Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0001

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 23 өдөр 0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны
4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай 1571 мкв газрыг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын албанаас 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр газрыг гэрээ, гэрчилгээний заасан зориулалтын дагуу ашиглах, эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж буй автомашины худалдааг зогсоож, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас ирүүлсэн. Манай компанийн зүгээс иргэн О.А*******тэй 2017 онд түрээсийн гэрээ байгуулан тухайн хэсэг газрыг автомашины зогсоолын зориулалтаар гэрээ байгуулж бусдад ашиглуулж байснаас өөрөөр ялангуяа зориулалтын бусаар буюу автомашины худалдаа хийх зорилгоор бусдад ашиглуулаагүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс төрийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.А*******эд түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгч зөрчил арилгасан талаар Нийслэлийн Газрын албаны орлогч дарга, холбогдох эрх бүхий албан тушаалтантай уулзаж түрээсийн гэрээ цуцалсан талаарх баримтыг үзүүлж биечлэн уулзсан.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дахин 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 ... газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-ыг зөрчиж байгаа учир газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн тул компанийн зүгээс дээрх зөрчлөө арилгасан энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагадаа мэдэгдэж, нотлох баримтуудаа гаргаж өгч энэ талаар тайлбараа гаргаж төрийн байгууллага ч ойлгож таны газар эзэмших эрхийг цуцлахгүй талаар хариу өгсөн.

Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03-06/6056 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэх мэдэгдлийг ирүүлсэн.

Мэдэгдэх хуудсанд дурдсан эзэмшил газраа зориулалтын бусаар буюу автомашины худалдаа явуулсан гэх эзэмшил газрын хэмжээ 300 мкв атал Б ХХК-ийн нийт эзэмшил газрын хэмжээ нь 1571 мкв байхад Нийслэлийн Засаг даргаас тухайн газар дээр компанийн болон бусад иргэдийн өмчлөлд буй үл хөдлөх хөрөнгүүдийг үл харгалзан газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй төдийгүй газрыг зориулалт бусаар ашигласан буюу автомашины худалдааг нэхэмжлэгчийн зүгээс огт явуулаагүй, нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраа гэрээнд заасны дагуу хэвийн ашиглаж байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь Б ХХК-ийн газар эзэмших эрхэд шууд халдсан, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн өмчлөх эрхэд халдсан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Газар эзэмшигчийн зүгээс Нийслэлийн Засаг даргад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан шийдвэрээ эргэж харах талаар хандсан боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн даргын А.Д******* 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07/621 дүгээр албан бичгээр хуулийн этгээдийн зүгээс зөрчил гаргаагүй талаар холбогдох баримтын хамт захиргааны байгууллагад удаа дараа очиж хэлж тайлбарласаар байтал зөрчлөө арилгаагүй гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд буюу өмчлөх эрхэд халдсан, уг үл хөдлөх хөрөнгүүдийн эрх зүйн байдлыг тодорхой бус болгосон, газар эзэмшигчийн хувьд хууль болон гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаагүй байхад, нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай 1571 мкв газрыг эзэмшиж байгаа атал Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжид нэхэмжлэгчийг 1751 мкв газар эзэмшдэг мэтээр илт үндэслэлгүй бичигдсэн тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн зөрчил болсон газар нь 300 м.кв газрыг хамарсан, 1571 м.кв талбай дотор 4 үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийг хэрхэх талаар шийдэж дурдаагүй. Гэрч асуухад ажлын хэсэг рүү энэ газрын эрхийг цуцлах тухай хүсэлтийг гаргаагүй гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Өнөөдрийн байдлаар нотлох баримттай танилцахад ажлын хэсэг цуцлахаар нэр орсон талаарх баримтууд архивт байхгүй байна гэсэн. Тэгэхээр хоёр ч удаа манай газрыг худалдан борлуулах талаар хандаад, бид нар саналыг нь хүлээж аваагүй. Энэ газрыг бид нар 20, 30 жил эзэмшээд Б ХХК байрладаг, амьдралынх нь эх үүсвэр болсон энэ газрыг худалдан борлуулахгүй гэсний дараа Мэргэжлийн хяналтаас ирсэн. Тэгэхээр үүнд хууль бус үйлдэхүй байна. Захирамжийн алдааг засах талаар өмнө нь яригдаж байсан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл засаагүй байгаа нь илэрхий алдаатай байна. Бид нар 1571 м.кв талбайгаас 300 м.кв газрыг түрээсийн байдлаар ашигласнаас биш, бид нар автомашин худалдаагүй. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Бид нар алдаагаа засаад 9 сард мэдэгдсэн байхад 10 дугаар сарын 22-ны өдөр энэ захирамж гараагүй. Ажлын хэсэгт орсон хүмүүс Б ХХК-ийг эрхийг нь цуцлах нэрсэд оруулаагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс алдаагаа зассантай холбоотой баримт Хас банкны хуулгыг өгсөн. Мөн Газрын тухай хуулийн 35.2.3-т заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн. Тэгэхээр автомашин худалдан борлуулсан үйлдэл манайд байхгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан нэлээн хэдэн газраас яг аль нь манайд хамаарч байгаа вэ гээд үзэхэд захиргааны акт нь алдаатай. Захирамжид дурдсан хуулиудын яг аль нь манайд хамааралтай вэ гээд үзэхэд тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 817 дугаар захирамжаар Б ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт М *******ХХК-иас эрх шилжүүлж 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1098 дугаар захирамжаар эзэмшилд байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж ил задгай талбайд автомашин худалдан борлуулсан үндэслэлээр Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 4.1.5, 40.1.1, 40.1.6, 40.2-т тус тус заасныг баримталж Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Б ХХК нь Газрын тухай хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээгээр газар эзэмшсэн. Гэрээнд заасан зориулалтын дагуу газар эзэмших үүрэгтэй. Уг аж ахуй нэгж нь үйлчилгээний зориулалтаар 1571 м.кв эзэмшдэг. Гэтэл уг газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшээгүй, өөрсдөө тухайн газар дээр автомашины худалдаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ зөрчлөө арилгасан талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдэл хүргүүлсэн нь энэ хүмүүс газрыг зориулалтын дагуу өөрсдөө эзэмшиж, ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тийм учраас Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамж нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй байна. 1571 м.кв-ыг 1751 м.кв гэж бичсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу илэрхий алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ алдааг хариуцагчийн зүгээс засна. Энэ захирамжийг хүчингүй болгохгүйгээр энэ алдааг засах боломжтой гэж үзэж байна. Иймд захиргааны акт нь хууль ёсны үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 817 дугаар захирамжаар М *******ХХК-д эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1571 мкв газрыг Б ХХК-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар уг 1571 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшихээр хугацааг сунгаж, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Б ХХК-ийн хооронд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ...Газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглах, Эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж буй авто машины худалдааг зогсоож, газар чөлөөлөх зөрчлийг 3 хоногийн дотор арилгуулахаар Б ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03-06/4119 дугаар албан бичгээр ...эзэмшилд олгогдсон газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Газрын тухай хуулийн 35.3.2, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжаар эзэмшилд байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж, ил задгай талбайд автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03-06/6056 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Б ХХК нийслэлийн Засаг даргад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтэд ...манай компанийн эзэмшлийн газар дээр ил машин худалдаалдаг автомашины худалдаа байгаагүй зөвхөн онлайн худалдаагаар машин худалдан авсан хүмүүсийн автомашиныг эзэнд нь өгөх хугацаанд байлгадаг агуулахаар ихдээ 11 машин, дунджаар 5-8 машин байдаг болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид ойлгуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр машин тавих асуудлыг болихоор шийдэж, түрээсийн гэрээг уг өдрөөр тасалбар болгож гэрээг цуцалсан. гэжээ.

Гэвч нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07/621 дугаар албан бичгээр ...мэдэгдлийн дагуу газар эзэмших эрхийн зөрчлөө тогтоосон хугацаанд арилгаагүй буюу энэ тухай хариу ирүүлээгүй. гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгчээс ...О.А*******тэй 2017 онд түрээсийн гэрээ байгуулан тухайн хэсэг газрыг автомашины зогсоолын зориулалтаар ашиглуулж байснаас өөрөөр ялангуяа зориулалт бусаар автомашины худалдаа хийх зорилгоор бусдад ашиглуулаагүй гэж,

Хариуцагчаас ...эзэмшилд байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж ил задгай талбайд автомашин худалдан борлуулсан гэж маргадаг.

Б ХХК болон О.А******* нар нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбогд плаза үйлчилгээний төвийн гадна хашаан доторх 300 мкв талбай бүхий авто машины зогсоолын зориулалт бүхий газрыг ашиглахаар 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан.

Тус компаниас түрээслэгч О.А*******эд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Түрээсийн гэрээ цуцлах тухай 19/07 дугаар албан бичгээр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээний барьцааны 1.200.000 төгрөгийг буцаан олгосон нь кассын орлогын ордероор нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б ХХК-иас холбогдох байгууллагуудад биечлэн болон бичгээр зөрчлийг арилгасан талаараа мэдэгдсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас газар эзэмших эрх нь цуцлагдах иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад ороогүй талаар амаар хариу өгч байсан нь /Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга/ гэрч М.Ш*******ын ...газар эзэмших эрхийг цуцлах иргэн, аж ахуй нэгжид Б ХХК ороогүй байсан. Ямар учраас цуцлагдсаныг мэдэхгүй. Тус компанийн захирал ирж биечлэн уулзахад цуцлагдах аж ахуйн нэгжийн нэрэнд ороогүй гэдгийг хэлж байсан... гэх мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хийсэн газар эзэмших эрх цуцлагдах иргэн аж ахуйн нэгжийн судалгаанд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар ороогүй болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/06/6720 дугаар албан бичгээр ирүүлсэн ...Б ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн саналын баримт тус албаны архивт байхгүй байна. гэх тайлбараар нотлогдож байна.

Б ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дээр дурдсан мэдэгдлээр арилгахыг шаардсан зөрчлийг арилгаж, түрээсийн гэрээг цуцалж, зөрчлийг бүрэн арилгасан нөхцөл байдлаа хариуцагчид мэдэгдсээр байтал Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан үүргээ бүрэн биелүүлэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэсэн үндэслэлээр Б ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудсанд дурдсан автомашины худалдаа явуулсан гэх газар 300 м.кв хэмжээтэй. Гэтэл хариуцагчаас Б ХХК-ийн эзэмшлийн 1571 м.кв газрын эзэмших эрхийг цуцлахдаа тухайн газар дээрх Б ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн С.М*******гийн 89,3 м.кв, А.Х*******ийн 229,3 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй нь уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нарын өмчлөх эрхийг хөнджээ.

 

Маргаан бүхий захирамжид Б ХХК-ийн эзэмшил 1571 мкв газрыг 1751 мкв гэж бичсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу илэрхий алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагчийн зүгээс зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,
48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн
тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас
70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар
зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор
хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн
114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН