Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01472

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр  даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00847 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Б,

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 350 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Б нь Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн амны дунд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 5.5 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байдаг гэдгийг н.Жаргалсайханаас олж мэдсэн. Улмаар Ц.Б-тай уулзаж уг газрыг худалдан авахаар тохирч 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөрш заан хотхонд байрлах 3 өрөө орон сууц, 280 000 000 төгрөгт 09-09 УБЯ дугаартай Ренж Ровер маркийн машиныг өгч, үлдэгдэл 70 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед бичгээр гэрээ байгуулах гэтэл Ц.Б би бөх хүн, чиний нөхөр ч бөх хүн, тиймээс надад итгэ гэх зүйлс хэлж, аман хэлцэл хийсэн.

Гэтэл газрын гэрчилгээ гарахгүй удаж байсан тул хариуцагчаас асуухад удаан шийдвэрлэгддэг гэж хэлж байсан боловч тус газар өөр иргэний нэр дээр давхцаж олгосны улмаас гэрчилгээ гарахгүй удаж байсныг мэдсэн. Тиймээс гэрээний дагуу түүнд хүлээлгэж өгсөн 3 өрөө орон сууцаа буцааж авсан ба 350 000 000 төгрөгт тооцуулж өгсөн автомашин болон 70 000 000 төгрөгийг эргүүлж өгөхгүй байгаа тул 350 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нөхөртэй уг газрын талаар ярилцаж 550 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож уг мөнгөндөө 3 өрөө орон сууц, Ренж Ровер маркийн машин, үлдэх мөнгө буюу 70 000 000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон. Үүний дараа Т.Б надтай ирж уулзаад энэ асуудлыг би хөөцөлдөж зохицуулна гэсэн. Миний зүгээс шалтгаалах зүйлээ хийгээд асуудал шийдэгдлээ гэж бодтол Т.Б ирж уулзаад өгсөн авсан зүйлээ буцаана гэх мэт зүйл ярьж байсан тул 3 өрөө байрыг нь хүлээлгэж өгсөн. Үүний дараа Т.Б баталгаа болгож өгсөн авснаа бичиж өг гээд байсан тул 350 000 000 төгрөгийг хүү болох 2.5 хувийн хамт төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Энэ явдал болсны дараа би нэхэмжлэгчийн нөхөртэй уулзаж өөрсдөө газрыг хөөцөлдөж авна, үлдэх 350 000 000 төгрөгийг авахаа больё гэж хэлээд өр авлагагүй гэсэн бичиг үйлдсэн. Гэтэл миний бичиж өгч байсан баримтад үндэслэн нэхэмжлэл гаргасан байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 350 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ц.Б нь Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн амны дунд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 5.5 га газрыг эзэмших эрхийн дагуу эзэмшдэг гэдгийг олж мэдээд нэхэмжлэгч Т.Б нь худалдан авах санал тавьсан. Гэтэл хариуцагч нь дүү Б.Сайнбаярын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ нь байдаг ч миний газар гэж хэлснээр худалдан авахаар болж, үнэ ханшаа тохиролцсон ба бичгээр гэрээ байгуулъя гэхэд би найдвартай, аман хэлцэл хийгээд өгч, авалцъя гэхээр нь гэрээ байгуулаагүй аман тохиролцоо хийсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй удаад байхаар нь асуухад газар эзэмших эрхийн гэрчилгээ удаан гардаг гэж байсан ба хожим нь уг газар өөр хүний нэр дээр давхцаж олгогдсон байсныг нь мэдээд амаар хийсэн гэрээгээ цуцлах талаар мэдэгдэхэд 3 өрөө орон сууцыг буцаан өгч, Ренж ровер маркийн автомашин, 70 000 000 төгрөгийг өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байхад хариуцагч Ц.Б гомдлоо татаад авчих гэж гуйж, хүсэлт гаргасан тул 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 350 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.5 хувийн хүүтэй нь хамт төлж барагдуулна гэсэн баталгааг нь үндэслэн гомдлоо татаж авах хүсэл зоригоо илэрхийлсэн ба Цагдаагийн байгууллагаас үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Талууд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ цуцлахаар тохиролцож, өгсөн авснаа буцаан хариуцагч Ц.Б үлдсэн 350 000 000 төгрөгөө өгөхөөр баталгаа үйлдсэн байхад шүүх энэ нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж “гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд талуудын хооронд баталгаа гэх баримт үйлдэгдсэнээс хойш нэхэмжлэгч Т.Б татгалзах тухай мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгосон. Зохигчдын үйлдсэн баталгаа гэх баримт нь Ц.Бы гаргасан хүсэлтийн дагуу зөвхөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зорилготой байсан гэдгийг шүүх тодруулаагүй, он сар өдөр байхгүй байхад үнэлж дүгнээгүй, анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоход хэрэгтэй гэсэн нотлох баримтуудыг л дүгнэсэн ба хэргийн нөхцөл байдлыг тодруулж, эрх зүйн зөв дүгнэлт хийж чадалгүй хэргийг шийдвэрлэснээс гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

Мөн хариуцагч Ц.Бы эхнэрийн дүү болох иргэн Б.Сайнбаярын Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн амны дунд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 5.5 га газрыг эзэмших хууль ёсны эзэмшигч болох эсэх Ц.Б, Б.Сайнбаярын хоорондох итгэмжлэл тодорхой бус нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байхад “итгэмжлэл олгогдсон” хэмээн зөвхөн хариуцагчийн тайлбараар дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ц.Бд холбогдуулан газрын төлбөрт өгсөн Range Rover маркийн машины үнэ болон 280 000 000 төгрөг, бэлнээр өгсөн 70 000 000 төгрөг, нийт 350 000 000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч бидний хоорондын тооцоо дууссан гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан бичгийн нотлох баримтыг нотлох баримт цуглуулах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул түүнд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасанд нийцэхгүй. Хэргийн 42 дугаар талд авагдсан “баталгаа” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтыг эх хувиар нь гаргах, эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан хуулбар хувийг гаргаж өгөх шаардлагыг хангаагүй, тус баримтад “хуулбар үнэн” гэж гараар бичиж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн тэмдэг  дарсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар 38.6, 44 дүгээр зүйлийн 44.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжигдсэн гэж үзэхгүй.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 907 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                                               ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ