Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 157

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Сайнбаяр, хохирогч Ц.С-, түүний өмгөөлөгч О.Пүрэвсүрэн, хохирогч Т.У-, Д.У-, Б.Т-, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Х.Д-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525010741 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 08 дугаар хороо, ...... дүгээр хороолол, ....... гудамж ..... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны 1058 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, В овогт Н-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний хооронд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ний хашаанаас барилгын тулаас төмөр түрээслэх нэрийдлээр залилсан,

2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 13-598 тоот хашаанаас иргэн Б.З-аас нийт 530 ширхэг барилгын тулаас төмөр түрээслэх нэрийдлээр залилсан,

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон Баян дөхөмийн 25-8 тоотод байрлах “Анарсан” ХХК-ийн Аж ахуйн хашаанаас барилгын тулаас төмөр түрээслэх нэрийдлээр залилсан,  

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд иргэн Т.У-т машин авч өгөх нэрийдлээр 23,000,000 төгрөг залилсан,

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.З-тай түүний Субару Форестор загварын автомашиныг өөрийн унаж явсан “Тайкун” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй Тоёота Марк II загварын автомашинаар солихоор тохиролцон авч явсан боловч уг автомашиныг Э.З-ын нэр дээр шилжүүлээгүй залилсан,

2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 26 дугаар байрны 8 давхарт иргэн Г.Х-ын Айфон загварын гар утсыг худалдаж авна хэмээн залилсан,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Оргил Стар” 58 дугаар байранд иргэн А.У-гийн Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн заиллан мэхэлж 1,150,000 төгрөгийн хохирол,

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скүэр” төвийн урд иргэн Б.З-тоос Айфон загварын гар утсыг худалдаж авна хэмээн тохиролцож, авсан утсаа Б.Ч-д 800,000 төгрөгөөр зарж залилсан зэрэг нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 152,079,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Их бүрд” зочид буудалд үйлчлүүлж байсан, Д.У-ын өрөөнөөс Асеr  загварын зөөврийн компьютерыг хулгайлсан,

2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, “Могжоохон” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Хекс Ариена” цахим тоглоомын газраас компьютерийн эд анги хулгайлсан,

2016 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-32 тоотод оршин суух иргэн Ё.Х-ийн эзэмшлийн гэрээс 15 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг эмэгтэй хүний 999 сорьцтой алтан бөгж, 21 кратын эрэгтэй цул дөрвөлжин нарийн сүлжээстэй алтан гинж, монетон гинж, кулон, ээмэг, бөгж, энергийн ногоон бугуйвч зэрэг эд зүйлсийг хулгайлсан,

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Агь” зочид буудлаас иргэн Д.Э--гийн эд зүйлсийг хулгайлсан,

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хороо, “Сэлбэ” зочид буудлын 405 тоот өрөөнөөс эд зүйлс хулгайлсан,

2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хороо, 81 дүгээр байрны цахим тоглоомын газраас иргэн Б.Б-ы 2.000 ам доллар, 600,000 төгрөг, Самсунг загварын гар утас, бичиг баримт зэргийг хулгайлсан,

2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Н.Ц-ийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байх интернет тоглоомын газраас 10 ширхэг компьютер хулгайлж нийт 7 удаагийн үйлдлээр 30,292,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Ц.С-: “...Манай гэр сапудныхаа хажууд байдаг тул Б-ийг ирэх бүрт би өөрөө байдаг байсан. Нярав О- миний төрсөн дүү. Б О-ийг нас барсан гэдгийг сонсчихоод О- сапудыг өгдөг байсан мэтээр ярьж байна. Б-ийг 1800 метр труба ачих гэж байхад нь манай дүү О- та битгий өг гэж хэлж байсан, тухайн үед би “за яахав дээ өвөл ажил багатай юм чинь өгчихье” гээд “энэ хар труба, энэ нь цагаан труба” гэж зааж байгаад өгч байсан. Иймээс намайг байхгүй байсан гэж хэлэх үндэслэлгүй. Б-ийг ирэх, гарах бүрт нь машиных нь зургыг аваад актан дээрээ гарын үсэг зуруулдаг байсан. Б миний амьдралыг бүхэлд нь бусниулсан. Миний үр хүүхдүүд, ач, зээ, ажилчдыг минь ажил хөдөлмөргүй болгож манай байгууллагыг дампууруулсан. Хэрэг гарсанаас хойш 4 жилийн хугацаанд надтай холбогдож байгаагүй. Б 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад 99058319 гэсэн дугаараас над руу залгаад “үлдэснийг чинь авчихъя, өгчихөөч дээ чи” гэж доромжилсон. Б надад нэг удаа 500.000 төгрөгийг өгсөн. Харин 1400.000 төгрөг төлж байгаагүй, түрээсийн гэрээн дээр 4.000.000 төгрөг төлөх тухай бичиг бичиж өгсөн. Манай байгууллагын нягтлан бодогч Э- бодит баримтуудыг нэгтгэж өгөөд баримтанд гарын үсэг зурсан байгаа. Хамгийн анх Б-ийн утасны дугаарыг Э- олж өгч байсан. С-, О-, Батболд нар манай байгууллагад экскаваторын жолооч ажилтай байсан. Эдгээр гэрч нар “Б нь Золжаргалтай хамт ирж авсан” гэсэн мэдүүлэг өгсөн бол түүнийг нь хармаар байна. Би ганцхан удаа гар утсаар ярьж байгаад өг гээд хэлчихсэн. Үүнийг далимдуулан намайг байдаггүй байсан гэж ярьж байна. Би 10 удаа ачихад нь нэг  удаад нь байгаагүй байж магадгүй. Нярав, жолооч, манаач, туслах ажилтнууд гэрчээр байгаа. Би тулаасныхаа хажууд нь амьдардаг байсан. Би Б-т хамаг зүйлээ өгсний дараа эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг нь мэдсэн...” гэв.

 

Хохирогч Т.У-: “...Би Б-т 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад Япон улсаас машин оруулж ирж өгнө гэж хэлсэн. Тухайн үед өгсөн, авснаа баталгаажуулья гэхэд Б “бид хоёрын машин авах гэж байгааг наториатынхан ойлгохгүй, тиймээс зээлийн гэрээ байгуулъя” гэсэн. Тэгээд гэрээний заалтаар 23.000.000 төгрөг авсан. Уг зээлийн гэрээний заалтаар 7 хоногийн хугацаагаар хүүгүй зээлүүлнэ гэсэн утгатай байгуулаад хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувиар алданги тооцно гэж гэрээнд тусгасан. Би машинаараа амьдралаа залгуулдаг байсан. Анх Б-тай танилцахад надаар хоёр удаа ачаа ачуулсан. Н.Б “барилгын тулаас төмөр зардаг, түрээсэлдэг, манай аж ахуйн хашаа Гачууртад байгаа” гэж хэлээд ачаа ачуулсан. 2015 оны 03 дугаар сард ачаа ачуулья гэхэд нь би ах нь машинаа зарсан, гэхдээ найз нөхдөөрөө ачуулаад өгье гэж хэлсэн. Тухайн үед намайг мөнгөтэй байгааг мэдсэн болохоор миний мөнгийг авах бодолтой байсан байх...” гэв.

Хохирогч Б.Т-: “...Б 2014 оны 09 дүгээр сард итгэл төрүүлэхээр хүн ирж уулзахаар нь гурван удаа 2480 ширхэг сапуд өгсөн...” гэв

 

Хохирогч Д.У-: “...2016 онд найзуудын хамт буудалд хоносон. Тэр үед миний нөүтбүүк алга болсон. Би нөүтбүүкээ хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ сайн санахгүй байна, үнэлгээний дагуу нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б-: “...2014 оны 12 дугаар 25-ны өдөр ачиж явсан 3,5 метр урттай 429 ширхэг хар сапуд, 5 метрийн урттай 762 ширхэг сапудыг машинд ачих үед Золжаргал надтай хамт ачсан. Тухайн өдөр манай дунд сургуулийн шинэ жилийн уулзалттай байсан учраас Золжаргалд сапуд ачсан машинаа үлдээгээд явсан. Маргааш нь Золжаргалтай “Тэнгэр тревэйл”-ийн хашаанд уулзахад Амгалангийн төмрийн цэгт зарсан гээд  2.000.000-3.000.000 төгрөг өгч байсан. 12 дугаар сарын 27-ны өдөр Золжаргалтай хамт Анар сангаас авсан 1800 метр труба нь 6 метрээр 300 ширхэг, 5 метртэй сапуд 201 ширхэг, 3.5 метртэй сапуд 92 ширхэг зэргийг Амгалангийн төмөр худалдаалах цэгт өгч байсан. Хохирогч Б-д холбогдох хэргийн хувьд цүнхэд 2000 ам.доллар байгаагүй, 1300 ам доллар байсан. Мөн Самсунг маркийн гар утас байгаагүй, 300 гаруй мянган  төгрөг бэлнээр байсан.  Хохирогч Х-ид холбогдох хэргийн хувьд тухайн үед 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний 999 сорьцтой мөнгөн бөгж 1 ширхэг, гинж 1 ширхэг, бэлэн мөнгө 200.000 төгрөг байсан. З-ын машиныг 3.000.000 төгрөгөөр авахаар тохиролцоод надад 1.000.000 төгрөг өгсөн. З- машинаа банк бус санхүүгийн байгууллагад зээлээр тавьсан байсан. Тэгээд би Хөвсгөл явахаасаа өмнө нэр дээрээ нь шилжүүлж өгч чадаагүй. Тэгээд З-тай ярьсан чинь “би согтуугаар машин жолоодож байгаад журамлуулсан чи өөрөө ирж байж нэр дээр шилжүүлж өгөхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би цагдаагийн байгуллагаас оргож, зугтаж байсан тул очиж чадаагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Залилах гэмт хэргийн тухайд:

1. 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний хооронд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ний хашаанаас барилгын тулаас төмөр түрээслэх нэрийдлээр залилсан үйлдлийн хувьд:

Хохирогч Б.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Анх Б “Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах асрамжийн газарт ах нь барилга барьж байгаа, нийт 2500 ширхэг сапуд төмөр түрээслэх хэрэгтэй байна” гэж ярьж байсан юм. Б надаас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад 788 ширхэг сапуд төмөр авч явсан. Энэ сапудыг авч явахдаа Болд-Эрдэнэ гэж найзын хамт явсан. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  ирээд түрээсийн гэрээ байгуулаад, 1060 ширхэг сапуд төмрийг авч явсан. Энэ сапуд төмрийг авч явахдаа өмнө авсан сапудын түрээсийн төлбөр гэж 6 сая төгрөг надад бэлнээр авчирч өгөөд итгэл төрүүлээд явсан. Гуравдахь удаагаа 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 400 ширхэг сапуд төмрийг манай эхнэр Т- шууд өгөөд явуулсан байсан. Энэ сапуд төмрийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагаас ачуулсан. Дөрөвдэх удаа нь Б над руу яриад үлдэгдэл сапуд төмрөө түрээслэж авья гэхээр нь би Б-тай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жем интернэшнл ХХК-ийн хашаанд уулзаад 233 ширхэг сапуд төмрийг ачуулаад явуулсан. Надаас нийт 2481 ширхэг сапуд төмөр түрээслэх нэрийдлээр ачигч явуулж авсан…” /3-р хх-ийн 49-50/ гэсэн,

 

 Гэрч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад манай нөхөр Т- над руу залгаад “Сапуд түрээслэе гэж байна, Жем интернэшнлийн хашаанаас сапудаа аваад гарын үсэг зуруулаад тэр хүнд өгчих зургийг нь дарж аваарай” гэсэн. Тэгээд би Жем интернэшнлийн хашаанд очоод байж байхад 66-04 УНВ улсын дугаартай Хаммер жийптэй Б гэх залуу ирсэн. Түүнийг ирсэнээс гучин минутын дараа “нөхөртэй чинь түрээслэхээр ярьсан, таньтай очиж уулзаад төмрөө тоолоод хүлээж авч бай гэсэн, тийм болохоор та надад сапудаа тоолоод хүлээлгэж өгч бай” гээд би түүнд 788 ширхэг сапуд төмрийг эхлээд хүлээлгэж өгсөн...” /3-р хх-ийн 51/ гэсэн,

 

Гэрч Т.О- мөрдөн шалгаж ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дээрхи газраа ачаа ачих гээд зогсож байхад 15 цагийн орчим шиг санаж байна. Хаммер Эеч 3 маркийн автомашинтай хоёр шар залуу ирээд Батсүмбэрийн асрамжийн газар луу сапуд төмөр ачна, ачих ёстой сапуд төмөр гуравдугаар цахилгаан станцийн орчим байгаа гэхээр нь би тэр хүмүүстэй ярьж тохироод 120,000 төгрөгөөр ачихаар тохирсон. Гэтэл тэр хүн өөр нэг машин хэрэгтэй гэхээр нь би өөрийн найз мөн ачаа зөөдөг Д-гийн хамт явахаар болсон. Тэгээд би энэ 2 хүнийг дагаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-ийн орчим нэг хашаанд ирэхэд манай ах Х-ын их сургуулийн найз Т- сапуд төмрийн эзэн гээд зогсож байсан тул би Т-тай ахын талаар ярьж хэсэг зогссон. Харин нөгөө хоёр залуу сапуд төмөр авах талаар  бас Т-тай яриад байсан ба яг худалдаж авч байгаа эсвэл түрээслэж байгаа аль болохыг мэдээгүй, ингээд ачаа зөөдөг хүмүүс ирээд манай найз бид хоёрын машин дээр сапуд төмөр ачсан гэдгийг мэдэхгүй ба авч байгаа өгч байгаа хүмүүс өөрсдөө сапуд төмөрөө тоолоод авч өгсөн. Харин сапуд төмөр ачихаас өмнө Т- ах явсан ба явахдаа чи энэ сапуд төмөр хаана буухыг сайн хараад аваарай гэж хэлээд явсан. Ингээд явсаны дараа тоолж аваад үлдсэн сапуд төмрийг ачигч нарыг дуудаад ачуулсан ба ачиж дуусаад бид нар явах болоход Хаммер машинтай ирсэн хоёр залуугийн нэг нь миний машинд суугаад бид хөдлөөд явсан ингээд гурвалжингийн гүүр дөхөж байхад нөгөө залуу Хаммер машинтай залуутайгаа утсаар ярьж байгаад “өө ах өнөөдөр Батсүмбэр явахаа болилоо маргааш өөрсдийн унаагаар зөөгөөд явахаар боллоо” гэхээр нь “би тэр хүнд энэ сапудын эзэн манай ахын найз хаана буулгасан гэдгийг хэлээрэй” гэсэн “би хэлчих үү” гэхэд “тэр хүн хэрэггүй ээ маргааш бид өөрсдийн унаагаар шууд Батсүмбэр зөөнө ямар ч асуудал байхгүй, бид энэ сапуд төмрийн эзнийг сайн танина бид найз нар, өнөөдөр энэ сапудыг авахгүй бол маргааш өөр хүн авах гээд тэгээд өнөөдөр яаралтай авч байгаа юм” гэж хэлж байсан тэгээд энэ сапуд төмрийг ачиж явсаар Дэнжийн мянгын орчим айлын хашаанд хүргэж өгч буулгуулсан ба хашаандаа нэг гэртэй айл байсан ба миний машинд сууж ирсэн залуу нь зам заагаад энэ газар ирсэн…” /3-р хх-ийн 52/ гэсэн,

 

Гэрч С.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дээрхи газраа ачаа ачих гээд зогсож байхад 15 цагийн орчим манай найз О- “сапуд төмөр ачих уу гэж байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд О-ы хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрэл ХХК-ийн хойд талд ТЭЦ 3 станцын зүүн талд байх нэг компаний хашаанд ирэхэд сапуд төмрийн эзэн гэх нэг залуу байсан тэр залууг О- таниж юм яриад байсан. Харин О- нэг хүн рүү залгаад “бид ирсэн байна” гэхэд төд удалгүй  хар өнгийн Хаммер Эеч 3 маркийн автомашинтай хоёр залуу, ачаа ачих хүмүүсийн хамт ирсэн. ..Анх ачих үед Батсүмбэр явна гэж байсан боловч хашаанаас гараад Гурвалжингийн гүүрний орчим ирэхэд О- машинд сууж явсан. Хаммер Эеч 3 маркийн машинтай ирсэн залуугийн нэг нь “Дэнжийн мянга явна гэж байна” гэж надад хэлэхээр нь би дагаад Дэнжийн мянга хүртэл яваад нэг хашаанд буулгаж хөлсөө авсан…” /3-р хх-ийн 53/ гэсэн,

 

             Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Зарын дагуу Т- ахтай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жем интернэшнл ХХК-ийн хашаанд очиж уулзаад “Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах ахмадын асрамжийн газар манай ах Барилга барьж байгаа, манай компанид 2500 ширхэг сапуд төмөр түрээслэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тухайн үед Т- ахтай ярилцаад сапуд төмөр түрээслэхээр болсон. Ингээд маргааш өдөр нь найз Болд-Эрдэнийг дуудаад өөрийнхөө нэрээр 2014 оны 09 дүгээр сраын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад 788 ширхэг сапуд төмөр авч явсан. Энэ сапуд төмрийг Дэнжийн мянгад айлын хашаанд аваачиж буулгаад маргааш өдөр нь зар тавиад нэг ширхэгийг нь 17,000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд мөнгийг нь хэрэглээд дуусгасан. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин Т- ахтай утсаар яриад “нэмж сапуд төмөр түрээслэх хэрэгтэй байна” гэж хэлээд гэрээ байгуулаад 1060 ширхэг сапуд төмрийг мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жем Интернэшнл ХХК-ийн хашаанд очоод аваад явсан. Тухайн өдөр би Т- ахын зарсан сапуд төмрийн мөнгөнөөс түрээсийн төлбөр гэж 6,000,000 төгрөг надад бэлнээр өгөөд уг сапуд төмрийг ачаад явсан. Тэгээд 3 дахь удаа нь хаанаас очиж авсан гэдгээ одоо тодорхой санахгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын дундуур байх 400 ширхэг сапуд төмрийг Т- ахын эхнэр Т- гэж хүнтэй уулзаад аваад, дөрөвдэх удаа нь би “Т- ах руу нэмж сапуд төмрөө түрээсэлж авья” гэж хэлээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жем интернэшнл ХХК-ийн хашаанд уулзаад 230 ширхэг сапуд төмрийг ачуулаад явуулсан. Т- ахаас авч явсан бүх сапуд төмрийг би зараад дууссан…” /3-р хх-ийн 74-75, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

  • Өргөдөл /3-р хх-ийн 32-33/,
  • Түрээсийн гэрээний хуулбар /хх-ийн 36/,
  • Итгэмжлэл /3-р хх-ийн 34/,
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 145/ зэрэг болно.

 

2. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 13-598 тоот хашаанаас иргэн Б.З-аас нийт 530 ширхэг барилгын тулаас төмөр түрээслэх нэрийдлээр залилсан үйлдлийн хувьд:

Хохирогч Б.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр над руу 99051389 дугаарын утаснаас Б гэх залуу залгаад “зарын дагуу ярьж байна, таны барилгын тулаас төмрийг түрээслэнэ” гээд ярьсан. Би тухайн үед хөдөө явж байсан болохоор эхнэр Мөнхцэцэг рүү утсаар яриад “Ж-ы хашаанд байгаа барилгын тулаас төмрийг нэг залуу очихоор нь өгөөд явуулчих” гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 13-598 тоотод манай найзын хашаанаас 100 ширхэг барилгын тулаас төмрийг ачиж авч явсан байсан. Үлдсэн 430 ширхэгийг нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Асгатын 6-297 тоотод суух Г-ийн хашаанаас ачиж явуулсан. 12 дугаар хорооны хашаанаас эхнэр тоолж ачуулсан. ...Тулаас төмрөө нэг ширхэгийг өдрийн 50 төгрөгөөр 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай бичгээр түрээсийн гэрээ хийсэн. Аман гэрээгээр бол 04 дүгээр сарын 20-ны үед өгнө гэж тохирсон. ...Гэрээгээ 2015 оны 12 дугаар сарын дундуур Тэнгис кино театр дотор байдаг пабд уулзаад хийсэн. ...Надад өөрийгөө “Эв эе” ХХК-ийн менежер ажилтай гэж танилцуулсан, манай компанийн санхүүжилт зогссон, санхүүжилт орж ирэхээр мөнгө төгрөгөө өгье гэж ярьсан. ...Б-ийг би огт танидаггүй, урьд нь харж байгаагүй. Тэгэхэд сапуд төмөр түрээслэе гэж утсаар яриад байсан. Хөдөө ажилтай явж байсан ба гуйгаад байхаар нь итгээд хотод байгаа хүмүүсээ уулзаад өгчих гээд өгчихсөн юм. Тэгээд хохирсон.” /2-р хх-ийн ­24-26, 5-р хх-ийн 16/ гэсэн,

 

Гэрч Б.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 10 дугаар сарын орчим барилгын тулаас төмрийг авч ирж буулгасан, хэдэн ширхэг төмөр байсныг би санахгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр З- над руу яриад танай хашаанд байгаа төмрийг авах хэрэгтэй байна байгаа юу гэхээр нь хүн байгаа очоод ав гэж хэлсэн юм. Би тухайн үед гэртээ байгаагүй...” /хх-ийн 26/ гэсэн,

 

Гэрч Г.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 11 дүгээр сраын 06, эсхүл 07-ны өдөр манай найз З- өөрийн 99069417 дугаараас залгаад “танай хашаанд хүн очно тэгэхээр хашаандаа байгаа барилгын сапуд төмрийг өгөөд явуулчих” гэсэн. Тэгээд гэртээ байж байхад Б гэх залуу над руу залгаад “Золоотой ярьсан хүн байна” гэж хэлэхээр нь би хаягаа зааж өгөөд манай хашаанд тэр залуу хоёр ачигч залуутай ирээд хашаанд байсан 430 сапуд төмрийг ачаад явсан...” /хх-ийн 27/ гэсэн,

 

 Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгаж ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр интернэт зар дээрээс “сапуд төмөр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу Золоо гэх хүнтэй ярьсан. Уг хүнтэй утсаар яриад тэр хүнээс сапуд төмөр түрээслэж авахаар болсон. Золоо гэх хүн өөрөө Улаанбаатар хотод байхгүй, хөдөө ажлаар явж байна гээд надад эхнэрийнхээ утсыг надад өгсөн. Би эхнэртэй нь утсаар ярьж байгаад хаягийг нь заалгуулаад очиж авсан, би хаягийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. ...Гэхдээ миний сапуд төмөр очиж авсан газар нь дэнжийн 1000 гэх нэртэй газар байсан. Тэндээс очиж эхлээд 100 орчим сапуд төмөр авсан, үлдсэн 430 гаруйг Яармагаас очиж авсан. Би Золоо гэх хүнээс нийт 530 ширхэг сапуд төмөр авсан. Сапуд төмөр авахдаа хөлсний ачигч машинтай хүмүүстэй очиж авсан. Уг сапуд төмрийг би хаана буулгасанаа одоо санахгүй байна. Тухайн үед барилгын их олон ажил хийгээд, заримыг нь буцааж өгөөд, бусдыг нь шинээр авч яваад байсан болохоор санахгүй байна. ...Улаан өнгийн 44-48 улсын дугаартай Субару Форестер маркийн машинтай байсан. Уг машинаа 2015 оны 01 дүгээр сард зарчихсан. ...Би он сарыг нь санахгүй байна З-тай Тэнгис кино театрын дотор нь байдаг пабад уулзаад, гэрээ байгуулсан. Тухайн үед нотариатаар орж гэрээгээ батлуулаагүй. Би тухайн үед хувиараа ажил хийдэг байсан, З- гэх хүнд “Эв эе” ХХК-нд менежер ажил хийдэг гэж худлаа хэлсэн. ...Би ямар нөхцөлтэйгөөр хэдэн төгрөгөөр түрээслэж авсанаа санахгүй байна. Би З-тай уулзаад “530 ширхэг сапуд төмрийг нь 2 сарын хугацаатайгаар түрээслүүлнэ, цаашлаад гэрээгээ сунгаад явна” гэж хэлж байсан. З-т би түрээсийн мөнгө гэж ойролцоогоор 1 сая гаруй төгрөг өгсөн шиг санаж байна. Би бэлэн мөнгөөр нь бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо машин дотор өгсөн. ...Би интернет зар харж байгаад сапуд төмөр авна гэсэн хүнд 1 ширхэгийг 15,000 төгрөгөөр бодож нийт 530 ширхэгийг 7,950,000 төгрөгөөр зарсан. Би хоёр эрэгтэй хүнд зарсан, утасны дугаарыг нь мэдэхгүй...” /2-р хх-ийн 89-91, 4-р хх-ийн 116-117, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /2-р хх-ийн 15/,

- Түрээсийн гэрээ /2-р хх-ийн 21/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 142/ зэрэг болно.

 

3. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон Баян дөхөмийн 25-8 тоотод байрлах “Анарсан” ХХК-ийн Аж ахуйн хашаанаас барилгын тулаас төмөр түрээслэх нэрийдлээр залилсан үйлдлийн хувьд:

Хохирогч Ц.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 11 дүгээр сард Б гэж залуу “Эв Эе” ХХК-аас төлөөлөн ирж уулзаад “манайх Багануур, Батсүмбэрт настангуудын сангийн аж ахуй барьж байгаа, тэнд сапуд төмрүүдийг чинь түрээсээр ашиглах гэсэн юм, түрээсийн мөнгөө удахгүй өгнө, сангийн яаманд тендерийн мөнгө хөөцөлдөж байгаа, мөнгө орохоор танд өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гадуур барилгын ажил хэцүү байгаа, энд тэнд мөнгө гацсан асуудал их гарч байгаа, чи надаас ийм их хэмжээний зүйл авч явж байгаа болохоор мөнгөө хурдан өгөөрэй” гэхэд түрээсийн гэрээ 3 сарын хугацаатай  хийгээд гарын үсэг зураад, манай төмрүүдийг ачсан. Нийтдээ 7 удаагийн ачилтаар 2626 ширхэг сапуд төмөр авсан. Авч явсанаас нь хойш мөнгөө нэхэж залгахад “мөнгө орж ирэхгүй байна, Сангийн яаманд гацаад байна, удахгүй өгнө” гэж хэлж байгаад, сүүлдээ “яах гэж залгаад, мессеж бичээд байгаа юм, би амарч байна, лагер дээр байна, гэртээ байна, ирээд уулзахгүй юу” гэх мэтээр өөдөөс загинаж зандарч эхэлсэн. Тэгсэн мөртлөө гэрийн хаягаа зааж өгөхгүй зугтаагаад байсан. Ингэж явсаар 2015 оны 04 дүгээр сард манай төмрүүдийг ачиж явсан ачааны машины жолооч У- гэж хүн манай компани дээр ирээд “та Б гэж хүнтэй ямар холбоотой вэ, танай компаний эзэмшигч юм уу” гэхээр нь “ямар учиртай хүн бэ, Б манайхаас луйвар хийгээд алга болсон, чи хамсаатан нь юм уу” гэхэд “эгчээ уучлаарай, би машин зарсан мөнгөөрөө өөр машин авах гэж байхад Б машин авч өгнө гэхээр нь бүх мөнгөө өгөөд алдчихлаа” гэж хэлсэн. Мөн түүнээс гадна Б нь У-ыг нэг ресторанд дагуулж ороод энэ манай ресторан гэж хэлсэн боловч тэр нь өөрийн нь ресторан биш байсан бөгөөд “манай төмрүүдийг өөрийнх нь эзэмшлийн сапуд төмөр байгаа юм” гэж хэлээд зарсан байсан. Ингээд У- нь Б-т залилуулсанаа мэдээд надтай ирж уулзсан байсан. Б анх манайхаас сапуд төмрийг ачиж авахдаа У-ын машиныг хөлсөлж авсан гэсэн. Б нь хоёр барилга дээр манай төмрийг ашиглана гэж авч явсан боловч авч явсан өдрөө Дэнжийн 1000, Улиастайн төмөр авдаг цэгүүд дээр зарсан болохыг У- жолооч гэрчилсэн. Би У-ыг дагуулаад манай төмрүүдийг буулгасан газар нь очиход нэг залуу “ямар хүмүүс амьдарч байсныг мэдэхгүй байна, их олон хүн асууж ирж байна” гэж хэлсэн. У- болон манай инженер Ч- бид гурав Б-ийн хойноос маш их хөөцөлдөж явсан боловч олж чадаагүй. ...Би ...Б-т гэрээгээр халхавчлуулан залилуулан өөрт байсан хөрөнгөө өгч алдаж түүнээс хойш ажил хийж чадалгүй өдийг хүргэсэн. Энэ хугацаанд бие өвдөж эмнэлгээр олон удаа явсан. Тухайн үеийн ханшаар 88.490.400 төгрөгийн барилгын тулаас төмөр, цоо шинэ нэг ч ашиглаагүй труба зэргийг өгч залилуулсан. Одоо энэ мөнгөөр дээрх эд зүйлсийг авч болохгүй, хүрэхгүй болсон. Иймд Б-т маш их гомдолтой байна. Миний хувьд дээрх хүнд залилуулснаас хойш ажил зогсож амьдрал хүнд байна. Би Б гэдэг хүнийг танидаггүй байсан. Тухайн үед манай компани нь барилгын ажил эрхлэх зөвшөөрөл бүхий компаниудад сапуд төмөр түрээслэдэг байсан. Тэр үед Б гэдэг хүн нь тэр үед Хаммер жийп машин унаж ирээд зээл авсан. Манайх уг нь урьдчилгаа авдаг. Тэгэхэд Б нь “та итгэхгүй бол манай барилга дээр очоод үз” гэж хэлээд сапуд төмөр зээлээр аваад явсан. ...Б нь манайд ирэхдээ бор ногоон өнгийн Хамер жийп унасан байсан. Дараа нь сапуд түрээслэхдээ 2  ачааны машинтай ирж авсан. Уг ачааны машинуудаар нийт дөрвөн удаа 8 машин сапуд төмөр, труба ачиж авч явсан. Б өөрөө ганцаараа ирдэг байсан. Бичгээр гэрээ хийхдээ иргэний үнэмлэхийг нь үндэслээд гэрээ хийсэн. Энэ гэрээгээ хэрэгт хавсаргасан байгаа...” /1-р хх-ийн 9-10, 4-р хх-ийн 9/ гэсэн,

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Эв эе” ХХК-ийн төлөөлөл гэх Б гэж залуу манай компани дээр ирж уулзаад “Батсүмбэр, Багануур хоёр газар настангуудын барилга барьж, буян хийж байгаа сапуд төмөр хэрэгтэй байна, манай ээж музейд нягтлан ажилтай, манайх Зайсанд байдаг” гэхээр нь эгч нь “сайн мэдэхгүй, манай захиралтай уулз” гээд захирал С-тэй уулзуулсан. Ингээд хоорондоо ярилцаж тохиролцоод 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж Б ачааны машин хөлсөлж манай сапуд төмрүүдийг ачиж явсан. Манай журманд эхлээд 1 сарын түрээсийн мөнгө авч байж төмрүүдийг өгч явуулдаг боловч Б нь “Сангийн яаманд тендерийн мөнгө хөөцөлдөж байгаа, удахгүй санхүүжилт орж ирээд танай мөнгийг өгнө” гэж хэлээд төмрүүдийг авч явсан. Бид мөнгөө асууж залгахад эхлээд 500,000 төгрөг дансанд хийгээд, дараа 326,000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь захиралд 500,000 төгрөг өгсөн байсан. Бид удаа дараа үлдсэн мөнгөө асууж залгахад “өнөөдөр өгнө, маргааш өгнө, Хятадуудтай уулзалттай байна” гэх мэтээр аргацааж, худлаа ярьж сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Захирал бид хоёр аргаа бараад сүүлдээ Б-иас “бид гэрээний нөхцөлөө хөнгөлье, төлбөр тооцооны асуудлаа багасгая, чи хамгийн гол нь манай төмрүүдийг бүрэн бүтэн буцааж өгөөрэй” гэж гуйхад “тэгнэ ээ, барилга дээр ашиглаж байгаа, ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Сургийг нь сонсоод байхад Зайсанд амьдардаггүй, төлбөрийн чадваргүй, Багануур, Батсүмбэрт барилга бариагүй болж таарсан. Манайхаас төмөр ачиж авч явсан өдрөө “Дэнжийн 1000-д төмөр авдаг хүнд зарсан” гэж машиных нь жолооч хэлсэн. Тэр жолооч нарт манай төмрүүдийг өөрийн эзэмшлийнх гэж ойлгуулсан. ...Манай компанийн зүгээс захирал С- нөгөө талаас Б барилгын тулаас төмөр 2626 ширхэг, 6 метрийн урттай труба төмөр 300 ширхэгийг өгсөн. Б барилгын тулаас төмөр 2626 ширхэг, 6 метрийн урттай труба төмөр 300 ширхэгийг авч явахдаа өөрөө хаммер маркийн 66-04 УНВ улсын дугаартай саарал өнгийн автомашинтай ирдэг байсан, араасаа ачаа ачуулах ачааны том машинуудыг грушик, туслах ажилчдын хамт авч ирээд ачиж авч явсан. Нийт долоон машины тэвш дүүрэн төмөр ачсан байсан. Авч явсан төмөрнүүдээс нэгийг нь ч авчирч өгөөгүй, залилж алга болсон. ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гацуурт тосгон Баяндөхөмийн 25-08 тоот хашаа буюу “Анар сан” ХХК-ийн аж ахуйн хашаанас ачиж авч явсан. 2014 оны 11 дүгээр сарын 03-нд Солонгос шинэ цайран сапуд 274 ширхэг, 2014 оны 12 дугаар сарын 01-нд Солонгос шинэ цайран сапуд 888 ширхэг, 2014 оны 12 дугаар сарын 25-нд 3,5 метртэй хар сапуд 429 ширхэг, 2014 оны 12 дугаар сарын 25-нд 5 метртэй хар сапуд 92 ширхэг, 2014 оны 12 дугаар сарын 27-нд 6 метр урттай шинэ труба 300 ширхэг зэргийг ачиж авч явсан. Би авах болгонд нь хажууд нь хамт байгаагүй. Манай нярав ажилтай О- хамт байж тоолж өгсөн. О- зарлагын баримт үйлдэж, Барсууриар гарын үсэг зуруулж авсан байсан...” /1-р хх-ийн 11, 5-р хх-ийн 43-44/ гэсэн,

 

Гэрч В.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 11 дүгээр сарын эхээр Б гэж залуу манай захирал, нягтлан бодогч нартай ярьж тохиролцож гэрээ хийсний үндсэн дээр манай сапуд төмрүүдийг түрээслэхээр болоод ачааны машинтай аж ахуйн хашаанд ирж ачсан. Тухайн үед Б нь Батсүмбэрийн ахмадуудын өргөтгөлийг барьж өгч буян болж байгаа, дээрээс нь Багануурт бас нэг барилга барьж байгаа гэж хэлж байсан боловч сүүлдээ мөнгө өгөхгүй зугтаагаад алга болохоор нь би 3 дугаар сараас эхлээд араас нь хөөцөлдөж эхэлсэн. Тэгэхэд анх хөлсөлсөн ачааны машины жолооч болох У-ын машин зарсан мөнгийг нь бас залилан мэхлээд алга болсон гээд У- гэгч залуу манай компани дээр ирж уулзсан. Юу болсон яасан талаар асуухад Б нь манайхаас сапуд төмрүүдийг түрээсийн гэрээгээр халхавчлан авч яваад тэр өдрөө төмөр авдаг газарт буулгаж зарсан байна. Ачааны машины жолооч нарт болохоор өөрийнх нь хөрөнгө юм шиг ойлгуулсан байсан. Тэгээд би У- жолоочийн хамт манай сапуд төмрүүдийг буулгасан гэх газруудаар нь дагуулж явахад Хужирбулан болон Дэнжийн 1000-ын төмөр авдаг цэгүүдэд 2, 2 удаа буулгасан байсан. Гэхдээ төмөр авдаг хүмүүс нь тодорхой мэдээлэл өгөхгүй байсан. Харахад манай сапуд төмөрнүүд байхгүй байсан. Харин Хужирбулангийн төмрийн цэгт манай сапуднуудын хуучин хэдэн сапудтай төстэй хэдэн ширхэг үлдсэн байсан. Б нь Батсүмбэр, Багануурт барилга барьдаггүй болж таарсан, анхнаасаа манайхаас түрээслэнэ гэж итгэл олж аваад, тэр даруйдаа төмрийн цэгт аваачиж зарсан нь залилан мэхэлсэн гэдгийг тодорхой болгож байгаа юм...” /1-р хх-ийн 12/ гэсэн,

 

Гэрч Ө.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Анар Сан” ХХК-ийн ерөнхий захирал С-, иргэн Н.Б гэдэг хүнтэй тоног төхөөрөмж түрээслэх гэрээ хийсэн. Тухайн гэрээг үндэслэн, захирал С-ийн үүрэг болгосоноор би гэрээнд тусгасан барилгын тулаас төмөр, труба зэргийг Н.Б гэдэг хүнд тоолж зарлагын баримт үйлдэн хүлээлгэж өгсөн. Тухайн гэрээнд Н.Б-т өгөхөөр:

 - 2014 оны 11 дүгээр сарын 3-нд Солонгос шинэ цайран сапуд 274 ширхэг,

- 2014 оны 12 дугаар сарын 01-нд Солонгос шинэ цайран сапуд 868 ширхэг,

- 2014 оны 12 дугаар сарын 25-нд 3,5 метртэй хар сапуд 429 ширхэг,

- 2014 оны 12 дугаар сарын 25-нд 5 метртэй хар сапуд 762 ширхэг,

- 2014 оны 12 дугаар сарын 27-нд 5 метртэй сапуд 201 ширхэг,

- 2014 оны 12 дугаар сарын 27-нд 3,5 метртэй сапуд 92 ширхэг,

- 2014 оны 12 дугаар сарын 27-нд 6 метр урттай шинэ труба 300 ширхэг, нийт 2626 ширхэг сапуд, 300 ширхэг труба зэргийг өгсөн байсан. Б-т дээрх сапуд, труба зэргийг хүлээлгэж өгөөд зарлагын баримт үйлдэж гарын үсэг зуруулсан, баримтуудыг өгсөн. Мөн гэрээний арын хуудсан дээр захирал өөрөө бичээд ар талд нь Н.Б-иар гарын үсэг зуруулсан байна. Дээрх сапуд, труба төмрүүдийг Н.Б нь нийт дөрвөн удаа ирж ачиж явсан. Дөрвөн удаа ирэхдээ хоёр нь нэг машин биш хоёр машин дагуулж ирээд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон Баяндөхөмийн 25-08 тоотод байрлах “Анар Сан” ХХК-ийн хашаанаас ачаад явсан. Эргүүлж нэг ч төмөр авчирч өгөөгүй, гар утсаа салгаад алга болсон…” /5-р хх-ийн 45-46/ гэсэн,

 

Гэрч Д.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2014 оны 11 сар эсвэл 12 сар яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Хаммер маркийн саарал өнгийн машинтай нэг залуу ирээд, захиралтай уулзаад барилгын тулаас төмөр түрээслэж авахаар болсон гэсэн. Тэр залууг Б гэж байсан байх. ...Миний хувьд тэр залуутай харьцаж, үг сольж үзээгүй. Би тухайн үед ажиллаж байсан учир аж ахуйн хашаагаар орж гарч байхад Б гэх залуу өөрөө Хаммер жийптэйгээ ирээд араас нь ачааны машин дагаж орж ирээд, тэвшийг нь дүүрэхэд нь барилгын тулаас төмөр, сапуд ачаад авч явдаг байсан. Би баримт үйлдээгүй ч сайн санаж байна. Байнга л ирчихсэн зогсоод төмөр ачиж байдаг байсан. Тэр хашаанд хурааж, тарааж тавьсан ихэнх төмрийг Б гэх таваас зургаан удаа ирж машинаа дүүртэл нь ачиж авч  явсан. Хааяа хоёр машинаар зэрэг ачиж авч явж байхыг би харсан. Ачиж байгаа төмрийг нь би тоолоогүй. Сапуд буюу барилгын тулаас төмөр, труба төмөр зэргийг ачиж авч явсан…” /5-р хх-ийн 47-48/ гэсэн,

 

Гэрч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 11 дүгээр сард ...том хашаанд орж барилгын тулаас төмөр тэвшийг нь дүүртэл ачсан. ...Өдөржин ачиж орой болж байхад хоёр машины тэвш дүүрээд Дэнжийн 1000-д нэг айлын хашаанд буулгасан. ...Тухайн үед хаммер жийптэй 30 орчим насны залуу түрээслэж байгаа, 50 орчим настай эмэгтэй түрээслүүлж байгаа гээд тоолж ачуулаад байсан...” /5-р хх-ийн 41-42/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…“Анар сан” ХХК-ийн захирлаас барилгын тулаас төмөр авсан нь үнэн, ойролцоогоор 1000 гаруй ширхэг тулаас төмөр, труба авсан хятад солонгос хольж авсан, сэжигтнээр тооцох тогтоолын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх авсан төмрүүдийг Амгаланд зарсан труба болон хятад сапудыг зарсан. Харин Солонгос сапудыг интернетээр танилцсан хүнд 40 гаран сая төгрөгөөр зарсан, мөнгөнөөсөө сапудын түрээс гэж “Анарсан” компаний нягтлан гэж нэг эмэгтэйд 2 сая орчим төргөрөөр бэлнээр өгсөн. Үлдсэнийг нь урьд байсан өр болон бусад зүйлд үрээд дуусгасан. ...У-аас авсан машины мөнгөөр 2014 онд байх гранд марк-2 машин аваад нэг жил унаад дахиад тэр машинаа зарсан. Үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан...” /2-р хх-ийн 1-2, 4-р хх-ийн 26-27, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

-  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/,

- Өргөдөл /1-р хх-ийн 4-5/,

- Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ /1-р хх-ийн 24-27/,

- Зарлагын баримтын хуулбарууд /1-р хх-ийн 28-31/,

- Гэрэл зургууд /5-р хх-ийн 65-86/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 180/ зэрэг болно.

 

4. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд иргэн Т.У-т машин авч өгөх нэрийдлээр 23,000,000 төгрөг залилсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Т.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 12 дугаар сард Б гэдэг хүн надаар крантай машинаар юм ачуулна гэж ирж уулзаад би өөрийн 80-78 дугаартай Мицубиши фусо кранаар барилгын сапуд төмрийг нь ачиж өгсөн. Надад ярихдаа ...би барилгын сапуд түрээслэдэг, зардаг, ийм үйл ажиллагаа эрхэлдэг гэж танилцаад, Гачууртад барилгын аж ахуйн хашаанаас сапуд ачуулаад тэрийгээ Дэнжийн 1000-д буулгуулсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 12 дугаар сарын 27, 28-нд над руу Б яриад ...“Гачууртын барилгын хашаанд хүрээд ир” гэсэн. Би тэр хашааг Б-ийн өөрийнх нь хашаа гэж ойлгож байсан юм. Тэгээд хашаанд явж очоод барилгын гадна хамгаалалтын труба ачсан. Трубаг Хужирбуланд буулгуулсан. Б ярихдаа ...“дүүд нь крантай машины ажил их гардаг, одоо өвөл болж байгаа юм чинь нэг их гарахгүй, хавраас их гарна, тань руу ярина шүү” гээд салцгаасан. Тэгээд 2015 оны 03 дугаар сард над руу Б залгаад ...“ачаа ачуулья” гэхээр нь “ах нь машинаа зарчихсан байгаа, би танидаг мэддэг хүн рүү яриад ажлыг чинь хийлгүүлж өгье” гээд крантай хүний утасны дугаарыг өгөөд, “удахгүй ах нь машин авчих байхаа, ажил гарвал хэлээрэй гэж хэлсэн”, тэгэхэд дахиад хэд хоногийн дараа Б над руу залгаад “та машинаа аваа юу гэхээр нь аваагүй байна, боломжийн юм таарахгүй байна гэсэн чинь дүүд нь энэ зун Багануураас барилгын материал зөөж буулгах ажил их байна, одоо ингээд ажил эхэлж байна, та даруйхан машинаа аваарай, яг тань шиг найдвартай хүн олдохгүй ачаа ачуулахаар дутаагаад байна” гэж хэлсэн. Тэгээд “манай найз Японд байгаа би найзаараа дамжуулаад таниас нэг ч төгрөгийн ашиг харахгүйгээр машин оруулж авчирч өгье, та ер нь надтай ирээд уулзаадхаач” гэхээр нь 04 дүгээр сарын 18, 19-ний хавьцаа Б-тай Бөхийн өргөөний автобусны буудал дээр уулзаад урагшаа алхаад Баянзүрх-2 худалдааны төв дээр очоод 1, 2 давхарыг эзэлсэн том интернет кафед орсон ба Б “би энийг найзтайгаа нийлээд түрээслэж ажиллуулж байгаа, барилгын ажил улирлын чанартай болохоор өвөл нь ажилгүй болчихоод иймэрхүү юм хийж байна” гэсэн. Тэгээд тэнд “Япон машин зарна” гэсэн сайт руу ороод, бид хоёр машин үзсэн. Нилээн үзэж байгаад “Хино маркийн крантай ачааны машиныг болмоор юм байна” гээд Б найз руугаа яриад энэ машиныг очоод үзээдэх гэж хэлье гээд салсан. Тэгээд 04 дүгээр сарын 22-нд Б над руу яриад “Нөгөө машиныг чинь найз маань үзсэн байна, боломжийн машин байна гэж байна, ямар ч ашиг харахгүйгээр 29,000,000 төгрөгөнд багтаж орж ирэх юм байна, дүү нь өөрийнхөө мөнгөөр авчруулаад танд өгье” гэсэн чинь “надад мөнгөний асуудал гараад арай болохгүй байна, та нэг ирээд уулзаадхаач” гэхээр нь Баянзүрх 2 худалдааны төвийн интернет кафе дээр очиж Б-тай уулзаад дахиж нөгөө машин тэргээ интернетээр үзээд яг “29,000,000 төгрөгөнд орж ирэх юм байна ахаа, дүү нь өөрийнхөө мөнгөөр авчируулаад машин ирэхээр нь мөнгөө авчихья гэсэн чинь болохгүй байна, та 23,000,000 төгрөгийг нь өгөөд би 6 сая төгрөгийг нэмээд явуулчихья даруйхан мөнгөө явуулахгүй бол найз маань наашаа буцах гээд байна, та 23,000,000 төгрөг өгчихвөл бүх юм болох гээд байна гэхээр нь “чамд данс байгаа юу, данс руу чинь хийчихье” гэсэн чинь дансаар хийчихээд нотариатаар орох гэхээр бөөн ажил болдог юм, хоёулаа бэлнээр нь нотариатын хажууд хүлээлцье тэр нь амар байдаг юм гэхээр нь Сансарын Баянцээлээс дээшээ байдаг Хас банкнаас өөрийн данснаасаа 23,000,000 төгрөг аваад Б-иас “одоо хоёулаа ямар гэрээ хийх юм бэ, худалдан авах гэрээ хийх юм уу” гэж асуусан чинь тийм гэрээг нотариатынхан ойлгохгүй, бөөн асуудал болно, зүгээр зээлийн гэрээ хийсэн нь амар, таны машин тэртэй тэргүй хугацаандаа хүрээд ирнэ, ирэхээр нь гэрээгээ цуцлаад та машинаа авна” гээд Хас банкны урд талд байдаг нотариат руу ороод зээлийн гэрээ хийгээд Б-т 23,000,000 сая төгрөг өгсөн. Б мөнгөө авчихаад нэмж 6 сая төгрөг авахаар Баянцээлийн Голомт банк ороод жолооны үнэмлэх шиг үнэмлэх гаргаад “мөнгө авья” гэхэд банкны ажилтан “иргэний үнэмлэх юм уу, гадаад паспорт байж мөнгө авна, энэ үнэмлэхээр болохгүй” гээд мөнгөө аваагүй. Б “дүү нь гадаад паспортоо авчирч байгаад өнөөдөртөө багтаагаад 6 сая төгрөг аваад найз руугаа явуулна, манай найз 2 хоногоос хэтрэхгүй ирнэ, ирэхдээ машины дэлгэрэнгүй зураг мэдээлэлтэй ирнэ, тань руу яриад дуудаж уулзана” гэсэн. Маргааш нь залгахад “найз ирээгүй байна, ирэхээр нь ярья” гэхэд манай эхнэр уурлаад байна, чи уулзаад баталгаа гаргаад өгчихөөч тэгэхгүй бол болохгүй байна гэсэн чинь “тэгье, одоохондоо би ажилтай байна, завтай болохоороо ярья” гэсэн боловч ярихгүй байхаар нь оройхон дахиж залгаад эхнэрийгээ яриулсан чинь буяны ажил гарчихлаа” гэхээр нь энэ ер нь худлаа яриад байна гэж бодоод маргааш нь Баянзүрх-2 худалдааны төвийн интернет кафе дээр очоод Б-ийг асуухад “танидаг хүн байхгүй, тийм хүнийг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд Гачууртын аж ахуйн хашаа руу очиж Б-ийг асуусан чинь Барилгын компанийн захирал нь байсан ба тэр хүн чинь манайхаас 100 сая төгрөгний сапуд, турба авч яваад алга болсон, байхгүй, чи ачаад аваад явсан мэдэж байгаа биз дээ гэхээр нь би үнэн учраа хэлсэн. ...Тухайн үед крантай машинаар амьдралаа залгуулан амьдарч байгаад Б гэдэг хүн нь намайг итгүүлэн миний хуучин машины зарсан мөнгийг дахин өөр машин авах гэж байх үед намайг мөнгөтэй гэдгийг мэдэж хуурч мэхлэн одоог хүртэл залилан амьдрал ахуйг минь бодохгүй байна. Би одоо ажилгүй, машингүй ам бүл дөрвүүлээ маш хүнд байна...” /1-р хх-ийн 235, 4-р хх-ийн 8, 5-р хх-ийн 17-18 / гэсэн,

 

Гэрч С.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр У- крантай машин захиж авчруулах гээд 23,000,000 төгрөгөө Б гэдэг хүнд өгсөн. Тэгээд өгсөн өдрийнхөө орой нь Б гэдэг хүн рүү манай нөхөр залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан. Маргааш нь бас нилээд хэд залгасны дараа холбогдоод би өөрөө тэр Б гэдэг залуутай ярьсан. Тэр залуутай ярихдаа “би У-ын эхнэр нь байна, манай нөхөр бэлэн мөнгөөр нь машин авах юм байх гэсэн чинь чамд өгсөн байна” гэсэн чинь “Тиймээ эгчээ найдвартай, би мөнгийг нь Япон руу шилжүүлчихсэн, банкинд хийсэн гэхээр нь эгчийнх нь сэтгэл зовоод байна, шилжүүлсэн юм бол мөнгө тушаасан банкны хуулгыг үзье” гэсэн чинь орой уулзана гээд утсаа хаагаад алга болчихсон...” /хх-ийн 34-35/ гэсэн,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, “Баянзүрх-2” худалдааны төв дотор танил Т.У-тай уулзаж, машин авч өгнө гэж хэлээд 23,000,000 төгрөгийг нь аваад буцааж өгөөгүй...” /7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

- Зээлийн гэрээ /1-р хх-ийн 59/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 100-101/,

- Ариг банк лавлагааны хариу /1-р хх-ийн 103/,

- Дансны мэдээлэл /1-р хх-ийн 106-116/ зэрэг болно.

 

5. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.З-тай түүний Субару Форестор загварын автомашиныг өөрийн унаж явсан “Тайкун” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй Тоёота Марк II загварын автомашинаар солихоор тохиролцон авч явсан боловч уг автомашиныг Э.З-ын нэр дээр шилжүүлээгүй залилсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Э.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Миний бие өөрийн 55-95 УНТ улсын дугаартай Субару Форестор маркийн машиныг 2015 оны 05 дугаар сарын дундуур зарах буюу өөр машинаар солих зарыг интернэтэд тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа “Гранд марк-2 маркийн машин байна, үүгээр хоёулаа чиний машиныг тулах уу” гэж асуухаар нь “болох юм, гэхдээ хоёулаа уулзаж байгаад чиний машиныг үзье, хэрэв тохирвол сольсон ч яахав” гэж хэлсэн ба утсаар ярилцаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хороо, ОХУ-ын элчин сайдын яамны ертөнцийн зүгээр баруун талын зам дээр уулзахад Б гэх залуу 09-65 УНВ улсын дугаартай Тоёота гранд марк 2 машинтай ирсэн. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ машиныг үзэж байгаад хоорондоо солилцохоор болсон. Гэхдээ солилцохдоо би машин дээрээ 1,000,000 сая төгрөгийг Б-т өгч, машинуудынхаа нэрнүүдийг өөр өөр дээрээ шилжүүлж авахаар болсон, би тэр Тоёота гранд марк 2-ийг өөрийн нэр дээр шилжүүлж авсаны дараа 1,000,000 төгрөг өгөхөөр болсон. Тэр үед Б надад тус машин нь “Тайкун” ББСБ нэр дээр байгаа, чамаас авсан машин Субару Форестор машинаа зөрүүлээд “Тайкун” ББСБ нэр дээр зээлэнд тавиад, Гранд марк 2-ыг зээлээс нь чөлөөлөөд, чиний нэр дээр шилжүүлээд өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за өнөө маргаашгүй юм бол болох юм байна” гэж бодоод тэр дороо хажууд байсан нотариатын газар ороод ...Гранд марк 2 маркийн машиныг надад шилжүүлж өгнө гэж хэлээд Субару Форестер маркийн машиныг унаад явцгаасан. Тэгээд маргааш нь холбогдоход “удахгүй бүтэх гэж байна, би хөдөө байна, хэд хоногоос хот руу орлоо” гэх мэтээр хэлсээр хэсэг хугацаа өнгөрсөн ба надаас авах ёстой 1,000,000 төгрөгөөс мөнгө хэрэг болоод байна, нөгөө мөнгөнөөс урьдчилаад өгч байгаач гэж хэлээд 300,000 төгрөгийг нэг данс руу шилжүүлэн авсан юм. Тэгээд надад нөгөө Тайкун ББСБ-аас авсан зээлээсээ Гранд марк 2 маркийн машинаа чөлөөж өгөхгүй байсаар өдрийг хүргэсэн бөгөөд тэр өдөр Тайкун ББСБ-аас зээлийн эдийн засагч гэх хүн надтай хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн гадаа таараад “энэ машиныг Н.Б гэх хүн манайд барьцаалан зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй байгаа учраас энэ машиныг хурааж авлаа” гэж хэлээд миний машиныг хураагаад авчихсан юм. Тэгэхээр нь би Б руу яриад энэ асуудлын талаар хэлэх гэхэд утас нь холбогдохгүй, гэрийн хаягаар нь очоод үзэхээр нь тэнд Б гэж хүн амьдардаггүй гээд надад олдохоо больсон. Тэгээд би Фэйсбүүк хаягаар нь юм бичихээр хариу өгөхгүй байж байгаад “би хөдөө байна, хотод 7 хоногийн дараа очно тэгэхээрээ очоод зээлийг чөлөөлөөд машиныг чинь шилжүүлээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш 10 гаруй хоног өнгөрсөн ч ирээгүй, дахин холбогдоогүй ор сураггүй алга болчихсон юм. Тэгээд хэд хоногийн дараахан би өөрийн Субару форестер маркийн машинаа хаана байгааг олчихвол Б-ийг олчих байх гэж бодоод өөрийн машинаа фэйсбүүкээр хайхад миний машиныг Өмнөговь аймагт явж байсныг харсан байсан. Мөн манай ах Золхүү нь Яармагийн зам дээр явж байгаад Субару Форестер маркийн машиныг харсан бөгөөд очиж зогсоогоод уулзахад Б- гэх хүн байсан бөгөөд тэр хүн Б-иас тухайн машиныг худалдан авсан гэж хэлсэн байсан юм...” /6-р хх-ийн 16-17/ гэсэн,

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод ирээд автомашин худалдан авахаар Да-Хүрээ захын хуучин машин зардаг хэсгээр машин үзээд явж байхад энэ 55-95 УНТ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Субару форестор маркийн машиныг зарна гээд хоёр залуу зогсож байсан. Тэгээд тэр машиныг үзээд сонирхож байхад тэр залуучууд уг машиныг 9 сая төгрөгөөр зарна гэснийг би ярилцаж байгаад тухайн машиныг 8 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тэгээд тэр машиныг зарж байсан хоёр залуугийн нэгийг нь Б гэдэг байсан. Тэгээд тэр машиныг мөнгөө өгөөд шилжүүлж авах гэхэд уг машин “Бичил глобус” ББСБ-ын нэр дээр зээлийн барьцаанд байсан. Тэгэхээр нь би өгөх 8,000,000 төгрөгнөөсөө 3,000,000 төгрөгийг Бичил глобус ББСБ-д тушааж тухайн машиныг зээлээс нь чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд үлдсэн 5 сая төгрөгийг Б-т бэлнээр нь өгөөд тэр машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд би түүнээс хойш уг машиныг унаж хэрэглэж байгаа бөгөөд би хөдөө Өмнөговь аймагт байнгын байсан…” /6-р хх-ийн 18/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.З-тай түүний Субару Форестор загварын автомашиныг өөрийн унаж явсан Тайкун ББСБ-д бүртгэлтэй Тоёота Марк-2 загварын машинаар солихоор тохиролцож авч яваад нэрийг нь шилжүүлээгүй...” /7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,  

- Өргөдөл /6-р хх-ийн 2/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /6-р хх-ийн 21/,

- Автомашин худалдах худалдан авах гэрээ /6-р хх-ийн 23/ зэрэг болно.

 

6. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 26 дугаар байрны 8 давхарт иргэн Г.Х-ын Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн залилсан үйлдлийн хувьд:

Хохирогч Г.Х- мөрдөн шалгаж ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Би өөрийн хэрэглэж байсан хуучин Айфоне 6 маркийн гар утсаа зарж өөр утас авах санаатай Фэйсбүүк хаяг дээр зар тавьж байрлуулсан. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим миний утас руу 94735786 дугаарын утаснаас залгаад “чи гар утсаа авч ирээд үзүүлчих, би хөлөө хугалсан гарч чадахгүй байна” гээд “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хурд” хороололд хүрээд ир” гэж ярьсан. Би нэг цагийн дараа Хурд хороололд очиж залгахад “26 дугаар байрны 1 дүгээр орцны 8 давхарт гараад ир” гэхээр нь дээшээ гарахад нэг залуу баруун хөлөө гипсээр боосон, тамхи татаад зогсож байсан. Тэр залууд гар утсаа үзүүлэн 650,000 төгрөгөнд худалдаж авахаар тохироход “бэлэн мөнгө алга байна, чи миний картыг аваад АТМ-с мөнгө аваад хүрээд ир, би гэртээ ороод байж байя” гээд Худалдаа хөгжлийн банкны карт надад өгөхөөр нь хажуугийн Цэнгэлдэх супермаркет орж АТМ-д уншуулахад “пин код нь буруу байна” гээд картыг нь хураагаад авсан. Би гялс гарч гүйгээд буцаад ороход тэр залуу алга болсон байсан…” /3-р хх-ийн 152/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…2015 оны 12 дугаар сарын сүүлээр байх өөрийн олон фэйсбүүк хаягийн нэгээр нь юм үзэж байгаад зарын сайтанд “гар утас зарна” гэсэн зар тавьсан байсан. Ингээд зарын дагуу утсаар ярихад эрэгтэй хүн “Айфоне 6 маркийн гар утсаа 800,000 төгрөгөөр зарна” гэж сайтанд зар байршуулсан байсан. Би тухайн эрэгтэй хүний утас руу нь залгаад утсыг нь 800,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын байрны нэг орцонд очоод нөгөө утас зарна гэсэн хүн рүү залгаад байгаа газраа зааж өгсөн. Тухайн гар утас зарна гэсэн хүн нь намайг залгаснаас хойш 30-40 минутын дараа залгаад “Хурд хороололд ирсэн байна” гэхээр нь өөрийн хөлөө маарлаад боогоод ирж уулзахаар нь “гар утсыг нь үзээд би хөлөө гэмтээсэн учраас гадагшаа гарч чадахгүй байна, чи миний картыг аваад картнаас очоод мөнгө аваад ир” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуугийн гар утсыг нь авч үлдээд картаа өгч явуулчихаад тэндээс гарж гар утсыг нь 600,000 төгрөгөөр зарж борлуулсан. Би гар утас зарж борлуулсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан…” /3-х хх-ийн 136-137, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /3-р хх-ийн 138/,

- Зураг таньж олуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 144-145/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 177/ зэрэг болно.

 

7. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Оргил Стар” 58 дугаар байранд иргэн А.У-гийн Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн залилсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч А.У- мөрдөн шалгаж ажиллагын явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...манай ах Баяртогтох “гар утсаа Улаанбаатар хотод нэг хүнд зарчих, Фэйсбүүк хаягаар тохирсон байгаа” гэж хэлсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 94735784 гэсэн дугаар руу залгаад, Зайсангийн Оргил худалдааны төвийн эсрэг талын Оргил шилтгээн хотхон дээр уулзахаар болоод өдрийн 11 цагийн орчим очиход “58 дугаар байрны 1 дүгээр орцны 8 давхарт гараад ир” гэхээр нь дээш гарахад нэг залуу баруун хөлөө гипсээр боосон зогсож байсан. Миний зарах гэж байгаа гар тусыг үзээд “1,100,000 төгрөгөөр зарна” гэж тохироод тэр залуу надад бэлэн “100,000 төгрөг гэрт байгаа, миний хөл гипстэй гарч чадахгүй байна, чи Оргилын АТМ ороод миний гартнаас бэлэн 1,000,000 төгрөг аваад ир” гээд цэнхэр өнгийн Голомт банкны виза карт өгсөн ба “нууц дугаар нь сүүлийн 4 оронтой тоо, манайх 40 тоотод байдаг юм, гэртээ ороод гар утсыг чинь компьютерт шалгаад байж байя” гэж хэлээд картаа өгсөн. Би байрнаас гараад Оргил худалдааны төвийн АТМ-д картыг нь хийн пин кодыг нь хийсэн чинь буруу байсан хоёр удаа хийгээд буруу байхаар нь намайг залилаад авчихлаа гэж бодоод гарч гүйн нөгөө байрны 40 тоотод орж үзэхэд нэг хөгшин ах гарч ирээд манайд тийм хүн байхгүй гээд хаалга хаасан…” /3-р хх-ийн 149/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…2015 оны 12 дугаар сарын сүүлээр байх өөрийн олон фэйсбүүкийн хаягийн нэгээр нь юм үзэж байгаад зарын сайтанд гар утас зарна гэсэн зар тавьсан байсан. Ингээд зарын дагуу утсаар ярихад эмэгтэй хүн Ай-Фоне 6 маркийн гар утас зарна гэж хэлсэн. Тухайн эмэгтэйг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил Стар хотхон дээр өөрөө түрүүлж очиж байж байгаад нөгөө эмэгтэйг дуудаад байрны дугаарыг нь мэдэхгүй байна, 3-4 давхарт нь гарч зогсоод өөрийн хөлөө марлаар боосон. Тэгээд нөгөө утас зарах гэсэн эмэгтэй ирэхээр нь “хөлөө хугалсан учраас гадагшаа гарч чадахгүй байна, чи миний картыг авч гараад АТМ машинаас мөнгө аваад ир, би утсыг чинь үзээд байж байя” гээд гаргасан. Тэгээд гараад явах хооронд нь зугтаад, ...интернэт зар дээр тавиад 600,000 орчим төгрөгөөр зарж борлуулаад мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан байгаа…” /3-р хх-ийн 155, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /3-р хх-ийн 141/,

- Зураг таньж олуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 146-147/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 174/ зэрэг болно.

 

8. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скүэр” төвийн урд иргэн Б.З-тоос Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн тохиролцож, авсан утсаа Б.Ч-д 800,000 төгрөгөөр зарж залилсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Б.З-т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим өөрийн “АйФоне 6 эс” маркийн гар утсаа зарна гэж фэйсбүүкийн айфоне зарын группд зурагтай нь тавьсан. Тэгээд 16 цагийн үед миний Фэйсбүүк хаяг руу “эвэривэрэ, энивэрэ” /everywhere, anywhere/ гэдэг нэртэй фэйсбүүк хэрэглэгч үнийг асуухаар нь 900,000 төгрөгөөр зарна гэхэд тэр залуу надад “манай ажил дээр ирээд үзүүлээч, би өчигдөр утсаа хаясан дугаар утасгүй байгаа ирээд үзүүлэх боломж байна уу” гэсэн, тэгээд би тэр залууд утсаа үзүүлэхээр болоод Скайтел ХХК-ийн урд уулзахаар болсон. Бид хоёр 19 цагийн орчимд Скайтел ХХК-ийн урд миний машин дотор утсыг маань үзэж байгаад “чиний утсыг худалдаж авья Зайсан Скуэр худалдааны төв ороод надаас мөнгөө авчих” гэсэн тэгээд би машинтайгаа тэр залуугийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скуэр худалдааны төв дээр очоод тэр залуу “орж утсыг чинь найз охиндоо үзүүлээд мөнгийг чинь аваад гараад ирье” гээд өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн куртикээ машин дотор нь үлдээгээд буугаад явсан. ...Дараа цагдаа нар Б-ийг олсон гээд миний ай фон-6 эс маркийн гар утсыг Б.Ч- гэдэг хүнээс олж надад буцааж өгсөн. Тэр үед миний гар утасны дэлгэц хагарсан байсан. Би гар утасныхаа дэлгэцийг 350,000 төгрөгөөр өөрөө засаж янзлуулсан. Өөр зүйл байхгүй…” /3-р хх-ийн 96, 4-р хх-ийн 146-148/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 10 дугаар сард өөрийн Ай-Фоне 6 эс плас маркийн гар утсаа халааснаасаа хулгайд алдаад хэсэг хугацаанд утасгүй байж байгаад хоёр сарын өмнөөс аав ээж хоёроосоо утас авах гэж нэхээд ээж зөвшөөрч ээж надад 800,000 төгрөгөөр утас аваарай гээд надад бэлэн 800,000 төгрөг өгсөн. Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр оройн 20 цагийн орчим фэйсбүүкээр утас хайж байгаад “ай-фон зар” гэсэн группээс “Космус Мосмус гэдэг хаягтай хүн Ай Фоне 6 эс 900,000 төгрөгөөр зарна” гээд зар тавьсан байсан. Тэгээд би тэр хаяг руу өөрийн Б.Ч- гэдэг хаягнаас тэр хүн рүү чат бичээд 800,000 төгрөгөөр авахаар болоод Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 105 дугаар байрны нэгдүгээр давхарт ирж уулзсан. Тэгээд би тэр эрэгтэй хүнээс 21 цаг орчим саарал өнгийн хар дэлгэцтэй, Ай-Фоне 6 эс маркийн гар утсыг бэлэн 800,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо надад тэр хүнтэй бичсэн бүх зүйлс нь байгаа. Тэр хүнийг харвал танина. Намайг худалдаж авахад хайрцагнаас өөр дагалдах зүйл байхгүй байсан. Утас нь ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй дэлгэцний дээд талдаа хоёр жижиг сэвтэй, доод талдаа нэг жижиг сэвтэй, шилэн наалтгүй байсан. Дэлгэц нь засвар гарсан байсныг нь би 10,000 төгрөгөөр янзлуулсан. Одоо тэр утас дэлгэцний дээд талдаа хагарсан, дэлгэцний доод талдаа хагараад баруун доод хэсэг харалсан байгаа…” /3-р хх-ийн 100/ гэсэн,

 

Гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 105 дугаар байрны нэгдүгээр давхарт  Б.Ч-ий хамт 25-30 орчим насны юм шиг цагаан өнгийн нүдний шилтэй бага зэрэг сахалтай, хар өнгийн үүргэвчтэй, саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй залуу байсан. Би сайн мэдэхгүй манай охин Б.Ч- нь фэйсбүүкээр тэр залуутай харьцаж байгаад утас авах өгөх болсон байсан. Би тэр хүүхдээс “манай хүүхэд өмнө нь утас чинь хулгайн утас биш биз” гэж асуусан тэгэхэд тэр залуу бишээ ахаа гэж байсан. Тэгээд манай хүүхэд тэр утсыг нь үзэхэд ямар нэгэн код байхгүй, сим картаа хийж шалгасан хайрцаг саван дээр ИМЕЙ код нь таарч байсан болороор утсыг нь худалдаж авсан…” /3-р хх-ийн 102/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед интернэтээр юм үзэж байгаад фэйсбүүкээр “Ай-Фоне зарна” гэсэн зар байхаар нь тэр хүний хаяг руу “утсыг чинь үзье” гэсэн, тэгээд тэр залуугийн утсыг нь үзэхээр болоод “тэр залууг төв Скайтел ХХК дээр хүрээд ир утсыг чинь үзэж байгаад авья” гэсэн. Тэгээд тэр залуутай Скайтел ХХК-ийн үүдэнд машин дотор нь уулзаад утсыг нь үзэж байгаад “би утсыг чинь худалдаж авья, Зайсан скуэр ороод хүнээс мөнгө аваад өгье” гэж хэлээд дагуулж явсан. Тэгээд би тэр залуугийн машинтай Зайсан скуэр худалдааны төв дээр очоод тэр залууд “орж утсыг чинь найз охиндоо үзүүлээд, мөнгийг чинь аваад гараад ирье” гээд өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн куртикээ машин дотор нь үлдээгээд буугаад Зайсан Скуэр худалдааны төв рүү ороод шатаар нь доошоо буугаад автомашины гражаар нь гараад явсан. Тэгээд би үүднээс нь таксинд суугаад модны хоёр руу явсан…” /3-р хх-ийн 108, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд

- Хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 94

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 171/ зэрэг болно.

 

Хулгайлах гэмт хэргийн тухайд:

1. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Их бүрд” зочид буудалд үйлчлүүлж байсан, Д.У-ын өрөөнөөс Асеr  загварын зөөврийн компьютер хулгайлсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Д.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил хөөцөлдөх гээд Улаанбаатар хотод ирээд Чингэлтэй дүүргийг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их бүрд” нэртэй зочид буудалд орсон. Тэгээд намайг Улаанбаатар хотод ирсэнийг мэдээд манай найз нар болох Чинзориг, Жаргал, Бямбаа, Алтангэрэл, Батсоёл болон танихгүй хоёр хүн 11 цагийн үед өрөөнд ирээд, 5 шил 0,75 граммын Соёрхол нэртэй архи уугаад, орой 22 цагийн үед манай найз нар яваад, би найз нарыгаа гаргачихаад өрөөндөө унтсан. Тэгээд өглөө босч юм уучихаад хэвтэх гэхэд миний зөөврийн компьютерийн цэнэг нь дүүрчихсэн байхаар нь цэнэглэгчээ салгаж орхиод буцаж унтаад 08 цаг 30 минутад босоход өрөөний цонхны наад талын сандал дээр байсан зөөврийн компьютер алга болчихсон байхаар нь найз Амараагаа авсан байж магадгүй гэж бодоод Амараа руу залгаж асуухад “аваагүй” гэж хэлэхээр нь доошоо буугаад ресепшинтэй уулзаад, камерийн бичлэг шүүлгэх гэхэд болохгүй байгаа гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” /1-р хх-ийн 234-236/ гэсэн,

 

  Гэрч Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2015 оны 03 дугаар сараас хойш Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэсвгэрт Баянбүрдийн аюулгүйн тойргийн баруун хойд талд байрлах “Их бүрд”  нэртэй зочид буудалд ресепшнээр ажиллаж байгаа. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдөр 24 цагаар ажилласан. Намайг ажиллах хугацаанд өглөө 10 цагийн үед манай байгууллагаар үйлчлүүлж хоёр хоносон У- гэдэг хүн дотуур утсаар холбогдож “манай өрөөнөөс зөөврийн компьютер алдагдсан байна” гэхээр нь хяналтын камерийн бичлэгийг шүүлгэж үзэхэд манай зочид буудлаар өмнө нь хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан 25-28 оорчим насны  залуу 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед өрөөнөөсөө гарахдаа хохирогч гэх У-ын өрөө рүү орж зөөврийн компьютер аваад гарч яваа бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад өгсөн. Тухайн этгээдийг манайд хамгаалагчаар ажиллаж байсан Дорждэрэм хараад “надтай хамт 77 дугаар сургуульд сурч байсан манай сургуулийн хүүхэд байна” гэж танисан. Тэр залуу орохдоо өөрийгөө Б гэж хэлж байсан тэр нэр нь таарч байсан…” /1-р хх-ийн 237-238/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн орчим РС тоглоомын газраас гараад тодорхой зорилгогүйгээр Гандангийн уулзвараас уруудаад Баянбүрд орж гээд явж байсан. Тэгж байгаад Их бүрд нэртэй зочид буудал тааралдахаар нь орж үзсэн чинь ресепшин нь хоёр давхарт унтаж байсан. Тэгэхээр нь хамгийн дээд давхарт гарахад хамгийн эхний хаалга онгорхой байхаар нь орсон чинь нэг эрэгтэй хүн согтуу тасарчихсан унтаж байсан. Ширээн дээр нөүтбүүк харагдахаар нь аваад гарчихсан. Нөүтбүүкийг нь авч гараад Фэйсбүүк хуудсан дээр “зарна” гэж зар тавьж байгаад 200,000 төгрөгөөр зараад мөнгөөр РС тоглоод хоол унд авч идээд дуусгасан...” /1-р хх-ийн 246-247, 2-р хх-ийн 1-2, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /1-р хх-ийн 211/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 231-233/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 139/ зэрэг болно.

 

2. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, “Могжоохон” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Хекс Ариена” цахим тоглоомын газраас компьютерийн эд анги хулгайлсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч С.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай цахим тоглоомын газраар байнга үйлчлүүлдэг байсан Б- гэх залуу нь 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө манай цахим тоглоомын төвд хонохдоо үүрийн 05:00-06:00 цагийн хооронд ай-3 процессор 1 ширхэг 800.000 төгрөг, 1 ширхэг компьютерийн гар 95.000 төгрөг, 1 ширхэг мауз 95.000 төгрөг, 1 ширхэг чихэвч 180.000 төгрөг, орлого бэлнээр 1.113.000 төгрөг нийт 2.283.000 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгө хулгайлсан байсныг үүрийн 07:00 цагт мэдсэн. Б гэх залуу нь өөрийгөө танилцуулахдаа Б- гэж танилцуулсан. Манай тоглоомын газар байнга тоглодог тэгээд зүс танидаг болсон. Б-ийг одоо хаана байгааг нь мэдэхгүй. Б нь тухайн үед 86664434 гэсэн дугаарын утастай байсан. Одоо тэр дугаар нь холбогдохгүй байгаа. Б-ийн гэрийг нь мэдэхгүй. Манай тоглоомын төвд одоо 2.283.000 төгрөгний хохирол учраад байгаа...” /4-р хх-ийн 84/ гэсэн,

 

Гэрч Г.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би компьютер форматлана гэж зар тавьсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 25-ны үед над руу 95719881 дугаараас залгаад “ахын дүү хаана байна гэрт чинь очсон чинь чи байхгүй байна, яаралтай уулзах хэрэгтэй байна” гээд бид хоёр 5 шар дээр уулзсан. Тэгээд буцаад манай гэрт орж ирээд “ах нь балраад явж байна өчигдөр амралтанд явсан чинь амралтанд тасраад унтаж байх хойгуур бүх юмыг маань хулгайлсан байна” гээд “ямар ч мөнгөгүй болчихлоо чи компьютерийн хэрэгсэл сонирхох уу” гээд цүнхнээсээ чихэвч, мауз, гар гурвыг гаргаж ирээд “150.000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад 90.000 төгрөг байна, энд авъя” гэтэл “чи барьж байгаа гар утсаа өгчих” гэж хэлсэн. Тэгээд манайд байсан гар утсыг зээлээр авъя гэж хэлсэн. Самсунг А7, LG-G4, LG-Gpad загварын 3 утас аваад явсан. Тэгээд яваад алга болсон. Би Б-ийн авчирсан чихэвч, мауз, гар гурвыг нь интернэтэд тавиад зарах гэж байтал нэг ах авъя гээд 3, 4 дүгээр хороололд уулзаад үзүүлсэн чинь “энэ миний алдагдсан эд зүйл байна” гэж хэлээд цагдаа дээр очсон. Тэгээд би чихэвч, мауз, гар гурвын сериал кодыг тулгаж үзэхэд таарч байсан. Б-ийн гэр нь циркт байдаг гэсэн. Яг тодорхой хэлж өгөөгүй. Б-тай 2 удаа уулзаж байсан. Гэхдээ байнга гар утсаар ярьдаг байсан...” /4-р хх-ийн 88/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр интернэт тоглоомын газар ганцаараа орж тоглож сууж байгаад шөнө 03:00 цагийн үед ажилчдыг нь унтсан хойгуур процессор 1 ширхэг, компьютерийн гар, мауз 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, playstation-4 тоглуулагч 4 ширхэг, 9 ширхэг тоглоомын гар, 6 ширхэг тоглоом, тэкний ард талаас тухайн өдрийн орлогын мөнгө 1,000,000 орчим төгрөг байсан байх би тоолж үзээгүй. Тэгээд би 04:00 цагийн үед гараад гаднаас такси бариад нисэхэд очиж буудалд хоносон. Тэгээд маргааш нь хулгайлсан playstation-4 тоглуулагчийн 2 ширхэгийг 25 дугаар эмийн сангийн 10 дугаар хороолол чиглэлтэй явдаг автобусны буудлын хойд талд байрлах ломбарданд 480,000 төгрөгөөр тавьсан, playstation-4 нэг ширхэгийг нь фэйсбүүк зараар хүнд 600,000 төгрөгөөр зарсан, үлдсэн нэг playstation-4 тоглуулагчийг фэйсбүүк зар дээрээс ай фон-6 загварын гар утсаар сольсон. Дагалдах хэрэгсэл болох гар тоглуулагч, тоглоом зэргийг хамтад нь өгсөн. Процессорыг 1 дүгээр хорооллын Саппорогийн замын урд талын ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан. Би одоо ломбардны нэрүүдийг санахгүй байна. Надад мөнгөний хэрэг болоод эд зүйлс хулгайлсан. Би Хэкс Арена тоглоомын газрын хүнийг байнга орж тоглосоор байгаад таньдаг болсон. М- гэдэг залуу байдаг. Би эд зүйл зарсан мөнгөө өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн. Би эд зүйл авахдаа дандаа ганцаараа явдаг. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” /4-р хх-ийн 115, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4-р хх-ийн 89/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 148-151/ зэрэг болно.

 

3. 2016 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-32 тоотод оршин суух иргэн Ё.Х-ийн эзэмшлийн гэрээс 15 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг эмэгтэй хүний 999 сорьцтой алтан бөгж, 21 кратын эрэгтэй цул дөрвөлжин нарийн сүлжээстэй алтан гинж, монетон гинж, кулон, ээмэг, бөгж, энергийн ногоон бугуйвч зэрэг эд зүйлсийг хулгайлсан үйлдлийн хувьд:

Хохирогч Ё.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим эхнэрийн хамт Улаанбаатар хотоос гэртээ ирэхэд зочны өрөөний зурагтны шилэн хаалгатай шургуулга дотор байсан мөнгөн аяганууд болон харанхуй өрөөнд байсан хоёр ширхэг төмөр сэйф дотроос олон тооны үнэт эдлэлүүд алдагдсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Эхэндээ бид сейфнээс эд зүйл алга болсон гэдгийг мэдээгүй анх гэрт ороход жижиг өрөөний цонх онгорхой байхаар нь цонхоор орсон байна гэж  бодоод сейфнүүдээ онгойлгоод үзэхэд дотор нь байсан үнэт эдлэл бэлэн мөнгө алга болсон байсан. Гэрийн хаалганы цоожинд ямар ч эвдрэлгүй, хоёр давхар гүйцэт цоожлогдсон байсан, сейфний түлхүүр тус бүр нэг эвдрэл байдаг, улаан хүрэн өнгийн ширэн түлхүүрийн гэрэнд гэрийн түлхүүрийн хамтаар гурван ширхэг түлхүүр байсан хоёр нь сейфний түлхүүр байсан, манай хүү М- одоогоос 10 гаран хоногийн өмнө хотруу явахдаа түлхүүрээ Э- гэх хамаатны залууд өгч ах М-д өгүүлсэн. ...Нийт 15 ширхэг мөнгөн аяга, үүнээс их гарийн аяга 1 ширхэг, арай бага мөнгөн аяга 3 ширхэг бусад 11 ширхэг аяга нь дунд гарын мөнгөн аяганууд байсан, үүнээс дунд гарын нэг аяга дээр нь “2010 оны Үйлдвэрийн аварга” мөн 2 аяга дээр нь “РСЭЛ-ийн хамт олноос дурсгав”, их гарын мөнгөн аяга дээр “ээж аав нараас дурсгав” гэсэн сийлбэртэй, бусад аяганууд нь хээгүй цулгуй, харин нэг содон аяга гэвэл хээтэй ёроолдоо оюу чулуу шигтгээтэй, мөн дунд гарын аягануудаас нэг нь бүслүүр хэсэг цуурсаныг цавуугаар нааж тогтоосон байгаа эдгээр аяганаас 6 ширхэг дунд гарын аягыг худалдаж авсан бусад нь бэлгэнд ирсэн.

- 999 сорьцтой эмэгтэй 3 ширхэг бөгж, үүнээс 2 нь цулгуй нэг нь хээтэй эдгээрээс бөгжнүүдийн граммыг хэлж мэдэхгүй байна ерөнхийдөө цул алтан том бөгж байсан.

- 999 сорьцтой эрэгтэй цулгуй алтан бөгж маш том хэмжээтэй 1990-ээд онд худалдан авч байсан,

- 21 кратын 999 сорьцтой эрэгтэй цул дөрвөлжин нарийн сүлжээстэй алтан гинж байсан,

- Эмэгтэй алтан 999 сорьцтой гинж, энэ гинж голоороо тасарсан байсан,

- Эмэгтэй монетон гинж, кулон, ээмэг, бөгж үүнийг олон жилийн өмнө өндөр үнээр худалдаж авч байсан,

- Түрийвч дотор байсан 280,000 төгрөг,

- Ногоон энергийн чулуун бугуйвч үүнийг 40,000 төгрөгөөр худалдан авч байсан…” /6-р хх-ийн 47-49/ гэсэн,

 

Гэрч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Энэ хоёр залуугийн нэг нь буюу энэ залуу /Э-ийг заав/ 2016 оны 05 дугаар сарын 20, 21-ний үед ...12-14 цагийн орчим намайг цайндаа орсон байхад ажил дээр байхад орж ирсэн. Тэгээд намайг “түлхүүр олшруулах уу” гээд улаан хүрэн өнгийн гэртэй 3-4 ширхэг багц түлхүүр үзүүлэхээр нь нэг түлхүүрийнх нь бэлдэц манайд байхгүй гэж хэлээд оосортой байсан хоёр түлхүүрийг нэг нэг хувилж өгсөн, ажлынх нь хөлсөнд 4000 төгрөгийг тэр залуугаас авсан…” /6-р хх-ийн 50-51/ гэсэн,

 

Гэрч Х.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүллэгтээ: “…2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар болоод ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох Э-д барилгачдын талбай дээр гэрийн нэг ширхэг түлхүүр өгсөн, ...Үүний дараа би 05 дугаар сарын дундуур Эрдэнэтэд ирсэн бөгөөд 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу аавынхаа хамтаар явахаар болсон, тэр өдөр буюу 20-ны өглөө би гэрээс 06 цагийн орчимд аавыг ажилд нь хүргэж өгчихөөд эргэж гэртээ ирж хэсэг амарч байгаад 09 цагийн орчим байх гэрээс гарч машинаа Эрдэнэт зочид буудлын угаалгын газарт өгчихөөд шууд Ардчилсан намын байр руу очсон тэнд бараг 13 цаг хүртэл байж байгаад 14 цаг болж байхад гэртээ ирсэн, ингээд 14 цаг өнгөрч байхад гэрээс гарч шууд аавынхаа ажил дээр очиж тэндээс аавыг аваад Улаанбаатар хот руу гэртээ эргэж ирэлгүйгээр шууд гарсан…” /6-р хх-ийн 57/ гэсэн,

 

Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр буюу Даваа гариг байсан юм, нөхрийн хамаатны залуу болох Э- манай нөхөр М- бид гурав явж байгаад Э-ийг нөхрийн төрсөн дүү М-эс гэрийнх түлхүүрийн авчруулахаар барилгачдын талбай руу явуулсан юм. Учир нь тэр өдөр 6-9-32 тоот байранд банкны эдийн засагч очиж зураг авах ёстой байсан. Тэгэхэд М- хот руу явахаар болсон учир манай нөхөр М- дүүтэйгээ яриад Э-ийг явуулсан, нөхөр бид хоёр одоогийн амьдарч байгаа байраа авах гээд хөөцөлдөж байсан. Ингээд Э-ийг ирсэний дараагаар бид хоёр М-ийг гэрт нь хүргэж өгөөд 6-9 дүгээр байр орж гэрийг нь цэвэрлэсэн банкнаас хүмүүс ирвэл бас цэвэрхэн байг гэж бодоод, ингээд эдийн засагчийг авчирч зураг авхуулсаны дараа гэрийн түлхүүрийг би өөртөө авч үлдээд өөрийнхөө гэртээ хүн олохооргүй газар нуусан, нөхөртөө ч хэлээгүй 05 дугаар сарын 20-ны өдөр М- манайд ирж түлхүүрээ авсан…” /6-р хх-ийн 58/ гэсэн,

 

Гэрч Э.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөхөр маань гэрээсээ гаралгүй гэртээ өнжсөн, харин маргааш нь хагас сайн өдөр 13 цагийн орчим гэрээс гараад орой 23 цагийн үед гэртээ халамцуу ирсэн, хаана хэнтэй уусан гэж асууханд хэдэн найзуудтайгаа ганц нэг шил пиво уулаа гэж ярьж байсан, тэр үед би нөхөртэйгөө байнгын холбоотой утсаар холбогдож ярьж байсан, нөхөр маань 88550405 дугаарын утсан дээр байсан, 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр гэрээсээ огт гараагүй өнжсөн бөгөөд орой 21 цагийн үед Х- ах манайд ирээд явсан...” /6-р хх-ийн 59/ гэсэн,

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Орхон аймагт М-ийн гэрт 1-2 хоносон бөгөөд найзаасаа гэрийнх нь түлхүүрийг авчихсан байхдаа өөртөө нэг хувийг хувилуулж авсан. Тэгээд дараа нь буюу 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрт нь хүн байхгүй үед нь өөрт хувилуулаад авчихсан байсан түлхүүрээ хаалгыг нь онгойлгож ороод мөнгөн аяга, алт, монетон ээмэг, бөгж, гинж, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч явсан юм. Тэгээд үнэт эдлэлийг нь урт цагаан дээр зарчихсан…” /6-р хх-ийн 234-235, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №86 дугаар дүгнэлтэд: “…Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн 2, 3 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. 1, 4, 5 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Г-ын Э- MN003010011843, Ё-ийн Х- MN003010011846, Б-ын Г- MN003010011844, Х-ийн М- MN003010011730 дугаарын санд бүртгүүлсэн ба Н-ийн Б нэрээр санд бүртгэгдээгүй байна.

3. Шинжилэгдэж буй 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд Гарын хээний нэгдсэн санд MN003010011846 дугаараар санд бүртгэгдсэн Ё-ийн Х-ийн баруун гарын долоовор болон эрхий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, салаалалт, нийлэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна…” /6-р хх-ийн 61-62/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /6-р хх-ийн 37/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 38-44/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 68-70/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 174/ зэрэг болно.

 

4. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Агь” зочид буудлаас иргэн Д.Э-гийн эд зүйлсийг хулгайлсан,

 

Хохирогч Д.Э-- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын эхээр өөрийгөө Эрдэнэбаяр гэж танилцуулсан залуу ...үе үе ирж байрладаг болсон. ...Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилждэг шөнө би охин болох Тэмүүлэнг дэлгүүр рүү явуулсан. Тэгэхэд би “хамт яваач” гээд Эрдэнэбаярыг явуулсан. Тэгээд хамт яваад ирсэн. Ирээд миний байрлаж байгаа өрөөнд интернэт орж ирэхгүй байна гээд манай охинтой бид нарын байдаг ажлын өрөөнд үлдсэн. Тэгээд би гэр рүүгээ 19 цагт гэртээ амрах гээд явсан. Тэгээд охиныг шөнө 3 цагийн үед “чи жоохон унтаад амар” гээд унтуулсан байсан. Өглөө 7 цагт текин дээр ирээд дуудахад охин сэрсэн. Тэгээд өрөөг түгжээд түлхүүрийг камерийн хажууд тавьсан  байсан. Тэгээд охиныг өрөөнд ороход суурин компьютер орлогын мөнгө хэтэвч байхгүй байсан. Охин маань 7 цагт над руу залгаад болсон явдлыг хэлсэн. Тэгээд би 8 цаг өнгөрч байхад ажил дээр ирээд амьдардаг өрөө рүү ороход миний монетон эдлэл, мөнгөн эдлэл, хүний барьцаанд тавьсан монетон ээмэг бөгж юу ч үлдээгээгүй аваад явсан байсан. Өрөөнд байсан камер болон бүх камерыг бүтэн сараар бичлэгийг зогсоогоод  скалданд байсан өөрийнхөө хувцасыг аваад явсан байсан.

- Тошиба брэндийн нөүтбүүкээ 1.000.000 төгрөг, буудлын орлого  210.000 төгрөг, автозогсоолын орлого  27.000 төгрөг, монетон ээмэг 1 хос, цагираг хэлбэртэй, 5,8 грамм жинтэй, би 435.000 төгрөг, монетон ээмэг 1 хос, алхан хээ зөрж мушгирсан дөрвөлжин хээтэй, 3,5 граммтай, 265.000 төгрөг, монетон, сэлэнгэ сүлжээ зөрж мушгирсан загвартай, 6,8 граммтай бөгж, 510.000 төгрөг, монетон, өмдний тэлээний дүрстэй, 3,8 граммтай бөгж, 285.000 төгрөг, монетон циркон шигтгээтэй бөгж, 3,5 граммтай, 265.000 төгрөг, монетон жижиг жижиг цэг шиг бөмбөлөгтэй гинж, 4,2 граммтай, 320.000 төгрөг, монетон тод ягаан сакура цэцэгтэй гинж, 3,8 граммтай, 285.000 төгрөг, 4 ширхэг сольж зүүдэг монетон кулон, нэг бүрийн үнэ 65.000 төгрөг нийт 260.000 төгрөг, мөнгөн өргөн, эмэгтэй гинж, 4,5 грамм, 180.000 төгрөг, мөнгөн нарийн гинж, 2,5 грамм, 100.000 төгрөг, мөнгөн гинж, 3,7 грамм, 150.000 төгрөг, 2 см өргөнтэй, оюу шигтгээтэй, нарийн хийцтэй мөнгөн бугуйвч, том, үүнийг 200.000 төгрөг, Оюу шигтгээтэй, мөнгөн, ээмэг, бөгж, кулон, гинжний хос 235.000 төгрөг, Номин чулуун бугуйвч 150.000 төгрөг, эрэгтэй цаг 185.000 төгрөг, буудлын төлбөр 21 хоног, нэг хоног нь 40.000 төгрөг, нийт 840.000 төгрөг, цутгамал, монгол, 2,9 граммтай, монетон 1 хос ээмэг, 120.000 төгрөгийн эд зүйлс алга болсон....” /2-р хх-ийн 118, 4-р хх-ийн 10-12/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнө ...Тэмүүлэн ядраад байна гээд өөр өрөөнд ороод унтсан, 03 цагийн үед би буудлын орлогын 200,000 төгрөг, нөүтбүүк, монетон бөгж хоёр ширхэг, монетон гинж хоёр ширхэг зэргийг аваад “Агь” зочид буудлаас зугтаасан...” /3-р хх-ийн 11, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хх-ийн 105-109/,

- Өргөдөл /2-р хх-ийн 110-112/

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 159/ зэрэг болно.

 

5. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хороо, “Сэлбэ” зочид буудлын 405 тоот өрөөнөөс эд зүйлс хулгайлсан,

 

Хохирогч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед 10 дугаар хорооллын Сэлбэ нэртэй зочид буудалд ороод унтаж амарсан. Тэгээд өглөө 8 цагийн үед сэрэхэд орны хажууд байсан бор өнгийн түрийвч О-ын Эл Жи маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд зочид буудлын ажилтанд хэлээд хяналтын камер шалгаж үзэхэд өглөө 6 цагийн үед манай өрөө рүү танихгүй залуу ороод гарч байгаа бичлэг байсан. О- бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй. Харин их ядарсан болохоор унтаж байсан. Тэр залууг өрөөнд орж ирсэнийг мэдээгүй. Миний өөрийн алдсан түрийвч бор өнгөтэй нүүр хэсэгтээ морины зурагтай дотор нь Өлзийтийн О-, Х.Алтанзул миний иргэний үнэмлэх, хаан банк, худалдаа хөгжлийн банкны карт, миний өөрийн жолооны үнэмлэх, хас тэмдэг хэлбэртэй 21 грамм монетон кулон, 90,000 төгрөг бэлнээр байсан…” /2-р хх-ийн 201/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах “Сэлбэ” зочид буудлын 405 тоот өрөөний хаалга онгорхой байхаар нь ороходд хоёр хүн унтаж байсан. Тэгээд ширээн дээр байсан Самсунг маркийн утас байсныг аваад гарсан...” /3-р хх-ийн 11, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /2-р хх-ийн 180/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 202/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 155, 5-р хх-ийн 155/ зэрэг болно.

 

6. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хороо, 81 дүгээр байрны цахим тоглоомын газраас иргэн Б.Б-ы 2.000 ам доллар, 600,000 төгрөг, Самсунг загварын гар утас, бичиг баримт зэргийг хулгайлсан үйлдлийн хувьд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой өөрийн ажлуулдаг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 81 дүгээр байрны үйлчилгээний зориулалттай цахим тоглоомын төвд 18 цагийн үед ороод тоглож байгаад шөнийн 02 цагийн үед компьютерийнхоо хажуудаа цүнхээ тавиад унтаад өгсөн байсан. Тухайн үед цүнхэн дотор 2000 доллар, 600,000 төгрөг, “Самсунг Нөүт-4” утас, бичиг баримт байсан тухайн үед жаахан нойр хүрээд унтсан байсан 30 минут болоод гар цүнх байхгүйг мэдсэн...” /2-р хх-ийн 176-177/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Файм Арена гэх PC тоглоомын газар орж Б- гэх хүний гар цүнхийг хулгайлсан. Цүнхэн дотор 1,800,000 ам.доллар, 300,000 төгрөг байсан...” /3-р хх-ийн 11, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №01/701 дугаар дүгнэлтэд:

“…Дүгнэлт 1. Хэргийн газраас ирүүлж, бэхжүүлсэн гэх “№ 1-8” дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 6ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн папилон санд оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд сэжигтэн Нямаа овогтой Б-ийн зүүн гарын эрхий хуруугаар дарагдсан гарын мөр байна…” /2-р хх-ийн 180/ дүгнэлт,

 

- Өргөдөл /2-р хх-ийн 173/,

- Монгол банкны ханшийн лавлагаа /4-р хх-ийн 171-172/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 164/ зэрэг болно.

 

7. 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Н.Ц-ийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байх интернет тоглоомын газраас 10 ширхэг компьютер хулгайлсан үйлдлийн хувьд:

Хохирогч Н.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мон-Алтиус дээд сургуулийн байрны 1 дүгээр давхарт байрлах интернэт тоглоомын газрыг ажиллуулж байхад үл таних залуу манайд үйлчлүүлж байгаад “манай компьютерийг худалдаж авна” гэж хэлээд худалдахаар хэлж тохироод ярилцахад “би авах гэж байгаа учраас худалдаж авах 10 ширхэг компьютераа хонож шалгаж үзээд авна” гэхээр нь би байрныхаа түлхүүрийг үлдээгээд яваад маргааш өглөө нь ирэхэд миний эд зүйлсийг хулгайлаад аваад явсан байсан. Дээрээс нь манай эхнэрийн Асус брендийн зөөврийн компьютерийг бас аваад явсан. Тэр өөрийгөө Эрдэнээ буюу Эрдэнэцогт гэж танилцуулж байсан гар утасны дугаараа өгөхгүй байсан. ...Манай эд зүйлсийг шөнөөр хулгайлж авч явсан залуу 25-26 орчим насны шар царайтай эрэгтэй хүн байсан. Уг залуу нь манай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Мон-Алтиус дээд сургуулийн байранд байрлах “Могул” нэртэй РС тоглоомын газарт сүүлийн сар гаруй өдрийн цагаар орж ирж тоглодог байсан. Тэгээд л зүс мэддэг болсон. ...Тэр залуу манайхаас компьютерүүдийг хулгайлахдаа “манай гэрийн интернэт тасарчихлаа, тэгээд ч би авах гэж байгаа компьютерүүдээ шалгаж үзье” гээд манай РС тоглоомын газарт ганцаараа хоносон. Хамт гаднаас тоглож байсан нэг хүүхэд байсан. Тэр залуу эхэлж надаас “РС тоглоомын газрын компьютерүүдийг худалдаж авна, машин оролцуулж болно биз дээ удахгүй мөнгө орж ирнэ” гэх мэтээр надад итгэл үнэмшил төрүүлж худлаа хэлээд байсан. Тэр шөнө хонохдоо манай РС тоглоомын газрын гадна, дотор камеруудын хуучин бичлэгүүдийг устгаж салгаад, эд зүйлсийг шөнөөр ачаад явсан байсан. 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө алдагдсан...” /2-р хх-ийн 222-224, 4-р хх-ийн 7/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгаж ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “…Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Мон-Алтиус байрны нэг давхарт байрлах PC тоглоомын газарт 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хонож үйлчлүүлж байхдаа нэг хамт хонож байсан бага насны хүүхдийг унтсан байхад нь РС тоглоомын газраас 10 ширхэг компьютер процессортой хулгайлж аваад Дархан-Уул аймаг авч яваад тэндээ хүмүүст зарсан…” /3-р хх-ийн 10-11, 7-р хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №01/792 дугаар дүгнэлтэд:

“…Дүгнэлт 1. Хэргийн газраас ирүүлж, бэхжүүлсэн гэх “№ 1-4” дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн папилон санд оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд сэжигтэн Нямаа овогтой Б-ийн зүүн гарын эрхий хуруугаар дарагдсан гарын мөр байна…” /2-р хх-ийн 180/ дүгнэлт,

- Өргөдөл /2-р хх-ийн 217/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 218-219/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 167/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны  №41 дүгнэлтэд: “...1. Н.Б нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Хэрэг учрал болох цаг хугацаанд сэтгэцийн өвчтэй гэх баримт мэдээ байхгүй байна.

2. Н.Б нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Н.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

4. Н.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” /4-р хх-ийн 17/ гэсэн дүгнэлт,

 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоолууд /2-р хх-ийн 170, 195, 196, 213, 3-р хх-ийн 21, 84, 117, 119, 4-р хх-ийн 123/,

- Шүүгдэгч Н.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1-р хх-ийн 103-104/,

- Шүүгдэгч Н.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 18, 19, 37, 88-90, 100-101, 104, 198, 2-р хх-ийн 34, 37, 80, 4-р хх-ийн 90-91/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:

1. 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.Т-аас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ийн хашаанаас 2481 ширхэг тулаас төмрийг залилан авч, 44,658,000 төгрөгийн хохирол,

2. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.З-аас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 13-598 тоот хашаанаас 530 ширхэг барилгын тулаас төмрийг залилан авч, 10,600,000 төгрөгийн хохирол,

3. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацуурт тосгон Баян дөхөмийн 25-8 тоотод байрлах “Анарсан” ХХК-ийн аж ахуйн хашаанаас түрээслэх нэрийдлээр хуурч мэхлэн 1800 метр урттай труба төмөр, 1571 ширхэг шинэ цайран тулаас төмөр, 1028 ширхэг хуучин хар тулаас төмрийг залилан мэхлэн авч, Ц.С-д 74,519,000 төгрөгийн,

4. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд иргэн Т.У-т машин авч өгнө гэж итгүүлэн, хуурч мэхлэн 23,000,000 төгрөгийн,

5. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.З-тай түүний Субару Форестор загварын автомашиныг өөрийн унаж явсан “Тайкун” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй Тоёота Марк II загварын автомашинаар солихоор хуурч мэхлэн авч явж 3,284,000 төгрөгийн,

6. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 26 дугаар байрны 8 давхарт иргэн Г.Х-ын Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч мэхлэн авч 750,000 төгрөгийн,

7. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил Стар” 58 дугаар байранд иргэн А.У-гийн Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч мэхлэн авч 1,500,000 төгрөгийн,

8. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скүэр” төвийн урд иргэн Б.З-тоос Айфоне загварын гар утсыг худалдаж авна хэмээн хуурч мэхлэн авч 800,000 төгрөгийн хохирол учруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийтдээ 8 удаагийн үйлдлээр бусдад 159,111,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч:

1. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Их бүрд” зочид буудалд үйлчлүүлж байсан, Д.У-ын өрөөнөөс Асеr  загварын зөөврийн компьютерыг авч 900,000 төгрөгийн,

2. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, “Могжоохон” төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Хекс Ариена” цахим тоглоомын газраас компьютерийн эд анги, тоглуулагч зэрэг эд зүйлсийг авч С.М-д 2,990,000 төгрөгийн хохирол,

3. 2016 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-32 тоотод оршин суух иргэн Ё.Х-ийн эзэмшлийн гэрээс 15 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг эмэгтэй хүний 999 сорьцтой алтан бөгж, 21 кратын эрэгтэй цул дөрвөлжин нарийн сүлжээстэй алтан гинж, монетон гинж, кулон, ээмэг, бөгж, энергийн ногоон бугуйвч зэрэг эд зүйлсийг авч 8,620,000 төгрөгийн,

4. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Агь” зочид буудлаас иргэн Д.Э--гийн эд зүйлсийг авч 4,829,000 төгрөгийн,

5. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хороо, “Сэлбэ” зочид буудлын 405 тоот өрөөнөөс Д.Б-ын гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч 1,887,400 төгрөгийн

6. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хороо, 81 дүгээр байрны цахим тоглоомын газраас иргэн Б.Б-ы 2.000 ам доллар, 600,000 төгрөг, Самсунг загварын гар утас, бичиг баримт зэргийг авч 5,565,700 төгрөгийн,

7. 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Н.Ц-ийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байх интернет тоглоомын газраас 10 ширхэг компьютер зэрэг эд зүйлсийг авч 5,500,000 төгрөгийн буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдад 30,292,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Т-, Б.З-, Ц.С-, Т.У-, Э.З-, Г.Х-, А.У-, Б.З-т, Д.У-, С.М-, Ё.Х-, Д.Э--, Д.Б-, Б.Б-, Н.Ц-, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зураг таньж олуулсан тэмдэглэл, автомашин худалдах, худалдан авах гэрээ, гэрээ, зарлагын баримтууд, хохирлын тооцоо, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Монгол банкны ханшийн лавлагаа, эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн тухай баримтууд, эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолууд, шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгсөн хохирогч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин Т- үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т “...энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт  “...Энэ хэргийн улмаас ...их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн гамшгийг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “....Энэ гэмт хэргийг ...бусдад ....их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...Энэ гэмт хэргийг ...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг залилах болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Б-т 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг жухамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ньы өдрийг хүртэл нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх зохицуулалтад нийцэх бөгөөд прокурорын газраас хуульд заасан ялыг сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас 159,111,000 төгрөг, хулгайлах гэмт хэргийн улмаас 30,292,100 төгрөгийн хохирол, нийт 189,403,100 төгрөгийн хохирол бусдын эд хөрөнгөд учирсан байна. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т-д 6,000,000 төгрөгийг өгсөн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Б-, хохирогч Б.Т- нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд хэн аль энэ талаар маргахгүй байх тул хохирогч Б.Т-д учирсан 44,658,000 төгрөгийн хохирлоос хасаж тооцон 38,658,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна. 

Хохирогч Б.З-тоос авсан айфон загварын гар утсыг Б.Ч-д 800,000 төгрөгөөр зарсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ч-ээс уг гар утсыг авч, Б.З-тод өгсөн тул Б.З-тод төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгч Б.Ч-д 800,000 төгрөгийг олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч У- “...Анх 23 сая төгрөг өгч залилуулсан, өнөөдрийг хүртэл хүү, алданги бодвол 173,075,000 төгрөг болж байгаа, гэхдээ ингэж нэхэхгүйгээг хүү, алдангиа анх өгсөн 23 сая төгрөгийн талаар бодож 11,500,000 төгрөг, анх өгсөн мөнгөтэйгөө нийлүүлээд 34,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь эрүүгийн 201525010741 дугаартай хэрэг үүсэж, хохирогч У- нь залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учир эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хүү, алдангийг тооцож бодох хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд энэ талаар гаргасан хохирлыг гаргуулах үндэслэлгүй юм.

Гэмт хэргийн улмаас нийтдээ 183,403,100 төгрөгийн хохирол учирсан байх тул гэм буруутай Н.Б-иас гаргуулж, хохирогч Б.Т-д 38,658,000 төгрөг, хохирогч Б.З-т 10,600,000 төгрөг, хохирогч Ц.С-д 74,519,000 төгрөг, хохирогч Т.У-т 23,000,000 төгрөг, хохирогч Г.Х-т 750,000 төгрөг, хохирогч А.У-д 1,500,000 төгрөг, хохирогч Э.З-т 3,284,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ч-д 800,000 төгрөг, хохирогч Г.Б-т 1,887,400 төгрөг, хохирогч Д.Э--д 4,829,000 төгрөг, хохирогч С.М-д 2,990,000 төгрөг, хохирогч Ё.Х-ид 8,620,000 төгрөг, хохирогч Б.Б-д 5,565,700 төгрөг, хохирогч Н.Ц-эд 5,500,000 төгрөг, хохирогч Д.У-ад 900,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс /3-р хх-ийн 61-62, 4-р хх-ийн 19-25, 129, 185-186, 198-199, 208-209, 225-233, 5-р хх-ийн 7, 27, 55, 131, 214, 232/ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 546 хоног /5-р хх-ийн 244-246/, 2018 оны 12 дугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэл буюу шүүх хуралдаан хүртэл нийт 66 хоног, нийтдээ 612 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн 201525010741 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 03 /гурав/ жилийн хугацагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

                 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 07 /долоо/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-иас /Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ........ дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, /РД: ............./-аас 183,403,100 /нэг зуун наян есөн сая дөрвөн зуун гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж,

хохирогч Б.Т- /РД: ............, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ..... хотхон ...... тоотод оршин суух хаягтай/-д 38,658,000 /гучин найман сая зургаан зуун тавин найман мянга/ төгрөг,

хохирогч Б.З- /РД: .........., Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, ........... тоотод оршин суух хаягтай/-т 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөг,

хохирогч Ц.С- /РД: ..........., Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... байрны .... тоотод оршин суух хаягтай/-д 74,519,000 /далан дөрвөн сая таван зуун арван есөн мянга/ төгрөг,

хохирогч Т.У- /РД: ..........., Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .......... тоотод оршин суух хаягтай/-т 23,000,000 /хорин гурван сая/ төгрөг,

хохирогч Г.Х- /РД: ..........., Баянгол дүүргийн .... дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай/-т 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг,

хохирогч А.У- /РД: ........, Говь-Сүмбэр аймаг, Шивээ-Говь сум .... дүгээр баг, .....тоотод оршин суух хаягтай/-д 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг,

хохирогч Э.З- /РД: ..........., Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай/-т 3,284,000 /гурван сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч Б.Ч- /РД: ............., Баянгол дүүргийн .... дугаар хороо, ....-р хорооллын ..... тоотод оршин суух хаягтай/-д 800,000 /найман зуун мянга/ төгрөг,

хохирогч Д.Б- /РД: ..........., Сэлэнгэ аймаг, Бор гүвээ, .... дугаар баг, .... дугаар хэсэг, ....тоотод оршин суух хаягтай/-т 1,887,400 /нэг сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуу/ төгрөг,

хохирогч Д.Э-- /РД: ............., Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай/-д 4,829,000 /дөрвөн сая найман зуун хорин есөн мянга/ төгрөг,

хохирогч С.М- /РД: .........., Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай/-д 2,990,000 /хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөг,

хохирогч Ё.Х- /РД: .........., Орхон аймаг, Баян-Өндөр сум ........ баг, ........... тоотод оршин сууух хаягтай/-д 8,620,000 /найман сая зургаан зуун хорин мянга/ төгрөг,

хохирогч Б.Б- /РД: .............., Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай/-д 5,565,700 /таван сая таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөг,

хохирогч Н.Ц- /РД: .............., Баянгол дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай/-д 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг,

хохирогч Д.У- /РД: ............, Багануур дүүрэг, .... дугаар хороо, хилчин ......... тоотод оршин суух хаягтай/-д 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон 612 /зургаан зуун арван хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн 201525010741 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн 201525010741 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР