дугаартай хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 369 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн авч холбогдох ажиллагаа хийх гэсэн боловч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хуулбар холбогдох материалуудыг хуулбарлан өгөх боломжгүйг мэдэгдье” гэх, мөн тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж байгаа хэсгийн төлөөлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 14, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолтондоо дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт “иргэн н.Ганцэцэгийн гомдлоор шалгаж байгаа...эзэн холбогдогч нь олдохгүй байгаа” гэсэн нь энэ хэрэгт зохигчдоос Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байгаа эсэх, хэнд холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй байна.

Хэрэгт зохигчдоос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн “ХААН” банкны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай тэтгэвэрийн зээлтэй талаарх тодорхойлолт, Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, “ХААН” банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, охин Э.Загдсүрэн, охин Э.Отгонтуяа, хүү О.Азжаргал нарын “Төрснйи гэрчилгээ”-ний хуулбарууд /нийт 7 хуудас/, хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Голомт” банкны №ЗГ4325105514 дугаартай “Зээлийн гэрээ”, №ИГ4325105514 дугаартай “Ипотекийн гэрээ”, “ХААН” банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203 дугаартай ам бүл, эрхэлсэн ажил байдлын тодорхойлолт /нийт 9 хуудас/ зэрэг авагдсан болно.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.422 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92.422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 399.3, 400 дүгээр зүйлийн 400.3, 402 дугаар зүйлийн 402.1 зааснаар Б.Батхишигээс 4.843.000 төгрөг гаргуулан Д.Мажигсүрэнд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.422 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92.422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсуй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА