Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00085

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй 

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Т.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Д.Жаргалсайхан,

Хохирогч Б.Алтанцоож,

Хохирогч Л.Баттуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюун,

Гэрч Л.Сарнайцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боролзойн Оюун-Эрдэнэд холбогдох 142/2016/0022/Э индекстэй, 201514000113 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар хотод “Нүүдэлчин групп”-т туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Гачуурт тосгонд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хартуул овогт Боролзойн Оюун-Эрдэнэ /РД:ФМ78122987/.

 Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь: Иргэн Г.Хишгээг 2014 оны 5 дугаар сарын 21, 2014 оны 6 дугаар сарын 23, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд хийсэн зээлийн гэрээгээр халхавчлан залилаж 13660000 төгрөгийн хохирол,

иргэн Л.Баттуулыг 2012 оноос 2013 оны хооронд удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж 48440000 төгрөгийн хохирол,

иргэн Х.Оюунсайханы лангуунаас 2014 онд “Samsung note-1” гар утсыг хуурч мэхлэн авч 560000 төгрөгийн хохирол,

иргэн Б.Алтанцоожийг 2014 онд зээлийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлж 2850000 төгрөгийн хохирол тус тус учруулж,  бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

       Шүүгдэгч Б.Оюун-Эрдэний өгсөн: Би 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр блокоо хийж эхэлсэн. 9 ажилтантай, 2 машинтай ажиллаж эхлээд өдөрт 1 машин нь гэхэд 800 блок гаргадаг байсан. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл блокоо хийгээд хашаагаа дүүргэчихсэн байсан. Нэг өдөр манай үйлдвэрлэл явуулж байсан хашаан дотор жижиг тэрэг орж ирчихээд зогсоод байхаар нь очтол дүүгийн маань найз Алтанцэцэг ирсэн байсан. Тэр үйлдвэрлэлээ явуулахад чинь таньд мөнгө хэрэг болоод байгаа юм уу гэж асуухаар нь би хэн тэгэж байна гэсэн чинь танай дүү тэгэж байсан. Би найзыгаа дагуулаад ирлээ гэсэн. Түүний найз нь Хишгээ байсан. Тэр надад 13000000 төгрөг байгаа юмаа мөнгөө хүмүүст бага хүүтэй зээлэх гэсэн юм. Манай найз таныг блок үйлдвэрлэдэг ажилсаг эмэгтэй байдаг гэж хэлсэн гэх мэт зүйл ярьсан. Надад мөнгө хэрэгтэй нь үнэн ямар хүүтэй өгөх вэ гэхэд таньд бага хүүгээр өгнө гэсэн. Хишгээгийн нөхөр нь мөн манайхыг хэрхэн амьдардаг, үйлдвэрлэл маань хэрхэн явагддаг талаар судалж, гэрт орж үзэж, ажилчидтай ярилцаж байсан. Тэгээд би таньд зээл өгөх эсэхээ бодож байгаад маргааш холбогдоё гэж хэлээд явсан. Маргааш нь таньд зээл өгөе бичиг баримтаа аваад хүрээд ир гэсэн. Би тухайн өдрөө Хишгээгээс 3000000 төгрөгийн зээл авч нөхөр нь Хишгээтэй гэрээ хийчих гэсний дагуу 5 дугаар сарын 21-ний өдөр 1 сарын хугацаатай гэрээ хийсэн.  Хүүгээ өгөхөөр чинь гэрээгээ сунгана гэж Хишгээгийн нөхөр Булганбаатар хэлсэн. 6 дугаар сарын 21-ний өдөр би 3000000 төгрөгийн хүүгээ өгчихөөд Хишгээгийн нөхөр Булганбаатар руу ярьж дахин 4500000 төгрөг хэрэгтэй байна гэхэд болно, болно би таньруу шилжүүлье Хишгээтэй гэрээгээ хийчих гэсэн. Булганбаатарын ажиллаж байсан газар Төрийн банк л байсан тул би мөнгөө авахын тулд Төрийн банкинд ажилладаг Амаржаргал гэж найзаасаа данс руу чинь мөнгө хийлгээд авъя гэж гуйсан. Тэр зөвшөөрсөн. Амаржаргалын данс руу Булганбаатараас 4800000 төгрөг шилжиж ирсэн. 4500000 төгрөгийг мөн урьдын адил нотариат дээр очиж гэрээ хийж авах гэтэл Хишгээ өмнөх 3000000 төгрөг дээрээ өнөөдрийн авч байгаа 4500000 төгрөгөө нэмж нэг гэрээ хийе гэсэн. Би ч зөвшөөрч нийт 7500000 төгрөгийн гэрээг шинээр хийгээд хамт хоол идээд салсан. Дахин дараа сарын хүүгээ өгчихөөд байж байтал ажилчдын цалин тавих болж надад 3100000 төгрөг хэрэг болсон. Хишгээгийн нөхөр Булганбаатар руу ярьж мөнгө авах болсон. Амаржаргалын данс руу 4500000 төгрөг шилжих ирсэн ба 3100000 төгрөгийг би мөн л гэрээ хийж авсан. Би 3 удаа Хишгээгээс мөнгө зээлсэн ба нийт 10600000 төгрөг авсан. Би Хишгээгээс мөнгө заллилаж мэхлээгүй, өөрсдөө мөнгө зээлэхийг санал болгож над дээр ирсэн.

Баттуулын хувьд бид хоёр 2005 оноос хойш найз нөхдийн холбоотой явсан. Тухайн үед би нөхрийн хамт хөдөө мал малладаг байсан. 2011 онд манай дүү миний үйлдвэрлэж байсан блокыг анх үйлдвэрлэж байлаа. Нэг өдөр дүү маань над руу залгаад үйлдвэрлэлд маань 10000000 төгрөг  хэрэгтэй байна гэсэн тул би Баттуултай уулзуулж өгсөн. 2011 оны намар миний дүү Оюунтуяа, Баттуул нарыг 10000000 төгрөг өгөлцөж, авалцахад хамт байсан. Харин би өөрөө Баттуулаас мөнгө зээлж байгаагүй. Баттуул өөрөө хүүтэй мөнгө зээлдүүлдэг, ломбард ажиллуулдаг хүн. Хэзээ ч хүнд зүгээр гэрээ хийхгүйгээр мөнгө өгөхгүй. Оюунтуяа 2011 оноос 2013 оны 7 дугаар сар хүртэл зээлсэн мөнгөний хүүгээ төлсөн ба 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зээлсэн мөнгөө үлдэгдэл хүүтэй нь өгч дуусгасан. 2014 оны 6 дугаар сард манай 10 жилийнхний төгсөлтийн уулзалт болсон. Тухайн үед манай хадам аавын бие муу байсан тул би нөхөртөө худлаа хэлж Баттуултай хуйвалдаж ангийхныхаа уулзалтанд явсан. Явсан хойгуур Баттуул манай нөхөр рүү залгаж намайг хаашаа явсан талаар хэлсэн байсан. Түүнээс нь болж би Баттуултай муудалцаж хэрэлдээд бид хоорондоо харьцхаа больсон. 2014 оны 4 дүгээр сард манай хадам аав нас барж 6 дугаар сард манай нөхөр надаас салсан. Ингээд би Улаанбаатар хотод очиж ажилд орсон. Баттуултай нэг ч удаа холбоо бариагүй. 2015 онд гэнэт 59000000 төгрөг надаас нэхээд хүрээд ирсэн. Би гайхсан.

Оюунсайханы хувьд би тэрнээс өмнө нь 600000 төгрөгийн үнэтэй утас бэлэн мөнгөөрөө авч байсан юм. Түүнийгээ хүнсний зах дотор явж байгаад алдсан. Утасгүй болчихоод хүнтэй холбоо барихад хүндрэлтэй байсан тул Оюунсайханаас жолооны үнэмлэхээ барьцаалж утас зээлээр авсан нь үнэн. Би төлбөрөө хийж байтал цагдаад шалгагдах болсноор ажил, орлогогүй болсон. Би үүнийг төлнө.

Алтанцоожийн хувьд Баттуулын танил байсан. Баттуул байрны урьдчилгаа өгөх шаардлагатай болсон тул миний дүү Оюунтуяагийн зээлсэн мөнгөний үлдэгдэл хүү болох 1350000 төгрөгийг тэрнээс авсан байсан. Би Баттуулд мөнгө хэрэг болсон талаараа хэлэхэд Алтанцоож ахаас авчих дүүгийн чинь зээлсэн мөнгөний үлдэгдэл хүүг би Алтанцоож ахаас авсан байгаа. Чи 1350000 төгрөгийг би төлнө гэж хэлээрэй гэсэн. Би дүүгийнхээ мөнгийг төлнө гэж хэлээд дээрээс нь 1500000 төгрөг нэмж зээлсэн. Ингэхдээ 1000000 төгрөгийн барьцаанд монетан ээмэг 3 хос, монетан бөгж 3 ширхэг, 1 тасархай гинж, 1 мөнгөн аяга, 1 зургийн аппарат зэргийг өгсөн. 500000 төгрөгийн барьцаанд иж бүрэн шинэ dell брэндийн компьютер тавьсан. 2014 онд ажил төлөвлөснөөр бүтэхгүй мөнгө төгрөгийг нь төлөх боломжгүй болсон тул Алтанцоож ах руу залгаж барьцааны зүйлсийг зарж мөнгөө ав гэж хэлсэн. Эцсийн эцэст намайг ийм нөхцөл байдалд хүргэсэн хүн бол Баттуул гэж би бодож байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Алтанцоожийн өгсөн: Би Баттуултай залгаа лангуу ажлуулдаг байсан. 2013 онд Баттуул надаас эхлээд 1000000 төгрөг дараа нь 350000 төгрөг авсан. Дараахан нь Оюун-Эрдэнэ гэж найзыгаа дагуулж ирсэн. Оюун-Эрдэнэ монетан ээмэг, аяга гэх мэт зүйл барьцаанд тавьж 1000000 төгрөг зээлэхийг хүссэн, Баттуул миний найз найдвартай хүн зээлчих гээд байсан тул өгсөн. Удалгүй 500000 төгрөг хэрэг болсон гээд компьютер тэврээд хүрээд ирсэн. Би суурин компьютер  сүүлийн үед авахаа больсон гэхэд мөн л Баттуул манай найз найдвартай өгчих гэж байгаад өгүүлсэн. Хэдэн сарын дараагаас Баттуулын авсан 1350000 төгрөг болон Оюун-Эрдэний авсан 1500000 төгрөгийн хүү төлөгдөхгүй болсон. Би Баттуул руу ярьхад миний таниас авсан 1350000 төгрөгийг Оюун-Эрдэнэ төлнө гэж хэлсэн. Би уурлаж чи өөрөө авчихаад яагаад Оюун-Эрдэнэ төлнө гэж гэхэд Оюун-Эрдэнэ надаар авахуулсан юм гэсэн. Оюун-Эрдэнэ над дээр ирээд би төлнө гэж хэлсэн тул би 2014 оны 3  дугаар сарын 19-ний өдөр Оюун-Эрдэнэтэй гэрээ байгуулсан. Баттуулын надаас зээлж авсан мөнгө болон Оюун-Эрдэний зээлж авсан мөнгөнүүд дээр хүүг тооцож 5220000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. 1 сарын дараа би Оюун-Эрдэнэ рүү залгахад Баттуул надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Би таны мөнгийг өгөх боломжгүй болсон. Тиймээс та барьцааны эд зүйлсээ зарж мөнгөө олж ав гэсэн. Анх барьцаанд тавьсан байсан эд зүйлсээсээ Оюун-Эрдэнэ гуйж байгаад монетон том бөгж болон мөнгөн аягыг буцааж авсан. Үлдсэн монетон ээмэг, бөгж, гинж нь 10 грамм болсон. Тухайн үед 1 грамм монетоны үнэ 40000 төгрөг байсан тул 400000 төгрөг болсон. Dell брэндийн компьютерын хувьд 300000 төгрөгөөр Оюун-Эрдэний явуулсан хүн худалдаж авсан. Барьцааны зүйлс ингээд 700000 төгрөг болсон. Оюун-Эрдэнэ 1500000 төгрөгтөө хангалтай барьцаа тавьсан гэж байгаа. Үнэндээ тэр зүйлс нь 700000 төгрөг л болсон. Бас нэг зургийн аппарат байгаа, тэр нь одоо болтол байж л байгаа. Оюун-Эрдэнэ мэдүүлэгтээ 1500000 төгрөг авсан гэж байна. Гэтэл өөрөө над дээр ирж Баттуулын авсан 1350000 төгрөгийг би төлөх юм гэж хэлээд 5220000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурсан гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Баттуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюуны өгсөн: Оюун-Эрдэний аав, ээжтэй нь би найз нөхөд байсан. Тиймдээ ч Оюун-Эрдэнэ Баттуул хоёр найзалдаг байсан. Баттуулын нэхэмжилсэн 59000000 төгрөгийн талаар би нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ Оюун-Эрдэнийг дүүдээ 10000000 төгрөг авч өгсөнийг үүнээс гадна дахин нэг удаа 10000000 төгрөг авч байсныг мэдэж байна. Би Баттуулд чи яагаад Оюун-Эрдэнэтэй гэрээ байгуулдаггүй юм бэ гэхэд Оюун-Эрдэнэ өгдөг биздээ таниас ч гэсэн аваад өгдөг л биздээ гэж уурлаж байсан.  Оюун-Эрдэнэ надад ч бас өртэй. Би Оюун-Эрдэнийг авсан мөнгөө өгнө гэдэгт итгэдэг. Баттуулын нөхөр Ялалт Оюун-Эрдэнээс болж ажлаасаа халагдсан. Оюун-Эрдэний ээж Ялалтын ажилладаг банкнаас тэтгэвэрээ авдаг байсан. Ялалт Оюун-Эрдэний хүсэлтээр ээжийнх нь тэтгэвэрийг түүнд өгсөн байсан. Гэтэл ээж нь миний тэтгэвэрийн мөнгийг өөр хүнд өгсөн байна гэж Банкин дээр очиж хэл ам хийснээс болж ажлаасаа халагдсан. Оюун-Эрдэнэ Оюунтуяад зээлж өгсөн мөнгөнөөсөө гадна Баттуулаас мөнгө зээлж авч байсан нь үнэн. Мөн Норовсамбуу гэж хүнээс Баттуул Оюун-Эрдэнэд 1000000 төгрөг зээлж өгсөн байсан. Би нэг өдөр оёдолчин дээр байж байтал хүмүүс Баттуулаас мөнгө нэхэж ирсэн. Би охиноо загинахад Баттуул Оюун-Эрдэний зээлсэн мөнгө байгаа юм. Чи хэлэлдээ гэхэд Оюун-Эрдэнэ би төлнө гэж байсан. Энэ бүгдээс харахад Оюун-Эрдэнэ Баттуулаас өөрөөс нь мөнгө аваад зогсохгүй хүмүүсээс зээлүүлж мөнгө авдаг байсан байна. Баттуулаас Оюун-Эрдэнийг 59000000 төгрөг зээлсэн гэж худлаа ярьж чадахгүй нь гэхдээ 25000000 төгрөг бол зээлсэн нь үнэн.  Тиймээс энэ 25000000 төгрөгийг бол ямарч байсан авна гэх мэдүүлэг,

Гэрч Л.Сарнайцэцэгийн өгсөн: Баттуул миний оюутан ангийн найз юм. Баттуулаас би мөнгө хэрэг болохоороо асуудаг байсан. Тэр үед Баттуул Оюун-Эрдэнэд зээлүүлчихсэн гэдэг байсан. Тэгэхээр нь би зээлийн гэрээ байгуулдаг юм уу гэж асуухад байгуулаагүй гэж хэлдэг байсан. Баттуулыг 59000000 төгрөг Оюун-Эрдэнэд өгч байхыг хараагүй. Ер нь Оюун-Эрдэнэд мөнгө өгч байхыг нь нэгч удаа харж байгаагүй. Баттуул л Оюун-Эрдэнэд зээлүүлсэн мөнгөнийхөө талаар надад ярьдаг байсан. 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би Баттуулд 1800000 төгрөг өгч эргэлдүүлээд өгөөч гэсэн. Баттуул Оюун-Эрдэнэд зээлдүүлсэн гэж байсан. Би Оюун-Эрдэнээс ямарч мөнгө аваагүй гэх мэдүүлэг,

 201514000113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 Хохирогч Г.Хишгээгийн өсгөн: Тухайн үед Б.Оюун-Эрдэнэ нь Дэнж багт хашаандаа хоёр блокны машин суурилуулж хашаагаараа дүүрэн блок хийж байсан юм. Тэгээд надад хэлэхдээ цемент авах гэсэн чинь мөнгө дутаад байна. 3000000 төгрөг байвал вагоноор нь цементээ авна тэгвэл илүү ашиг унахаар байгаа юм гээд сарын 8 хувийн хүүтэй алданги 5 хувийн хүүгээр тооцож гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж мөнгийг бэлнээр өөрт нь өгсөн юм. Нөхөр маань удалгүй ажилдаа явсан. Ингээд сарын хугацаа нь болоод надад зээлсэн мөнгөө бүрэн өгч чадахгүй нь хүүгээ авч бай дараа сард мөнгийг чинь өгнө гээд хүүний 240000 төгрөг 6 дугаар сарын 21-ний өдөр  өгсөн. Үүнээс хоёр хоногийн дараа Оюун-Эрдэнэ утсаар яриад ярих зүйл байна, манайд хүрээд ир, эгчид нь гоё ажлын санал байна. Багийн шугамаар ирсэн төсөл 5 айлын газрын хашаа барих юм. Хашааг блокоор барина. Нэг айлын хашаанд 1000 блок орно гэхэд 5000 блокны ажил гараад байна. Цаад хийлгэж байгаа хүмүүс нь манай танилууд байгаа юм. Тэгээд намайг блокоо гарга, ажиллах хүчээ гарга гэж байна. Тэгсэн ажил гүйцэтгэх хүмүүс хөлслөх гэтэл урьдчилгаа хэрэгтэй гээд байна. 7500000 төгрөг зээлээч гэхээр нь би байхгүй гэхэд нөхөртэй чинь ярьсан чи нөхөртэйгээ ярьдаа гэхээр нь би нөхөртэйгөө ярихад нотариатаар гэрээгээ байгуулчих би мөнгийг нь шилжүүлнэ гэсэн. Нөхрийн маань байгаа газарт зөвхөн Төрийн банк байдаг энэ банкны данстай хүн хэрэгтэй гэхэд Оюун-Эрдэнэ манай найз байгаа гээд төрийн банкны нарийн бичгийн дарга Амаржаргал гэж эмэгтэйн дансаар мөнгө шилжүүлж авсан. 10000000 төгрөг ирсэнээс 7600000 төгрөгийг Оюун-Эрдэнэд өгсөн. Гэрээг нь өмнөх гэрээтэй адил нөхцөлөөр хийсэн. Ингээд хоёр хоногийн дараа Оюун-Эрдэнэ манай найз Амаржаргалын хуурай эгч  нь лангуу ажлуулж наймаа хийдэг хүн байдаг Төрийн банктай олон жил зээл авч наймаа хийсэн найдвартай зээлдэгч байгаа юм. Энэ хүний зээлийг чөлөөлвөл би чиний   мөнгийг   өгнө   гэхээр   нь   3100000 төгрөгийг   Амаржаргалын   дансанд шилжүүлсэн.   Энэ  зээл  чөлөөлөх тухай гэрээ  хийхэд Амаржаргал  хажууд  нь байгаагүй тул би Амаржаргалтай гэрээ хийе гэхэд Оюун-Эрдэнэ банкны ажилтан хүн учир хамаагүй гэрээ хийж болохгүй надтай хийчих гэхээр нь гэрээ хийгээд Амаржаргал нь бууж ирээд касснаас мөнгө авч өгчихөөд буцаад ажлаа хийгээд явчихаар нь наад мөнгөө Амаржаргалд өгөхгүй юм уу гэхэд хуралтай гэсэн, намайг мөнгөө аваад гадаа байж бай гэсэн гэхээр нь хүүхэдтэй явсан учраас гараад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-14-15 тал/. 

Хохирогч Л.Баттуулын өгсөн: ...Би Боролзойн Оюун-Эрдэнийг 2004 оноос таньдаг болсон анх нэг найзаараа дамжуулан танилцаж байсан, үүнээс хойш найзууд болсон юм. Ингээд 2010 онд надаас мөнгөний хэрэг байна маргааш өгнө, тэгж байгаад өгнө гээд авдаг байсан. 100000, 200000, 1000000 гээд байнга л мөнгө авдаг байсан, өөрөөс минь нийт 29800000 төгрөг авсан байдаг, би үүний хажуугаар хүмүүсээс мөнгө авч өгсөн мөнгөө нөхөр бид 2 өөрсдөө төлсөн бөгөөд одоо 59000000 төгрөгийн хохирол учраад байна. Мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан, тодорхой баримт байхгүй. Тодорхой хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хаан банкны эдийн засагч Норовсамбуу гэдэг хүнээс 10000000 төгрөгийг аваад Оюун-Эрдэнэд өгсөн юм. Энэ мөнгийн Норовсамбуу шүүхэд иргэний журмаар хандаад би мөнгө аваад өгсөн болохоор 12000000 төгрөгийг өмнөөс нь төлсөн. Энэ мөнгийг Оюун-Эдэнэ өөрөө авч, гэрээг дүү Оюунтуяа нь хийсэн. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Капитрон банкнаас зээл авахад надаас Оюун-Эдэнэ, Оюунтуяа нар ирээд 20000000 төгрөгийг авсан, тус бүрдээ 10000000 төгрөгийг зээлж байгаа гэж хэлж байсан. 2012 онд Хаан банкнаас авсан зээлээ төлөхийн тулд ээж Оюуны нэр дээр 20000000 төгрөгийн зээл гаргуулахад үүнээс 120000000 төгрөгийг нь 14 хоногийн хугацаатай зээлье гэж аваад өгөөгүй. Бусдыг нь бол увуулж цувуулж авсаар байгаад одоогийн нэхэмжилж буй 59000000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-104 дүгээр талд/,

Хохирогч Х.Оюунсайханы өгсөн: Би Сонгинохайрхан төвд байрлах гар утасны Теди төвд гар утас зардаг ажил хувиараа хийдэг юм. Нэг жил гаруйн өмнөөс Б.Оюун-Эрдэнэ манай төвөөр орж гарч яваад биенээ мэддэг болсон. Ер нь бол Оюун-Эрдэнэ манай хадам ээжийн эгчийн хүүхэдтэй гэр бүл болж байсныг мэднэ. 2014 оны намар сарыг нь сайн санахгүй байна. Манай лангуун дээр ирээд 2 ширхэг “Samsung note-1” маркын гар утсыг зээлээр өгчихөөч удахгүй мөнгийг нь өгнө гээд авсан. Тухайн үед жолооны үнэмлэхээ барьцаалж авсан. Тэгээд одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй яваад байгаа юм. Би утас руу нь залгахаар холбогдохгүй байсан, би сүүлд Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэхээр нь холбоо барихад мөнгийг чинь өгнө гээд өөрийнхөө дүүгээр 50000 төгрөг өгч явуулсан байсан... түүнээс хойш сураггүй байгаа гэх мэдүүлэг /хх-115 тал/,

Хохирогч Б.Алтанцоожийн өгсөн: Оюун-Эрдэнэ надаас эхлээд сарын 5 хувийн хүүтэй 1000000 төгрөг, дараа нь 5 хувийн хүүтэй 500000 төгрөг зээлж авсан, тухайн үед би ямар нэгэн барьцаалан зээлдэх бичиг баримт үйлдээгүй, манай хажуу талын барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан Баттуул гэж эмэгтэй Оюун-Эрдэнэд мөнгө зээлчих, миний таньдаг найдвартай хүн байгаа юм гэж хэлж байсан болохоор би Оюун-Эрдэнэд итгээд мөнгө зээлж байсан. Оюун-Эрдэнэ надаас нийт 1500000 төгрөг зээлсэн. Би Оюун-Эрдэний надад барьцаалсан гэх эд зүйлсийг зарахад 700000 төгрөг болсон. Баттуул гэдэг эмэгтэй 2013 онд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 1000000 төгрөг, 2013 онд дахиж 350000 төгрөгийг тус бүр 5 хувийн хүүтэй авсан Баттуул надаас мөнгө авч байхад Оюун-Эрдэнийг би таньдаггүй байсан, Баттуул надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь мөнгөө нэхэж эхлэхэд Баттуул Оюун-Эрдэнэд өгчихсөн гэж хэлж байсан, Баттуул Оюун-Эрдэнийг дагуулж ирээд надаас зээлсэн 1350000 төгрөгийг Оюун-Эрдэнэ авсан гэж хэлэхэд Оюун-Эрдэнэ би Баттуулаар дамжуулж мөнгө авсан одоо таньтай нийт авсан мөнгө болох 2850000 төгрөгний хүүг нэмээд нийт 5220000 төгрөгний зээлийн гэрээг хийж өгнө гээд 2014 оны 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ хийсэн.... гэх мэдүүлэг /хх 132 тал/

Гэрч В.Булганбаатарын өгсөн: ...Анх эхнэр бид хоёр 3000000 төгрөгийг хүүтэйгээр эхнэр гэрээ хийж Б.Оюун-Эрдэнэд зээлсэн. Үүний дараахан би Төв аймгийн Заамар сум руу ажилдаа явсан. 2014 оны 6 дугаар сарын 20-дын үеэр надруу Оюун-Эрдэнэ утсаар яриад би Дэнжид 5 айлын газрын хашааны блок үйлдвэрлэх боллоо үүнийг барих бригадын ажилчдын урьдчилгаа  мөнгө хэрэгтэй  байна. 14 хоногийн дотор  өгчихнө  гэхээр  нь  би эхнэртэйгээ   утсаар   яриад   гэрээ   хийгээрэй   гэж   хэлээд   4500000   төгрөгийг шилжүүлсэн үүнээс хойш Амаржаргал гэдэг банкинд ажилладаг хүнтэй, хамтарч зээл чөлөөлөх гэж байгаа гэхээр нь 3100000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөтэй хамт эхнэртэй 1200000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Оюун-Эрдэнэ гэж эмэгтэйд нийт 13660000 төгрөг зээлээд авч чадахгүй байна гэх мэдүүлэг /хх 20 тал/

Гэрч Ө.Амаржаргалын өгсөн:  Миний хувьд Оюун-Эрдэнэтэй бусдын зээлийг чөлөөлсөн асуудал байхгүй. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Оюун-Эрдэнэ утсаар яриад манай Хишгээ гэдэг найзын нөхөр нь Эрдэнэтээс  хол байгаа нөхрийнх нь нэр дээр мөнгө нь байгаа төрийн банкны дансаар шилжүүлж авмаар байна. Чамд данс байгаа юу гэхээр нь байгаа гэсний дагуу Булганбаатар гэдэг хүнээс 4850000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед Хишгээ гэдэг эмэгтэй нь Оюун-Эрдэнэтэй цуг явж байсан. 2014 оны 6 дугаар сарын 25-нд мөн найзынхаа нөхрөөс дахиад мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд дахиад 4800000 төгрөгийг шилжүүлээд авсан. Шилжиж ирсэн мөнгийг нь Оюун-Эрдэнэд өгсөн хоёулаа цуг байсан. Би Оюун-Эрдэнэд дансаараа шилжиж ирсэн мөнгийг авч өгсөнөөс биш нийлж ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Оюун-Эрдэнийг Хишгээ гэдэг хүнээс мөнгө зээлж авч байгааг ч мэдээгүй гэх мэдүүлэг /хх-21 тал/

Гэрч Т.Батхуягийн өгсөн: Оюун-Эрдэнэ нь хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан ба би тэнд нь ажилдаг байсан. Өдөрт хэдэн блок гардаг байсныг мэдэхгүй, санахгүй байна. Хувь хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан, Шүүхийн шийдвэрийн байгууллагаас блок ирж авдаг байсан. Оюун гэдэг эмэгтэйд өртэй гээд авдаг байсан, тоог нь мэдэхгүй ч нилээн их блок авдаг байсан гэх мэдүүлэг /хх-24 тал/

Гэрч   С.Ялалтын өгсөн:  Манай   эхнэр   Баттуул   2008   оноос   барьцаалан зээлдүүлэх   үйлчилгээ   эрхэлж   эхэлсэн,    тэгээд   таньдаг   мэддэг   хүмүүстэй итгэлцлээр мөнгө өгч байсан юм. Оюун-Эрдэнэ гэдэг эмэгтэйтэй 2008 оноос их дотносоод байнга л нийлдэг болсон байсан, салахгүй хамт л хаа сайгүй яваад байдаг болсон байсан. Өөрийнх нь бүртгэлийн дэвтрийг би хааяа үзэхээр Оюун-Эрдэнэ, Оюунтуяа нарт барьцаагүй их хэмжээний мөнгө өгсөн байсан. Би тухайн үед барьцаагүй нэг хоёр хүнд их хэмжээний мөнгө өгч болохгүй шүү гэдгийг хэлж байсан, ингэж явсаар 2013 онд би ажлынхаа газрын хүний үсний найран дээр Зоригтбаяр гэдэг залуугаас эхнэр маань Норовсамбуугаас их хэмжээний мөнгө зээлээд төлөөгүй байгаа юм байна гэж мэдээд эхнэрээсээ асуусан чинь Оюун-Эрдэнэ, Оюунтуяа нар гуйгаад надаар авахуулсан юм гэж байсан. Энэ асуудал нь шүүхдэх хэмжээнд хүрсэн. Ингээд шүүхээс Баттуулыг Оюун-Эрдэнэ, Оюунтуяа нарын зээлсэн мөнгийг өмнөөс нь төлөх шийдвэр гарсан тул мөнгийг өмнөөс төлж дуусгасан гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Гэрч Ш.Оюуны өгсөн: 2012 оны 10 дугаар сарын сүүлээр би өөрийнхөө байрыг банкны барьцаанд тавьж Баттуулд капитрон банкнаас 39000000 төгрөгний зээл авч өгсөн. Баттуул тухайн үед барьцаалдан зээлдүүлэх ажил эрхэлж байсан бөгөөд дээрх бизнесдээ зээлсэн мөнгөө хэрэглэсэн. Баттуул надаар зээлдүүлж авсан 39000000 төгрөгийн хүү болон сарын төлөлтийг сар бүр өөрөө төлдөг байсан. 2013 оны 7 дугаар сарын эхээр Баттуул нөхрийн хамт байрны зээлд хамрагдах гээд миний тэтгэвэр, нөхрийн тэтгэврийн зээлийн хамт 24 сараар банкнаас гаргуулан авсан. Мөн хадам аавынхаа тэтгэврийн зээлийг банкнаас гаргуулан аваад байрныхаа урьдчилгаа мөнгийг өгсөн байх. Тухайн үед би нөхөр Лувсанбатын хамт охин Баттуулыг байранд оруулах санаатай тэтгэврийн зээлийг авч өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баттуул надаар авахуулсан Капитрон банкны зээлийн үлдэгдэл мөнгийг төлж дуусгасан. 2013 оны 8 сарын 9-ний өдөр Баттуул надаас дахиад Капитрон банкнаас 20000000 төгрөгийн бизнесийн зээл авахуулж сар бүрийн төлөлтийг нь төлж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үлдсэн мөнгийг нь төлж дуусгасан. Оюун-Эрдэнэ Баттуулаас авсан мөнгөөрөө амьдралаа залгуулж байгаа хүн. Баттуулын надаар 2012, 2013 онд авахуулсан банкны зээлийн мөнгөнөөс Оюун-Эрдэнэ 5000000, 10000000 төгрөгөөр нь байнга зээлж аваад БНХАУ-руу бараанд явдаг байсан гэх мэдүүлэг /хх 135-136 тал/,

Сэжигтэн Б.Оюун-Эрдэний өгсөн: 2013 оны 5 дугаар сараас би Орхон аймгийн Дэнж багт байрлах хадмынхаа хашаанд блокны үйлдвэрийн үйл ажиллагааг төрсөн дүү Оюунтуяагийн хамт эрхэлж эхэлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаад 2014 оны 5 дугаар сард Хуягаа гэдэг хүнтэй танилцаад энэ хүн надад чи ахиухан блок хийгээд өгөөч, би 10 айлын газар дээр блокон хашаа барихаар болсон гэхээр нь тухайн үед хавар өнгөрөөд ажил дөнгөж эхэлсэн мөнгө муутай блокны материал дутуу байсан тул мөнгө олж материалаа аваад блок хийе гэж бодсон. Манай дүү Оюунтуяагийн найз Алтайгаар дамжуулж Хишгээтэй танилцсан. Хишгээ нөхөртэйгөө ирж манай блок хийж байгаа байдалтай танилцаад түүнээс 3000000 төгрөг зээлж авсан, мөнгө зээлэхдээ гэрээ хийсэн. Ингээд ажил маань явж эхэлсэн. Би тухайн үед өмнө нь шүүхийн шийдвэрээр Оюун гэдэг эмэгтэйд өртэй байсан тул блокоор өрөө төлж байсан. Тухайн үед тооцоогоор 10 айлын хашааны блок нь 20000000 орчим төгрөг болчихно, үүнээс зээлсэн мөнгөө болоод шүүхийн шийдвэрээр төлөх өрөө өгчихнө гэж тоцоолоод ажилласан. Ингээд сарын дараа 6 дугаар сарын 23-ны өдөр би хүүгээ төлөхдөө 4500000 төгрөг дахиж зээлээд өмнөх 3000000 төгрөгөн дээрээ нийлүүлээд 7500000 төгрөгийн гэрээ болгож хийсэн. Үүний дараа 3100000 төгрөгийг зээлж гэрээ хийсэн. Ингээд Г.Хишгээгээс 10600000 төгрөгийг авсан. Хишгээгээс гаргаж өгсөн 3 гэрээний хувьд эхлээд анх авсан 3000000 төгрөгөн дээр гэрээ хийсэн боловч дараа нь 4500000 төгрөг зээлэхдээ Хишгээгийн саналаар өмнөх авсан 3000000 төгрөгөн дээр нэмж нэг гэрээ хийе гэсний дагуу 7500000 гэрээ хийчихээд гурван гэрээгээ гаргаж өгөөд мөнгөө нэхэмжилсэн нь буруу байна. 2 гэрээ л байгуулсан гэв. Мөнгийг нь төлж чадаагүйн учир нь Хуягаа гэдэг ахын хэлсэн ажил худлаа болоод гүйлгээ багассан, энэ хугацаанд манай хадам эцэг нас бараад ажил явдал гараад 10 гаруй хоног ажиллаагүй зэргээс болоод хугацаа яваад 7 сар болоход төлөвлөснөөр болохоо байж эхэлсэн юм. Ингээд гэрээний хугацаа дуусаад 9 сард би Хишгээ болон нөхөрт нь учир байдлаа хэлээд надад хугацаа өгчих, дахиад гэрээ хийе гэж хэлсэн. Би хүү гэж 2014 оны 10 дугаар сар хүртэл тогтмол мөнгөө /одоо хэдийг өгсөнийг мэдэхгүй/ өгөөд явсан. Дараа нь би уулзаад ажил бүтэхгүй мөнгийг чинь тодорхой хугацаанд өгч чадахгүй нь тэгэхдээ төлнө гэдэг учир байдлаа хэлээд надад хэдэн сарын хугацаа өгчих, би та хоёрт 3000000 төгрөгийн хүү нэмээд 13000000 болгож өгнө гэдгээ хэлсэн. Бас Улаанбаатар хотод ажилд орохоор болсон гээд ажлынхаа талаар ч хэлсэн, энэ ажилдаа одоо ч ажиллаж байгаа. Би одооноос ажилдаа жинхэлж байгаа, тогтмол цалинтай болохоороо мөнгийг нь өгнө. Гэхдээ энэ хугацаанд Хишгээтэй байнга холбоотой байж бага сагаар мөнгө өгч ирсэн. Би утсаа ашиглан дансаараа шилжүүлж байсан лавлагаагаар гараад ирнэ. Блокны газраа 2014 оны 10 дугаар сар гээд цаг агаар хүйтрээд ирэхээр больсон. Одоо энэ хашаа эзэнгүй байгаа, хажуугийн хашаанд манай ээж амьдарч байгаа. Төрийн банкинд нарийн бичгээр ажилладаг Амаржаргал нь манай ангийн хүүхэд юм. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.Хишгээгээс 4500000 төгрөгийг Төв аймгийн Заамар сумаас Г.Хишгээгийн нөхрөөс нь шилжүүлж авахдаа дансыг нь ашигласан. Түүнээс өөрөөр Амаржаргалтай хамт зээл чөлөөлж байгаа, зээл бүтэхээр нь мөнгийг чинь өгнө гэж огт яриагүй гэх мэдүүлэг /хх 140-142 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2,97,113,117дугаар тал/, Г.Хишгээ, Б.Оюун-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21, 2014 оны 06 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээ /хх 17-19 тал/, депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-22, 177-180 дугаар тал/,  13660000 төгрөгийг төлөх талаар гаргасан шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн тодорхойлолт /хх-6 дугаар тал/, Б.Алтанцоож, Б.Оюун-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-121 тал/,  бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дэвтэр /хх 29-55 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-86-92 дугаар тал/, сэжигтнээр тооцох тогтоол тэмдэглэл /хх 79-80 тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх 81-83 тал/,  хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол /хх 128 тал/, Зээлийн дансны хуулга /хх-107-110,153-155 дугаар тал/, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх 129,180 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх 146 тал/,  “Samsung note-1” маркын гар утасны үнэлгээний талаархи шинжээчийн дүгнэлт /хх-183 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гийн шинжээчийн дүгнэлт /хх-199-201 дүгээр тал/, харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол, тэмдэглэл /хх 207-208 тал/, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай талаархи Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-147 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56-58 тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 57-74 тал/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг: 2014 оны 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд иргэн Г.Хишгээтэй байгуулсан зээлийн гэрээгээр халхавчлан 13660000 төгрөгийг,

2012 оноос 2013 оны хооронд удаа дараагийн үйлдлээр иргэн Л.Баттуулын 48440000 төгрөгийг,

2014 онд иргэн Х.Оюунсайханы лангуунаас төлбөрийг удахгүй хийнэ гэж “Samsung note-1” маркийн гар утас буюу 560000 төгрөгийг,

2014 онд иргэн Б.Алтанцоожтой зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2850000 төгрөгийг тус тус залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 201514000113 дугаартай хэргийн шүүхэд ирүүлсэн байна.

  1. 2014 оны 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд иргэн Г.Хишгээтэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 13660000 төгрөгийг залилан мэхэлж авсан хэргийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн өгсөн “...би 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж аваад сарын дараа хүүг нь өгөөд уг мөнгөн дээрээ нэмж 4500000 төгрөгийг зээлж, гэрээгээ шинэчлэн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан,  2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3100000 төгрөгийг мөн гэрээ хийж авсан, хүүгээ төлж явж байгаад блокны үйлдвэрлэл зогсож эрсдэлд орсноор зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болж Г.Хишгээтэй хүүг тооцон 13660000 төгрөгийг төлөхөөр тохиролцож тодорхойлолт хийж өгсөн нь үнэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Хишгээгийн өгсөн “...3 удаагийн гэрээгээр нийт 13660000 төгрөгийг авсан нь үнэн, үүнээс хүү гэж 480000 төгрөг /240000 төгрөгөөр 2 удаа/, дараа нь 460000 төгрөгийг цувуулж өгсөн, сүүлд 100000 төгрөг /50000 төгрөгөөр 2 удаа/, нэг удаа 30000 төгрөгийг өгч нийт 1070000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/, гэрч В.Булганбаатарын өгсөн “манай эхнэрийн эгч Алтанцэцэг нь 2014 оны 5 дугаар сард эхнэртэй маань ирж уулзаад өөрийн найзын эгч болох Оюун-Эрдэнэ гэдэг хүнд мөнгө зээлээч гэж байна гэхээр нь эхнэр, түүний эгч Алтанцэцэг нарын хамт очиж уулзахад Оюун-Эрдэнэ гэдэг эмэгтэй байсан. Тухайн үед Дэнж багт блок үйлдвэрлэж байсан,  ингээд энэ эмэгтэйд бид хоёр анх 3000000 төгрөгийг хүүтэйгээр эхнэр гэрээ хийж зээлүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 20-дын үеэр надруу Оюун-Эрдэнэ утсаар ярьж мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьж 4500000 төгрөгийг шилжүүлсэн, үүний дараа Амаржаргал гэдэг хүнтэй хамтарч зээл чөлөөлнө гэж байгаа гэхээр нь 3100000 төгрөгийг шилжүүлсэн. Эрдэнэтийн төрийн банкны ажилтан Амаржаргал гэдэг хүний дансруу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-20 дугаар тал/, гэрч Ө.Амаржаргалын өгсөн “ Б.Оюун-Эрдэнэтэй хамт сургуульд сурч байсан, хамтарч бусдын зээл зээл чөлөөлсөн асуудал байхгүй. “...Миний дансаар Булганбаатар гэдэг хүнээс 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4850000 төгрөг,  2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4800000 төгрөгийг шилжүүлж авсан, уг мөнгийг Оюун-Эрдэнэд өгсөн хоёулаа /Хишгээтэй/ цуг явж байсан” гэх мэдүүлэг /хх-21 дүгээр тал/, гэрч Ө.Амаржаргалын дансаар тухайн өдрүүдэд 4850000 төгрөг, 4800000 төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-22 дугаар тал/,  13660000 төгрөгийг маргах зүйлгүй төлөх талаар гаргасан шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн тодорхойлолт /хх-6 дугаар тал/, гэрч Н.Лхамсүрэнгийн өгсөн “ Оюун-Эрдэнэ эгч 2013 оноос 2014 оны хугацаанд хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан. Блокны 2 машинтай, 6 ажилчинтай  байсан.  Өдөрт 500 орчим блок гардаг, хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-23 дугаар тал/, гэрч Т.Батхуягийн өгсөн  “Оюун-Эрдэнэ нь хашаандаа блок үйлдвэрлэдэг байсан ба би тэнд нь ажилладаг байсан. Өдөрт хэдэн блок гардаг байсныг мэдэхгүй, санахгүй байна, хувь хүмүүсийн захиалгаар борлуулдаг байсан, Шүүхийн шийдвэрийн байгууллагаас блок ирж авдаг байсан. Оюун гэдэг эмэгтэйд өртэй гээд авдаг байсан, тоог нь мэдэхгүй ч нилээн их блок авдаг байсан” гэх мэдүүлэг /хх-24 дүгээр тал/, төлбөрт тоосго цохиж нийлүүлж байсан тухай ШШГЕГ-ын Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/704 дугаартай албан бичиг /хх-26 дугаар тал/ зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2013-2014 онуудад блокны үйлдвэр бүхий жижиг бизнес эрхэлж байсан байх ба энэ хугацаандаа бизнесийн үйл ажиллагааныхаа ашиг, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хохирогч Г.Хишгээтэй зээлийн гэрээ байгуулж 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3000000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж хүүг сарын дараа буюу 6 дугаар сарын 21-ний өдөр төлж,  2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр уг 3000000 төгрөг дээр 4500000 төгрөгийн нэмж 7500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай,  2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3100000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай авахаар харилцан тохиролцсоноор /хх-17-19 дүгээр тал/ талуудын хооронд зээлийн гэрээнээс үүдэлтэй үүрэг үүссэн байх ба шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь гэрээний үүргээ биелээгүйн улмаас талуудын хооронд иргэний эрх зүйн маргаан үүссэн байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ хохирогч Г.Хишгээтэй 10600000 төгрөгийн дүн бүхий 2 удаа зээлийн гэрээ байгуулахдаа уг гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авах, мөнгийг эргэн төлөхгүй байх санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн гэх залилан мэхлэх гэмт хэргийн обьектив талын шинж үгүйсгэгдэж байх ба энэ гэрээ нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлж, нотариатаар гэрчлүүлсэн хууль зүйн үр дагавар бүхий хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талууд гэрээний үүргийн гүйцэтгэлээр харилцан тохиролцож үүрэг биелүүлэх хугацааг тогтоож байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэгт хохирогч Г.Хишгээгийн өгсөн: “Оюун-Эрдэнэ манай найз байгаа гээд төрийн банкны нарийн бичгийн дарга Амаржаргал гэж эмэгтэйн дансаар мөнгө шилжүүлж авсан. 10000000 төгрөг ирсэнээс 7600000 төгрөгийг Оюун-Эрдэнэд өгсөн. Гэрээг нь өмнөх гэрээтэй адил нөхцөлөөр хийсэн. Ингээд хоёр хоногийн дараа Оюун-Эрдэнэ манай найз Амаржаргалын хуурай эгч  нь лангуу ажлуулж наймаа хийдэг хүн байдаг Төрийн банктай олон жил зээл авч наймаа хийсэн найдвартай зээлдэгч байгаа юм. Энэ хүний зээлийг чөлөөлвөл би чиний   мөнгийг   өгнө   гэхээр   нь  3100000 төгрөгийг   Амаржаргалын   дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг нь шүүгдэгч болон гэрч Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ө.Амаржаргалын дансаар тухайн өдрүүдэд 4850000 төгрөг, 4800000 төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны харилцагчийн монгол хуулга зэргээр үгүйсгэгдэж байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг гэрч В.Булганбаатар нотолж мэдүүлэг өгсөн хэдий боловч гэрчийн хувьд хохирогч Г.Хишгээгийн гэр бүлийн хүн, түүнтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий учраас  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд зааснаар гэрч тухайн хэрэгт холбогдолгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.

2. 2012 оноос 2013 оны хооронд удаа дараагийн үйлдлээр иргэн Л.Баттуулын 48440000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх хэргийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Баттуулын өгсөн “би Боролзойн Оюун-Эрдэнийг 2004 оноос таньдаг болсон анх нэг найзаараа дамжуулан танилцаж байсан, үүнээс хойш найзууд болсон юм. Ингээд 2010 онд надаас мөнгөний хэрэг байна маргааш өгнө, тэгж байгаад өгнө гээд авдаг байсан. 100000, 200000, 1000000 гээд байнга л мөнгө авдаг байсан, өөрөөс минь нийт 29800000 төгрөг авсан байдаг, би үүний хажуугаар хүмүүсээс мөнгө авч өгсөн. Энэ мөнгөө нөхөр бид 2 өөрсдөө төлсөн бөгөөд одоо 59000000 төгрөгийн хохирол учраад байна. Мөнгө авахдаа дандаа бэлнээр авдаг байсан, тодорхой баримт байхгүй. Тодорхой хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хаан банкны эдийн засагч Норовсамбуу гэдэг хүнээс 10000000 төгрөгийг аваад Оюун-Эрдэнэд өгсөн юм. Энэ мөнгийн Норовсамбуу шүүхэд иргэний журмаар хандаад би мөнгө аваад өгсөн болохоор 12000000 төгрөгийг өмнөөс нь төлсөн. Энэ мөнгийг Оюун-Эдэнэ өөрөө авч, гэрээг дүү Оюунтуяа нь хийсэн. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Капитрон банкнаас зээл авахад надаас Оюун-Эдэнэ, Оюунтуяа нар ирээд 20000000 төгрөгийг авсан, тус бүрдээ 10000000 төгрөгийг зээлж байгаа гэж хэлж байсан. 2012 онд Хаан банкнаас авсан зээлээ төлөхийн тулд ээж Оюуны нэр дээр 20000000 төгрөгийн зээл гаргуулахад үүнээс 120000000 төгрөгийг нь 14 хоногийн хугацаатай зээлье гэж аваад өгөөгүй. Бусдыг нь бол увуулж цувуулж авсаар байгаад одоогийн нэхэмжилж буй 59000000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-104 дүгээр талд/,  “... 2011 онд би “Капитрон” банкнаас 39000000 төгрөгийн зээлийг бизнес эрхлэхээр авсан, энэ мөнгөнөөс  Оюун-Эдэнэ, Оюунтуяа нар тус бүр 10000000 төгрөгийг авсан, энэ зээлээ хаагаад 2012 онд би “Капитрон” банкнаас 20000000 төгрөгийн бизнесийн зээл авсан, үүнээс 12000000 төгрөгийг Оюун-Эрдэнэ авсан. 2013 онд Норовсамбуугаас надаар 10000000 төгрөгийг авахуулсан, үүнийг би Оюун-Эрдэнэд өгсөн юм. Энэ мөнгийг Норовсамбууд буцааж 12000000 төгрөг болгож төлсөн. Дээрхи 44000000 төгрөг дээр нэмээд надаас увуулж цувуулаад авсан мөнгө нь нийлээд 59070000 төгрөг болсон байгаа” гэх мэдүүлэг /хх-106 талд/ гэх, мөн хэргийн 133, 195 дугаар талуудад авагдсан өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюун “Баттуулын нэхэмжилсэн 59000000 төгрөгийн талаар би нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ Оюун-Эрдэнийг дүүдээ 10000000 төгрөг авч өгсөнийг үүнээс гадна дахин нэг удаа 10000000 төгрөг авч байсныг мэдэж байна. Би Баттуулд чи яагаад Оюун-Эрдэнэтэй гэрээ байгуулдаггүй юм бэ гэхэд Оюун-Эрдэнэ өгдөг биздээ таниас ч гэсэн аваад өгдөг л биздээ гэж уурлаж байсан.  Оюун-Эрдэнэ надад ч бас өртэй. Би Оюун-Эрдэнийг авсан мөнгөө өгнө гэдэгт итгэдэг. Оюун-Эрдэнэ Оюунтуяад зээлж өгсөн мөнгөнөөсөө гадна Баттуулаас мөнгө зээлж авч байсан нь үнэн. Мөн Норовсамбуу гэж хүнээс Баттуул Оюун-Эрдэнэд 1000000 төгрөг зээлж өгсөн байсан. Би нэг өдөр оёдолчин дээр байж байтал хүмүүс Баттуулаас мөнгө нэхэж ирсэн. Би охиноо загинахад Баттуул Оюун-Эрдэний зээлсэн мөнгө байгаа юм. Чи хэлэлдээ гэхэд Оюун-Эрдэнэ би төлнө гэж байсан. Энэ бүгдээс харахад Оюун-Эрдэнэ Баттуулаас өөрөөс нь мөнгө аваад зогсохгүй хүмүүсээс зээлүүлж мөнгө авдаг байсан байна. Баттуулаас Оюун-Эрдэнийг 59000000 төгрөг зээлсэн гэж худлаа ярьж чадахгүй нь гэхдээ 25000000 төгрөг бол зээлсэн нь үнэн.  Тиймээс энэ 25000000 төгрөгийг бол ямарч байсан авна гэх мэдүүлэг, гэрч С.Ялалт, Б.Оюунтуяа, С.Сэрчмаа, Л.Сарнайцэцэг нарын өгсөн мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ, хохирогч Л.Баттуул нарын хооронд найз нөхдийн харилцаа байсан байх бөгөөд түүний үндсэн дээр зээлийн харилцаанд орж байсан болох нь үгүйсгэгдэхгүй байна. Харин шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авах, мөнгийг эргэн төлөхгүй байх субъектив санаа зорилго агуулж хохирогчийг хуурч мэхлэсэн, түүний итгэлийг эвдсэн идэвхтэй үйлдлээр Л.Баттуул хаана, хэзээ, хэдэн төгрөгийг шүүгдэгч Б.Оюун-Эрдэний өмчлөлд шилжүүлэн өгсөн нь нотлогдож тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, гэрч нар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд мөнгө өгч байсныг хараагүй, их хэмжээний мөнгө зээлүүлсэн талаар Л.Баттуулын ярьж байхыг сонссон талаараа мэдүүлснээс биш Б.Оюун-Эрдэнэ Л.Баттуулыг залилан мэхэлсэн гэдгийг гэрчилж нотлоогүй байна.

3. 2014 онд иргэн Х.Оюунсайханы лангуунаас төлбөрийг удахгүй хийнэ гэж “Samsung note-1” маркийн гар утас буюу 560000 төгрөгийг залилан мэхэлж авсан хэргийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн 113 дугаар талд авагдсан хохирогч Х.Оюунсайханы Орхон аймгийн прокурорын газарт гаргасан “...Б.Оюун-Эрдэнэд 2 ширхэг Note гар утас зээлсэн, одоог хүртэл өгөхгүй, олдохгүй байсаар байна...” гэх агуулга бүхий гомдол, мөн түүний хохирогчоор тогтоогдож өгсөн “...2014 оны намар сарыг нь сайн санахгүй байна. Манай лангуун дээр ирээд 2 ширхэг “Samsung note-1” маркын гар утсыг зээлээр өгчихөөч удахгүй мөнгийг нь өгнө гээд авсан. Тухайн үед жолооны үнэмлэхээ барьцаалж авсан. Энэ утсыг хөдөөнөөс ирсэн ах дүү нартаа зараад өгье гэж хэлээд авсан. Тэгээд одоог хүртэл мөнгийг нь өгөхгүй яваад байгаа юм.  Би утас руу нь залгахаар холбогдохгүй байсан, би сүүлд Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэхээр нь холбоо барихад мөнгийг чинь өгнө л гэсэн, өөрийнхөө дүүгээр 50000 төгрөг өгч явуулсан байсан /хх 115 дугаар тал/ ...гэх мэдүүлгээр тус бүр нь 280000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахдаа хохирогчийг хуурч мэхлэсэн, түүний итгэлийг эвдсэн гэх шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн идэвхтэй үйлдэл буюу залилан мэхлэх гэмт хэргийн обьектив талын шинж нотлогдож тогтоогдоогүй, бусад нотлох баримтаар нотлож ирүүлээгүй байна.

4. 2014 онд иргэн Б.Алтанцоожтой зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2850000 төгрөгийг залилан мэхэлж авсан хэргийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн өгсөн “...Баттуул намайг чи Б.Алтанцоожид 1350000 төгрөгийг төлөөрэй, танай дүү Оюунтуяагийн зээлсэн 10000000 төгрөгийн хүү шүү гэж хэлсэн. Тэр үед манай дүү Оюунтуяа 10000000 төгрөгийн зээл авсан байсан болохоор би зөвшөөрсөн. Дараа нь надад мөнгөний хэрэг болоод Б.Алтанцоож барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг болохоор “Dell” маркийн иж бүрэн комьпютер, зургийн аппарат, монетон бөгж, ээмэг, зүүлт, гинж зэрэг эд зүйлээ барьцаалж эхлээд 1000000 төгрөг, дараа нь 500000 төгрөгийг зээлсэн. Тухайн үедээ барьцааны зүйл хангалттай байсан бөгөөд надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Дараа нь Баттуулын авсан 1350000 төгрөг болон миний авсан мөнгийг нийлүүлээд зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Би өөрийнхөө авсан мөнгийг төлөх боломжгүй болоод барьцааны зүйлээ зарж борлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хэдэн төгрөгөөр яаж борлуулснаа надад хэлээгүй, миний хувьд барьцааны зүйл хангалттай өгсөн. Би энэ хүнийг залилаж мэхлээгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Алтанцоожийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би Оюун-Эрдэнийг  танихгүй, Баттуул энэ хүн найдвартай гээд байхаар нь 1500000 төгрөгийг эд зүйл барьцаалж зээлдүүлсэн. 1350000 төгрөгийг Баттуул авсан, дараа нь Оюун-Эрдэнэ төлөх ёстой мөнгө гэж хэлсэн, Оюун-Эрдэнэ өөрөө төлнө гэж зөвшөөрсөн. Мөнгөө төлөхгүй болохоор нь дээрхи мөнгөндөө хүү тооцон  зээлж авсан мөнгөн дээр нь нэмээд 5220000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Эд зүйлийг нь зараад 700000 төгрөг болсон үлдэгдэл мөнгөө авах гэсэн олдохгүй болохоор нь шүүхэд хандтал хаяг нь тодорхойгүй гээд хүлээж аваагүй тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-118 дугаар тал/, зээлийн гэрээ /хх-121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаас дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар нэг зээлийн болон барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулагдаагүй, хохирогч Б.Алтанцоож 1350000 төгрөгийг шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд бус Л.Баттуулын өмчлөлд өөрийн сайн дураар шилжүүлсэн, 1500000 төгрөгийг түүний эд зүйлийг барьцаалан /барьцааны гэрээгүйгээр/ шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд  тухайн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй юм. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хэргийн 121 дүгээр талд авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хууль зүйн үр дагавар үүсгэх хүчин төгөлдөр хэлцэл биш байх тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг 2013 онд Б.Алтанцоожоос 2850000 төгрөгийг авч 2014 онд удахгүй төлнө гэж гэрээ хийн залилан мэхэлсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болон итгэл эвдэж хохирогч ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгөөрөө хохирохыг үл ухааран түүнд сайн дураар шилжүүлсэн объектив талын, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авах, буцааж өгөхгүй байх шунахайн сэдэлт бүхий субъектив талын шинжүүд үгүйсгэгдэж байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иймд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Шүүх нэгэнт Б.Оюун-Эрдэнэд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийг хэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд хэрэв маргаантай асуудал байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Б.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж түүнд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

        Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 291 дүгээр зүйлийн 291.2.2, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Хартуул овогт Боролзойн Оюун-Эрдэнийг цагаатгасугай.

2. Б.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг, шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохын тус тус дурдсугай.

3.  Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюун-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.  Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Оюун-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧИД                                           С.ЦЭРЭНДУЛАМ

 Ж.ДЭЛГЭРМӨРӨН