Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 12

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох эрүүгийн 1735002070113 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хаалттайгаар хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс Дулааны цахилгаан станцад харуул ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Сагил сумын 2-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Улаангом сумын 7-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЛ90042578, Баавшууд ургийн овогтой Бямбаагийн Болдсайхан.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт бага насны буюу 12 нас 6 сар 6 хоногтой охин А.Уын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн / яллах дүгнэлтэд дурьдсанаар/ гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Баавшууд ургийн овогтой Бямбаагийн Болдсайханыг бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 15 /арван тав/ жил хорих ял шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 15 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бы энэ хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бага насны хохирогч А.Уын цагаан өнгийн дотоож 1 ширхэг, ноосон, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цоохор өнгийн майк 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэгийг тус тус хууль ёсны төлөөлөгч Э.Цогзолмаад, шүүгдэгч Б.Бы дотоож 1 ширхэг, хар өнгийн, ноосон, зузаан дотуур өмд 1 ширхэгийг шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож,

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр” тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Бы холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүх нь мөн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүнэлт хийсэн.

Миний үйлчлүүлэгч Б.Б нь тархины өвчний улмаас таталт өгч унадаг тул байнгын өвчин намдаагч ууж өвчнөө намдаадаг. Олон жил эм уусан учраас ямар нэгэн зүйлийг удаан ойлгож, удаан хариу өгдөг, мартамхай болсныг ар гэрийнхэн нь болон өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн.

Мөн Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа давж заалдах гомдолдоо илэрхийлсэн байх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заадтыг халдааж өгнө үү” гэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би согтуудаа хийсэн үйлдэлдээ санаа зовж олон жилийн ял авсандаа дүгнэлт хийж үнэнээ хэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тархины өвчний улмаас байнгын эм уудаг ба миний бие эрүүл саруул байсан бол ийм ёс бус үйлдэл хийхгүй байсан. Би архины хор уршиг болон үр дагаварыг маш сайн ойлгосон тул надад оногдуулсан 15 жилийн ялыг зохих хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд  дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд буюу 12 нас 6 сар 6 хоногтой охин А.Уыг хүчиндсэн гэмт хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

Хохирогч А.У нь 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлалгаагаар нотлогдож байх бөгөөд тэрээр 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө хүчиндэх гэмт хэрэгт өртөгдөх үедээ 12 нас 6 сар 6 хоногтой байсан байх тул бага насны хүүхэд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба шүүгдэгч Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Шүүгдэгч Б.Бы “Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү“ гэх түүний өмгөөлөгч Ө.Нарантуяагын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дэх заалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү“ гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь :

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилжээ.

 

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь дээрхи хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих ялыг  хөнгөрүүлж болохоор хуульчилсан ба Б.Бы үйлдсэн гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оногдуулж болохоор заажээ.

 

Анхан шатны шүүхээс Б.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Б түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Б.Б нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бы анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЖАМБАЛСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ