| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2019/02697/И |
| Дугаар | 001/ХТ2021/00323 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2021/00323
Х.Хонгорзулын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02128 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1787 дугаар магадлалтай,
Х.Хонгорзулын нэхэмжлэлтэй,
Д.Сарантуяад холбогдох,
2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Сарантуяа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг хоорондоо ярилцаж тохиролцон 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Хугацаа нь дууссан боловч Сарантуяа нь зээлсэн мөнгөө төлөөгүй, хуурч мэхэлсээр утсаа авахгүй өнөөг хүрч байна. Хариуцагчаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү алданги 995,000 төгрөг, нийт 2,995,000 төгрөг нэхэмжилсэн ба одоо өгсөн 2,000,000 төгрөгөө нэхэмжилж 995,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Д.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Хонгорзултай мөнгө зээлэхээр харилцан тохиролцсон боловч тухайн үед хэлцлийн үндсэн дээр Нансалмаа гэх хүний Хаан банкны 5001230379 тоот данснаас 2,000,000 төгрөгийг зээлж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа уг мөнгийг буцаан төлсөн. Иймд Х.Хонгорзулын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,995,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Д.Нансалмаагийн өмнөөс нэхэмжлэх эрхгүй, хариуцагч мөнгийг Д.Нансалмаагаас зээлсэн, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02128 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Сарантуяагаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Хонгорзулд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Сарантуяагаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Хонгорзулд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1787 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2019.07.30-ны өдрийн Дугаар 101/ШШ2019/02128 тоот Шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019.10.09 тоот дугаар 1787 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Х.Хонгорзулын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй Д.Сарантуяа 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Д.Нансалмаа гэх хүний Хаан банкны 5001230379 тоот данснаас 2.000.000 төгрөгийг зээлж авч байсан. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл Д.Нансалмаа гэх хүн нь Х.Хонгорзулын ээж мөн болох талаар би огг мэдэхгүй энз талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй мөн Д.Сарантуяа нь Д.Нансалмаагаас мөнгө зээлж авсан талаараа шүүхэд хариу тайлбар, дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэгэнт Д.Сарантуяа Х.Хонгорзул гэх хүнээс мөнгө зээлээгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт үнэнээ хэлсээр байхад Х.Хонгорзул нь Д.Нансалмаагийн хүүхэд мөн болох ямар ч нотлох баримт байхгүй байсаар байхад Д.Нансалмааг Х.Хонгорзулын ээж гэж үнэлсэн. Хэдийгээр Д.Нансалмаа, Х.Хонгорзул нар нь бие даасан этгээд байсаар байхад нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг шүүх үнэлээгүй. Мөн нийслэлийн шүүхийн магадлалд Д.Нансалмаа нь нэхэмжлэгчийн ээж мөн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм гэсэн эргэлзээтэй байна. Сарантуяагийн хувьд мөнгө зээлсэн хүндээ л мөнгөө буцааж өгсөн. Мөнгө зээлсэн хүнтэйгээ харилцахыг хүсч байна. Гэтэл огт хамааралгүй хүн нэхэмжлэл гаргаж, мөнгийг нь буцаан өгсөөр байхад дахин Х.Хонгорзул гэж 2.000.000 төгрөг зээлээгүй хамааралгүй хүнд 2.000.000 төгрөг гаргуулж өгөхөөр шийдсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, тайлбарлаж Шүүх Шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2019.07.30- ны өдрийн Дугаар 101/ШШ2019/02128 тоот Шүүхийн шийдвэр, 2019.10.09 тоот дугаар 1787 тоот Магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Х.Хонгорзул нь Д.Сарантуяагаас 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөхдөө мөнгө зээлээгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг шаардахдаа үндэслэлээ ...мөнгө зээлээч гээд удаа дараа гуйгаад байсан тул ээж Д.Нансалмаагийн данснаас 2017.12.14-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн,...буцааж өгөөгүй гэж тайлбарлажээ.
Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбараа хариуцагч нотолж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Д.Сарантуяа буцааж төлөхөөр нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөг авсан нь тогтоогдсон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч авсан мөнгөө буцааж төлснөө нотолж чадаагүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02128 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1787 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуугийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ