Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00312                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б холбогдох,

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1.585.650 нэг сая таван зуун наян таван мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашиглалттай холбоотой төлбөрийг 2017 оны 1 сараас өөр газар төлдөг болсон тул 2016 оны 9 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалтын 141.414 төгрөгийг манайх төлсөн, энэ талаарх баримтыг өгөөгүй байгаа, 2016 оны 9 сараас 2017 оны 11 сар дуусталх хугацааны СӨХ-ы төлбөр төлбөр 762.095 төгрөг, нийт 903.509 төгрөгийг 62-р байрны 02 тоотод оршин суугч Б.Б нь төлөхгүй, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9-р сараас 12-р сарыг дуустал тус СӨХ нь ус, дулааны төлбөр тооцоог ямар ч зөвшөөрөлгүйгээр авч байсан. Эрчим хүчний Зохицуулах Хорооны 2017 оны 03 дугаар сарын 31-ны 107 дугаар тогтоолоор УБДС ТӨХК-д хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцээд Эрчим хүчний тухай хуулийн 17.1, 25.1.1, 25.1.12-т заасныг зөрчин тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, СӨХ, ААН-тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийж байсан үйлдлийг таслан зогсоож, цаашид хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосноор УБДС ТӨХК нь дулааны гэрээгээ хүчингүй болгосон. Иймээс тус СӨХ нь дээрх үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж, иргэдээс СӨХ-ны төлбөртэй давхардуулан ихээхэн хэмжээний төлбөрийг нэхэмжилж ашгийн төлөө ажиллаж байсан тул 2017 оны 9-12-р сарыг дуусталх ус, дулааны төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. СӨХ-ы төлбөрийг төлөхгүй гээгүй, шудрагаар нэхэмжилж байвал татгалзахгүй. Оршин суугчидтай буюу надтай байгуулсан “хамтран ажиллах гэрээ”-г хотхоны бүх өрхтэй адилхан хийсэн. Гэрээнд заахдаа Иргэний хууль, “Орон сууцны тухай” хууль, СӨЭЗБНЗОСБДӨЭХТ хууль зэрэг эрх зүйн актуудыг үндэслэн нэг талаас ХУД, 11 хорооны 7 хэсэгт орших орон сууцны 62 байрны 2 тоотын сууц өмчлөгч Б.Болормаа, цаашид сууц өмчлөгч гэх/ нөгөө талаас СӨХ-ны Гүйцэтгэх захирал Д.Лн нар 2011 оны 4 сарын 1-нээс 2012 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл харилцан тохирч байгуулж, хугацаа дуусахад 2 тал гэрээг дуусгавар болгон цуцлах талаар санал тавиагүй нөхцөлд цаашид сунгасанд тооцож хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан. Гэтэл СӨХ-өөс тус иргэний хэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн СӨХ-ны УЗ-ийн 2012 оны 4 сарын 28-ны тогтоолд СӨХ-ны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас П.Б 2012 оны 5 сарын 15-наас тасалбар болгож чөлөөлж, Гүйцэтгэх захирлаар Д.Л томилсон. Гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байж оршин суугчидтай гэрээ хийсэн, миний гарын үсгийг дуурайлган зурсан. СӨХ-ны УЗ-ын хурлаар тогтоодог гээд хавсаргасан тогтоол, протоколуудад УЗ-ын дарга Ц.Б гарын үсэг зурсан, зурагдсан гарын үсэг 2 өөр хүнийх байгаа нь 2012 оны 11 сарын 10, 2013 оны 9 сарын 03, 2015 оны 1 сарын 15, 2016 оны 2 сарын 12-ны өдрийн хурлын протоколуудыг нөхөж үйлдсэн болох нь харагдаж байна. Эдгээр хурлууд дээр Харуул хамгаалалтын төлбөрийг 16000 төгрөг болгож нэмсэн, цэвэрлэгээний хөлсийг айл өрхөөс 6500 төгрөг, аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний төлбөрийг 30000 төгрөг болгож тогтоосон, дундын өмчийн цахилгааны төлбөрийг 8000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, гараж буюу авто зогсоолын төлбөрийг 15000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, засвар үйлчилгээний төлбөрийг аж ахуйн нэгжээс м2 480 төг, айл өрхөөс м2 нь 160 төгрөг, БОНЗ /байр орц, нийтийн зам талбай/зардалыг 6000 төгрөгөөр тогтоон нэмэгдүүлснээс харахад СӨХ-ны УЗ нь огт хуралддаггүй, Хяналтын Зөвлөл гэж байдаггүй, оршин суугчдаас хураан авч байгаа төлбөрийг Гүйцэтгэх захирал, менежер нар нь дураараа тогтоосон тул 466.092 төгрөгийг зөвшөөрч, үлдэхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х СӨХ нь Б.Б холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1.585.650 төгрөг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар СӨХ-ны төлбөр, орон сууцны ашиглалтын зардлыг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 466.092 төгрөгийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг татгалзаж, үндэслэлээ СӨХ-ны УЗ нь огт хуралддаггүй, Хяналтын Зөвлөлгүй, төлбөрийг Гүйцэтгэх захирал, менежер нар нь дураараа тогтоосон гэж маргасан байна.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлнө” гэж, 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр орон сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэж зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг сууц өмчлөгч нарт тэнцүү хувааж, сар бүрийн зардлыг тодорхойлох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.Болормаа нь 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар дуусталх хугацааны СӨХ-ы төлбөр 762.095 төгрөг төгрөгийг төлөөгүй байх тул түүнээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин “Х” СӨХ нь Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу хэрэглэсэн ус болон дулааны төлбөрийг төлсөн гэж тайлбарлан нэхэмжилж байх боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул 141.414 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчээстэмдэгтийн хураамжид төлсөн 26.234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар Б орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 762.095 төгрөг /долоон зуун жаран хоёр мянга ерэн тав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Х Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141.414 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26.234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                               

 

                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ