Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/1055/З |
Дугаар | 221/МА2014/0691 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2014/0691
“У с***” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “У с***” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хотын стандарт, хяналтын газар,
Гуравдагч этгээд: “Э к***” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын барилгыг ашиглалтад хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлт, тухайн барилгын цахилгааны байгууламжийг ашиглалтад хүлээн авсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0630 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С***, хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш***,
Хэргийн индекс: 128/2022/1055/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У с***” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт тус тус холбогдуулан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын барилгыг ашиглалтад хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлт, тухайн барилгын цахилгааны байгууламжийг ашиглалтад хүлээн авсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0630 дугаар шийдвэрээр “Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох “У с***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.2 Шүүхийн шийдвэрт дурдсан “У с***” ХХК-иас 2011 онд нийтийн эзэмшлийн талбайг ашиглах, түүнтэй холбоотой дэд бүтцийн асуудлаар зөвшөөрөл олгож байсан бөгөөд харин тус компанийн өөрийн эзэмшлийн газар болон автозогсоолыг ашиглах зөвшөөрлийг огт олгож байгаа байхад шүүх нийтийн эзэмшлийн зам талбайтай холбоотой албан бичгүүдийг өөрийн эзэмшлийн газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр буруу дүгнэсэн,
3.3. “У с***” ХХК-д ажилладаг хүн машинаа “э э т” барилгын зоорийн давхарт төлбөртэй байрлуулдаг байсан нь “У с***” ХХК болон “Э к***” ХХК нар газар ашиглах эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг нотлохгүй бөгөөд зоорийн давхарт шилжүүлэн эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон гэх үйл баримт байхгүй, энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн,
3.4 “Э к***” ХХК батлагдсан барилгын зураг төслийг хууль, журам зөрчиж өөрчлөн зөвшөөрөлгүйгээр зоорийн давхрын хаалгыг манай байгууллагын автозогсоолруу гаргасан гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Нэхэмжлэгч “У с***” ХХК-иас Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлт, тухайн барилгын цахилгааны байгууламжийг ашиглалтад хүлээн авсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барилгын хойд талд гараашийн хаалга гарган гарцыг хийснээр газар ашиглах эрх зөрчигдсөн, эзэмшил газрын зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр өндөр хүчдэлийн трансформатор, цахилгаан генераторыг байршуулсан нь газар эзэмших эрхийг зөрчсөн, Барилгын хууль тогтоомжийг илт зөрчсөн” хэмээн тайлбарлан маргасан.
4. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар, гуравдагч этгээд “Э к***” ХХК нь иргэн К.П***-ийн захиалгаар “э э т” барилгын ажлыг 2011-2017 оны хооронд хийж гүйцэтгэсэн.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 2021/25 дугаар шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийн гүйцэтгэсэн “э э т” барилгын цахилгаан генератор 13м.кв, трансформатор тус бүр 9 м.кв, 8 м.кв хэмжээгээр нэхэмжлэгч “У с***” ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан.
Гуравдагч этгээдээс барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд нэхэмжлэгч “У с***” ХХК-иас “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-д хандан 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 696 дугаар албан бичгээр “...иргэн К.П***-ийн барилгын ажил эхлүүлэхийн өмнөх баримт бичгийн бүрдэл нь иж бүрнээр бүрдсэн байх тул бидний зүгээс барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй...”, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 705 дугаар албан бичгээр “... “Т***” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа иргэн К.П***-ийн эзэмшлийн барилгын ажилтай холбогдуулан манай компанийн зүгээс дулааны шугам сүлжээнд өөрчлөлт хийхэд татгалзах зүйлгүй...” гэсэн агуулга бүхий албан бичгийг, нийслэлийн Газрын алба болон нийслэлийн Засаг даргад хандан 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722 дугаар албан бичгээр “... барилга нь ажлын явцаас шалтгаалж газраа хойш сунгаж байгаа бөгөөд үүнд манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй”, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 788 дугаар албан бичгээр “...шинээр баригдах барилгыг хойшоо 8 метр сунган ажлаа гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй” гэсэн агуулга бүхий албан бичгийг тус тус хүргүүлсэн. Мөн 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаар гэрээ байгуулан “э э т” барилгад үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим захиалгаар бариулж, худалдан авахаар гэрээ байгуулж, улмаар тухайн талбайгаа “С***” ХХК-д худалдсан болохоо 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 854 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байсан.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны А/39 дүгээр тушаалаар байгуулсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/593 дугаар дүгнэлтээр “э э т” барилгыг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаар дүгнэлтээр тус барилгын цахилгаан хангамжийн дэд өртөө, цахилгааны байгууламжийг тус тус байнгын ашиглалтад хүлээн авсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн,
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” /маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно хэмээн,
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” бүрэн эрхийг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ, 48 дугаар зүйлийн 48.1-т “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна”, 48.7-д ”Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.7.1-т “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй”, 48.7.2-т “захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан”, 48.7.3-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн”, 48.8-т “Энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцна” хэмээн тус тус хуульчлан заасан.
6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон маргаж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэх нөхцөл нь захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус, найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байх тохиолдлыг, “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх нөхцөл нь тухайн актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болох нь хэнд ч тодорхой бөгөөд тухайн актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэнэ.
7. Тухайн тохиолдолд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар нийслэлийн Засаг дарга “...барилга байгууламжийг ашиглалд оруулах” бүрэн эрхтэй бөгөөд нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “э э т” барилга, түүний цахилгаан хангамжийн дэд өртөө, цахилгааны байгууламжийг тус тус байнгын ашиглалтад хүлээн тухай 2017/593 болон 2018/37 дугаар дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтийн агуулга болон холбогдох мэдээлэл нь утга агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой бөгөөд комиссын эрх бүхий гишүүд бүрэн гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “...улсын комиссын дүгнэлт нь нэхэмжлэгч “У с***” ХХК-д чиглэсэн эрх зүйн эерэг, сөрөг аливаа үр дагавар үүсгээгүй ... “У с***” ХХК нь “э э т” барилгын хувьд захиалагч ч биш, гүйцэтгэгч ч биш, барилга байгууламжийг ашиглалтад оруулах харилцаанд хамааралтай этгээд биш, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын хувьд “У с***” ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй тул тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан гэх үндэслэл үүсээгүй... Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдэл болон уг шаардлагыг хангасан эсэхэд маргаагүйн дээр энэ нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй”, “э э т” барилгын улмаас зэргэлдээ барилга болох “У с***” ХХК-ийн барилгын ашиглалтын хэвийн нөхцөлтэй холбоотой шаардлага нь хувийн эрх зүйн шинжтэй харилцаа” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА