Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00192

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

Дарханцалам ББСБ ХХК-д холбогдох 

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр*******-тай 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 63 тоот 29 м.кв 2 өрөө орон сууц мөн Дархан сум, 3 дугаар баг, Цантын 1-2 тоот 586 м.кв газруудыг тус тус барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл******* нь зээлийн гэрээгээр надад олгох ёстой 45,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Зээлийн гэрээгээр авах ёстой 45,000,000 төгрөгийг удаа дараа би авъя гэж шаардсан боловч өмнөх зээлийн чинь хүүд тооцон авсан гэж хэлээд өгөөгүй.

Иймд******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй надад мөнгөө өгөхгүй байгаа учраас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Дарханцалам ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:******* нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Бүрэнгийн Мэндбаяртай 15/05, 15/06 тоот зээл, зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийг бүрэн олгосон. ******* 15/05, 15/06 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул*******-иас 2016 оны 11 сард Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд *******аас зээл, хүү нийт 47,854,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч зээл, хүүгээ тодорхой хугацаанд шатлан төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлээ татан авсан ба энэ тухай анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-нийн өдрийн 506 тоот захирамж гарсныг тайлбарт хавсаргав. Үүнээс хойш зээлдэгч ******* 15/05 болон 15/06 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан тул 2016 оны 9 сард*******-иас Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******аас 122,091,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд ******* нь*******-тай эвлэрлийн гэрээ байгуулж нийт 113,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тус шүүхийн шүүгчийн 1250 тоот захирамж гарсан болно. Захирамжид дурдсанаар ******* нь энэ асуудлаар анхан штаны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч Дархан цалам ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 61.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар дурдаж шийдвэрлэжээ.  

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 644 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т тус тус зааснаар гэснийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4-т тус тус зааснаар гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дархан цалам ББСБ ХХК давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******ын нэхэмжлэлтэй Дарханцалам ББСБ ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх нь гэрээний зүйл болох 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хэргийн бодит үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05, 15/06 тоот зээл, зээлийн барьцааны гэрээг байгуулан зээлийг бүрэн олгосон. Бүрэн олгосон гэж байгаагийн учир нь нэхэмжлэгч нь эдгээр гэрээнүүдийг байгуулахаас өмнө хариуцагчаас 28,500,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд энэ зээлээ төлөхгүй байсан учир талууд харилцан тохиролцож зээлсэн төгрөг болон түүний төлөгдөөгүй байсан хүүг нэмээд нийт 45,000,000 төгрөг болсон тул энэ мөнгөн дүнг нэхэмжлэгч хүлээн авснаар дүгнэж шинээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 тоот зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах үүднээс 15/05 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч төгрөг болон түүний төлөгдөөгүй байсан хүүг нэмээд нийт 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан харилцан тохиролцож байгуулсан.

Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Тус гэрээний зүйл болох 45,000,000 төгрөг нь талууд гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байсан 28,500,000 төгрөг, хариуцагчаас төлөх ёстой бөгөөд төлөөгүй байсан түүний хүүгийн нийлбэр юм. Бодит байдал ийм байхад нэхэмжлэгчид зээлийн мөнгийг шилжүүлээгүй гэрээ гэж хийсвэр дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 45,000,000 төгрөг буюу 28,500,000 төгрөг, түүний хүүгийн нийлбэр дүн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь өмчлөлд аль хэдийн шилжсэн, түүнийг өөрийн дураар захиран зарцуулсан байхад хариуцагч шилжүүлээгүй гэж үзэх ямар ч боломжгүй юм. Ийм дүгнэлтээс болж нэхэмжлэгч завшиж үлдэх ёсгүй.

Хоёр. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 тоот Зээлийн гэрээний үүрэг болох 45,000,000 төгрөгийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэсэн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч нь 15/05 тоот гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа манай компаниас мөн зээлсэн байсан өөр гэрээний үүрэгтэй хамтад нь нийлүүлж тооцон нийт 122,091,883 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан ба ******* нь шүүх дээр эвлэрэх тухай санал тавьж, түүнийг нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулан 113,500,000 төгрөгийн дүнгээр эвлэрч, түүнийг баталсан шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн шийдвэрлэсэн үнийн дүн буюу 113,500,000 төгрөгөд 15/05 тоот зээлийн гэрээний үүрэг болох 45,000,000 төгрөгийн шаардлага багтсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15/05 тоот зээлийн гэрээг дурдаагүй алдаа гарсан хэдий ч 15/05 тоот гэрээний 45,000,000 төгрөгийн шаардлага хангагдаж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Шийдвэрлэсэн хэргийг шүүхээс дахин шийдвэрлэх боломжгүй. Ийм зүйл байж хэрхэвч болохгүй. Нэхэмжлэгч нь үүнийг бүрэн дүүрэн мэдсээр байж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийгдэж байгаа барьцааны хөрөнгийг хууль бусаар гаргаж авахын тулд ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, түүнийг нь шүүхээс ингэж шийдвэрлэж байгаа нь амьдрал дээр байж боломгүй зүйл юм. Гэтэл шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

Гурав. Шүүхүүд нь худал мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Гэрч нь бодит байдал дээр 15/05 тоот гэрээний зүйл болох 45 000 000 төгрөгийг зээлдэгч, зээлдүүлэгч нар нь өмнөх гэрээний гүйцэтгээгүй үүрэг болохыг сайн мэдэж байсан атлаа, 45,000,000 төгрөгийг шилжүүлээгүй гэж худал мэдүүлэг өгсөн ба үүнийг шүүхээс шийдвэр, магадлал гаргахдаа үндэслэл болгосон. Гэрч нь хууль сануулсан хуудсанд гарын үсэг зурсан атлаа ийнхүү худал мэдүүлэг өгсөн учир түүнийг эрүүгийн журмаар шалган тогтоох нөхцөл байдал үүссэн байгаа тул бид энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа.

Иймд дээрх нөхцөл байдлуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч ******* Дарханцалам ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 тоот зээлийн гэрээ, уг зээлийн гэрээг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасанд, хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж уг гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай шүүгчийн 1250 тоот захирамжаар шийдвэрлэсэн гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... шүүх гэрээний зүйл болох 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хэргийн бодит үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлүүлнэ гэх агуулгыг тусгажээ. 

Хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Гэрээний үүргийн талаар:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талуудын хооронд 15/05 тоот зээл, барьцааны гэрээг байгуулсан хэдий ч гэрээнд заасан 45,000,000 төгрөгийг хариуцагч Дарханцалам ББСБ ХХК нэхэмжлэгч *******т олгоогүй талаар болон ДарханУул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26ны өдрийн 1250 дугаар захирамжид заасан зээлийн гэрээний эвлэрэл төлбөрийн дүн нь дээрх 15/05 зээл, барьцааны  гэрээнд хамааралгүй, харин 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14/17, 14/18 тоот зээл, барьцааны гэрээ мөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/06 тоот зээл, барьцааны гэрээний үүрэгт хамаарч байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан зөв дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 зээл, барьцааны гэрээг байгуулсан хэдий ч гэрээнд заасан 45,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид олгож Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул барьцааны эрх үүсэхгүй юм.

2.   Нэхэмжлэийн шаардлагын талаар:

*******ын зээлийн гэрээ уг гэрээг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчингүй болгуулна гэсэн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд, тэрээр Дарханцалам ББСБ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээний нөхцөлөөр зээлдэгч тал мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэрээ бодитоор хэрэгжээгүйгээс зээл барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан гэж үзлээ. Иймд энэ хүрээнд маргааны эрх зүйн харилцааны талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 451, 153, 165 дугаар зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэд , аж ахуйн нэгжид зээл олгох , хөрөнгө барьцаалах эрх бүхий этгээд мөн бөгөөд энэхүү зээлийн гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй дүр эсгэсэн байдалтай хэлцэл болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэн анхан шатны шүүхийн дээрх алдааг засаж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасантай нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжсэн байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЦАГААНЦООЖ

               ШҮҮГЧИД                                                             П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД