Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1263

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00863 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох

Барьцааны 2 873 666 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь өөр газар авто угаалгын газар түрээслэдэг байсан, манай 2 ажилтан Б-ы угаалгын газарт ажиллаж байгаад ирсэн тул Б өөрийн авто угаалгын газрыг түрээслүүлнэ гэсэн мэдээллийг авсны дагуу очиж үзээд түрээслэх болсон. Ажиллуулах явцад манай ажилд хөндлөнгөөс оролцоод дарамттай байсан тул гэрээгээ цуцлах санал гаргасан. Түрээсийн гэрээний барьцаанд 6 000 000 төгрөгийг байршуулсан, хоёр тал харилцан тохиролцоод гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч Б.Т-ын зүгээс барьцаа хөрөнгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ч.Б-ызүгээс барьцаа хөрөнгийг үндэслэлгүйгээр янз бүрийн зүйлд суутгасан байгаа. Барьцаа хөрөнгөөс 2 030 000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг суутгасан зүйлүүдийг эсэргүүцэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайлбал тэр хашааны гадна байсан нохойг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан, түрээсийн гэрээнд нохой хүлээлгэж өгсөн талаарх заалт байхгүй. Иймд гэрээний үүрэгт 2 873 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Түрээсийн гэрээний барьцаанаас 2 030 000 төгрөгийг буцааж төлсөн. Талууд анх автоугаалгын газрын нэг сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг гэж харилцан тохирсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь 5 000 000 төгрөгийг төлөөд 1 000 000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Тэгэхээр барьцаа төлбөр нь 6 000 000 төгрөг биш 5 000 000 төгрөг төлсөн байгаа. Энэ талаар гэрээний 1.2, 1.3-т заасан, нийтдээ түрээсийн төлбөр, барьцааны төлбөр гээд 11  000 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс барьцаа төлбөрийн 6 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг хасаад барьцаа төлбөр нь 5 000 000 төгрөг болж байгаа. 6 000 000 төгрөгийг 30 хоногт хуваахад 1 өдрийн түрээсийн төлбөр 200 000 төгрөг болж байгаа. Гэрээний хугацаанаас 5 хоног илүү түрээсэлсэн тул 1 000 000 төгрөгийг хасч байгаа. Мөн тогны мөнгө 1 000 000 төгрөг, усны мөнгө 60 000 төгрөг, 5 хоногийн түрээсийн мөнгө суутгахыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн байна. Тоног төхөөрөмжийн 620 000 төгрөг, нүүрсний 177 000 төгрөгийг хариуцагч зөвшөөрөхгүй, тухайн үедээ түрээсийн байрыг ашиглаж байх хугацаандаа ашигласан, ийм хэмжээний мөнгө зарж засч сайжруулсан зүйл хийгээгүй хүлээлгэж өгөөгүй. 70 000 төгрөгийн усны бойлер шинээр аваагүй, анх хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллагаатай байсан, дараа нь хүлээж авахад эвдэрсэн тул хассан. Ажилчдын цалинг Б.Т өөрөө олгох байсан боловч Ч.Б-ызүгээс ажилчдынх нь цалинг өгсөн. Микроны дугуйны тухайд түрээслэгч ашигласнаас болоод сайжруулалт хийх шаардлагатай болсон тул барьцаа төлбөрөөс нь микроны дугуйны 140 000 төгрөг, вакум насосны 150 000 төгрөгийг суутгасан. Мөн монгол банхар нохойг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн асуудал байгаа. Энэ нохой нь түрээслүүлж байгаа байрны аюулгүй байдлыг хангах үүднээс түрээслүүлэгчийн зүгээс тухайн байрандаа байлгадаг байсан түрээслэгчид хүлээлгэж өгсөн. Түрээсэлснээс хойш 7 хоногт нохой алга болсон тул барьцаа хөрөнгөөс 1 000 000 төгрөгийг хассан байгаа. Анх барьцаа төлбөрийг байршуулсан үндэслэл нь ямар нэг байдлаар түрээсийн гэрээг дуусгавар болгох нөхцөлд талуудын хооронд үүссэн үүргийн гүйцэтгэл, засан сайжруулахтай холбоотой гарсан зардлыг нөхөх зорилгоор тохиролцсон тул үлдэгдэл мөнгийг буцаан шилжүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-аас 2 090 000 төгрөгийг гаргуулж Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 783 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 48 389 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Б.Т түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар сарын түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй тул гэрээний 1 дүгээр зүйлийн 3-т зааснаар сарын түрээсийн төлбөрийг 6 000 000 төгрөгөөр тооцсон гэж үзнэ гэж үзсэн атлаа барьцаа төлбөр болох 6 000 000 төгрөгөөс түрээслэгчийн дутуу төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцохгүй тооцооллын хувьд алдаатай дүгнэлт хийсэнд гомдолтой. Шүүхийн шийдвэрт заасны дагуу барьцааны 6 000 000 төгрөгөөс анх дутуу өгсөн түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг, нэхэмжлэгчид буцаан өгсөн 2 030 000 төгрөг, тогны мөнгө 1 000 000, усны 60 000 төгрөг, 5 хоногийн түрээсийн төлбөр 1 000 000 төгрөгийг хасаад 910 000 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ төлбөр нь ажилчидын цалин нэхэмжпэгчийн доголдолтой үлдээсэн бараа материал болон алдсан бусад эд зүйлсийн үнэ юм. Шүүх талуудыг нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй гэсэн атлаа нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Ч.Б-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт барьцаалсан 2 873 666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ч.Б нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-63 тоот хаягт байрлах, 180 м.кв талбай бүхий авто угаалга болон 130 м.кв талбайтай цайны газрыг нэхэмжлэгч Б.Т-д түрээслүүлэх, Б.Т нь барьцаанд 6 000 000 төгрөгийг Ч.Б-д бариулахаас гадна түрээсийн төлбөрт 1 сарын 6 000 000 төгрөгийг хэрэглэсэн цахилгааны төлбөр болон бусад ашиглалтын зардлыг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байх бөгөөд гэрээний зүйл бүхэлдээ бус түүний тодорхой хэсгийг түрээслүүлсэн гэрээ бичгээр хийсэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн  318.3 дах хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах” гэж заасантай нийцсэн, талууд гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө 2017 оны 12 дугаар 01-ний өдөр цуцлагдсан  үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх, мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнийг буцаан өгөх тус тус үүрэгтэй.

Талууд түрээслэн авсан хөрөнгийн эд хогшил, тоног төхөөрөмжийг анх хүлээлгэн өгсөн, авсан талаар болон гэрээ цуцлагдсанаар хүлээлгэн өгсөн, авсан ямар нэгэн баримт үйлдээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Т түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар нотолсон баримт гаргаж өгөөгүй тул түрзэсийн төлбөрийг гэрээнд зааснаар 6 000 000 төгрөгөөр тохирсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байв.

Нэхэмжлэгч 11 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдсон тул барьцааны 6 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт  5 000 000 төгрөг төлсөн түрээсийн төлбөрөөс 1 000 000 төгрөг дутуу төлөгдсөн нь тогтоогдсон гэж үзнэ.

Түрээсийн гэрээ цуцлагдсанаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь барьцааны 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй боловч мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт болон гэрээний 2.3-т тус тус зааснаар  барьцааны 6 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч маргаагүй, хэрэглэсэн цахилгааны төлбөрийн 1 000 000 төгрөг, усны 60 000 төгрөг, 5 хоногийн түрээсийн төлбөр 1 000 000 төгрөгийг тус тус хасч тооцоход 3 940 000 төгрөг үлдэж байна.

Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа 10 сарын түрээсийн төлбөрт дутуу төлсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцоогүй.

Иймд дээрх 3 940 000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид өгсөн  2 030 000 төгрөгийг, нэг сарын түрээсийн төлбөрийн дутуу 1 000 000 төгрөгийг тус тус хасч,  ажилчдын цалинд гэж хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй суутгасан гэх 180 000 төгрөгийг нэмж нийт 1 090 000 төгрөгийг хариуцагч Ч.Б-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 783 666  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн засварын зардалд зарцуулсан гэх 620 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй, түрээсийн гэрээний зүйлийг харилцан хүлээлцсэн баримтгүй тул нэхэмжлэгчийг доголдолтой бараа материал үлдээсэн, алдагдсан зүйлийн үнийг суутгана гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй  болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.