Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0626

 

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0626

Улаанбаатар хот

 “ЭИ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул

Нэхэмжлэгч: “ЭИ ” ХХК

Хариуцагч: БЗДЗД

Хариуцагч: БЗДГЗБА

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0561 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, Б.Б,

Хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Хариуцагч БЗДГЗБА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/1038/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЭИ” ХХК-аас БЗДЗД БЗДГЗБА нд тус тус холбогдуулан ““ЭИ” ХХК-ийн 000300692 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа хариуцагч БЗДЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, “ЭИ” ХХК-ийн 000300692 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 м.кв талбай, 133031/0547 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа хариуцагч БЗДЗД болон БЗДГЗБА ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 561 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭИ” ХХК-аас БЗДЗД БЗДГЗБА д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.1-д “...БЗДГЗБА ны хувьд хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр гарсан, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон тохиолдолд газрыг мэдээлийн санд бүртгэх үүрэгтэй, энэ талаар тусгайлан хүсэлт гаргах шаардлаггүй байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй байна” хэмээн “эс үйлдэхүй”-г зөвшөөрсөн боловч “эрхийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн байх тул уг хариуг өгснөөр эс үйлдэхүй дуусгавар болсон гэж үзнэ” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч “ЭИ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаантай асуудлаар захиргааны байгууллага, албан тушаалтанд шат дараалан хандаж явсаар БЗДГЗБА ны 2022 оны 10 дугаар сарын 20-ны хариу албан тоотыг авснаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10015 дугаар “Захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн 2 дахь хэсгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3, 54.2-т заасныг баримтлан “ЭИ” ХХК-ийн 000300692 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй 89500 м.кв талбай, 133031/0547 дугаар нэгж талбарын дугаар бүхий газрыг газрын нэгдсэн санд бүртгэхгүй байгаа хариуцагч БЗДЗД болон БЗДГЗБА ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын нэгдсэн санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Уг захирамжийг нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын дагуу хянаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШТ2022/1061 дугаар тогтоолоор захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хасч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

3.3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой энгийн болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5.4-т “нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих”-аас бусдыг хориглохоор заасан. Хууль тогтоомжоор зөвшөөрсөн хүрээнд нэхэмжлэгч “ЭИ” ХХК эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулах боломжтой байхад, Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д нэхэмжлэгч талаас “...манай байгууллагын эзэмшил газрын зориулалт журмаар хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгааг үгүйсгэхээргүй боловч нэхэмжлэгчийн төлөвлөж буй спортын талбайг Дагалдах суурьшлын бүсэд, тухайлбал, аялагч амрагчдын байрлах сууц зэргийг онцгой хамгаалалтын бүсэд байршуулах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн газрыг анх “Тулга-13” ТББ-д эзэмшиж байсан бөгөөд Засаг даргын шийдвэрээр “ЭИ” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэн өгч, хугацааг сунган газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр газар эзэмших эрх бий болсон тул газрын төлбөр тооцоог журмын дагуу төлж ирсэн. Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгч “ЭИ” ХХК-ийг буруутгах боломжгүй бөгөөд тухайн газрыг зөвшөөрөгдсөн хүрээнд эзэмших ашиглах боломжоор хангах, хэрэв тийнхүү боломжгүй гэж үзвэл эзэмшил газрын байршлыг өөрчлөх байдлаар шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх энэ талаар анхаарч үзсэнгүй.

3.4. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д “... иргэдийн хурал, түүнчлэн дээд шатны засаг даргын шийдвэрээр тогтоосон хориглолтыг зөрчихийг хариуцагч нарт даалгах, хууль тогтоомжоор хориглосон газарт мэдээллийн санд зургийг бүртгүүлэхийг мөн даалгах боломжгүй” хэмээн дүгнэсэн. Энэхүү захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэх явцад нэхэмжлэгч талаас НИТХ-ын 2016 оны А/50 тогтоолыг НИТХ-аас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгч А.Мөнхзул нь уг А/50 тогтоол нь олон хавсралт хуудастай гэх тайлбараар тухайн шүүхэд хянан хэлэлцэгдэж буй нэг захиргааны хэргээс уг тогтоолыг татаж авахаар шийдвэрлэсэн. 3-р хавтаст хэргийн 40 дэх талд хавсралт байхгүй зөвхөн 1 хуудас тогтоол авагдсанаас гадна 41-р талд бидний хэн ч мэдэхгүй Нийслэлийн Засаг даргын захирамж гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх хаанаас ч юм оруулж ирсэн байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэн шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

3.5. Анхан шатны шүүх дээрх хүрээнд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд хариу өгсөн, хууль бус эс үйлдэхүй гаргаагүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн бусад шаардлагыг ч хангах үндэслэлгүй гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

3.6. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0561 шийдвэрийг хүчингүй болгож, “ЭИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1.  Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

  1. Нэхэмжлэгч “ЭИ” ХХК-иас БЗДЗД болон БЗДГЗБА нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч нар нь манай компанийн эзэмшлийн газрын ямар хэсэг нь хэр хэмжээгээр давхацсан, мөн хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй атал ийнхүү ... газар эзэмших хугацааг сунгахыг татгалзсан хариуг өгсөн. Учир нь газрын нэгдсэн санд оруулаагүй газрыг хаана, юутай хэрхэн давхцаж байгааг яаж шууд тогтоож буй нь үндэслэлгүй байх бөгөөд газар эзэмших зориулалтыг анхаарч үзсэнгүй...” гэж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Тухайн газар нь Усны тухай хууль болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Хот, суурины эс хангамж ариутгах татуургын ашиглалтын болон эрүүл ахуйн бүсэд, Усны тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон талаар удаа дараа хариу хүргүүлсэн...” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

 

  1. Анх маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Гачуурт Өлийн өвөр гэх 89500 м.кв газрыг БЗДЗД-ын 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар захирамжаар “Тулга-13 клуб” ТББ-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба улмаар газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг үндэслэн БЗДЗД 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/432 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгч “ЭИ” ХХК-д  шилжүүлж, спорт, сургалт, аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 09 дүгээр сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. . Энэ талаар талууд маргаагүй болно.

 

  1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан БЗДГЗБА ны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13/3394 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13/419 тоот албан бичгээр “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс”-д хамаарч байгаа, мөн Хот, суурины эс ханамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ... заалтуудыг зөрчиж байгаа тул танай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг ...мэдэгдье” гэж, мөн тус албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13/419 тоот албан бичиг, мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/1733 тоот албан бичгээр “...Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон байх тул газар эзэмших хугацааг сунгах боломжгүй байна” гэх баримтуудаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар хариуцагч нар нь хууль бус эс үйлдэхүй гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

5. Тодруулбал, нэхэмжлэгчийн “газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах” талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд маргаан бүхий газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд орсон тул дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;” гэж,

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т ““онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.”, гэж,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Усны тухай хуулийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход оршино.”, 2.5-т “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно:”, 2.5.4-т “нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих;” тус заажээ.

7. Дээрх хууль тогтоомж болон журмын зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нарын нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан болон газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа үйлдлийн улмаас “ЭИ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Нөгөөтээгүүр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/871 тоот албан бичгээр “...“ЭИ” ХХК-ийн нэр дээрх кадастрын зургийн солбилцол нь ... усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд бүхэлдээ хамаарч байна” гэх баримт болон нэхэмжлэгчийн 2015 оны “Спорт аяллын төв”-ийн эскиз зураг зэрэг баримтуудаас үзэхэд, маргаан бүхий газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд буюу онцгой хамгаалалтын бүсэд багтсан энэ тохиолдолд хариуцагчийн дээрх үйлдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрөөс газрын талаар баримтлах зарчимтай нийцжээ.

9. Хэдийгээр, анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй 2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст авагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Туул голын онцгой хамгаалалтын бүс, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/801 дүгээр захирамжийг[1] үнэлж, шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д дүгнэсэн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Уг захирамж нь https://ulaanbaatar.mn/rule/620f7165840a71498ea029aa цахим сайтад бүрэн байршсан, нийтэд илэрхий баримт байх бөгөөд энэхүү захирамжийн үндэслэл агуулгын талаар хэргийн оролцогчид харилцан мэтгэлцсэн болох нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (2 хх-ийн 98,99 дэх тал)-д тусгагджээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

10. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0561 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ

            ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА

                                                                                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 2023.05.19-ний өдөр Д.Баттулгын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2023/0038/3 индекстэй хэргээс хуулбарласан талаар баримт үйлдсэн. /2хх-ийн 39 дэх талд/