Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/06

 

  Б.Б холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, хохирогч Ж.Э, хохирогчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга П.Р  нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Б холбогдох 1834000000140 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан хохирогч нарын өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16-р зөрлөгийн орчмоос Ж.Э 12 тооны адуу, Ц.Э 3 тооны адуу, нийт 15 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, Ж.Э 9 610 000 төгрөгийн, Ц.Э 2 062 500 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж, шүүгдэгч Х овогт Б Б алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцалгаас чөлөөлж, шүүгдэгч Б.Б нь 126 /нэг зуун хорин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож битүүмжилэн сахиул Ц.Ч хадгалах үүрэг хүлээлгэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа L7GPCKLYOG4055721 арлын дугаартай, цагаан өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-19 ТӨВ улсын дугаартай Hyundai Mighty маркийн автомашины үнэ болох 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б гаргуулж улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б 8 730 000 /найман сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамжны 49 дүгээр байрны 123 тоотод оршин суух хохирогч Ж.Э, 770 000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Баян сумын З дугаар баг, 1-1 тоотод оршин суух хохирогч Ц.Э тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.Б 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсогсноор хүчинтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч хариуцагч нар нь гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнээр шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 183000000140 дугаартай хэргийг 2019.04.24-нд анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шүүх Б.Б холбогдох эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчилэлийг хөнгөрүүлсэн мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн зүйлчилсэнийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход тэрээр мөрдөн шалгах явцад дээрх хэргийг хүлээх болсон шалтгаанаа тайлбарласан. Энэ нь хавтас хэрэгт ахлах мөрдөгч Н.Б, Б.Б өгсөн мэдүүлэгээс бүрэн ойлгогдоно. /ХХ-ийн 00000-141 дүгээр тал/ энэ хэрэгт Ц.С түүний эхнэр Д.Б, Д нарыг энэ хэрэгт хамтарч адуу хулгайлсан, тэдний зүгээс Б.Б байнгийн дарамт шахалт ирж байсныг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгахийг өмгөөлөгч миний бие Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь гэмт хэрэгт хамтран оролцогч нарыг тогтоох, хамтран оролцсон хэлбэр, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тооцох боломжгүй болгосон. Ж.Э 12 тооны, иргэн Ц.Э 3 тооны нийт 15 тооны адууг 23 настай мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ганц хүн хулгайлж худалдан борлуулж амжихгүй юм. Эдгээр адууны үнийг хэзээ ч төлж чадахгүй үйлдэхдээ ашигласан гэх 51-19 ТӨВ дугаартай автомашины үнэ 1,800,000 төгрөг төлөх ёстой болж байна. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад мал хулгайлах заалт /17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ болгон өөрчилсөн нь үндэслэлгүй юм. Учир нь 2018 оны 02 дугаар сарын сүүлээр шуурганаар Э.Э нь 4 хэсэг азарга адуу алдаад 3 хэсэг азарга адууг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас олж авсан харин шарга халзан азаргатай нийт 18 тооны адууг олж чадаагүй бөгөөд 15 тооны адууг миний өөрийнх, харин 3 тооны адуу нь Э гэж хүний адуу байсан. Энэ үед тухайн орон нутагт шуургатай байсан эсэх талаар Ус цаг уурын Эрдэм шинжилгээний Хүрээлэнгээс мөрдөгч лавлагаа мэдээлэл огт аваагүй байна. Энэхүү үйл баримтийг тогтоосноор мал хулгайлах гэмт хэрэг үү гэдэгт үнэлэлт өгөх боломжтой. Малч монгол түмнээр зогсохгүй адуу өсгөдөг ихэнх улс оронд адуу гэдэг амьтныг хариулдаггүй өөрсдөө аль тааламжтай газар нутагт, хэрэгцээт өвс ургамлаа сонгон идээшилдэг. Монгол Улсын Үндсэн хуульд таван хошуу малыг төрийн өмч гэж тодорхойлсон байдаг. Шүүх шүүхийн шийтгэх тогтоолийн Тодорхойлох нь: хэсэгт хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлтээр тогтоол гаргаагүй ЭБШХуулийг ноцтойгоор зөрчсөн байх тул Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний асуудлыг хүчээр шийдсэн. Би нотлох баримтуудыг нь гаргаж өгөөд хоёр адууг тус бүрт нь 5 000 000 төгрөгөөр үнэлээд бусдыг нь тус бүр 1 500 000 төгрөг болгож бууруулсан. Гэтэл харьцангуйгаар үнэлсэн. Гэрчээр мэдүүлэг өгч байсан Б гэдэг хүний адуучин Б гэдэг хүн дээр миний хоёр адуу үлдсэн байсан. Тэрийг нөгөө хохирогч болох Э дүүд Говьсүмбэр аймгийн цагдаа хүлээлгэж өгсөн байдаг. Одоо би тэр адууг авмаар байгаа боловч авч чаддаггүй. Асуудлыг ингэж сонинооор шийдсэн. Б.Б гэдэг хүн залуу хүн анх удаа хэрэг хийсэн гээд өөрөө уйлж унжаад мэдүүлгээ нааш цааш нь зөрүүлж өгөөд байсан. Хамгийн сүүлийн шүүх хуралдаан дээр би хамтарч хулгай хийсэн гэдгээ өөрөө хэлсэн. Тэгж хэлээд байхад тэрийг хэрэгсэхгүйгээр асуудлыг шийдсэн нь цаад талд нь байгаа нөхдүүдийг ял завшуулаад хувилдааны чанартай юм болоод байна гэж би хардаж байна. Тэр Мэл гэдэг хочтой хүн чинь Баянтал суманд хулгай хийдгээрээ дийлдэхээ байсан маш аюултай хүн шүү дээ. Ийм хэмжээний асуудал гараад ингээд явж байгаа зүйлийг дутуу дулимаг шийдэж байгаа нь маш аймшигтай. Тэр алдуул мал олно гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Ийм асуудлыг ингэж шийдэж байгаа тэр нөхдүүдийг өмгөөлж үлдэж байна л гэж би хардаж байна. Адуу бол 50-100 километрт бэлчээрлэдэг мал. Салхи, шуурганд уруудлаа гэхэд шуурганы дараа буцаад нутагруугаа явдаг мал. Төв аймгийн Б гэдэг залуу над руу утасдаад танай шарга азаргатай адуу 16-р зөрлөгийн тэнд байна гэхээр нь би давхиж очоод хайхад олдоогүй. Ийм аймшигтай хэргийг ингэж шийдвэрлэсэнд би туйлын их харамсаж байна. Ийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаар дурдсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Маяти маркийн автомашины үнийг Б.Б гаргуулж эзэнд нь олгохоор шийдвэрлэсэн байсан. Энийг бол зүгээр л улсын орлого болгох ёстой. Үнийг нь Б.Б гаргуулах шаардлага байхгүй. Адуу тууж явахдаа ашигласан цагаан өнгийн мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирлыг барагдуулахад оролцуулна гэсэн байсан. Эдгээр нь хуулийг бас буруу хэрэглэж байна л гэсэн үг. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарах нь зүйтэй гэжээ.

Прокурор Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээг бодитой тогтоосон гэж үзэж байгаа. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Бодит байдал дээр хэргийн талаар хэргийг нотолвол зохих асуудлуудыг бүрэн тогтоосон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:      

 

                  Давж заалдах шатны шүүх  хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

       Шүүгдэгч Б.Б нь бусдын болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох машин, мотоциклийг ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас бусдын олон тооны мал болох иргэн Ж.Э 12, Ц.Э 3, нийт 15 адууг хулгайлж 11672500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс түүний үйлдлийг “ алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, улмаар уг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн  нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй,  өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

      Анхан шатны шүүхээс тухайн адуу нь салхи шуурганд уруудан өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдсон, өөр орон нутагт шилжсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь адууны жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг мэдэлгүйгээр авсан тул түүний энэ үйлдэл нь хулгайн гэмт хэрэг биш бусдын алдуул мал завшсан гэмт хэрэг гэж үзсэн нь буруу байна.

 

   Алдуул мал завших гэмт хэрэгт тооцсон анхан шатны шүүхийн дээрхи нөхцөл байдлууд нь малыг алдуулд тооцох анхдагч үндсэн шалтгаан нөхцөл байж болох төдий зүйл байна. Уг нь алдагдсан гэх мал тухайн орон нутагт шилжин ирснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн, малыг олсон этгээд орон нутгийн засаг захиргаанд бүртгүүлсэн эсэх , уг малын талаар олон нийтэд зар түгээгдсэн эсэх, орон нутгийн засаг захиргаанаас ямар ямар үйл ажиллагаа явуулсан болох зэргийг харгалзан үзэх шаардлагатай байжээ.

      

       Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд  уг адуу 2018 оны 2 дугаар сарын сүүлээр салхи шуурганд уруудсан ба 2018 оны 3 дугаар сарын 13 –нд хулгайлагдсан гэж үзэхэд тухайн адууг алдуулд тооцох хангалттай цаг хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэхээр байна. Мөн мал олсон этгээд, орон нутгийн засаг захиргаа ямар арга хэмжээ, үйл ажиллагаа явуулсан нь  мөрдөн байцаалтаар шалгагдаагүй байна.

 

      Хавтаст хэрэгт авагдсан адууны үнэлгээ тогтоосон үнэлгээний тайланд адууг махалж зарсан адууны махны үнэ ханштай дүйцүүлж үнэлсэн, үнэлгээний тайлангууд хоорондоо эрс зөрүүтэй, мөн хохирогчдын үнэлгээнээс зөрүүтэй, уг адууны үнэлгээнээс хамаарч учруулсан хохирлын хэмжээ цаашлаад хэргийн зүйлчлэлд ихээхэн нөлөөлөхүйц байдалд анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

 

      Шүүгдэгчийн  “адуу хулгайлж зээлсэн мөнгөө төлье гэж бодсон” гэж  хэлсэн  нь түүний гэмт үйлдлийнхээ санаа зорилгийг тодорхойлж байна гэж үзэх үндэслэл болж  байгааг анхан шатны шүүхээс үнэлж дүгнээгүй байна.

 

       Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3  39.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                            О.ОДНЯМАА