Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 326

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 712 дугаар магадлалтай, 201725012170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдолдоо: “...Миний бие анх удаа тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэгт холбогдож, учруулсан хохирлоо төлсөн, хор уршиг арилсан, хохирогч гомдол саналгүй болж, хохирогч хүсэлтдээ өөрийн гаргасан гомдлоо буцааж авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн ба хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, хохирогчийн зүй бус харьцаанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон, холбогдсон хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан энэрэнгүй ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж ялаас чөлөөлж өгнө үү. Намайг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялаас чөлөөлөөгүй нь “Монгол Улсын хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимтай нийцээгүй байхаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр адилхан хамгаалуулах эрхтэй” гэсэн заалттай уялдахгүй байна. Ямар төрлийн ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх, алагчлалгүйгээр хуулийн хамгаалалт оршдог гэж бодож байна. Эндээс дүгнэхэд Эрүүгийн хууль хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох байсан. Хохирогчтой сайн дураар эвлэрснийг хохирогч гомдол саналгүй, хохирлоо төлсөн, өөрийн гаргасан хүсэлтдээ гомдлоо буцааж авах хүсэлтэй байна гэсэн хохирогчийн хүсэл илэрхийлэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх энэ талаар нотлох баримтгүй гэж дүгнэсэн нь буруу, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дээрх байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд “Үйлчлүүлэгчийнхээ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Тухайн гэмт хэрэг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэ Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан тул хяналтын шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.Т-д холбогдох хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх боломжтой байсан гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорека” нэртэй караоке бааранд Б.Мөнхзаяатай маргалдан түүний хүзүү болон цээж хэсэгт маажиж, уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Б.Т-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Учир нь шүүгдэгч Б.Т нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байсан боловч торгох ялын хэмжээг багасгаж, баривчлах ялыг хассан, өөрөөр хэлбэл ял шийтгэлийг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болсон байжээ.

Харин Б.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэж байснаас өөр шүүгдэгчид ашигтай нөхцөл байдал үүссэн гэж дүгнэлээ.

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байсан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дээрх хугацаа 1 жил болж нэмэгдсэн бөгөөд хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх явцад 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. 

Шүүгдэгч Б.Т-ыг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд шүүгдэгч Б.Т-ын гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай гомдол, түүнд холбогдуулан прокуророос гаргасан Б.Т-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хамтад нь хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 712 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Б.Т-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН