Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 502

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох эрүүгийн 201525010741 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Валдир овгийн Н.Б-, 1990 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1058 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Н.Б- нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Түвшинсайханаас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ийн хашаанаас нийт 2481 ширхэг барилгын тулаас төмрийг авч, 44.658.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Б.Золбаатараас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-598 тоот хашаанаас нийт 530 ширхэг барилгын тулаас төмрийг авч, 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Баяндөхөмийн 25-8 тоотод байрлах “Анарсан” ХХК-ийн аж ахуйн хашаанаас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн, 300 ширхэг труба төмөр, 1571 ширхэг шинэ цайран барилын тулаас төмөр, 1028 ширхэг хуучин хар барилгын тулаас төмрийг авч, иргэн Ц.Сарангэрэлд 74.519.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвд иргэн Т.Уламбаярт “Өргөгч крантай ачааны автомашин захиж авч өгнө” гэж итгүүлэн, хууран мэхэлж бэлэн 23.000.000 төгрөгийг авсан,

            2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Золбаярт түүний “Subaru Forester” загварын автомашиныг өөрийн унаж явсан “Тайкун” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй “Toyota Mark II” загварын автомашинаар солино хэмээн хууран авч, 3.284.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 26 дугаар байрны 8 давхарт иргэн Г.Хүрэлбаатараас түүний “IPhone 6” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хууран авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил Стар” хотхоны 58 дугаар байранд иргэн А.Уртнасангаас түүний “IPhone 6” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хууран авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скүэр” төвийн урд иргэн Б.Золбоотоос түүний “IPhone 6s” загварын гар утсыг худалдаж авна хэмээн хууран авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр нийт 8 удаагийн залилах үйлдлээр бусдад 152.079.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Их Бүрд” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Д.Уламбатын өрөөнөөс “Acer i3” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 5 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Могжоохон” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Хекс Арена” цахим тоглоомын газраас компьютерийн эд анги, дагалдах хэрэгсэл, тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, иргэн С.Мөнх-Эрдэнэд 2.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-32 тоотод оршин суух иргэн Ё.Хүрэлцоожийн эзэмшлийн гэрээс 15 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг эмэгтэй хүний 999 сорьцтой алтан бөгж, 21 кратын эрэгтэй цул дөрвөлжин нарийн сүлжээстэй алтан гинж, монетон гинж, кулан, ээмэг, бөгж, энергийн ногоон бугуйвч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 8.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Агь” зочид буудлаас зөөврийн компьютер, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, иргэн Д.Энхтуяад 4.829.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Сэлбэ” зочид буудлын 405 тоот өрөөнөөс иргэн Д.Батбаярын гар утас, түрийвч, банкны карт, монетон кулон, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 1.887.400 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны доод давхарт байрлах “Файм Арена” цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэн Б.Батсайханы бэлэн 2000 ам.доллар, 600.000 төгрөг, “Samsung Note” загварын гар утас, бичиг баримт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 5.565.700 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг интернэт тоглоомын газраас 10 ширхэг компьютерийг хулгайлан авч, иргэн Б.Цэрэнчимэдэд 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан зэргээр нийт 7 удаагийн хулгайлах үйлдлээр бусдад 30.292.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.               

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батсууриас 183.403.100 төгрөг гаргуулж, хохирогч Б.Түвшинсайханд 38.658.000 төгрөг, Б.Золбаатарт 10.600.000 төгрөг, Ц.Сарангэрэлд 74.519.000 төгрөг, Т.Уламбаярт 23.000.000 төгрөг, Г.Хүрэлбаатарт 750.000 төгрөг, А.Уртнасанд 1.500.000 төгрөг, Э.Золбаярт 3.284.000 төгрөг, Д.Батбаярт 1.887.400 төгрөг, Д.Энхтуяад 4.829.000 төгрөг, С.Мөнх-Эрдэнэд 2.990.000 төгрөг, Ё.Хүрэлцоожид 8.620.000 төгрөг, Б.Батсайханд 5.565.700 төгрөг, Н.Цэрэнчимэдэд 5.500.000 төгрөг, Д.Уламбатад 900.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чингүнд 800.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Н.Б-н цагдан хоригдсон 612 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар ирүүлсэн “СиДи” 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хохирогч Ё.Хүрэлцоож нь нас барсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 10, 11, 12 дахь хэсгүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт, мөрдөгч болон прокурорын тогтоол байдаггүй. Шүүхээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Угтаа дээрх хуулийн заалтуудыг хангаж байж хохирол төлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар хохирогч Ё.Хүрэлцоожийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй нь процессын алдаа болсон. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учир нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна.

2. Шүүгдэгч Н.Б- нь өөрийн найз болох Д.Золжаргалтай нийлж “Анарсан” ХХК-иас барилгын тулаас төмөр авсан болох нь гэрэл зургийн үзүүлэлт, мөн прокурорын эхний яллах дүгнэлтээр тогтоосон байдаг атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй. Өөрөөр хэлбэл, Д.Золжаргалын үйлдлийг шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. “Анарсан” ХХК-д 74.519.000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл уг ХХК-иас авсан барилгын тулаас төмрийн ихэнхи хэсгийг Д.Золжаргал авсан байдаг тул хохирлыг хувааж төлүүлмээр байна.

3. Шүүгдэгч Н.Б- 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан хугацаанд гэмт үйлдлүүд эхэлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад энэ асуудал яригдаагүй.

Иймээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Ё.Хүрэлцоож нас барсан гэсэн асуудал яригддаг боловч энэ талаарх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч Н.Б- нь Д.Золжаргал гэгчтэй хамтран “Анарсан” ХХК-иас барилгын тулаас төмөр очиж авсан талаар 2018 оноос эхэлж ярьдаг. Гэвч түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүйн гадна, болсон үйл явдлын талаар өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Д.Золжаргал гэгч этгээдийг шалгах гэсэн боловч тэрээр Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Н.Б-г 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр, өөрийн танил болон зарын дагуу холбогдсон хүмүүстэй уулзаж “...барилгын тулаас төмөр түрээслэнэ, өргөгч крантай ачааны автомашин захиж авчруулна, автомашин солилцоно, гар утас худалдаж авна...” гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Б.Түвшинсайхан, Б.Золбаатар, Ц.Сарангэрэл, Т.Уламбаяр, Э.Золбаяр, Г.Хүрэлбаатар, А.Уртнасан, Б.Золбоот нараас нийт 152.079.000 төгрөгийн эд хөрөнгийг гэрээ байгуулах, аман хэлцэл хийх зэргээр халхавчлан шилжүүлэн авсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас иргэн Д.Уламбат, С.Мөнх-Эрдэнэ, Ё.Хүрэлцоож, Д.Энхтуяа, Д.Батбаяр, Б.Батсайхан, Б.Цэрэнчимэд нарт нийт 30.292.100 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Н.Б-г тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Н.Б- нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байхдаа 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дахин “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт холбогдсон байна.

Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиудад зарчмын хувьд ижил байдлаар тусгасан бөгөөд дээрх тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасны дагуу тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Н.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН