Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 00863

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 09 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00863                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б /РД: /-д холбогдох,

2,873,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн даргад Ц.Тогмид нар оролцов.

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өмнө нь өөр газар авто угаалгын газар түрээслэдэг байсан, манай 2 ажилтан Бы угаалгын газарт ажиллаж байгаад ирсэн тул Б өөрийн  авто угаалгын газрыг  түрээслүүлнэ гэсэн мэдээллийг авсны дагуу очиж үзээд түрээслэх болсон. Ажиллуулах явцад манай ажилд хөндлөнгөөс оролцоод дарамттай байсан тул гэрээгээ цуцлах санал гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Түрээсийн гэрээний барьцаанд 6 000 000 төгрөгийг байршуулсан, хоёр тал харилцан тохиролцоод гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч Б.Тулгын зүгээс барьцаа  хөрөнгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ч.Бы зүгээс барьцаа хөрөнгийг үндэслэлгүйгээр янз бүрийн зүйлд суутгасан байгаа. Барьцаа хөрөнгөөс 2 030 000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг суутгасан зүйлүүдийг эсэргүүцэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайлбал тэр хашааны гадна байсан нохойг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан, түрээсийн гэрээнд нохой хүлээлгэж өгсөн талаарх заалт байхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Түрээсийн гэрээний барьцаанаас 2 030 000 төгрөгийг буцааж төлсөн. Талууд анх автоугаалгын газрын нэг сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг гэж харилцан тохирсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь 5 000 000 төгрөгийг төлөөд 1 000 000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Тэгэхээр барьцаа төлбөр нь 6 000 000 төгрөг биш 5 000 000 төгрөг төлсөн байгаа. Энэ талаар гэрээний 1.2, 1.3-т заасан, нийтдээ түрээсийн төлбөр, барьцааны төлбөр гээд 11 000 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс барьцаа төлбөрийн 6 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг хасаад барьцаа төлбөр нь 5 000 000 төгрөг болж байгаа. 6 000 000 төгрөгийг 30 хоногт хуваахад 1 өдрийн түрээсийн төлбөр 200 000 төгрөг болж байгаа. Гэрээний хугацаанаас 5 хоног илүү түрээсэлсэн тул 1 000 000 төгрөгийг хасч байгаа. Мөн тогны мөнгө 1 000 000 төгрөг, усны мөнгө 60 000, 5 хоногийн түрээсийн мөнгө суутгахыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн байна. Тоног төхөөрөмжийн 620 000 төгрөг, нүүрсний  177 000 төгрөгийг хариуцагч зөвшөөрөхгүй,  тухайн үедээ түрээсийн байрыг ашиглаж байх хугацаандаа ашигласан, ийм хэмжээний мөнгө зарж засч сайжруулсан зүйл хийгээгүй хүлээлгэж өгөөгүй. 70 000 төгрөгний усны бойлер шинээр аваагүй, анх хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллагаатай байсан, дараа нь хүлээж авахад эвдэрсэн тул хассан. Ажилчдын цалинг Т өөрөө олгох байсан боловч Бы зүгээс ажилчдынх нь цалинг өгсөн. Микроны дугуйны тухайд  түрээслэгч ашигласнаас болоод сайжруулалт хийх шаардлагатай болсон тул барьцаа төлбөрөөс нь микроны дугуйны 140 000 төгрөг, вакум насосны 150 000 төгрөгийг суутгасан. Мөн монгол банхар нохойг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн асуудал байгаа. Энэ нохой нь түрээслүүлж байгаа байрны аюулгүй байдлыг хангах үүднээс түрээслүүлэгчийн зүгээс тухайн байрандаа байлгадаг байсан түрээслэгчид хүлээлгэж өгсөн. Түрээсэлснээс хойш 7 хоногт нохой алга болсон тул барьцаа хөрөнгөөс 1 000 000 төгрөгийг хассан байгаа. Анх барьцаа төлбөрийг байршуулсан үндэслэл нь ямар нэг байдлаар түрээсийн гэрээг дуусгавар болгох нөхцөлд талуудын хооронд үүссэн үүргийн гүйцэтгэл, засан сайжруулахтай холбоотой гарсан зардлыг нөхөх зорилгоор тохиролцсон тул үлдэгдэл мөнгийг буцаан шилжүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэсгүй гэж үзэж байна гэв.

 

       Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Т түрээсийн гэрээний үүрэг 2,873,666 төгрөгийг хариуцагч Ч.Баас гаргуулахаар шаардсан байна.

Хэргийн баримтаас үзэхэд талууд 2017.10.25-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл нь Ч.Бы эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-63 тоот хаягт байрлах, 180 м/кв талбайтай авто угаалга болон 130 м/кв талбайтай цайны газрыг 2017.10.25-ны өдрөөс 2018.04.25-ныг хүртэл 6 сарын хугацаагаар эзэмшүүлэхээр тохирсон байна.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 2-т түрээслэгч нь авто угаалгын газрыг түрээслэх хугацаандаа барьцаа 6,000,000 төгрөг байршуулна, 1-ийн 3-т авто угаалгын нэг сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, 1-ийн 4-т түрээслэгч нь хэрэглэсэн цахилгааны төлбөр болон бусад ашиглалтын зардлыг төлөхөөр тус тус тохирсон байна.  

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 Түрээслэгч нь 2017.10.25-ны өдрөөс 2017.12.01-нийг хүртэл авто угаалгын газрыг ажиллуулсан байх бөгөөд түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээслэгч нь ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнийг буцаан өгөх үүргэтэй байна.

 Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 5-д түрээслэгч нь түрээслэн авсан хөрөнгийн эд хогшил, тоног төхөөрөмжийг хүлээн авч түрээсийн хугацаа дуусахад хүлээлгэн өгөх үүрэгтэй байх боловч Б.Т, Ч.Б нар анх хүлээлцээгүй  байх тул зохигчдын хэн алины тайлбарыг нотолсон баримтгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Б.Т түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр харилцан тохирсон гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй тул гэрээний 1 дүгээр зүйлийн 3-т зааснаар сарын түрээсийн төлбөриг 6,000,000 төгрөгөөр тохирсон гэж үзнэ.

Иймд барьцаалсан 6,000,000 төгрөгнөөс 2017.12.19-ний өдөр нэхэмжлэгчид өгсөн 2,030,000 төгрөгийг хасч үлдэх 3,970,000 төгрөгнөөс тогны мөнгө 1,000,000 төгрөг, усны 60,000 төгрөг, 5 хоногийн түрээс 1,000,000 төгрөгийг тус тус хасч үлдэх 1,910,000 төгрөг+ажилчдын цалинд суутгасан гэх 180,000 төгрөгийг нэмж нийтдээ 2,090,000 төгрөгийг хариуцагч Ч.Баас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 783,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Баас 2,090,000 төгрөгийг гаргуулж Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 783,666 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 48,389 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ