Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 183/2018/03772/И |
Дугаар | 001/ХТ2021/00180 |
Огноо | 2021-03-04 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2021/00180
Грийн сорс индастриал ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01305 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1586 дугаар магадлалтай,
Грийн сорс индастриал ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Эс Ти Эм констракшн ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт илүү төлсөн 19,219,500 төгрөгийг гаргуулах, Грийн сорс индастриал ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч С.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч С.Туяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эс Ти Эм констракшн ХХК-тай Монгол гэр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийлүүлэгч нь 8 метрийн диаметртэй, 8 ширхэг монгол гэрийг нийлүүлж, гэр тус бүрт шалны халаалт тавих үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зохих журмын дагуу нийт 139,212,000 төгрөгийг нийлүүлэгчид төлсөн. Гэрээний 3-т заасны дагуу нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч уг хугацаанд нийлүүлээгүй тул 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18/35 дугаартай мэдэгдлээр энэ тухай мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоон, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг Эс Ти Эм констракшн ХХК-иас шаардсан. Гэвч нийлүүлэгч нь дээрх нэмэлт хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй, харин нэмэлт хугацаанаас хойш бүтээгдэхүүнээ нийлүүлсэн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй, шалны халаалтгүй, доголдолтой байсан тул 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18/40 дугаар мэдэгдлээр доголдлыг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор арилгахыг шаардсан. Уг нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор доголдлыг арилгахыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/52 дугаар мэдэгдлээр мөн мэдэгдсэн. Нийлүүлэгч тал ийнхүү хугацаа хэтрүүлэн 8 ширхэг гэрийг нийлүүлсэн боловч шалны халаалт тавих үүргээ биелүүлээгүй, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрч, 2 гэрийг хүч хэрэглэн буулган авч явсан нь тус компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нь Эс Ти Эм констракшн ХХК-д гэрээний дагуу 139,212,000 төгрөг төлсөн, нийлүүлэгч тал 8 гэрийн 2 гэрийг авч явснаар 6 гэр хүлээлгэн өгсөн тул гэрээний 1-д заасны дагуу 6 гэрийн үнэ 119,992,500 төгрөг болох бөгөөд илүү төлсөн 19,219,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Эс Ти Эм констракшн ХХК нь Грийн сорс индастриал ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монгол гэр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 8 метрийн диаметртэй 8 ширхэг монгол гэрийг тогтоосон газар хүргэн, угсарч өгөхөөр тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, 8 гэрийг хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөөс хойш гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө авахаар нэхэмжлэгч талын эрх бүхий албан тушаалтан, компанийн оффис руу олон удаа утсаар залгасан ч хариу байхгүй, оффист нь очиж уулзахаар хүнгүй байсаар 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 8 гэрийг хийж бүрэн дууссан, хүлээлгэж өгөхөөр утсаар ярихад гэр барих газарт цементэн суурь цутгасан, бороо ороод хатаагүй байна түр хүлээгээч гэж захиалагч хэлсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 8 гэрийг тогтоосон газарт авч очиход 2 гэр барих суурь дөнгөж хийгдсэн байсан учир 2 гэрийг гүйцэд хатаагүй нойтон суурин дээр барьж, бусад гэрийг барьсан 2 гэртээ хураагаад буцсан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр очиход 3 гэр барих суурь баригдсан байсан тул 3 гэрийг нэмж бариад, 3 гэрийг хурааж орхиод суурь цутгахыг хүлээсэн. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр очиж 3 гэрийг барьсан бөгөөд хүлээлгэж өгөх гэтэл захиалагч талын захирлууд Монголд байгаагүй тул бүх гэрүүдийг бэлэн болгосон бичлэгийг хийж чатаар илгээхэд хүлээж авлаа гэсэн хариу ирсэн. Тухайн үед шалны халаалтыг суурилуулах гэтэл гэрүүдийн ариун цэврийн өрөө бэлэн болоогүй байсан тул орхиод яв гэсний дагуу 1 гэрт нь хураагаад орхисон. Шалны халаалт хийх хүмүүсийг манай компани хөлсөлж ажиллуулсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр очиход бэлэн болоогүй байсан тул 1 гэрт шалны халаалтыг дэвсэж, 7 гэрийн шалны халаалтыг нэг гэрт нь хурааж орхиод явсан. Ийнхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. 2 гэр нь манай хашаанд хураалттай байгаа тул төлбөрөө төлвөл буцаан өгөхөд бэлэн байгаа гэжээ.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээнд заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрүүдийг шалны халаалтын хамт бүрэн хүлээлгэж өгөх боломжтой байсан боловч захиалагчийн буруутай үйл ажиллагаа буюу суурийн болон ариун цэврийн өрөөний ажлыг дуусгаагүй гэх үндэслэлээр хүлээн авалгүй 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргэсэн. Нэхэмжлэгч бидэнтэй холбогдохгүй, үлдэгдэл 34,800,000 төгрөгийг өгөхгүй зугтааж байсан тул арга буюу 2 гэрийг /барьцаалах байдлаар/ буцаан авсан. Манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул гэрээний үлдэгдэл болох 34,800,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эс Ти Эм констракшн ХХК нь гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоног буюу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор 8 ширхэг монгол гэрийг нийлүүлэх, шалны халаалт тавихаар үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй. Бидний зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож, нийлүүлэгчид бичгийн хэлбэрээр мэдэгдсэн ч нэмэлт хугацаанаас хойш 8 ширхэг гэр нийлүүлсэн боловч гэр тус бүрт шалны халаалт тавих үүргээ үл биелүүлсэн. Энэ талаар нийлүүлэгчид мөн л бичгийн хэлбэрээр мэдэгдэж шаардлага тавьсан хэдий ч үр дүн гараагүй. Нийлүүлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй дур мэдэн нэвтэрч, 2 ширхэг гэрийг хүч хэрэглэн буулган авч явсан ба нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөр 34,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01305 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Грийн сорс индастриал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эс Ти Эм констракшн ХХК-д холбогдох, 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19 219 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 800 000 төгрөг гаргуулж хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-иас төлсөн 254 050 төгрөг, хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-иас төлсөн 331 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 331 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1586 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01305 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...баримтлан... гэсний дараа ...хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-иас 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 9 212 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 007 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дах заалтын ...баримтлан... гэсний дараа нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-иас 2 ширхэг шалны халаалт буюу үнийн 403 125 төгрөг гаргуулан хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 396 875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-иас төлсөн 254 050 төгрөг, хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-иас төлсөн 331 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 162 342 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 12 744 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1586 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж гомдолтой байна. Бид захиалагч талын хүссэн хэмжээ загвараар заасан газарт нь олгосон хугацаанд нь гэрүүдийг нийлүүлж үүргээ биелүүлсэн байтал захиалагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаанд үүргээ бүрэн биелүүлэхгүй гүйцэтгэгч талыг хохироож байсны улмаас 2 гэрийг эзэмдэж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 17,401,500 төгрөг төлснөөс хойш захиалагч тал ямар нэг төлбөр хийгээгүй бөгөөд бүрэн сийлбэртэй 8 гэр хийлгэж, заасан газартаа бариулж хүлээж авчхаад үлдэгдэл төлбөрөө өгөхгүй 2 сар гаруй хугацаа болсон шалтгаанаа шүүх дээр ч тайлбарлаагүй, зөвтгөх баримтаа ч ирүүлсэнгүй. Нэхэмжлэгч тал манайд ирүүлж байсан албан бичгүүдийг л шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Өөр баримт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа огт нотлоогүйгээс гадна эдгээр албан бичгүүд нь хэрэгт авагдсан бусад баримтаар хариуцагч талыг буруутгаж байсан үндэслэлүүд нь бүгд няцаагдсан. Нийлүүлсэн гэрүүд эд хөрөнгийн доголдолгүй мөн манай компанийг буруутгаж байсан нэг үндэслэл болох хугацаа хэтрүүлсэн гэдэг нь үндэслэлгүйгээс гадна хугацаа хэтрүүлсэн үйл явдалд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч тал өөрсдөө буруутай болох нь гэрчүүдийн мэдүүлэг фото зураг, Ви чатад үзлэг хийсэн баримт зэргээр тогтоогдсон. Энэ бүх баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх хүсэл давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд байсангүй. Нэхэмжлэгч компани бол гадаадын хөрөнгө оруулагч нар огтхон ч биш. МУ-д хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдаж байсан, оруулсан хөрөнгө гэх зүйл юу ч байхгүй, харин ч Монгол компаниудыг хохироосон хуульч нарыг нь худалдаж авсан, шүүх дээр нь хохирогчийн дүрд тоглосон зальжин хятадууд юм. Эх орондоо, өөрийнхөө улсын хуулийн дагуу эрхээ хамгаалуулж чадахгүй байгаадаа харамсаж байна. Бид Иргэний хуулийн 9.4.3-д зааснаар Грийн сорс индастриал ХХК-ийн манай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхээр шаардаж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн шүүх бүрэлдэхүүн ойлгосонгүй ач холбогдол өгч бидний асуусан гэрчүүдийн мэдүүлэг, гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт сэлтийг анхаарч үзсэнгүй. Бид гэрээг цуцлахгүй, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний зарим хэсгийг цуцлах хүсэл зориг бидэнд байхгүй. Захиалгаар тааруулж хийсэн өөр хаана ч хэрэглэх боломжгүй 2 гэрийг авах сонирхол анхнаасаа бидэнд байхгүй. Энэ гэрүүдийг заръя гэсэн ч зарагдахгүй. /00-той залгагдах хэсгээрээ ханагүй/. Нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж үлдэгдэл 34.8 сая төгрөгийг манай талд бүрэн төлж, 2 гэрийг хүлээж авахыг даалгаж өгөхийг шүүхээс хүсэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэдний заасан газарт 8 гэрийг орхисноос хойш 60 гаруй хоног төлбөрөө шаардаж араас нь хөөцөлдөж арга бүхнээ барсан. Үйл ажиллагаа нь эхлэхгүй, гэрээ байгуулсан хятадууд нь холбогдохгүй, Ви чатад хариу өгөхгүй, МУ-д ч ирэхгүй байсан. Гэрүүдийг буулгаад өөр газар луу зөөчихвөл бид мөнгө ч үгүй гэр ч үгүй болох байсан. Ийм бүрхэг нөхцөл байдалд өөртөө туслахаас өөр арга бидэнд үлдээгүй. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар бүрэн гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрийг авах эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байсан тул хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авсан буюу 2 гэрийг авчирсан. Энэ үйлдлийг давж заалдах шатны шүүх Эс Ти Эм констракшн ХХК 2 гэрийг хүлээлгэж өгөхөөс татгалзсан байна, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна... гэх мэтчилэн хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлчхээд төлбөрөө шаардаж удаан хүлээсэн нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй. Бид бүх гэрийг авчраагүй, хүч хэрэглээгүй, 12.3-т зааснаар 2 гэр авчирсан үйлдэл маань тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтрээгүй байсан. Гэрүүдийг авчирсан даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргах гэж энэ талаар албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл зальжин хятадууд түрүүлж нэхэмжлэл өгсөн. Ийнхүү түрүүлж нэхэмжлэл гаргасан үйлдэл нь гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан захиалагч талын бурууг зөвтгөх үндэслэл болохгүй, бас хохирсон гэж үзэх давуу байдал бий болгох учиргүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж болсон үйл явдалд зөв дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж зөв шийдвэр гаргаж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдсэн гэж үзэж байна. Гэрчүүдийг асуусан анхан шатны шүүхийн шүүгч тэдний ярианаас үнэхээр сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлийн талаар итгэл үнэмшил төрсөн нь дамжиггүй. Гэрч Баяннамсрай нэхэмжлэгч компанийн хүмүүстэй холбогдож үлдэгдэл төлбөрийг авахаар арга бүхнээ барсан. Тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхөөс гадна гар утсандаа үзлэг хийлгэж Ви чатны мэссэжнүүдийг орчуулж хэрэгт өгсөн, Гэр сийлсэн залуучууд гэрчээр асуугдаж хятадууд гэр барих сууриа цутгаагүй байснаас тэднийг хүлээж Улаанбаатар Баянчандманийн хооронд бүтэн сарын хугацаанд нааш цаашаа явж гэрүүдийг хоёр гурваар нь барьсан талаар мэдүүлсэн, шалны халаалт хийсэн хүмүүс мөн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрүүдийн 00 өрөө хийгдээгүй байснаас бүх гэрт шалны халаалт дэвсэх боломжгүй байсан, монгол гэрийн 70 хувьд шалны халаалт дэвсэх техникийн үндэслэлгүй талаар мэдүүлсэн байдаг. Грийн сорс индастриал ХХК яг үнэндээ жуулчны бааз ажиллуулах нэрийн доор шөнийн цагаар цахилгаан үнэгүй байдаг Монголын нөхцөл байдлыг завшиж биткойны бизнес эрхлэх гэж байсан байдаг. Энэ үйлдэл нь бүтэмжгүй болох үед юун жуулчны бааздаа манатай болж Монголоос явцгаасан. Гэрүүд ч хэрэггүй болсон. Тиймээс гэр чухал биш болсон, гэвч бидэнтэй гэрээ байгуулсан, гэрүүдийг хүлээж авсан. Эд нарын бүтэлгүйтэлд бид хийсэн бүтээснээрээ, цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирч үлдэх ёсгүй. Үндсэн хуульд заасан шударга шүүхээр асуудлаа шийдүүлж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхээ эдлэх хүсэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК, Эс Ти Эм констракшн ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 19,219,500 төгрөгийн үндсэн нэхэмжлэл, хариуцагч 34,800,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл тус тус гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн тул хэргийг бүхэлд нь хянан үзэх хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... захиалагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаанд үүргээ бүрэн биелүүлэхгүй гүйцэтгэгч талыг хохироож байсны улмаас 2 гэрийг эзэмдэж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн нөхцөл байдлыг...., .... гэрүүд эд хөрөнгийн доголдолгүй, манай компанийг буруутгаж байсан нэг үндэслэл болох хугацаа хэтрүүлсэн гэдэг нь үндэслэлгүй, хугацаа хэтрүүлсэн үйл явдалд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч тал өөрсдөө буруутай болох нь гэрчүүдийн мэдүүлэг фото зураг, Ви чатад үзлэг хийсэн баримт зэргээр тогтоогдсон байхад ..., давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлээгүйд гомдолтой ..., .... шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хяналтын шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолоор хэргийг хянан хэлэлцээд дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Монгол гэр худалдах-худалдан авах гэрээгээр гүйцэтгэгч тал болох хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК нь 8 ширхэг монгол гэрийг шинээр хийж заасан газарт нь хүргэж угсарч өгөх, мөн гэр тус бүрд шалны халаалт тавих ажлыг гүйцэтгэхээр тохирч гэрээний дагуу хийж гүйцэтгэн захиалагч тал болох нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-д хүлээлгэн өгсөн байх ба талууд гэр хийж гүйцэтгэх болон шалны халаалтын үнийг нийт 174,015,000 төгрөг гэж тохиролцож үүнээс 139,212,000 төгрөг төлсөн 34,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.
Гүйцэтгэгч тал 8 ширхэг гэрийг хийж бэлэн болгож хүлээлгэн өгөх үед захиалагч гэрийг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй, захиалагч талаас хамаарах гэрийн суурийг бэлэн болгоогүйгээс гүйцэтгэгч тал гэрийг нэг дор бүгдийг нь барьж угсрах боломжгүй болж хэд хэдэн удаа очиж барьж дуусгасан энэ тухайг чатаар илгээхэд хүлээн авсан гэсэн хариу ирсэн, мөн гэрийн ариун цэврийн өрөө бэлэн болоогүй тул шалны халаалтыг бүрэн суурилуулах боломжгүй болж нэг гэрт хураагаад орхиод яв гэсний дагуу үлдээсэн гэх хариуцагчийн тайлбар мэтгэлцээнийг, нэхэмжлэгч үгүйсгэж баримтаар няцааж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэгч (захиалагчийг) ажлын үр дүн хүлээн авсан гэж тооцсон нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т заасныг зөрчөөгүй байна. Мөн талуудын хооронд ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний холимог харилцаа үүссэн талаарх дүгнэлт гэрээний нөхцөлд нийцсэн байна.
Захиалагч тал хөлсийг бүрэн төлөхгүй, холбогдохгүй байсан тул 2 гэрийг барьцаа байдлаар буцааж авсан гэх хариуцагч (гүйцэтгэгч)-ийн тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэхгүй байгаа ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1-д заасан ... захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийн зохицуулалтыг болон мөн хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-д заасан ажил гүйцэтгэгчийн барьцааны эрхийн зохицуулалтыг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх 8 гэрийг захиалагчид хүлээлгэн өгч түүний эзэмшилд шилжүүлсэн гэж үзсэн атлаа 2 гэрийг буцаан авснаар гэрээний үүрэг бүрэн биелээгүй гэж зөрчилтэй байдлаар дүгнэн үндсэн, болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-д заасан ажил гүйцэтгэгчийн барьцааны эрх үүсэх үндэслэлийг хөрөнгө зөвхөн захиалагчийн эзэмшилд бодитоор байх нөхцөлд хэрэгжинэ гэж үзсэн нь учир дутагдалтай юм.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд ажил гүйцэтгэгч заасан газарт гэрийг барьж ажлын үр дүнг өгсөн байхад хөлсийг бүрэн төлөөгүй учир үүргийг хангуулах хүсэл зоригоор 2 ширхэг гэрийг гүйцэтгэгч буулгаж түр авсан энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх гэрээний зарим хэсгээс татгалзсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Гэрээнээс татгалзсан, энэ талаар нөгөө талд мэдэгдсэн гэх үйл баримт болоогүй байна.
Харин анхан шатны шүүх ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр тооцож хөлсийг захиалагчаас бүрэн гаргуулж байгаа тохиолдолд барьцаалан авсан гэх 2 ширхэг гэрийг түүнд буцаан олгох нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасантай нийцэх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1586 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01305 дугаар шийдвэрийн: 2 дах заалтыг Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний зүйл болох 2 ширхэг гэрийг хариуцагч Эс Ти Эм констракшн ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Грийн сорс индастриал ХХК-нд олгосны үндсэн дээр гэрээний үүргийн гүйцэтгэлд Грийн сорс индастриал ХХК-иас 34,800,000 төгрөг гаргуулж Эс Ти Эм констракшн ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч С.Туяагаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 344,000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД