Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 531

 

 

 

  

 2019            5             30                                              2019/ДШМ/531

 

                                                     

                                                     Д.П-д холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ж.Энхжаргал,

            хохирогч Б.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Ганбат,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Э.Нарангарав,  

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.П-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1903000300087 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Д-гийн П, Завхан аймгийн ............ суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.............” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ................. дүүргийн 3 дугаар хороо, ................ төвийн бүс, .......... гол гудамжны ...... байрны 15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../;

 

Д.П нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний оройн 19 цаг 55 минутын үед “Тoyota pruis” загварын 59-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Д.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор 1 сард 266,667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.П нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.П-с 1,430,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Болормаад олгож, Д.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, Б.Болормаа эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Д.П-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С, Д ангилалын 133751 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Б.Болормаа нь архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэн 2,30 хувийн согтолттой биеэ авч явах чадваргүй болсон үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9.г-д “...Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах...” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байдаг. Прокурорын зүгээс шүүх хуралдааны үеэр бичлэгийг үзүүлээгүй ба бичлэгт Б.Болормаагийн баруун талаас автомашин мөргөсөн байдаг атал зүүн талын хөлийн хуруу гэмтсэн талаар дүгнэлт хийгээгүй.

Нөгөөтэйгүүр Б.Болормаа 712,784 төгрөгийн баримтыг эмчилгээний зардалд гаргасан гэх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй 213,748 төгрөгийн баримт нь байсаар байтал баримтаар тогтоогдсон 650,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Баримтын огноо, юу авсан зэрэг нь тодорхойгүй, хэрэг учрал болохоос өмнөх цаг хугацаанд авсан гэх баримтуудыг үнэлэн дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Мөн хохирогчийн хувьд ажилтай эсэх нь тогтоогдоогүй байтал, ажилгүй байсан цаг хугацааны цалин хөлс болох 1,280,000 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан цаг хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320,000 төгрөгийг 4 сарын хугацаагаар бодсон нь үндэслэлгүй байх ба хэрэг учрал гарсан цаг хугацаанаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байхад 4 сарын хугацаагаар хангаж шийдвэрлэсэн. Учир шалтгаанаа “та нар бичгээр гомдол санал гаргах гэсээр байтал мэдээж 4 сар болно” гэсэн хариу өгч, ирээдүйд гарах зардлыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.П-н өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас камерын бичлэгийг анхаарахыг хүсч байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр тухайн камерын бичлэгийг судлаагүй. Тухайн үйл явдлын талаарх 2 камерын бичлэг байгаа. Шүүгдэгч Д.П-д холбогдох эрүүгийн хэрэгт зөвхөн нэг талын нотлох баримтыг цуглуулж шүүхэд материал өгсөн. Учир нь, тухайн камерын бичлэгт хохирогч Б.Болормаа нь замын хөдөлгөөнийг ажиглаж зогсож байсан бөгөөд авто машин өнгөрөх явцад эргэж харж зүүн хөл нь авто машины дугуйн доор орсон нь бичлэгээс харагддаг. Мөн камерын бичлэгийг шүүгдэгч өөрөө очиж авсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөгч камерын бичлэгийг авах ёстой байсан атал шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрийн худалдагчаас гуйж байгаад авсан гэдэг. Ингэхдээ камерын богино бичлэг авсан. Мөрдөгчийн зүгээс шалгах ажиллагааг дутуу хийж, бүрэн хэмжээний дүгнэлт хийх боломжтой камерын бичлэгийг авч хавтас хэрэгт хавсаргаагүй. Хавтас хэргийн 15, 16 дугаар талд камерын бичлэгт үзлэг хийсэн, хэргийн газраас авсан мэтээр тогтоол үйлдэж ажиллагаа хийсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж заасны дагуу тухайн камерын бичлэгийг анхаарч үзээгүй бөгөөд ямар нэгэн өөр зорилго байсан эсэхийг бүрэн шалгаагүй байна. Хохирлын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу ажил олгогчийн зүгээс ажилтанд олгож буй цалин гэж ойлгох бөгөөд хохирогчийг ажил хийж байсан гэхийг тогтоох үйл баримт байхгүй. Мөн ямар хуулийн зохицуулалтаар хохирогчид нөхөн олговор олгож байгаа нь, мөн ирээдүйд гарах зардлыг гаргуулан шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны үеэр гэм буруугийн хувьд огт маргаагүй. Шүүгдэгч Д.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан учраас шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хавтас хэргийн материалаас эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэг үзэх, шинжлэн судлуулах санал гаргаагүй. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдолдоо энэ талаар дурьдаж байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан учраас гэм буруугийн талаар тайлбар хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олох ёстой байсан цалингийн талаар мэтгэлцсэн. Шүүгдэгч камерын бичлэгийг шинжлэн судлуулаагүй гэж ярьж байна. Камерын бичлэгийг судлах эсэх талаар яригдсан. Гэм буруугийн асуудалд маргаагүй учраас үүнийг шинжлэн судлах шаардлагагүй гэж хэргийн оролцогч нар үзсэн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хавтас хэрэгт авагдсан байгаа учраас үндэслэлгүй давж заалдах гомдол гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 712,784 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх үүнээс үнэлэх боломжгүй баримтыг хасаад 650,000 төгрөгийн баримтыг үнэлэх боломжтой гэж үзсэн. Хасах ёстой баримтуудыг хассан. Өнөөдрийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8,000 төгрөгийн баримтыг өмгөөлөгч би өөрөө хэлж хасуулсан юм. Мөн цалин хөлсний асуудалд хохирогч Б.Болормаа нь тухайн үед ажил хийж байсан боловч хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийг баримталж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн гэрээ байхгүй ч гэсэн орлого олж байсан гэдгээ нотолсон хохирогчийн дансны хуулга хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнийг үндэслэлгүй байна гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Мөн тухайн өдөр би согтуу байсан нь үнэн. Зам гарахдаа зогсоод байсны учир нь замын хөдөлгөөнийг ажиглаж байгаад зам гарах гэж байсан. Зам гарахдаа баруун хөлөө түрүүлж тавиад, зүүн хөлөө өргөх гэтэл намайг мөргөсөн, мөргөөд буцаж хойшоо ухарч 2 удаа миний хөл дээр гарсан. ...” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.П-н давж заалдах гомдолд дурдсан “Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9.г” гэсэн заалт нь өмнө хэрэгжиж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалт юм. Шинэчлэн найруулсан 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд дээрх заалт байхгүй, хасагдсан болно. Тухайн хэргийн үйл явдал нь хохирогч зам хөндлөн гарах үйлдэл л хийсэн. Ямар нэгэн согтуурсан байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийх, тээврийн хэрэгслийн урдуур нь гүйх үйлдэл хийгээгүй. Зам хөндлөн гарах үйлдлийг хэвийн гүйцэтгээд явж байгаа нь камерын бичлэгт харагддаг тул тухайн осол хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх үндэслэлгүй юм. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судалсан ба хэргийн оролцогч нар тухайн камерын бичлэгийг харилцан хүлээн зөвшөөрч бичлэгийг дэлгэцээр үзэх шаардлагагүй гэж анхан шатны шүүх хуралдааны үеэр яригдсан. Давж заалдах шатны шүүхэд камерын бичлэг хянагдсан тул тухайн бичлэгт ослын нөхцөл байдал тодорхой харагдана.

Иргэний нэхэмжлэлийн талаар мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр дэлгэрэнгүй хэлэлцсэн. Шүүхээс нэмж гаргуулахаар заасан 150,000 төгрөгийн баримт нь эм авч уусан баримт байдаг. Үүнийг нэмж гаргуулах үндэслэлтэй гэж үзээд нийт 650,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч олох ёстой байсан орлого буюу нийт цалин хөлсөнд 3,276,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтын хувьд шаардлага хангаагүй байдаг. Шүүх үүнийг хэлэлцээд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд, хохирогчоос өөрөөс нь саналыг авч цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Д.П нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний оройн 19 цаг 55 минутын үед “Тoyota pruis” загварын 59-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч зураглал /хх 3-8/, “явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн” талаар хохирогч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх 19-20/, яллагдагч Д.П-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 59/, хохирогч Б.Болормаагийн биед зүүн тавхайн 2-5 дугаар шивнүүрийн далд хугарал, мултрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №904 тоот дүгнэлт /хх 33/, Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн албаны шинжээчийн №081 тоот дүгнэлт /хх 49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.П-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. Шүүгдэгч Д.П-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд ямар хэмжээгээр хэрхэн төлөх талаар хуваарь гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам”-ыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно.” гэж, 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтад зааснаар торгох ялыг биелүүлэх хамгийн богино хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоног буюу 3 сар гэж үзэхээр байх тул торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногоос доош хугацаагаар тогтоох, түүнчлэн мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс торгох ялыг биелүүлэх хугацаа, хуваарь тогтоосон 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “... шүүхийн тогтоосон хугацаанд ...” гэснийг “... хуульд заасан хугацаанд ...” гэж өөрчлөв.

Хэрэгт авагдсан бичлэг бүхий СD-г шинжлэн судалахад хохирогч зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж байгаа үйл явцыг бэхжүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирсон байх тул хэргийн үйл баримтын талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.   

 

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Б.Болормаагийн эмчилгээний зардлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлаад 717,660 төгрөгийн нотлох баримтаас шаардлага хангахгүй, хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааны баримтуудыг хасч, хууль ёсны шаардлага хангасан баримттай 650,000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хасч үлдэх 150,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Харин хохирогч Б.Болормаа ажил хөдөлмөр эрхэлж байсан хэмээн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 3,276,000 төгрөг нэхэмжилж, цалин авч байсан гэх дансны гүйлгээний хуулбарыг хэрэгт хавсаргасан байна. Энэхүү нэхэмжлэл нь хууль ёсны нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй боловч хохирогчийг ажил, хөдөлмөр эрхэлж байсныг шууд үгүйсгэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх хохирогч цалин хөлс, орлогогүй байсан мэтээр дүгнэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр тогтоосон нь цалин, хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хохирогчийн эрхийг хязгаарласан шийдвэр болсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “... 1,430,000 төгрөг ...” гэснийг “... 150,000  төгрөг ...” гэж өөрчилж, “... эмчилгээний зардлаа ...” гэсний дараа “... цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрөө ...” гэсэн нэмэлт оруулж, энэ талаар шүүгдэгч Д.П-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “... 1,430,000 төгрөгийг ...” гэснийг “... 150,000 төгрөгийг ...” гэж өөрчилж, “... эмчилгээний зардлаа ...” гэсний дараа “... цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрөө ...” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... шүүхийн тогтоосон хугацаанд ...” гэснийг “... хуульд заасан хугацаанд ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.П-н гаргасан давж заалдах гомдлоос “... ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан ...”-ыг эс зөвшөөрсөн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                                       ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН