Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00274

 

Роксолид констракшн ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01954 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1662 дугаар магадлалтай, 

Роксолид констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т тус тус холбогдох,

1,503,863,555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл, хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, Л.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх, Э.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч А.Энхгэрэл, Л.Цэндсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эзэн Чингис хааны алдраар нэрлэгдсэн Тэмүүжин өрлөг цэргийн дунд сургуулийн барилгын ажлыг Батлан хамгаалах яамны захиалгаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ ерөнхий гүйцэтгэгч, Роксолид констракшн ХХК нь туслан гүйцэтгэгчээр 2013.07.01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж гэрээний дагуу ажлаа эхэлсэн бөгөөд 2016.01 сард уг ажлыг хийж гүйцэтгэж дуусаад улсын комисст хүлээлгэн өгсөн. Тэмүүжин өрлөг цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд барилгын ажлын зураг төсөл дутуу хийгдсэнээс болж, барилга угсралтын ажлын төсөв дутуу батлагдсан байсан.

Батлан хамгаалах яамнаас Тэмүүжин өрлөг цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлыг манай компани дараах гэрээг байгуулан ажил үүрэг гүйцэтгэсэн юм.

1. ТГ-01 /2013 тоот гэрээгээр зоорийн суурийг эргүүлж булах, нягтруулах газар шорооны ажлыг 39,139,000 төгрөг,

2. ТГ-02/2013 тоот гэрээгээр зоорийн давхрын төмөр бетон хана, багана, дам нуруу, хучилт цутгах, зоорийн ханын дулаалга, уур ус тусгаарлах ажлууд 591,414,000 төгрөг,

3. ТГ-03/2013 тоот гэрээгээр 0,00 түвшингээс дээших төмөр бетон, араг бүтээцийн ажил 1,104,447 000 төгрөг,

4. ТГ-09/2013 тоот гэрээгээр хана, хамар хана өргийн ажил 327,473,413 төгрөг,

5. ТГ-10/2013 тоот гэрээгээр цонх, хаалганы ажил 140,128,956 төгрөг,

6. ТГ-11/2013 тоот гэрээгээр гадна заслын ажил 458,421,333 төгрөг,

7. ТГ-13/2013 тоот гэрээгээр дээврийн ажил 258,114,869 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр нийт 2,919,138,571 төгрөгийн гэрээ байгуулан ажилласан.

Мөн 2014.05.01-ний өдөр уг барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-тай ТГ-01/2014 тоот гэрээ байгуулан дараах ажлыг хийж гүйцэтгэсэн.

1. Дотор засал 320,641,728 төгрөг,

2. Шалны ажил 335,534,238 төгрөг,

3. Хаалганы ажил 51,044,919 төгрөг,

4. Бусад ажил 6,047,955 төгрөг,

5. Дотор халаалт, салхивчны ажил 306,692,446 төгрөг,

6. Дотор цэвэр, бохир ус хангамжийн ажил 56,926,669 төгрөг,

7. Дотор цахилгаан хангамжийн ажил 185,692,539 төгрөг,

8. Дотор холбоо дохиолол 74,802,745 төгрөг,

9. Гадна зам талбайн тохижилтын ажил 11,571,579 төгрөг, нийт 1,448,964,818 төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Дээрх санхүүжилт бүрэн орсон. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх явцад буюу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үед Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албаны холбогдох албан тушаалтнууд болон Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын хариуцсан албан тушаалтнуудын санал санаачилгаар барилга угсралтын ажлын явцад хийц бүтцийг өөрчлөх, өрсөн ханыг буцааж нураах, өөр газар шинэ хана өрөх, өөрчлөх, уг барилгын зураг төсөвт ороогүй боловч зайлшгүй хийх шаардлагатай ажлууд гарсныг манай компани нөөц бололцоогоо ашиглан өөрийн зардлаар болон хувь хүн, компаниудаас бараа материал зээлээр авч хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нар нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэж, гаргаж өгнө гэж бүх ажлыг хийж дуусгуулсан боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт олгоогүй. Роксолид констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нэмэгдэл ажлын зардлыг задаргаагаар тооцвол:

1. Анх сургуулийн барилга угсралтын ажлын зураг төсвийг гаргахад хийгддэг хөрсний геологийн дүгнэлтийг буруу хийгдсэнээс болж барилгын суурь гүнийг ухах явцад хөрсний ус илэрч суурь суух гүн 1,6-4 метрээр доошилсон. Суурийн газар шорооны ажлын нэмэгдэл зардал 205,463,710 төгрөг,

2. Хөрсний ус зайлуулах ажлын зардал 51,500,000 төгрөг,

3. Суурийн нэмэгдэл ажлын зардал 6,844,804 төгрөг,

4. Уг барилга нь А, Б, В гэсэн гурван блок, 3-н давхар барилгаас бүрдсэн барилга юм. Анх батлан хамгаалах яамнаас барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт Б блокны барилга нь зоорьтой байхаар өгөгдсөн. Үүний дагуу зураг төсөл анхнаасаа 3-н блокны нэг нь зоорьтой нөгөө 2 нь гарааш, ангийн зориулалттай байсныг барилга угсралтын ажлын явцад А, Б, В блокуудыг З-ланг нь зоорьтой болгосноор төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын зардал гарсан. Гараашийн хаалгыг хааж цонх болгох, 2 блокийн бетон цутгалтын ажил, ангиудын ханыг буулгаж, буудлагын том заалтай болгож засварлуулсан. Энэ ажлын зардал 58,035,856 төгрөг,

5. Дотор гадна талын төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын зардал 520,603,922 төгрөг,

6. A, В блокны зоорийн давхарт бүтэн чулуун плита болгосон ба спорт заалны шалыг бүтэн резинэн шал хийсэн ажил болох шалны нэмэгдэл ажлын зардал 295,187,150 төгрөг,

7. Дээврийн төмөр хийцийн нэмэгдэл ажлын зардал 75,120,179 төгрөг,

8. Гал тогооны тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажил 29,885,599 төгрөг,

9. Барилга угсралтын ажлын зураг болон огт төсөвлөгдөөгүй гадна халаалт, цэвэр ус, дулааны үзелийн ажлын зардал 87,611,218 төгрөг,

10. Барилга угсралтын ажлын зураг болон огт төсөвлөгдөөгүй гадна бохир усны ажлын зардал 94,037,639 төгрөг,

11. Барилга угсралтын ажлын зураг болон огт төсөвлөгдөөгүй гадна цахилгааны ажлын зардал 15,333,174 төгрөг, нийт 1,439,623,252 төгрөг болсон.

Мөн Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд 120*14 м хэмжээтэй казармын худал хэлж барилгын туурийг буулгуулж, цэвэрлүүлсэн ажлын хөлс 64,240,303 төгрөгийг манай компанид өгөөгүй биднийг хохироож байна. Манай компанийн хувьд нэмэлт ажлын санхүүжилтийг авах талаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалах яамны холбогдох бүхий л албан тушаалтанд албан бичиг өгч, уулзаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Батлан хамгаалах яам, Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-аас Тэмүүжин өрлөг цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлын нэмэгдэл зардал 1,439,623,252 төгрөг, Батлан хамгаалах их сургуулийн хашаанд байр хуучин цэргийн казармын барилгыг буулгаж, ачих ажлын зардал 64,240,303 төгрөг, нийт 1,503,863,555 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Шаардах эрхийн тухайд Батлан хамгаалах яамнаас гэрээгээр хүлээсэн үүрэг буюу нэмэлт ажлын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэмэлт гарсан зардлууд болон хуучин цэргийн барилга буулгасан ажлын хөлсөнд 1,136,208,555 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-нь үндэслэлгүйгээр менежментийн зардал суутгаж авсан тул 367,655,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх, Э.Мөнхнаран нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батлан хамгаалах яам нь Шифт ХХК-тай зураг төсөл боловсруулах ажлын гэрээг 2012.03.14-ний өдөр байгуулсан. Тус зураг төслийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 тэрбум төгрөгөөр тухайн барилга баригдаж дуусахаар тохиролцож, барилгын гүйцэтгэгчээр Талст Өргөө ХХК тендерт шалгарч 2012.07.26-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Тухайн барилга нь 94х27.5 хэмжээтэй 500 хүүхдийн хүчин чадалтай, 34,881.9 шоо метр эзлэхүүнтэй, төмөр бетон карказан хийцтэй, хөнгөн бетон блокон хана дүүргэгчтэй, металл ган нуруутай, сендвичэн болон хар цаасан хавтгай дээвэртэй барилга байсан. 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээс Талст Өргөө ХХК-д 1,153,184,804 төгрөгийг олгосон. Тухайн компани урьдчилгаа төлбөрийн 700,000,000 төгрөгийн баталгааг Сангийн яаманд хуурамчаар гаргаж өгсөн нь аудитын хяналт шалгалтаар илэрч гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн хэлж буй асуудлуудтай холбоотойгоор барилгын зураг төслийн ажилд өөрчлөлт орж, анхны төсөвт өртөг 1,9 тэрбум төгрөг байснаас 5,256,500,000 төгрөг болж нэмэгдсэн. Батлан хамгаалах яам-ны сайдын 2013 оны А/186 дугаар тушаалаар ерөнхий гүйцэтгэгчээр Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, тус байгууллага нь туслан гүйцэтгэгчээр Талст Өргөө ХХК-тай гэрээ байгуулсан. Талст Өргөө ХХК нь одоогоор нэрээ өөрчлөн Роксолид констракшн ХХК болсон. Ингээд компанийн нэр өөрчлөгдсөн боловч захирал болон ажилчид өөрчлөгдөөгүй тул барилгын ажлыг үргэлжлүүлээд явсан байдаг. Барилгын тухайд Батлан хамгаалах яам нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-тай 2014.04.23-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээнд 3 давхар дунд сургуулийн угсралтын ажлыг тодорхой зааж өгсөн байгаа. Гадна инженерийн шугам сүлжээ гэж байгаа. Үүнд дулаан, цахилгаан шугам, цэвэр, бохир усан хангамж, холбоо, гадна ажлын тохижилтын хамт батлагдаж, техникийн өгөгдлийн дагуу барилгыг 5,256,500,000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар гэрээнд заасан байгаа юм. Тухайн барилгын төсөв нь Сангийн яамд буюу төрийн төсөвт тусгагдсаны дагуу барилгын санхүүжилт хийгддэг. Барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой 2012 онд Талст Өргөө ХХК-д 1,153,184,804 төгрөг, 2013 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т 2,656,500,000 төгрөг, 2014 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 1,247,000,000 төгрөг, 2015 онд мөн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 199,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд нийт 5,256,184,000 төгрөгийг гүйцэтгэгч компаниудад шилжүүлсэн. Барилга зураг төслийнхөө дагуу баригдаж ашиглалтад орсон. Иймд Батлан хамгаалах яам Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргийг биелүүлсэн гэж үзэж байгаа тул Роксолид констракшн ХХК-ийн нэхэмжилж буй 1,503,863,555 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй юм. Батлан хамгаалахын яамнаас ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгахыг шаардах нь зүй ёсны асуудал бөгөөд барилгын ажлыг хурдан дуусга гэж шахаж шаардсан учраас бид иргэд, Аж ахуйн нэгжээс зээл авч барилгын ажлыг дуусган хүлээлгэж өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Харин нэмэлт ажил хийсэн тохиолдолд нэмэлт ажлын зардал гарсан бол иргэд хоорондын барилгын ажил биш учраас Барилга хөгжлийн үндэсний төвөөр дамжин улсын төсөвт тусгагдаж байж санхүү хийгдэх журамтай. Иймд улсын төсөвт тусгагдаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг гарган өгөх боломжгүй. Барилгын ажил 5,4 тэрбум төгрөгөөр хийгдэнэ гэж төсөвлөгдсөн байсан боловч Улсын төсвөөс 5,2 тэрбум төгрөг гэж төсөвлөгдсөн байсан. 144,000,000 төгрөгийн зөрүү гарч байгаа нь Батлан хамгаалах яамнаас хассан асуудал биш бөгөөд Сангийн яамнаас баталсан төсөвт өртгийн хүрээнд төсөвлөгдсөн мөнгө юм. Батлан хамгаалах яам нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,503,863,555 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмүүжин Өрлөг цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажилд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдож Роксолид констракшн ХХК туслан гүйцэтгэгчээр сонгогдсон байгаа. Туслан гүйцэтгэгчээр сонгогдсон Роксолид констракшн ХХК-тай гэрээ байгуулсан. Роксолид констракшн ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулсан төлбөрөө захиалагчаас бүрэн хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэрээт ажлын хүрээнд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ оролцохдоо гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн барилгын ажилд хяналт, шалгалт хийх болон санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан. Роксолид констракшн ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулсны үндсэн дээр ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байсан. Ажлыг хүлээлгэж өгч байхад ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй ба нэмэлт ажил хийсэн бол хуулийн дагуу баталгаажуулах ёстой. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ хийх ажлынхаа хүрээнд Роксолид констракшн ХХК-тай ямар нэгэн нэмэлт ажлын гэрээ, ам хэлцэл байгуулж байгаагүй талаар талууд тайлбарлаж байна. 2014.06.23-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэх агентлаг болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт, шалгалт хийсэн дүгнэлт байдаг. Тухайн дүгнэлтэд Шифт ХХК-ийн 2012 онд боловсруулсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байгааг шалгаж, бетон карказын ажлыг бүрэн дуусгаж, дотор заслын ажил хийгдэж байна гэж тодорхойлох хэсэгт бичсэн байгаа юм. Улсын байцаагчийн хяналтын дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт ажлын зураг төслийн дагуу хучилт хийгээгүй, цутгамал бетоныг эвдэж, ажлын арматур тасалж, нэмэлт арматурыг ажлын зургийн дагуу байрлуулаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Сангийн яам хянасан ямар нэгэн материал нотлох баримтад байдаггүй. Хийсэн ажлаа баримтаар нотлох ёстой гэж үзэж байна. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ барилга барих үйл ажиллагаанд хуульд зааснаар хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Нотлох баримтгүйгээр өөрсдийн үйл ажиллагааны талаар амаар тайлбарласныг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.03-ны өдрийн 101/ШШ2019/01954 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Батлан хамгаалах яамнаас 211,534,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,292,329,099 төгрөгт холбогдох хэсэг болон Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,677,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батлан хамгаалах яамнаас 1,215,622 төгрөгийг гаргуулж Роксолид констракшн ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 1662 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.03-ны өдрийн 101/ШШ2019/01954 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 6,619,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэвэл зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэлгүй шүүхийн шийдвэр, магадлал гаргалаа. Нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудаас гадна хийсэн нэмэлт ажлуудыг хэний хүсэлтээр хийх болсон, түүний хөлс, санхүүжилтийг хариуцан төлөх үүрэг хэзээ, хэнд үүссэн зэрэгт нарийвчлан хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК нь Тэмүүжин өрлөг цэргийн дунд сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд огт төсөвлөөгүй, дутуу төсөвлөсөн ажлын нэмэлт зардал гарсан тухай үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.

1. 1-р ХХ-ийн 16-р хуудаст авагдсан 2013.03.22-ны өдөр батлагдсан 5,4 тэрбум төгрөгийн төсвийн жагсаалтад гадна инженерийн байгууламжийн ажил огт төсөвлөгдөөгүй нь харагдана.

2. 1-р ХХ-ийн 170, 172-р хуудаст авагдсан техникийн нөхцөлийн огноо дугаарыг харахад 2014 онд нөхөн хийсэн нь харагдана.

3. 1-р ХХ-ийн 177-р хуудаст авагдсан 2012.03.14-ний өдрийн Зураг төслийн ажлын гэрээ Г/3-14/1 дугаартай гэрээний 1.4 дэх заалт ...гадна дулаан, ус, цахилгаан холбооны зургийг өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу нэмэлт гэрээгээр хийнэ гэсэн заалтаас харахад инженерийн ажлын зураг анхнаасаа зурагдаагүй, төсөвлөөгүй болох нь харагдана.

4. 1-р ХХ-ийн 179-р хуудаст авагдсан 2013.10.01-ний өдрийн Барилгын зураг төслийн т/з-14/1а дугаартай нэмэлт гэрээний 1.3 дахь заалт ...Гадна дулааны зураг төслийг техникийн нөхцөлийн дагуу нэмэлт гэрээ байгуулна гэх заалтаас харахад гадна цэвэр бохир ус, гадна холбооны ажлын зургийн гэрээг батлагдсан төсвөөс хойш хийсэн, мөн дулааны ажлын зураг мөн нэмэлт гэрээгээр хийх тухай гэрээнд тусгасан нь анхнаасаа гадна инженерийн ажил бүхэлдээ зурагдаагүй, төсөвлөгдөөгүй нь харагдана.

5. 2-р ХХ-ийн 97-98-р хуудас. Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны төсвийн хяналтын инженер Б.Ойдов Роксолид констракшн ХХК-ийн ерөнхий инженер О.Даваадорж нар барилгын Ажлын зураг-т тусгасан тоо хэмжээг батлагдсан Төсөв-тэй харьцуулж, төсөвт тусгаагүй зардлын зөрүүг тооцсон талуудын тооцоо нийлсэн акт, ...газрын ажил, өргийн ажил, дотор заслын ажил, гадна заслын ажил, хучилтын ажил, шал шатны ажлын бараа материалын төсвийг дутуу төсөвлөснийг тодорхой харуулна.

6. 2-р ХХ-ийн 99-р хуудас. 2014.12.15-ны өдөр Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны удирдлагууд Роксолид констракшн ХХК-ийн удирдлагуудтай хуралдсан хурлын тэмдэглэл. ...нэмэгдэл хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй, нэгэнт ажил эхэлсэнтэй холбоотой гүйцэтгэлийг сайн хийхийг үүрэг болгосон. Нэмэлт хөрөнгийн асуудлыг БХЯ-д тавьж шийдвэрлүүлэх гэснээс харахад барилгын ажлын явцад нэмэлт зардал гарч байгаа талаар танилцуулсан нь тодорхой харагдана.

7. 2-р ХХ-ийн 100-р хуудас. 2013.09.23-ны өдөр Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, Барилга захиалагчийн албаны удирдлагуудад Роксолид констракшн ХХК-ийн удирдлагууд уулзсан хурлын тэмдэглэл. ...Барилгын ажлын дээврийн төмөр хийцийн ажлын зардал, төсөвт дутуу тусгагдсан хэмжээг тодорхой тооцон гаргасан тооцоог талууд баталгаажуулсан байна.

8. 2-р ХХ-ийн 101, 102-р хуудас. 2014.02.15-ны өдөр БХЯ-ны барилга захиалагчийн албаны удирдлагуудтай Роксолид констракшн ХХК-ийн удирдлагууд хуралдаж нэмэлт ажлын талаар саналаа хэлж Гадна халаалт, цэвэр ус, холбоо дохиоллын ажлын зураг төсөв хийлгэх, нэмэгдэл хийсэн ажлын объёмыг хянаж баталгаажуулахаар шийдвэрт хүрсэн. Үүнээс гадна инженерийн ажлын зургийг сүүлд хийлгэж байгаа байдал, нэмэгдэл ажлын зардлын тооцоог гарган танилцуулсныг хянаж баталгаажуулах үйл явц бий болж байсан үйл баримт тодорхой харагдана.

9. 2-р ХХ-ийн 103-104-р хуудас. 2013.09.25-ны өдрийн БХЯ-ны Барилга захиалагчийн албаны удирдлагууд, Роксолид констракшн ХХК-ийн удирдлагууд Барилгын суурийн газар шорооны нэмэгдэл ажлын тухай хэлэлцэж ...нэмэгдэл ажлын гүйцэтгэлийг бичиж албажуулах, БХЯ-ны холбогдох албадуудад танилцуулж, нэмэлт хөрөнгийг шийдвэрлүүлэх гэсэн шийдвэрт хүрсэн хурлын протокол байна. Үүнээс мөн л нэмэгдэл ажлын зардлаа танилцуулж, шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцэж байсан үйл баримт тогтоогдож байгаа нь тодорхой харагдаж байна.

10. 2-р ХХ-ийн 129-р хуудас. 2014.09.16-ны өдөр Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албанаас Шифт ХХК-руу дулаан техникийн нөхцөл гарсан тул дулааны зураг төсвийг хийлгэх талаар хүргүүлж байсан албан бичиг, батлагдсан төсвөөс хойш техникийн нөхцөл, зураг хийгдэж байгаа үйл баримт харагдаж байна.

11. 2-р ХХ-т гэрч О.Даваадоржийн мэдүүлэг. Барилга угсралтын ажлын явц, санхүүжилт, нэмэлт ажлын чиглэл ямар байдлаар өгөгдөж байсныг тодорхой мэдүүлнэ.

12. 1-р ХХ-ийн 159-р хуудас. Батлан хамгаалах яамнаас 2015.03.26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 4/872 дугаартай албан бичиг. ...2014 төсвөөс дутуу, уг барилгын инженерийн шугам сүлжээний болон уг барилгын төсөв, зургийн зөрүүнээс үүссэн санхүүжилтийг Сангийн яамаар дамжуулан олгогдох нь үнэн болно гэж нэмэгдэл ажлын зардлыг хариуцагч байгууллага өөрсдөө хүлээн зөвшөөрсөн албан тоотоос тодорхой харагдаж байна.

13. 1-р ХХ-ийн 160-р хуудас. Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албанаас дотооддоо буюу Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарт хаягласан 2015.08.14-ний өдрийн 192 дугаартай албан бичиг. ...Роксолид констракшн ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж ашиглалтад оруулсан нь үнэн болно. Үүнд: Гадна бохир, гадна цахилгаан, гадна дулаан, гадна цэвэр ус шугамын ажлууд, зураг төсөвт дутуу тусгагдсан болон төсөвт тусгагдаагүй ажлууд болно. гэсэн албан бичгийг Батлан хамгаалах яамны удирдлагууд хоорондоо хүлээн зөвшөөрч харилцаж байсан албан бичгээс харагдаж байна.

14. 1-р ХХ-ийн 161-р хуудас. Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албанаас Барилга хөгжлийн төв рүү 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн 137 дугаартай албан бичиг. ...Гадна инженерийн шугам сүлжээний ажлууд зураг төсөвт огт тусгагдаагүй. Барилгын угсралтын ажлын зурагт байгаа тоо хэмжээ нь төсөвт дутуу тусгагдсан ажлын зардлын талаар тодорхой дурдаж дүгнэлт гаргаж өгөх-ийг хүссэн бичгээс харахад хариуцагч Батлан хамгаалах яам нэмэлт ажлын зардал гарсныг бүрэн хүлээн зөвшөөрч, тухайн үеийн дарга удирдлагууд нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байсан үйл баримтыг дээрх баримтууд хангалттай нотлон харуулж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс нэмэлт ажлын зардалтай холбоотой үйл баримтад тулгуурлан зардлын тооцоог хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас гадна мэргэшсэн төсөвчдийн хийсэн төсөв, одоо ашиглагдаж байгаа сургуулийн барилга зэргийг бүхий л баримтууд дээр үндэслэн нэмэгдэл ажлын зардал бодитой эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

Энэ хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчдийн зүгээс маш эргэлзээтэй дүгнэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад дүгнэлтийнхээ үндэслэлийг огт тайлбарлаж чадаагүй юм. Хэрэгт авагдсан баримтууд болон нэмэлт ажлын зардлын төсөв, сургуулийн барилга дээр тулгуурлан нарийн мэргэжлийн тооцоо судалгааны үндсэн дээр маргаан бүхий барилга хэдэн төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан, уг төсөвт өртгийг Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазар бүрэн санхүүжүүлсэн эсэхийг бүрэн тогтоох боломжтой юм.

Үүссэн нөхцөл байдлыг эргэлзээгүй болгохын тулд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд шүүх шаардлагатай тохиолдолд дахин шинжээч томилох эрх хэмжээ шүүхэд байгаа мэтээр тайлбарлаж хүсэлтийг хангаагүй бөгөөд эргэлзээтэй нөхцөл байдал арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн явдал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан нөхцөл байдал үүссэн, эргэлзээ бүхий байдлууд арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Ингэж хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй, дээр дэлгэрэнгүй дурдсан нотлох баримтууд дээрх төсөвт дутуу тусгагдаж, санхүүжигдсэн зардалтай холбоотой үйл баримтыг яагаад үнэлж дүгнэхгүй байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.

Давж заалдах шатны шүүх 2008 оны Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.7, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар татгалзлыг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Тэгвэл бусдын хөрөнгөөр бүрэн бүтэн барилгатай болж түүндээ өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төр буюу Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазар огт хууль зөрчөөгүй хэрэг үү. Гэтэл энэ бүх ажиллагаа тус барилгын захиалагч БХЯ-ны Барилгын тухай хууль /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар барилгын захиалагч нь ... барилгын зураг төсөл боловсруулах, материал бэлтгэн нийлүүлэх, барилгын ажлын үе шат, гүйцэтгэлд хяналт тавих, ... үүрэг хүлээсэн этгээд, 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар зураг төсөл алдаатай хийгдсэн тохиолдолд зураг төсөл зохиогчид хариуцлага хүлээлгэх этгээд, 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар барилга байгууламж барих техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах үүрэгтэй этгээд, 15.1.6-д зааснаар барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх этгээд, 15.1.2-т барилгын ажлын явц, ... барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэг бүхий этгээд, 15.2-т зааснаар зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байх үүрэгтэй этгээд, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар барилгын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах зэрэг чиг үүрэг нь БХЯ өөрт нь байхад давж заалдах шатны шүүх гүйцэтгэгч компанийг зөвхөн барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэж буруутгаж буй нь хэт нэг талыг барьж, төрийн байгууллагаа хамгаалж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээс аргагүй байна. Харин гүйцэтгэгч Роксолид компани анхнаасаа зураг төсөлгүй зарим ажил, БХЯ-ны хүсэлт, шаардлагаар хийсэн нэмэлт болон өөрчлөн хийсэн ажлын зургийг хожуу ч гэсэн 2016 онд гүйцэтгэлийн зураг хийлгэн захиалагчид өгсөн. Энэ талаар гэрч О.Даваадоржийн мэдүүлэгт тодорхой байгаа. Гэтэл энэ зургийг захиалагч БХЯ-наас шүүхэд гаргаж өгөөгүй, архивт ч хүлээлгэн өгөөгүй байсан. Давж заалдах шатны шүүх гэрээгээр гүйцэтгэсэн ажил нь барилгын ажил тул Барилгын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг талууд мөрдөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа зөвхөн гүйцэтгэгч компанийг зураг төсөлгүй, гэрээгүй ажил гүйцэтгэсэн гэж Барилгын тухай хууль (2008 он)-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж байгаа бол захиалагч БХЯ ч гэсэн дээрх Барилгын тухай хуулийг мөрдөх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс энэхүү хэрэг маргаан гарах үндэслэл болсон гэдгийг ойлгохгүй байгаад харамсаж байна. Роксолид констракшн ХХК нь Батлан хамгаалах яах, Барилга захиалагчийн алба, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮгазрын удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэл, захиалгын дагуу сургуулийн ажлыг бүрэн дүүрэн эрвийх, дэрвийхээр чармайн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Тиймдээ ч нэхэмжлэгчийн эрх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдах ёстой хэмээн үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК-ийн хувьд хариуцагч Батлан хамгаалах яамтай гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, эрх үүргээ тодорхойлоогүй, зөвхөн барилгын ажлыг дуусга, нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэнэ гэсний дагуу өөрт байх бүхий л нөөц боломжийг ашиглаж барилгыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь хэдийгээр нэг компанийн асуудал, эрх ашиг мэт харагдавч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвхөн энэхүү сургуулийн барилгыг барьсантай холбогдуулан үүссэн өр төлбөр нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК-иас нэхэж буй 19 компани, хувь хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн хэрэгт авагдсан Барилгын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэх гэрээний хүрээнд асуудлыг хянаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн зардлыг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 6 сая төгрөг төлсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн зардлыг аль аль нь шийдвэртээ хуваарилалгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит үйл баримтад тулгуурлан нэмэлт ажлын зардлыг тогтоох бүрэн боломжтой нөхцөл байдал байсаар байхад хангалттай тогтоогоогүй эргэлзээ бүхий байдлыг арилгалгүй хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбогдуулан дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн 17 дугаар талд гадна халаалт, цэвэр ус, дулааны узелийн ажлын зардал, гадна бохир усны ажлын зардал 211,534,456 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж Батлан хамгаалах яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно гэж заасан ба энэ тохиолдолд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ болон Роксолид констракшн ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Зураг төслийн ажлыг гүйцэтгэгч Шифт ХХК-тай 2013.10.01-ний өдөр Барилгын зураг төслийн нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээний 1.3-т Зураг төслийн бүрдэлд гадна цэвэр ус, гадна бохир ус, гадна холбооны зургууд багтсан болно. Гадна дулааны зураг төслийг техникийн нөхцөлийн дагуу нэмэлт гэрээ байгуулна гэж заасан нь анхнаасаа гадна инженер шугам сүлжээний ажил барилгын ажлын салшгүй нэг хэсэг байсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл гадна халаалт, цэвэр ус, дулааны узел зардал, гадна бохир усны зардлууд нь анхнаасаа барилгын ажлын нийт өртөг болох 5,256,500,000 төгрөгт багтсан болох нь Батлан хамгаалах яамнаас барилгын ажлыг гүйцэтгэгчтэй байгуулсан 2012 оны №БУ 06/2012 дугаартай гэрээ, 2014 оны №БУ2014/02-009 тоот гэрээ, 2015 оны БУ-2014/02-009-1 тоот гэрээгээр тус тус нотлогдож байна. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гадна халаалт, цэвэр ус, дулааны узел зардал, гадна бохир усны зардал, гал тогооны тоног төхөөрөмжийн зардлыг Батлан хамгаалах яамнаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй байна.

3. Батлан хамгаалах яамнаас барилгын ажлыг гүйцэтгэгчтэй байгуулсан 2012 оны №БУ 06/2012 дугаартай гэрээ, 2014 оны №БУ2014/02-009 тоот гэрээ, 2015 оны БУ-2014/02-009-1 тоот гэрээнүүд нь барилгын ажил иж бүрнээрээ 5,256,500,000 төгрөгт багтах талаар захиалагч Батлан хамгаалах яам, гүйцэтгэгч байгууллагатай гэрээний үнийн дүнгийн талаар харилцан тохиролцсоныг илтгэж байна. Үүнд гадна инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир усны систем ч хамаарна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан харилцан хамаарал бүхий гэрээний бодит хүсэл зориг юунд оршиж байгааг анхааран авч үзээгүй нь захиалагчийн хууль ёсны ашиг сонирхол гэрээний эрх зүйн харилцаагаар тэгш илэрхийлэгдэх боломжийг хязгаарласан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд хариуцагч Батлан хамгаалах яамнаас 211,534,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэсэн магадлалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК нь Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын зардалд 1,503,863,555 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа анх 2013.07.01-ний өдрийн барилгын угсралт ажил хийж гүйцэтгэх гэрээний дагуу Тэмүүжин өрлөг сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэж, 2016 оны 1 сард улсын комисст хүлээлгэн өгсөн. 

Гэрээнд заасан батлагдсан санхүүжилтийн дагуу хөлсийг авсан боловч ..ажил гүйцэтгэх явцад нэмэлт ажлын зардал 1,439,623,252 төгрөг, мөн манай компаниар цэргийн казармын хуучин барилга буулгуулж цэвэрлүүлсний хөлс 64,240,303 төгрөг нийт 1,503,863,252 төгрөг Батлан хамгаалах яамнаас гаргуулна гэх шаардлага гаргажээ. 

Хариуцагч Батлан хамгаалах яамнаас нэмэлт ажлын хэмжээгээр үндэсгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 1,136,208,555 төгрөгийг, хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-с үндэслэлгүйгээр менежментийн зардалд суутгаж авсан гэж 367,655,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг заагласан байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тэмүүжин өрлөг сургуулийн барилга угсралтын ажлын гэрээг нь захиалагч Батлан хамгаалах яамыг төлөөлж тус яамны Барилга захиалагчийн алба, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ, туслан гүйцэтгэгчээр Роксолид констракшн ХХК-ийн хооронд байгуулжээ. 

Барилгын ажил 2013 оноос 2016 оны хугацаанд үргэлжлэн, барилга баригдаж улмаар улсын комисс хүлээн авснаар ашиглалтад орсон, батлагдсан төсөв санхүүжилтийн дагуу гүйцэтгэгч нарт материалын зардал, ажлын хөлсөнд нь 5,256,500,000 төгрөг олгосон талаар талууд маргаагүй байна. 

Харин барилгын нэмэлт ажлын зардалд 1,136,208,555 төгрөг гарсан гэж туслан гүйцэтгэгч Роксолид констракшн ХХК маргаж уг зардлыг захиалагч Батлан хамгаалах яамнаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч барилгыг улсын комисс хүлээн авахад уг барилгыг батлагдсан зураг төсвийн хэмжээнд чанарын доголдолгүй хийгдсэн гэж магадлалын ерөнхий дүгнэлт гарсан ба тухайн үед ямар нэгэн төлбөр тооцооны талаар асуудал байхгүй байсан. Хэрэв төсөв зардал нэмэгдэх тохиолдолд зайлшгүй эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм . 

Нэхэмжлэгч нэмэлтээр 11 төрлийн ажил хийсэн гэж шаардлагаа тайлбарлах боловч нэмэлт ажил хийх зайлшгүй шаардлагатай болсныг мөн тухайн ажил тус бүрийн нэмэлт төсөв санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн, улсын төсвөөр санхүүжиж буй барилгын хувьд эрх бүхий этгээдийн ямар шийдвэр гарсан болох, төсвийн хэмжээ нэмэгдэх болсоныг ажил гүйцэтгэгчид хуульд заасны дагуу хэрхэн мэдэгдэж шийдвэрлүүлсэн талаар хуульд нийцсэн баримт гаргаагүй байна.

 Барилгын тухай хуулийн 12, 14 дүгээр зүйлд зааснаар барилга нь хуульд заасан шаардлагыг хангасан, батлагдсан зураг төслийн дагуу баригдах ёстой ба Тэмүүжин өрлөг сургуулийн барилга Шифт ХХК-ийн боловсруулж баталсан зураг төслийн дагуу баригдсан талаар талууд маргаагүй байна. 

Мөн хуулийн 24 дүгээр 24.2-т Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт бусад хүчин зүйлсээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж заажээ. 

Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК ийг барилгын нэмэлт ажил түүнтэй холбогдох нэмэлт төсвийн хөрөнгийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлж байгаагүй, нэхэмжлэлийн барилгын төсөв нэмэгдсэн гэх шаардлагыг хуулийн хүрээнд нотлоогүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 343, 344, 345 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг, мөн Барилгын тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу барилгын зураг төсөвт огт тусгагдаагүй зардалд хамаарах (гал тогооны тоног төхөөрөмжийн цахилгаан угсралт, гадна халаалт, цэвэр ус, дулааны узелийн болон гадна бохир усны ажлын) зардлыг тооцож 211,534,456 төгрөгийг Батлан хамгаалах яамнаас гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэв.  

Түүнчлэн хэрэгт авагдсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ, Роксолид констракшн ХХК-ийн хооронд 2014.05.01-ний өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх түншлэлийн гэрээний 7.2 дахь заалтаар талууд харилцан тохиролцсоныг үндэслэн хяналтын зардлыг суутгасныг хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-с 367,655,000 гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01954 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1662 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч Роксолид констракшн ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс, хариуцагч Батлан хамгаалах яам хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

  

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                                             ШҮҮГЧ                                                   Х.СОНИНБАЯР

                                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                                             Г.ЦАГААНЦООЖ