Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 193

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: Ч.У-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Д.Ж-ид холбогдох,   

         Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн хуваарьт өмч 32 тооны мал буюу 2.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Ч.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Д.Ж-той 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр айл гэр болон амьдрах хугацаандаа охин Ж.З төрсөн. Амьдралын эхний жилд бусдын адил сайхан амьдарч байсан. Охин маань гарснаас хойш удаа дараа зодож, цохих болсон ба амьдрах хүнд болж ирсэн.  Гэвч охиныхоо ирээдүйг бодож эвлэрүүлэн зуучлалд байх үедээ эргэж нийлээд дахин зодуулж, эмнэлэгт хэвтэрт орж, шүүхээр хэргээ саяхан шийдүүлсэн. Цаашид энэ хүнтэй амьдах боломжгүй, миний амь нас, охиныхоо амь насанд заналхийлж байгаа тул хамт амьдрах боломжгүй байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулж насанд хүрээгүй охиноо өөрийн асрамжид авч, хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож авах хүсэлтэй байна. Намайг Д.Ж-той гэр бүл болж, хурим найраа хийхэд миний аав Чимэд нь бидэнд 105 толгой мал, нөхрийн талаас 100 толгой мал тус тус тасалж өгсөн. Хариуцагч нь охин бид 2-т юу ч өгөхгүйн тулд шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөрийн талаас ирсэн 100 толгой малыг зуданд үхсэн гэж тайлбарлаж байгаа нь түүний үр хүүхдээ гэсэн сэтгэлгүйг харуулж байна. Мөн би Д.Ж-ид зодуулаад төрсөн гэртээ харих үедээ манай аавын өгсөн 105 толгой малаас 65 толгой малыг буцааж авсан ба одоо 32 тооны малаа нэхэмжилж байна. Учир нь манай аавын зүгээс надад өгсөн 105 толгой мал бол бидний дундын өмч биш, миний хуваарьт хөрөнгө. Мэдээж биднийг гэрлэж, хамт амьдарснаас хойш манайхаас ирсэн 105 толгой мал өсөж, үржсэн боловч би үл төр, ашиг шимийг нь тооцохгүйгээр зөвхөн анх өмчид ирсэн малаас үлдсэн 32 толгой малаа нэхэмжилж байна. Иймд Д.Ж-оос 10 ямаа буюу 5 сэрх /нэг бүр нь 50.000 төгрөг, нийт 250.000 төгрөг/, 5 эх ямаа /нэг бүр нь 50.000 төгрөг, нийт 250.000 төгрөг/, 12 толгой эм хонь /нэг бүр нь 50.000 төгрөг, нийт 600.000 төгрөг/, 8 богзог буюу нэг бүр нь 50.000 төгрөг, нийт 400.000 төгрөг/, хөх алаг дөнжин үхэр 500.000 төгрөг, хар алаг гунжин үхэр 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийн үнэ бүхий хуваарьт хөрөнгөө нэхэмжилж байна. Цаашид Д.Ж-той хамт амьдрах ямар ч боломжгүй бөгөөд хань ижлээ энэрэх, үр хүүхдээ хайрлах сэтгэлгүй, арчаагүй, амин хувиа хичээсэн, хүүхдийнхээ тэтгэмжийг ч төлөхгүй гэж тайлбарлаж байгаа хүнээс ямар нэг зүйл нэмж нэхэмжлэхгүйгээр гэрлэлтийн асуудлаа хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ж.Золзаяаг эх миний асрамжид үлдээж, эцэг Д.Ж-оос тэтгэлэг гаргуулж, миний хуваарьт өмч болох 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 32 тооны толгой малыг гаргуулж өгнө үү” гэжээ.   

        Хариуцагч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ч.Уртнасантай гэр бүл болсон ба бидний дундаас 1 хүүхэд төрсөн. Надтай хамт байх хугацаандаа 2-3 удаа толгой өвдөж байна гэж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед нь би болон манай аав, ээж бэрдээ хүн чанар гаргаж цай, хоол зөөж, мөнгө төгрөгөөр таслаагүй. Тэр үед манай эхнэр миний хүүхдийг “Чиний хүүхэд биш” гэж хэл ам хийж, хэрүүл тэмцэл гаргадаг байсан. Манай хадам аав гэр бүл дунд ямар нэгэн үл ойлголцох байдал гарахад эхнэр Ч.Уртнасан, охин Ж.З нарыг аваад явчихдаг. Ч.У жирэмсэн байх хугацаанд манай ээж бүх оёх зүйлийг нь хийж өгч байсан. Би эхнэр Ч.У жирэмсэн байх хугацаанд нь маш их хайрлаж, хүнд хөнгөн зүйл өргүүлэхгүй, түлээ, мод, нүүрс, ус, хоол ундаа өөрөө хийдэг байсан. 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Манай ээж хоол, цайг нь зөөж, би малаа харж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр сумын төв рүү явах замд миний мотоциклийн дугуй хагараад замд 2 хоноод ирэхэд намайг “Хөзөр тоглож байгаад ирсэн” гэж гүтгэж, аав руугаа утсаар яриад “Намайг ирж аваарай” гээд надаас сална гэсэн. Тэгээд хадам аав 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр машинаар ирж, мал, эд зүйлээ аваад явсан. Тэр үеэс хойш би охиныгоо эргэж очиж, бэлэг хувцасны зүйлс өгөхөд авахгүй, шидэж байсан. Намайг тэгж сэтгэл гаргаж байхад “Чиний хүүхэд биш” гэж намайг гомдоосон. Тэгэвч би эхнэр хүүхдээ эргүүлээд гэртээ авч ирсэн боловч 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамдаа өвс бухалдахаар дагуулж явах гэтэл “Чадахгүй, чи өөрөө хий, муу ядуу гуйлгачин, чиний аав, ээж хөрөнгө малгүй, миний аав ээж баян тарган, хөрөнгөтэй” гэж хэл амаар доромжлоод байхаар нь толгой руу нь чичсэн. Тэгтэл намайг зодсон гээд цагдаа, шүүхийн байгууллагаар шалгуулсан. Мал гаргах болоход Ч.У “Миний малаас идүүлэхгүй” гэж хэрүүл хийдэг. Хүн хүндлэх сэтгэлгүй. Би өөрийнхөө 100 малаа зуданд үхүүлж, банкны зээлээ арай хийн төлсөн. Одоо хүүхдийн тэтгэлэг төлөх мөнгө, хөрөнгө байхгүй учир би хүүхдээ өөрөө авч өсгөх хүсэлтэй байна. ... Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн үед Ч.У бид хоёр хамт амьдрах хугацаандаа амьдрал ахуйдаа хэрэглэх гэж мал зарж, мөнгө хийдэг байсан. 2015 оны 12 дугаар сард 40 тооны мал нядалсан. 2016 онд эхнэр сална гээд 65 толгой малаа аваад явсан. Одоо миний нэр дээр ямар ч мал байхгүй. 2015-2016 оны өвөл зуд болж, хэдэн малаа үхүүлсэн. Ч.У ч тэр үед хамт амьдарч байсан тул мэдэж байгаа. Одоо надад мал ахуй байхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй байгаа тул охиноо өөрийн асрамжид авна” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өөрийн хуваарьт өмч 32 тооны мал буюу 2.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Гэрлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

         Иргэн Ч.У, Д.Ж нар 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр охин Ж.З төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сагил сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 8 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч уг арга хэмжээ амжилгүй болжээ.  

      Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан охин Ж.З-г эх Ч.У-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

       Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ж.Золзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Ж-оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

       Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

        Харин хариуцагч нь шүүх хуралдаанд “Охинд тэтгэлэг төлөх боломжгүй, харин өөрийн асрамжид авна” гэсэн тайлбар гаргасан боловч үүнийг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэх боломжгүй байгаагаас гадна тухайн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй ба тухайн хүүхдийг өөрийн асрамждаа авснаар ямар орчин нөхцөлд, яаж өсгөх гэж байгаагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.  

        Нэхэмжлэгч Ч.У-аас “Өөрийн хуваарьт хөрөнгө болох 32 тооны мал буюу 2.500.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнтэй холбогдуулан Увс аймгийн Архивын тасгийн “Малын тооны лавлагаа”, холбогдох дансны хуулга, мөн “А” дансны хуулга, Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2/13 дугаартай “Малын ханшийн мэдээ”-г тус тус гаргаж ирүүлсэн байна.

        Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Д.Ж-ийн нэр дээр 2015 онд 205 толгой мал, 2016 онд 168 тооны мал тоологдсон байх ба энэ нь нэхэмжлэгчийн “Биднийг гэр бүл болох үед миний эцэг, эхээс надад 105 толгой мал өгсөн, харин Д.Ж-оос 100 толгой мал өгсөн” гэх тайлбартай тохирч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн хуваарьт хөрөнгө буюу 105 толгой малаас 65 толгой малыг буцаан авсан, одоо үлдэх 32 тооны малыг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасантай нийцэж байна.

        Харин хариуцагчаас “Бид хамт амьдрах хугацаандаа малаа нядалж зарсан, мөн зуданд үхсэн” гэсэн тайлбар гаргаж, маргаж байгаа боловч шүүхэд энэхүү тайлбараа нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул түүний энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар хариуцагч Д.Ж-оос 5 толгой сэрх – нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, бүгд 300.000 төгрөг, 5 толгой эх ямаа – нэг бүрийн үнэ 40.000 төгрөг, бүгд 200.000 төгрөг, 12 толгой эм хонь – нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, бүгд 840.000 төгрөг, 8 толгой богзог – нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг, 1 тооны дөнжин үхэр буюу 400.000 төгрөг, 1 тооны гунжин үхэр буюу 350.000 төгрөг, нийт 2.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Уртнасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.У-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-оос 171.908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-нд олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.У, Д.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ж.З-аг эх Ч.У-ийн асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ж.З-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Ж-оор тэжээн тэтгүүлсүгэй.

      4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар хариуцагч Д.Ж-оос 5 толгой сэрх – нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, бүгд 300.000 төгрөг, 5 толгой эх ямаа – нэг бүрийн үнэ 40.000 төгрөг, бүгд 200.000 төгрөг, 12 толгой эм хонь – нэг бүрийн үнэ 70.000 төгрөг, бүгд 840.000 төгрөг, 8 толгой богзог – нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, бүгд 400.000 төгрөг, 1 тооны дөнжин үхэр буюу 400.000 төгрөг, 1 тооны гунжин үхэр буюу 350.000 төгрөг, нийт 2.490.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Уртнасангаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-оос 171.908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Уртнасанд олгосугай.

         7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч Д.Ж-ийн “Охин Ж.З-г өөрийн асрамжид авна” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ГЭРЭЛТУЯА