Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0736

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Тэнүүнхас сар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа

Нэхэмжлэгч: “Тэнүүнхас сар” ХХК

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Гуравдагч этгээд: “Усны барилга” ХХК 

Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0760 дугаар шийдвэрийг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0760 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхсоёл, С.Цэрэндорж, Г.Сарангоо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0692/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Тэнүүнхас сар” ХХК нь “XIII.1.30 хадлангийн талбайг сэргээх” Бор булан төсөл ХХААХҮЯ/202212016/05/01 дугаартай сонгон шалгаруулалтад “Усны барилга” ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2763 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0760 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0760 дугаар шийдвэрийг хүчингүй болгох. 

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулах сонсгосноор хүчинтэй болно” гэж зааснаар анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг тайлбарлан сонсгохдоо дараах үндэслэлийг дурдсан. Үүнд:

3.2. Нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргаад сэргээгдэх эрх байхгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 сарын 22-ны өдрийн А-1/2762 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр нэхэмжлэгч "Тэнүүнхас сар" ХХК нь шалгараагүй талаар мэдэгдсэн бөгөөд тухайн мэдэгдэлтэй маргаагүй буюу өөрөө тендерээс тухайн шатнаас хасагдсан байх бөгөөд одоо дахин тендер шалгаруулалт явуулж, дахин оролцох хууль зүйн ойлголт байхгүй байна" гэх

3.3. “Шүүхийн харгалзаж үзсэн нэг зүйл бол тендерт ирүүлсэн хуурамч баримт бичиг нь энэ тендерт илгээгээгүй, өмнөх тендерт илгээсэн боловч Тендерийн хуулиар дахин тендерт орох эрхийг нь хязгаарлана. Албан ёсоор хар жагсаалтад орсон шийдвэр гараагүй байхад нь хар жагсаалтад оруулж байгаа гэж дүгнэж байгаа юм биш шүү. Нэгэнт ийм байгаа бол шүүхээр эрх сэргээлгэнэ гэсэн ойлголт байхгүй шүү гэсэн санаа" гэж

3.4. "Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох ТШЗ 17.6.5-д заасан шаардлага нь "Туслан гүйцэтгэгч"-д хамаарахгүй, тендерийн "Түншлэл"-д хамаарна гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг хүлээн авлаа" гэж,

3.5. "Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаачлан ТШЗ 17.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй учир нь хариуцагчаас Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу "Усны барилга" ХХК-аас 2023 оны 07 сарын 17-ны өдөр тодруулга хүсэж, үүний хариуд 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 01/845 дугаар албан бичгээр ажлын гүйцэтгэл 80% гэж мэдэгдсэнийг хүлээн авах үндэслэлтэй" гэж

3.6. "Тендер шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй" гэх,

3.7. "Сангийн яамны 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 03/5172 дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийснийг хууль зөрчөөгүй гэж үзлээ." гэх зургаан агуулгыг сонсгосон” гэх зургаан үндэслэлийг сонсгосон.

3.8. Дээрх тайлбарлан сонсгосон агуулга бичгээр гарсан шүүхийн шийдвэрээс зөрүүтэй, шүүх хуралдааны дэг зөрчсөн талаар.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.12. 3.9-т "энэ шийдвэрийг гаргахдаа “Тэнүүнхас сар" ХХК-ийн "өмнөх" тендерт баримт бичгийг хуурамчаар үйлдсэн талаарх хариуцагчийн тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, энэ үйл явдал нь зохих байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй тул энэхүү шийдвэрийн үндэслэл биш болно" гэсэн боловч анхан шатны шүүх хуралдаан нь дийлэнхдээ "Тэнүүнхас сар” хуурамч баримт бичиг ирүүлсэн" гэх агуулга яригддаг ба шүүхээс шийдвэрээ сонсгохдоо энэ үйл явдал нь үндэслэл болсон гэж тайлбарладаг.

3.9. Нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг үйлдсэн гэдгийг зохих байгууллага эцэслэн шийдээгүй, маргаан бүхий тендерт тухайн хуурамч гэх баримтыг илгээгээгүй, мөн тухайн баримтыг хуурамч гэдгийг эцэслэн шийдсэн шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад шүүхээс шүүх хуралдааны явцад энэхүү үйл баримтад дүгнэлт хийж уг шийдвэрийг гаргахад үндэслэл болгоогүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгасан нь ЗХШХШТХ-ийн холбогдох заалтыг зөрчиж байна.

3.10. Мөн тухайн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлсний дараа хариуцагчаас тухайн хуурамч баримттай холбоотой баримт байгаа түүнийг tender.gov.mn цахим хаягаар өөрийн хандах эрхээр нэвтрэн орж харуулж болно гэснийг тухайн шүүгч хүлээн авч баримтуудыг харсны дараа түүнийгээ шүүхээс үзлэг хийсэн гэж ойлгоорой гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчээс уг баримт нь хамааралгүй, мөн маргаан бүхий тендерт илгээгээгүйг тайлбарласан боловч хүлээн аваагүй атлаа бичгээр гарсан шүүхийн шийдвэртээ үндэслэл болоогүй гэж тусгасан нь ойлгомжгүй байна.

3.11. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны дэгийг зөрчиж, хэрэг хэлэлцэж эхэлсний дараа нэмэлтээр нотлох баримт авсан, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж үзэхээр байна. Энэхүү үйл явдал нь уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд тухайн үед анхан шатны шүүгчийн итгэл үнэмшилд нөлөөлсөн. Энэхүү хууль бус үйлдлээ шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.12. 3.9 дэх хэсгээр тус тус зөвтгөхийг оролдож байна.

3.12. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргах болсон нэг үндэслэл нь нэхэмжлэгч "Тэнүүнхас сар" ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2762 дугаартай өөрийн тендерийг нь шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хассан шийдвэртэй маргаагүй, нэхэмжлэгч нь өөрөө тухайн шатнаас хасагдсан бөгөөд энэ талаар маргах эрхгүй буюу шүүхээр сэргээгдэх эрх байхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

3.13. Учир нь нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийг хүлээн авч Сангийн яаманд гомдол гаргасан ба тус гомдлын хариуд Сангийн яамнаас 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 03/5172 дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичгээр" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн А-1/2763 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендерийн шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье." гэсэн байдаг.

3.14. Улмаар Сангийн яамны дээрх шийдвэрийг үндэслэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 07 сарын 19-ны өдрийн А-1/3107 дугаартай "Тендер хүчинтэй байх хугацааг сунгах тухай" албан бичгээр нэхэмжлэгчийн илгээсэн тендер болон гуравдагч этгээдийн илгээсэн тендерийн хүчинтэй байх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 15 хоногоор тус тус сунгагдсан байдаг.

3.15. Хариуцагчаас Сангийн яамны тухайн шийдвэрийг үндэслэн тендерт оролцогчдын тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан бөгөөд тухайн үед зөвхөн "Усны барилга" ХХК-иас тодруулга авч тендерийн алдааг засах боломж олгосон атлаа нэхэмжлэгч компаниас тайлбар тодруулга аваагүй, тендерийг дахин үнэлэх үүргээ зохих журмын дагуу үнэлээгүй байхад шүүх анхаарч үзээгүй бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

3.16. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох ТШЗ 17.6.5,  ТШЗ 17.7-г  биелүүлээгүй, тендерийн баримт дутуу гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.

3.17. Шүүхээс ТШЗ 17.6.5-д заасан шаардлага нь "Туслан гүйцэтгэгчид хамаарахгүй, тендерийн "Түншлэл"-д хамаарна гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг ямар үндэслэлээр хүлээн авсан нь тодорхойгүй.

 

3.18. Шүүхийн шийдвэрийн 2.19, 2.20, 2.21, 2.22, 2.23. 2.24 дэх хэсгүүд нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээс өөр зүйлд дүгнэлт хийсэн бөгөөд ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчээс "Усны барилга" ХХК-ийн ирүүлсэн тендер нь Захиалагчийн тендерийн шаардлага буюу ТШЗ 176.5-д заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар маргасан бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсанчлан тендерт оролцогчийн статустай маргаагүй буюу "Туслан гүйцэтгэгч, эсхүл "Түншлэл" гэдэг дээр маргаагүй болно. Өөрөөр хэлбэл ТШЗ 17.6.5-д заасан шаардлага нь тухайн тендерт дангаараа эсхүл туслан гүйцэтгэгчтэй, эсхүл хэд хэдэн этгээдтэй түншлэлийн гэрээ байгуулан оролцож байгаагаас үл хамааран бүрдүүлэх ёстой шаардлага юм.

3.19. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн огт үндэслэлгүй тайлбарыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, "Усны барилга" ХХК нь энэхүү тендерт ямар нэгэн туслан гүйцэтгэгч болон түншлэлтэй оролцоогүй дангаар оролцож байгаа бөгөөд маргаан бүхий тендерт ашиглах техник тоног төхөөрөмжөө өөр этгээдээс түрээсээр авч ажиллуулж байгаа, тус техник нь өөр ажилтай давхардалтай, тухайн давхардсан ажлын гүйцэтгэл нь тендерийн баримт хүлээн авах үед 70%- д хүрээгүй, хариуцагч нь Сангийн яамны 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 03/5172 дугаартай албан бичгийг үндэслэн "Усны барилга" ХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тодруулга хүсч, үүний хариуд 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 01/845 дугаар албан бичгээр тухайн техникийн давхардсан ажлын гүйцэтгэл 80% гэж мэдэгдсэнийг хүлээн авч дахин тендерт шалгаруулахдаа нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар, тодруулга аваагүй тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

3.20. Нэхэмжлэгчийн маргаж буй хоёр дахь үндэслэл нь ТШЗ 17.7-д "Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл: "Шаардана" Гэрээ хэрэгжүүлэх эрх авсан болон одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Дуусаагүй ажлын гүйцэтгэл 70 хувиас доош байвал тухайн тендерээс татгалзах үндэслэл болно" гэж заасан.

3.21. Дээрх хэрэгжүүлэх эрх авсан, хэрэгжүүлж байгаа гэрээний мэдээллийг Тендерийн жишиг маягтуудын маягт 7-оор  мэдээллээ ирүүлэх байтал ирүүлээгүй байгааг шүүх мөн л анхаарч үзээгүй. Тус тендер нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11:40-д нээсэн бөгөөд нээх үед хэдэн хувийн гүйцэтгэлтэй байснаар тооцно. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газар нь "Усны барилга" ХХК-аас тодруулгыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны А-1/3052 дугаартай албан бичгээр авч, 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 01/845 тоот дугаартай албан бичгээр хариу мэдэгдэж тус өдрийн байдлаар 80%- ийн гүйцэтгэлтэй гэж хариу ирүүлснээр /тухайн хариуг мөн тендерийн жишиг маягт 7-оор ирүүлээгүй/ тендерийг үнэлсэн нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна.

3.22. Нэхэмжлэгч нь захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрөн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1-122/23 дугаартай гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Гомдол хянасан тухай" албан бичгээр “... тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2763 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендерийн шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье." гэсэн байдаг.

3.23. Гэтэл хариуцагчаас Сангийн яамны тус албан бичгийн дагуу тендерт оролцогчдын тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан. Тухайн үед зөвхөн "Усны барилга" ХХК-иас тодруулга авч тендерийн алдааг засах боломж олгосон атлаа нэхэмжлэгч компаниас тайлбар тодруулга аваагүй, тендерийг дахин үнэлэх үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй байхад шүүх анхаарч үзээгүй дахин үнэлгээ хийснийг хууль зөрчөөгүй гэж үзэхдээ чухам ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй, бодитой дүгнэлт хийгээгүй байна.

3.24. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0760 дугаартай шийдвэрийг ЗХШХШТХ-ийн 121.3-т зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас XIII.1.30 хадлангийн талбайг сэргээх “Бор булан” төсөл /Булган баяннуур сум/, ХХААХҮЯ/202212016/05/01 дугаартай сонгон шалгаруулалт”-ыг зарлаж, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  хуралдаанаар тендерт оролцогчийн ирүүлсэн материалд үнэлгээ хийгээд бүх тендерээс татгалзаж, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А-1/2186 дугаар албан бичгээр “Тэнүүнхас сар” ХХК-д, А-1/2187 дугаар албан бичгээр “Усны барилга” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.

2.2. Уг шийдвэртэй тендерт оролцогч нар маргаагүй бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр XIII.1.30 хадлангийн талбайг сэргээх “Бор булан” төсөл /Булган баяннуур сум/ төсөл арга хэмжээг гүйцэтгэх тендерийг ирүүлэх урилгаа Зууны мэдээ сонинд гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тендер нээхэд нэхэмжлэгч “Тэнүүнхас сар” ХХК 2,709,603,484.0 төгрөг, “Усны барилга” ХХК 2,934,691,087.0 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тендерийн ялагчаар “Усны барилга” ХХК-ийг сонгон, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Усны барилга” ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хадлангийн талбайг сэргээх “Бор булан” төсөл арга хэмжээний ажил гүйцэтгэх 230810/05-566 дугаартай гэрээг байгуулжээ.

2.3. Нэхэмжлэгч “Тэнүүнхас сар” ХХК нь Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас өөрийг нь шалгаруулахаас татгалзсан шийдвэртэй маргаагүй бөгөөд харин “Усны барилга” ХХК-ийг шаардлага хангасан тендер ирүүлээгүй, тендерийн материалд ирүүлсэн “Эм Даблью Ти” ХХК-тай 98-54 УНУ, 47-36 УБЗ улсын дугаартай өөрөө буулгагч авто машинуудыг түрээсээр ашиглах гэрээ байгуулсан боловч энэ компани нь өөр тусдаа гүйцэтгэж байгаа ажил нь 70 хувьдаа хүрээгүй байсан тул тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-д заасны дагуу тендерээс татгалзах ёстой гэж маргажээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн “... “Эм Даблью Ти” ХХК энэхүү төсөл арга хэмжээнд тендерийн оролцогч “Усны барилга” ХХК-ийн гүйцэтгэх ажлын зөвхөн “Зураг төсөл зохиох” үүрэгтэй, тендерийн үнийн дүнгийн 10 хувьд хүрэхгүй үнэ бүхий ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа учраас Тендерийн үнэлгээний хороо нь тус компанийг тендерийн оролцогч гэдэг шалгуурт оруулж, тухайн үед хийж гүйцэтгэж байсан “Үерийн хамгаалалтын барилга байгууламж ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг шалгаагүй гэж буруутгах эрх зүйн үндэслэлгүй, ... Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо нь XIII.1.30 хадлангийн талбайг сэргээх “Бор булан” төсөл /Булган баяннуур сум/, ХХААХҮЯ/202212016/05/01 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг явуулж, ялагчаар “Усны барилга” ХХК-ийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг зөрчөөгүй..., ...туслан гүйцэтгэгч “Эм Даблью Ти” ХХК нь тендерийн оролцогчийн эрх зүйн статусыг хүлээхгүй...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

2.5. Учир нь гуравдагч этгээд “Усны барилга” ХХК нь “Эм Даблью Ти” ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Сонгон шалгаруулалтад хамтран оролцох туслан гүйцэтгэгчийн гэрээ”, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Машин механизм ажиллуулах түрээсийн гэрээ”-г тус тус байгуулсан бөгөөд “Сонгон шалгаруулалтад хамтран оролцох туслан гүйцэтгэгчийн гэрээ”-ний 2.4-т “Туслан гүйцэтгэгч нь мод үржүүлгийн газрын усалгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, усан сан хийх ажлын зураг төсөв боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ”, Машин механизм ажиллуулах түрээсийн гэрээ”-ний 1.2-т “DAEWOO 47-36 УБЗ, 98-54 УНУ өөрөө буулгагч авто машинуудыг тус бүр 1 цагийн 80000 төгрөгөөр...түрээслүүлнэ”, 3.1-т “машин механизмын техникийн засвар үйлчилгээг бүрэн хийж заасан газарт товлосон хугацаанд бэлэн байлгана” гэж заажээ.

2.6.   Түүнчлэн Монгол улсын Сангийн яамны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/5172 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...“Усны барилга” ХХК нь Усны газраас зарласан “Их булаг” хөв цөөрөм байгуулах /Өвөрхангай Нарийн тээл/ ажлын гэрээ байгуулах эрх авсан бөгөөд инженер техникийн ажилчид болон машин механизмуудыг давхцуулан санал болгосон гэж дурдсан байх бөгөөд энэ талаар захиалагчаас тодруулах нь зүйтэй байна. Иймд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2763 тоот шийдвэрийг хүчингүй болгон, ...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гээд тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.

2.7.  Дээрх шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хорооноос 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А-1/3052 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “Их булаг” хөв цөөрөм байгуулах /Өвөрхангай Нарийн тээл/ төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн талаар лавлагаа хүссэн ба Усны газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/845 дугаар албан бичгээр ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай гэх хариу өгчээ.

2.8. Дээрхээс үзвэл “Усны барилга” ХХК-ийг ТШЗ 17.7-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгч “Тэнүүнхас сар” ХХК нь өөрийн тендерийг шаардлага хангаагүй гэж хассан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй атлаа “Усны барилга” ХХК-ийг шалгаруулсныг дээрх үндэслэлүүдээр хууль бус гэж маргаж байгаа энэ тохиолдолд “...шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх ашиг сонирхол байгаа нь тогтоогдоогүй бөгөөд Тендерийн үнэлгээний хороо нь тендерт үнэлгээ хийхдээ шударга ёсыг алдагдуулсан, хууль бусаар эсхүл давуу байдал олгож “Усны барилга” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх “тендерийг шударгаар үнэлүүлэх”-ээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.   

3.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН