Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00310

 

Капитал банк ХХК-ийн Эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаар шийдвэр,  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар магадлалтай, 

Капитал банк ХХК-ийн Эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Зээлийн батлан даалтын сан, Цаст булган хайрхан ХХК, Э.Цэлмэг нарт холбогдох, 

Зээлийн гэрээний төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү /нотариат, улсын тэмдэгтийн хураамжийн зардал/ нийт 150,390,022.40 төгрөг гаргуултах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Капитал банк ХХК-д холбогдох 2015.08.17-ны өдрийн 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Э.Цэлмэгийн Цаст булган хайрхан ХХК-ийн эрх хүлээн авагчид холбогдох Зээлийн болон барьцааны гэрээг хууль зөрчсөн гэж үзэж хүчихн төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч Э.Цэлмэг, өмгөөлөгч А.Мөнхбат нарын гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цаст булган хайрхан ХХК, хамтран зээлдэгч Э.Цэлмэг нар нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 53 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 180,000,000 төгрөгийг 42 сарын хугацаатай, сарын 0,75 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийг Зээлийн батлан даалтын сангаар үндсэн зээлийг 50%-ийг даалган зээл авсан. Зээлийн батлан даалтын сан 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 53 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Мөн талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хөдлөх болон үл хөдлөх нийт 5 хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж, гэрээг хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан эргэн төлөлтийн графикаа зөрчин 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч удахгүй төлнө хэмээн явсаар өнөөдрийг хүрсэн. Зээлийн батлан даалтын сан тус зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа тул өөрийн батлан даасан хэсгийг гэрээний дагуу үүргээ биелүүлэх тухай албан тоотыг манайхаас хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс манай тал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зах зээлийн хүү гэж 2 хувь руу шилжүүлж бодож энэ дүн болох 150,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Үндсэн зээл нь 124,344,551 төгрөг, зээлийн хүү нь 19,764,290.48 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5,337,996.92 мөнгө нийт 149,446,838.40 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж болох 905,184 төгрөг, нотариатын зардал 38,000 төгрөг, бүгд 150,390,022.40 төгрөг нэхэмжилж байна гэжээ. 

Хаиуцагч Цаст булган хайрхан ХХК болон хариуцагч Э.Цэлмэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Анх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан Цаст булган хайрхан ХХК-д жижиг дунд үйдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хүссэний дагуу 200,100,000 төгрөгийн зээл өгөхөөр дэмжигдсэн. Уг зээлийг аль нэг банкийг сонгож авах боломжтой гэх шийдвэрийг хүргүүлсэн байсан. Ингээд Капитал банкаар дамжуулан авахаар болсон гэтэл Капитал банк ХХК жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн мэдэгдэл, албан бичгийг өөрчилж зээлийн хэмжээ, хугацааг өөрчилж зээлийг 180,000,000 төгрөг, хугацааг 5 жил биш 3 жил 6 сар болгосон. Ингээд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хандсан. Мөн дээр нь уг мөнгийг авахгүй бол төсөл хэрэгжихгүй байсан учраас аргагүй эрхэнд банкны зээлийн гэрээ шийдвэрт шахалтад орж уг 180,000,000 төгрөгийн зээлийг авсан. Аж үйлдвэрийн сайдийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан журам интернэтэд нээлттэй байдаг. Уг нээлттэй журмаар хөнгөлттэй зээл нь 5 жилийн хугацаатай, нэхэмжлэгч тал 5 жил хүртэл гэж мушгиж тайлбарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нар хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үздэг. Хариуцагч нар үндсэн зээл 180,000,000 төгрөгөөс 149,446,838.40 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 180,000,000 төгрөг авсанаас үндсэн зээл 72,162,195 төгрөг, зээлийн хүү 43,971,679 төгрөг, нийт 116,132,674 төгрөгийг төлсөн байгаа. Ингээд 180,000,000 төгрөгөөс 116,132,674 төгрөгийг хасаж өгвөл үндсэндээ 64,132,674 төгрөгийг төлөх саналтай байгаа. Гэхдээ хариуцагч нарын зүгээс 64,132,674 төгрөгийг төлөх биш нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувь болох 74,500,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэсэн саналыг тавьсан гэжээ. 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зээлийн батлан даалтын сантай хийсэн гэрээгээр Капитал банк ХХК, Цаст булган хайрхан ХХК-тай хамтарсан гэрээ дотор 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээ хүлээсэн зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн. Зээл төлөх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү хүлээсэн гэрээний үүргийг гүйцэтгэнэ. Гэрээний 3.2.3-д зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4-д энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулан батлан даагчид хүргүүлэх гэсэн заалтууд байна.Уг гэрээний заалтын дагуу Капитал банк хангалтгүй ажилласан. Зөвхөн хугацаа өнгөрсөнөөс хойш албан тоотоо явуулсан. Зээл төлөх авсан арга хэмжээ нь тодорхой тусгагдаагүй. Тийм учраас гэрээний үүргээ Капитал банк ХХК биелүүлээгүй учир манайх хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд Капитал банк ХХК, Цаст булган хайрхан ХХК-ийн 7.3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар ... гэрээний 7.3.1-д заасан мэдэгдэх хуудасыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зээлдэгч, барьцаалуулагч нь барьцааны зүйлийг худалдах мэдэгдэлийг барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд мэдэгдэж, энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Гэрээний 7.3.3-д ... барьцааны зүйлийг худалдах мэдэгдэлийг 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй, эсхүл үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг эхлүүлнэ гэж тус тус зааж, гэрээндээ тусгасаар байтал зээл төлүүлэх ямар ч арга хэмжээг аваагүй, зөвхөн албан тоот хүргүүлэх маягаар ажилласнаас болж зээл төлөгдөхгүй байдалд орсон. Иймд Капитал банк ХХК үүргээ биелүүлээгүй учраас манай талаас зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ. 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: Капитал банк ХХК нь зээл олгохдоо зээлийн журам буюу аж үйлдвэрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан журмыг зөрчиж ердийн буюу барьцааны зээлийн гэрээг үйлдэж 5 жил байх ёстой байтал 3 жилийн хугацаатай, төлөлт нь өндөр, төсөлтэй холбоогүйгээр 180,000,000 төгрөгийг гаргаж өгсөн. Төслийн зээл нь ямар нэгэн шимтгэлгүй байхад 1,800,000 төгрөгийг төлүүлсэн. 200,100,000 төгрөгөөр төсөл дэмжигдсэн, уг зээлийг авч төслөө хэрэгжүүлнэ гэж бодож байтал 180,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай өгч аргагүй эрхэнд буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл учир уг хэлцэл нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл юм. Иймд хүчинтөгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Капитал банк ХХК-наас олгогдсон 180,000,000 төгрөгөөс төлсөн 116,132,674 төгрөгийг хасч 64,132,674 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа:... Зээлийн хугацаа 5 жил байж байгаад 3 жил болгосон гэж хугацаа ярьж байна. Энэ нь банк болгон өөрийн гэсэн бүтээгдэхүүн зээл өгөх хугацаатай байдаг. Тухайн үед олгох явцад төслийн зээлийн банкны хугацаа 3 жил байсан. Гэхдээ харилцагч нь өөрөө хүсэлт өгөөд, зөвшөөрсний үндсэн дээр зээлээ авчихаад дараа нь хугацаа нь богино хүчээр олгосон гэж ярих юм, тийм зүйл огт байхгүй. Манай талаас 180,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай гэж хэлсэний дараа өөрсдөө зөвшөөрч авсан. Тэрнээс биш 5 жилийг 3 жилээр ав гэж хүчээр хүнд зээл олгоно гэж байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын02-ны өдрийн 280 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4-д тус тус зааснаар Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 124,344,551 төгрөгийн 50% буюу 62,172,275.50 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид, үлдэгдэл 87,274,562.90 төгрөг, нотариатын зардал 38,000 төгрөг, нийт 87,312,562.90 төгрөгийг хувь тэнцүүлэн /50%, 50%/ хувааж, Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.Сэлэнгээс 43,656,281.45 төгрөг, Э.Цэлмэгээс 43,656,281.45 төгрөгийг тус тус гаргуулж Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3 дахь хэсэгт зааснаар Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.Сэлэнгэ, Э.Цэлмэг нарын ... хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905,374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.Сэлэнгэ, Э.Цэлмэг, Зээлийн батлан даалтын сангаас хувь / 50%, 50%, 50%/ тэнцүүлэн хувааж тус бүрээс 301,791.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.Сэлэнгэ, Э.Цэлмэг нарын шүүгчийн 506, 1116 дугаартай захирамжаар төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан болохыг дурьдаж, Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.Сэлэнгээс 987,750 төгрөг, Э.Цэлмэгээс 987,750 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулахаар, шүүхийн шийдвэрт эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхийг тайлбарлан өгч шийдвэрлэжээ. 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар магадлалаар: 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-д тус тус зааснаар хариуцагч Цаст булган хайрхан ХХКомпани, хариуцагч Э.Цэлмэг нараас зээлийн гэрээний үүрэг 150,390,022.40 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, Зээлийн батлан даалтын санд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

3 дахь заалтыг:

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905,374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаст булган хайрхан ХХКомпани, хариуцагч Э.Цэлмэг нараас 905,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай. гэж тус тус өөрчилж Тогтоох хэсэгт

41. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа зүйл болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 125 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 49 м.кв агуулахын зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 18 м.кв дэлгүүрийн зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 661 м.кв талбайтай, 2011 оноос 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газар, 2005 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгийн Subaru маркын автомашин /арлын дугаар SG5093605 дугаар улсын дугаар СЭА-0333/ зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. гэсэн заалт нэмж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 468,811.37 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Цэлмэг, өмгөөлөгч А.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1.Хариуцагч Э.Цэлмэг нь Капитал банк-аас зээл хүссэн болон барьцааны гэрээг байгуулах зэрэг зээлийн үйл ажиллагаанд оролцоогүй болох нь шүүхийн шинжилгээний байгууллагын шинжилгээгээр тогтоогдож, сөрөг нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх огт дүгнэж хэлэлцээгүй юм. 2.Цаст булган хайрхан ХХК-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд гаргасан төсөл, өргөдөл хүсэлтийн дагуу батлагдсан зээлийн хэмжээ, хуагцаа, хүүг Капитал банк-ны зүгээс авбал ав гэсэн байдлаар дур мэдэн өөрчилж, тулгасан гэрээ, хэлцлийг тус компанийн захирал В.Сэлэнгэтэй хийснийг хариуцагч талууд Иргэний хууль-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58. дугаар зүйлийн 58.2.1-д тус тус заасныг зөрчсөн гэж зээлийн төсөл, журам, өргөдөл, анкет, зээлийн болон барьцааны гэрээ бусад хэрэгт авагдсан баримтуудад үндэслэсэн тайлбар, нэхэмжлэл гаргасаныг үндэстэй үгүйсгэсэн дүгнэлт хийгдсэнгүй. 3.Зээлийн төлөлт зөрүүтэй дүнтэй байгааг дахин шалгуулах хүсэлт анхан шатны шүүх хуралдаанд гаргасаныг эс хүлээн авч, тооцоог нэг талын давуу эрхээр шийдвэрлэв. Тус шүүх хуралдаанаар хэргийг анхан шатны шүүх хуралдаанд буцааж, шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна

Капитал банк ХХК-ийн Эрх хүлээн авагч, Зээлийн батлан даалтын сан, Цаст булган хайрхан ХХК, Э.Цэлмэг нараас 150,390,022 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2015.08.17-ны өдрийн 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Цэлмэг, өмгөөлөгч А.Мөнхбат нарын шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хяналтын гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1.Капитал банк ХХК, нөгөө талаас Цаст булган хайрхан ХХК, Э.Цэлмэг нар 2015.08.17-ны өдөр 53 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

Тус зээлийн гэрээгээр 180,000,000 төгрөгийг 42 сарын хугацаатай, сарын 0,75 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлээр авсан байх бөгөөд Зээлийн батлан даалтын сан, Капитал банк ХХК-тай 2015.08.17-ны өдөр 53 тоот Батлан даалтын гэрээ байгуулж зээлдэгч үүрэг зөрчсөн тохиолдолд үндсэн үүргийн 50%-ийг хариуцахаар болжээ. Үүргийн гүйцэтгэлд нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө барьцаалж, хуулийн дагуу зохих бүртгэлийг хийлгэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 460 дүгээр зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхийг зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, мөн батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болсон байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж 180,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байх ба харин зээлдэгч нар банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг 2017.05.10-ны өдрөөс зөрчиж төлбөр хийгээгүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 124,344,551 төгрөг, зээлийн хүү 19,764,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,337,996 төгрөг, нотариатын зардалд 38,000 төгрөг бүгд 150,390,022 төгрөг гаргуулах шаардлага гаргасанд хариуцагч зээлийн үүргийн төлбөрийн тооцооллыг баримтаар няцааж чадаагүй байна.

2. 2015.08.17-ны өдөр 53 тоот зээл, барьцааны гэрээ байгуулахдаа зээлдүүлэгч, зээлдэгч нар гэрээний гол нөхцөл болох олгох зээлийн хэмжээ, буцаан төлөх хугацаа, гэрээний хариуцлага, үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийн талаар гадны ямар нэгэн дарамт шахалтгүйгээр харилцан тохиролцож гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иймд 5 жилийн хугацаатай 200,100,000 төгрөгийн зээл хүсэж өргөдөл гаргасан байхад 180,000,000 төгрөгийн 3 жил 6 сарын хугацаатай зээлийг банкны шахалтаар авч, хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийж төөрөгдсөн гэх агуулгаар хариуцагч нар 2015.08.17-ны өдөр 53 тоот зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах хуулийн үндэслэлгүй гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэл болгосон, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

3. а) Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв боловч барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

б) 2015.08.17-ны өдрийн 53 тоот Батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 124,344,551 төгрөгийн 50%-ийг хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж шийдвэрлэхдээ талуудын байгуулсан батлан даалтын гэрээний зарим заалтын хэрэгжилтэд дүгнэлт хийгээгүй, нөхөх хариуцлага хүлээх батлан даагчийн үүргийг анхаараагүй алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.

Тухайлбал, зээлдэгч гэрээний үүрэг зөрчиж төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөл байдал үүсвэл үүргийг гүйцэтгүүлэх талаар Батлан даалтын гэрээний 1.6, 3.2.3, 3.2.4-д заасан ажиллагааг Капитал банк ХХК-ийн зүгээс хийж улмаар энэ тухай Зээлийн батлан даалтын санд мэдэгдэх үүрэгтэйг зохицуулжээ. Гэрээний эдгээр заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Капитал банк ХХК хэрэгт баримт ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан байгаа хэдий ч зээлдүүлэгч зээл төлүүлэх арга хэмжээг Батлан даалтын гэрээнд заасны дагуу авч хэрэгжүүлээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр Батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн Эрх хүлээн авагч болон хариуцагч Зээлийн батлан даалтын сан, Цаст булган хайрхан ХХК нар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй байна.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, магадлалын шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаар шийдвэрийн нэг дэх заалтыг ....Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Цаст булган хайрхан ХХКомпани, Э.Цэлмэг нараас 150,390,022 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлтэй хэргийг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж., 2 дахь заалтыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 125 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 49 м.кв агуулахын зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 18 м.кв дэлгүүрийн зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 661 м.кв талбайтай, 2011 оноос 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газар, 2005 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгийн Subaru маркын автомашин /арлын дугаар SG5093605 дугаар улсын дугаар СЭА-0333/ зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай. гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905,374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаст булган хайрхан ХХКомпани, хариуцагч Э.Цэлмэг нараас 905,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 4-9 дэх заалтуудыг хэвээр үлдээсүгэй... гэж өөрчилсүгэй.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2,3,4 дэх заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Цэлмэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Э.Цэлмэгийн төлсөн 909,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                                               ШҮҮГЧ                                                              Х.СОНИНБАЯР

                                                                                                                         Б.УНДРАХ

                                                                                                                          Г.ЦАГААНЦООЖ.

                                                                                                                          Д.ЦОЛМОН