Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 787

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-О” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00312 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х-О” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 903 509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч Б.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашиглалттай холбоотой төлбөрийг 2017 оны 01 сараас өөр газар төлдөг болсон тул 2016 оны 09 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалтын 141 414 төгрөгийг манайх төлсөн. Энэ талаарх баримтыг өгөөгүй. 2016 оны 09 сараас 2017 оны 11 сар дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр 762 095 төгрөг, нийт 903 509 төгрөгийг 62 дугаар байрны 02 тоотод оршин суугч Б.Б- нь төлөхгүй, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 сараас 12 сарыг дуустал тус СӨХ нь ус, дулааны төлбөр тооцоог ямар ч зөвшөөрөлгүйгээр авч байсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний 107 дугаар тогтоолоор “УБДС” ТӨХК-д хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцээд Эрчим хүчний тухай хуулийн 17.1, 25.1.1, 25.1.12-т заасныг зөрчин тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, СӨХ, ААН-тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийж байсан үйлдлийг таслан зогсоож, цаашид хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосноор “УБДС” ТӨХК нь дулааны гэрээгээ хүчингүй болгосон. Иймээс тус СӨХ нь дээрх үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж, иргэдээс СӨХ-ны төлбөртэй давхардуулан ихээхэн хэмжээний төлбөрийг нэхэмжилж ашгийн төлөө ажиллаж байсан тул 2017 оны 9-12 сарыг дуусталх ус, дулааны төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гээгүй, шударгаар нэхэмжилж байвал татгалзахгүй. Оршин суугчидтай буюу надтай байгуулсан хамтран ажиллах гэрээг хотхоны бүх өрхтэй адилхан хийсэн. Гэрээнд заахдаа Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, СӨЭЗБНЗОСБДӨЭХТ хууль зэрэг эрх зүйн актуудыг үндэслэн нэг талаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 7 хэсэгт орших орон сууцны 62 дугаар байрны 2 тоотын сууц өмчлөгч Б.Б-, цаашид сууц өмчлөгч, нөгөө талаас СӨХ-ны Гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нар 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл харилцан тохирч байгуулж хугацаа дуусахад 2 тал гэрээг дуусгавар болгон цуцлах талаар санал тавиагүй нөхцөлд цаашид сунгасанд тооцож хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан. Гэтэл СӨХ-оос тус иргэний хэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 28-ны тогтоолд Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас П.Батаахүүг 2012 оны 05 дугаар сарын 15-наас тасалбар болгон чөлөөлж, Д.Лхагвасүрэнг томилсон. Гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байж оршин суугчидтай гэрээ хийсэн, миний гарын үсгийг дуурайлган зурсан. СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар тогтоодог гээд хавсаргасан тогтоол, протоколуудад Удирдах зөвлөлийн дарга Ц.Баянжаргал гарын үсэг зурсан, зурагдсан гарын үсэг 2 өөр хүнийх байгаа нь 2012 оны 11 дүгээр сарын 10, 2013 оны 09 дүгээр сарын 03, 2015 оны 01 дүгээр сарын 15, 2016 оны 02 дугаар сарын өдрийн хурлын протоколуудыг нөхөж үйлдсэн болох нь харагдаж байна. Эдгээр хурлууд дээр харуул хамгаалалтын төлбөрийг 16 000 төгрөг болгож нэмсэн, цэвэрлэгээний хөлсийг айл өрхөөс 6 500 төгрөг, аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний төлбөрийг 30 000 төгрөг болгож тогтоосон, дундын өмчийн цахилгааны төлбөрийг 8 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, авто зогсоолын төлбөрийг 15 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, засвар үйлчилгээний төлбөрийг аж ахуйн нэгжээс м.кв 480 төг, айл өрхөөс м.кв нь 160 төгрөг, БОНЗ /байр орц, нийтийн зам талбай/ зардлыг 6 000 төгрөгөөр тогтоон нэмэгдүүлснээс харахад СӨХ нь огт хуралддаггүй, хяналтын зөвлөл гэж байдаггүй, оршин суугчдаас хураан авч төлбөрийг гүйцэтгэх захирал, менежер нар нь дураараа тогтоосон тул 466 092 зөвшөөрч, үлдэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар Ц овогтой Б-ын Б-аас орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 762 095 төгрөг төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Х-О” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141 414 төгрөгийг хэрэгсэхгүй олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26 234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/Ш32018/00312 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 141 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орон сууц ашиглалтын төлбөрийг Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 147.1-д зааснаар оршин суугчид төлөх үүрэгтэй. Энэ төлбөрийн нэхэмжлэл нь СӨХ-оос гаргаж өгсөн төлбөрийн дэлгэрэнгүйгээр нотлогдож байгаа. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу. Өмнө нь мөн ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байсан. Ашиглалтын төлбөрөө төлөөгүй Б.Б-гийн төлбөрийг нэгдсэн тоолуураар гарсан заалтын дагуу СӨХ-ны данснаас тухайн байгууллагад төлсөн учраас СӨХ уг төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн. Төлбөрийн дэлгэрэнгүйгээр тодорхой харагдаж байхад заавал гэрээг нь гаргаж шүүхэд өгөөгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Х-О” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон нийтлэг зардлаа оршин суугчдад огт тайлагнаагүй, зардлаа нуудаг, оршин суугчдаас авах төлбөрөө үндэслэлгүйгээр өсгөсөн талаар шүүх хуралд гаргаж өгсөн Удирдах зөвлөлийн хурлын протокол нь нөхөж бичигдсэн, хурлын тогтоол байхгүй, Удирдах Зөвлөлийн гишүүдийн гарын үсэггүй байгаа нь тус СӨХ-д Удирдах зөвлөл гэж байдаггүй, Гүйцэтгэх захирал н.Лхагвасүрэн, менежер н.Ганхуяг нар нь дураараа үнэ тогтоож, дураараа төлбөрийг өсгөдөг, засвар үйлчилгээний төлбөр дээр нэмж хаана ч байхгүй БОНЗ гэх мэт төлбөр нэхдэг. Домофон гэх ойлгомжгүй төлбөрийг сар бүр авдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн тогтоосон СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хүмүүсийн тогтоосон СӨХ-ны төлбөрийг бусад оршин суугчдад дуугүй төлөөд, хэл амгүй байгаа нь миний хувьд бас адил дуугүй, хэл амгүй төлөх ёстой гэсэн шалтгаан болохгүй. Зардлаа тайлагнаад, зардлаа үнэн зөвөөр хувааж байгаа тохиолдолд СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гээд байгаа зүйлгүй. Миний хувьд нийт 466 092 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Х-О” СӨХ хариуцагч Б.Б-д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 903 509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 466 092 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Х-О” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар сууц өмчлөгчдөөс авах айл өрхүүдээс авах байр орцны нийтийн зам, засварын үйлчилгээний сарын хураамжийг нэг метр квадрат талбайгаас 160 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар айл өрхүүдээс авах харуул хамгаалалтын төлбөр 16 000 төгрөг, мөн 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар айл өрхүүдээс авах цэвэрлэгээний төлбөр 6 500 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар айл өрхүүдээс авах дундын өмчлөлийн цахилгааны зардал 8 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар айл өрхүүдээс авах засвар үйлчилгээний зардлыг м.кв 160 төгрөг, байр, орц, нийтийн зам талбайн үндсэн хөрөнгийг сэргээн засварлах зардал 6 000 төгрөг байхаар тус тус тогтоосон тухай тэмдэглэл, тогтоол хэрэгт авагджээ. /хэргийн 9-18 дугаар тал/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Гэтэл хэрэгт бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцсэн талаарх баримт авагдаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч “Х-О” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцэх эрхийг “Х-О” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд шилжүүлсэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагчийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 466 092 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 437 417 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “762 095” гэснийг “466 092”, “141 414” гэснийг “437 417” гэж,

2 дахь заалтын “22 480” гэснийг “14 632” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 893 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                                                      ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ  

                    

                                                                                                         С.ЭНХТӨР