Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 644

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00562/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..р баг.. тоотод оршин суух, утас .. регистрийн дугаартай, Б.М-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, Үйлчилгээний төвд байрлах Д. ц ББСБ ХХК-д холбогдох

 

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.ц ББСБ-тай 45 сая төгрөгийн зээлийн гэрээ хийж, Дархан сум, .. баг, ..тоот 29 м.кв 2 өрөө орон сууц мөн Дархан сум, .. баг, .. 586 м.кв газруудыг тус тус барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Гэтэл Д.ц ББСБ нь зээлийн гэрээгээр надад олгох ёстой 45 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй юм. Зээлийн гэрээгээр авах ёстой 45 сая төгрөгийг удаа дараа би авъя гэж шаардсан боловч өмнөх зээлийн чинь хүүнд тооцон авсан гэж хэлээд өгөөгүй. Иймд Д.ц ББСБ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй надад мөнгөө өгөхгүй байгаа учраас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.ц ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.ц ББСБ нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б.М-тай 15/05, 15/06 тоот зээл, зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийг бүрэн олгосон. Б.М 15/05 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Д.ц ББСБ-аас 2016 оны 11 сард Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд Б.М-аас зээл, хүү нийт 47 854 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч зээл, хүүгээ тодорхой хугацаанд шатлан төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлээ татан авсан ба энэ тухай анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 506 тоот дугаартай захирамж гарсныг тайлбарт хавсаргав. Үүнээс хойш зээлдэгч Б.М 15/05 болон 15/06 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан тул 2016 оны 9 сард Д.ц ББСБ-аас сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Маас 122 091 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд Б.М нь Д.ц ББСБ-тай эвлэрлийн гэрээ байгуулж нийт 113 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тус шүүхийн шүүгчийн 1250 тоот дугаартай захирамж гарсан болно. Захирамжид дурдснаар Б.М нь энэ асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.ц ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг шүүхээр шийдвэрлэж, шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.ц ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 45 сая төгрөгийг бэлнээр олгохоор, сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0,20 хувь, зээлийн гэрээний хугацаа 12 сар байхаар, бизнесийн зориулалтаар, зээлийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан Ш.А-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум .. баг, .. тоот, 48 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003012058 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Ш.А-ын өмчлөлийн дээрх хаягт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-.. дугаарт бүртгэлтэй, 586 м.кв талбайтай газар, Б.М-ын өмчлөлийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 63 тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц зэргийг барьцаалж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.ц ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэж маргаж нотлох баримтаар Д.ц ББСБ ХХК-аас Б.Мт холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 506 дугаартай Нэхэмжлэлээ татан авах тухай шүүгчийн захирамж, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 16/42 дугаартай нэхэмжлэл, талуудын шүүх хуралдаанд эвлэрсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, шүүх хуралдааны тэмдэглэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

Дээрхи нотлох баримтуудаас дүгнэхэд Д.ц ББСБ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Мт холбогдуулан талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 14/17 тоот зээлийн гэрээ, 14/17 тоот барьцааны гэрээний дагуу зээлдүүлсэн 20 сая төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 14-нд зээлдүүлсэн 5 сая төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-нд зээлдүүлсэн 3 500 000 төгрөг нийт 28 500 000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүүгийн үлдэгдэл 15 801283  төгрөг, нэмэгдэл хүү 3 552 967 төгрөг нийт 47 854 250 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ түр татан авах хүсэлт гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 506 дугаартай Нэхэмжлэлээ татан авах тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

 

Д.ц ББСБ ХХК нь дахин Б.Мт холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 122 091 883 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 2 дугаар сарын 24-ны 14/18 тоот зээлийн гэрээ, 14/18 тоот барьцааны гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/06 тоот зээлийн гэрээ, 15/06 тоот барьцааны гэрээ, 15/06 тоот зээлийн гэрээний 15/07 тоот нэмэлт барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 83 500 000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл 31 610 783 төгрөг, нэмэгдэл хүү 6 981 100 төгрөг нийт 122 091 883 төгрөгийн шаардлага гаргасан байх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан Ш.А-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум . баг, .. тоот, 48 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Ш.А-ын өмчлөлийн дээрх хаягт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-.. дугаарын бүртгэлтэй, 586 м талбайтай газар, Б.Мын өмчлөлийн Дархан сумын .. баг, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүдийг битүүмжилж, анхны дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр талууд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээ байгуулан барьцааг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч дээрх гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлийг өгөөгүй болох нь шүүх хуралдаанд Дархан ББСБ ХХК-ийн захирал Б.Пгийн мэдүүлсэн ...Б.М нь 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 14/18 тоот зээлийн гэрээ, 14/18 тоот барьцааны гэрээний дагуу авсан нийт 28 500 000 төгрөгийн зээл, түүний хүү нийлээд 45 сая төгрөг болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээ байгуулсан гэсэн тайлбар, гэрч Ч.Д-ын ...Б.М нь Д.ц ББСБ ХХК -аас 100 сая төгрөгийн зээл авна гэж Хас банкны 65 сая төгрөгийн зээлийг надаар хаалгаж миний өөрийн барьцаанд байсан Ш.А-ын хашаа байшинг оролцуулан  Д.ц ББСБ ХХК-ийн барьцаанд тавьсан боловч зээлийг гаргаагүй тул Цагдаагийн байгууллагад хандсаны дараа 55 сая төгрөгийн зээл олгосон, 45 сая төгрөгийг олгоогүй тул барьцаа хөрөнгийг барьцаалах үндэслэлгүй гэсэн тайлбараар тогтоогдож байх бөгөөд зээлиийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Мөн хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргаж байгаа боловч хариуцагчаас ирүүлсэн дээрхи нотлох баримтуудаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.ц ББСБ ХХК-ны хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.ц ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА