Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0803

 

2020 оны 12 сарын 21 өдөр 0803

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.А

Хариуцагч: Т Е Г

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч.О, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тоот тушаалаар үндэслэлгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бус илтгэх хуудас үйлдэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, 77.7.8, 85 дугаар зүйлийн 85.1.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилтын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргах журам-ын 1.3, 6.1 дэх заалт, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар Шалган зааварчлах ажлын удирдамжийн дагуу хийсэн ажлын тайлан, ажлын хэсгийн саналыг үндэслэсэн болно гэжээ.

Уг үндэслэсэн гэх ажлын хэсгийн тайлан, санал болох Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн 2019, 2020 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн байдлаарх үйл ажиллагаанд хийсэн шалган зааварчилсан ажлын тайлангийн 12 дугаар зүйлд: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 тушаалын 1 дүгээр хавсралтаар ажлаас нь чөлөөлж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болно.

Татварын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шалган зааварчлах ажлын тайланд: Хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлоор А Р ХХК-ийн /ТТД*******/ татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-нд ТУБ Д.А, Н.Г нарт олгож, шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 30-нд дуусгаж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр илтгэх хуудас бичигдсэн. Тухайн томилолтыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр 17 цаг 21 минутад Д.Н хаасан байна гэж дурджээ.

Татварын ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан гэх тушаалыг гаргах болсон үндэслэл болоод байгаа ажлын тайлан ажлын хэсгийн саналд Д.А намайг албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бус илтгэх хуудас үйлдсэн гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй болно. Харин уг томилгооны эрх нь дууссан өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр Д.Н нь томилолтыг хаасан гэх өгүүлбэр байгаа болно.

Д.А надтай холбоотой Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б/156 тоот Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал гарсан болно. Уг тушаалын нэгд: Татварын ерөнхий газрын харьяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчаас чөлөөлж уг тушаалын хоёрдугаар хавсралтаар Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт ТЗ-6-5 ангилалд татварын улсын байцаагчийн албан тушаалд томилсон болно. Гэтэл уг томилсон тушаалыг маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр 14 цагт бүтцийн өөрчлөлтөөр тасаг хооронд солигдон томилогдсон хэлтсийн нийт байцаагч нарт болон надад танилцуулж гарын үсэг зуруулсан болно. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Б/156 тоот тушаал гарсны маргааш өдөр нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр 14 цагт тушаалын хавсралтад гарын үсэг зурахдаа л өөр тасагт шилжсэнээ мэдсэн болно.

Миний бие уг тушаал гарч өөр ажил албан тушаалд томилогдсоноо мэдээгүй байсан учир өөрийн чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж А Р ХХК-ийн /ТТД*******/ татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр авч, шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 30-нд хийж дуусгасан болно. 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр тасгийн даргад танилцуулан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 25007015 тоот дугаар авч Илтгэх хуудас бичсэн нь зөрчил биш болно.

Мөн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын Албан хаагчдын 2020 оны ээлжийн амралтын хуваарийг шинэчлэн батлах тухай А/25 тоот тушаалаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр амралт авахаар хуваарь гарсан болно.

Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн 12 цаг 17 минутад емайл хаягаар над руу илгээсэн байсан хэдий ч миний 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ажлаас албан ёсоор 3 өдрийн чөлөөний хуудас бичүүлж хэлтсийн дарга Ц.Сгаар цохилт хийлгэсэн болно. Тухайн үед тасгийн дарга Д.Н нь өвчтэй байсан болно.

Миний бие албан ёсоор чөлөөтэй байхад надаас сонсох ажиллагаа авалгүйгээр ажлаас халах тушаалыг гаргасан болно. Иймд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот Шалган зааварчлах ажлын удирдамж-ын дагуу ажлын хэсэг байгуулагдан

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын нэгж, хяналт шалгалтын ажил хариуцсан нэгжийн дарга, татварын улсын байцаагчийн 2019, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд шалган зааварчлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус шалган зааварчлах ажлын Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх үйл ажиллагаанд хийсэн ажлын тайлан гарсан. Энэхүү тайланд А Р ХХК /РД:56*******/-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарт олгож, шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгаж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Илтгэх хуудас бичсэн байна.

Гэвч татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд А Р ХХК нь 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын 341,185,000.0 мянган төгрөгийн борлуулалт, 246,631,138.81 төгрөгийн худалдан авалт, нийт 571,816,138.8 төгрөгийн үнийн дүн бүхий 680 ширхэг мэдээлэл, 7 ширхэг гаалийн мэдээлэл байна. Үүнд Ө н ХХК /РД:*******/-д 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 49,790,000.0 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 72,727,272.3 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 56,972,993.64 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 36,561,430.91 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 66,315,620.91 төгрөгийн, Э ХХК /РД:*******/-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 61,818,181.82 төгрөгийн борлуулалт хийсэн ба эдгээр ажил гүйлгээг тус компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайландаа тусгаж баталгаажуулсан байтал 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар нь хөндлөнгийн мэдээлэл, борлуулалтын орлого байхгүй, зөрчил илрээгүй гэж дүгнэн Илтгэх хуудас бичиж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот тушаал гарах үндэслэл болсон.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Илтгэх хуудсыг А Р ХХК-д танилцуулаагүй байгаа нь тухайн илтгэх хуудаснаас харагдаж байна. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А Р ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтыг Татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарт олгосон бөгөөд Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст гаргасан тайлбартаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Татварын улсын байцаагч Д.Атай хамт А Р ХХК-д хяналт шалгалт хийх томилолт гарсан байсан. Миний бие хяналт шалгалт хийх томилолтоор олгогдсон хугацаанд тухайн аж ахуй нэгжтэй уулзаж байгаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус аж ахуй нэгжтэй холбоотой илтгэх хуудас гарч байгаа тухай Д.А байцаагч надад мэдэгдэхэд би нэг ч хяналт шалгалтад оролцоогүй, санхүүгийн баримт хүлээн аваагүй, хяналт шалгалт хийгээгүй байхад гарын үсэг зурах боломжгүй, зурахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн гэсэн байна. Үүнээс үзэхэд тухайн аж ахуй нэгжид 2016-2019 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй мөртлөө ажлаа бүрэн хийсэн мэтээр Илтгэх хуудас бичиж гарын үсэг зурсан нь хууль бус байна.

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэлтсийн дарга Ц.Сгаас албан ёсны 3 хоногийн чөлөө аваагүй, чөлөө авахыг хүссэн өргөдөл, хүсэлт гаргаагүй буюу эдгээр өдрүүдэд ажилдаа ирээгүй тасалсан болох нь Д.Агийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажлын цагийн цахим бүртгэл-ээс харагдаж байна.

Нэхэмжлэгчид 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д зааснаар сонсох ажиллагааг цахим хэлбэрээр нэхэмжлэгчийн ****... gmail.com хаягаар хүргүүлж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар, санал гаргах боломжоор хангасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь Т Е Гт холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Д.Аг албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бус илтгэх хуудас үйлдэж төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс ...уг тушаал гарч өөр ажил албан тушаалд томилогдсоноо мэдээгүй байсан учир өөрийн чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж А Р ХХК-ийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр авч, шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 30-нд хийж дуусгасан. 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр тасгийн даргад танилцуулан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 25007015 дугаар авч, илтгэх хуудас бичсэн нь зөрчил биш, ...албан ёсоор чөлөөтэй байхад надаас сонсох ажиллагаа явуулалгүйгээр ажлаас халах тушаалыг гаргасан. гэж маргажээ.

 

Хариуцагчаас ...Татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар нь аж ахуй нэгжийн 2016-2019 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийлгүйгээр борлуулалтын хөндлөнгийн мэдээллийн санд мэдээлэл байхгүй, зөрчил илрээгүй гэж дүгнэн Илтгэх хуудас бичсэн нь тогтоогдсон, ...сонсох ажиллагааг нэхэмжлэгчийн цахим хаягаар хүргүүлж тайлбар, санал гаргах боломжоор хангасан. гэж тайлбарлаж байна.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25200100007 дугаар томилолтод А Р ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд явуулж дуусгах хугацаа тогтоон Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарыг томилсон боловч, удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг дуусгаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хяналт шалгалт явуулсан тухай илтгэх хуудас бичсэн бөгөөд томилолтыг Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цаг 21 минутад хаасан байна.

Татварын улсын байцаагч Д.А, Н.Г нараас А Р ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулсан тухай илтгэх хуудсанд ... А Р ХХК-ийн татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд тус компанитай холбоотой хөндлөнгийн мэдээлэл байхгүй байна. Тус компанийн шалгалтад хамрагдсан хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй гэжээ.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шалган зааварчлах ажлын удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын нэгж, хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтсийн хяналт шалгалтын нэгжийн дарга, татварын улсын байцаагчийн 2019, 2020 оны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнд үйлдсэн шийтгэлийн хуудас, илтгэх хуудас, дүгнэлт, татварын актыг судалж хууль зүйн үндэслэл, зөрчлийн дүн, төлбөрийн дүн үнэн зөв бичигдсэн эсэхийг тулган шалгах ажлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтын танилцуулгад ... 393,644,544.00 төгрөгийн удирдлага борлуулалтын тайлан ирүүлсэн боловч зардлын задаргаа тодорхой бус, 2019 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн боловч тайлан ирүүлээгүй, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд нэмэгдсэн өртгийн албан татварын 341,185,000.0 мянган төгрөгийн борлуулалт, 246,631,138.81 төгрөгийн худалдан авалт нийт 587,816,138.8 төгрөгийн үнийн дүн бүхий 680 ширхэг мэдээлэл, 7 ширхэг гаалийн мэдээлэл байсан бөгөөд эдгээр ажил гүйлгээг холбогдох байгууллагууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайландаа тусгаж баталгаажуулсан байна. гэжээ.

Ингээд шалгалт явуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр ...Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд албан үүргээ гүйцэтгэж ажиллаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй орхигдуулсан, албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гарч танилцуулсан байхад албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөхөөс татгалзсан зэрэг нь төрийн албаны албан тушаалын чиг үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллах улмаар төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах чадваргүй. гэж дүгнэн Д.Ад Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг Т Е Гт хүргүүлсэн байна.

Мөн А Р ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулсан тухай илтгэх хуудас бичсэн татварын улсын байцаагч Д.А, Н.Г болон илтгэх хуудсыг хаасан тэмдэглэгээ хийсэн тасгийн дарга Д.Н нар нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсны дараа өмнөх албан тушаалд ажиллаж байх үед хийсэн шалгалтын талаар илтгэх хуудсыг бичиж, хаасан зөрчил гаргажээ.

Ингээд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын А Р ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулсан тухай илтгэх хуудсыг хүчингүй болгосон байна.

Д.Агийн хамт хяналт шалгалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагч Н.Г шүүх хуралдаанд гэрчээр оролцож, өгсөн мэдүүлэгтээ ... А Р ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулах томилолтыг программаас мэдсэн боловч хяналт шалгалтыг хийгээгүй, ... ажил өгөхийн өмнө гарын үсэг зур гэхэд нь би зураагүй, өөр ажилд шилжсэн хойно 7 дугаар сард Д.А байцаагч ерөнхий газраас илтгэх хуудсаа өг гээд байна, зурахгүй бол болохгүй гээд зуруулсан... гэжээ.

Эдгээр үйл баримтаас үзэхэд Д.А нь хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулаагүйгээс гадна хяналт шалгалтыг биечлэн болон хөндлөнгийн мэдээллийн сангаас мэдээлэл авч хяналт шалгалт хийгээгүй, хяналт шалгалтын удирдамжид заасан хугацааг хэтрүүлж өөр ажил, албан тушаалд томилогдсоны дараа илтгэх хуудас бичсэн болох нь тогтоогдож байна.

Иймээс хариуцагч Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... дугаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй: 41.10.1-т татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах; 41.10.2-т энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх; 41.10.3-т татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах. гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т Татварын улсын байцаагч, хураагчийн үйлдсэн доор дурдсан зөрчилд холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 105, 106, 107 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ:, 85 дугаар зүйлийн 85.1.2-т энэ хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. гэж заасан.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 39 дүгээр зүйлийн 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах; 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 48.1.З-т төрийн албанаас халах; гэж заажээ.

Дээр дурдсан хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох татварын улсын байцаагч өөрийн албаны эрх мэдлээ хэтрүүлж хуульд нийцээгүй шийдвэр гаргах үйл ажиллагааг хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж байдлаас хамаарч сахилгын шийтгэл ногдуулах эрхийг түүнийг томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Татварын ерөнхий газрын даргад олгожээ.

Нэхэмжлэгч Д.А нь чөлөөтэй байхад, тайлбар мэдүүлэг гаргах эрхээр хангалгүй албан тушаалаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн чөлөө олгосон тухай бүртгэлд Д.Агийн чөлөөний хуудас бүртгэгдээгүй, түүнчлэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 17 минутад нэхэмжлэгчийн ****... gmail.com гэх цахим хаягаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, Д.Ад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-т цахим хэлбэрээр санал авах хэлбэрээр мэдэгдэх сонсгох ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Агийн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10, 85 дугаар зүйлийн 85.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Агийн гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН