Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00087

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Г.Эсэн,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Пүрэвсүрэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201606000142 дугаартай, 132/2016/0083/Э индекстэй хэргийг 2016 оны 9 дүгээр 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дугээр сарын 1-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багт оршин суух хаягтай, Хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Аривжих овгийн Ням-Осорын Пүрэвсүрэн /РД: ГН62110110/.

        Холбогдсон хэргийн талаар

        Шүүгдэгч Ням-Осорын Пүрэвсүрэн нь 2016 оны 3 сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг шинэс мод бэлтгэн тээвэрлэж, 1710720 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:          

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

201606000142 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.Ганбатын өгсөн: …2016 оны 3 дугаар сарын 15-ны үед шиг санаж байна, Н.Пүрэвсүрэн бид хоёр миний Хутаг-Өндөр сумаас авсан 20 куб мод бэлтгэх эрхийн дагуу “Урт” гэх газраас 35 ширхэг модыг бэлтгэсэн. Урт нь янз бүр байсан ба 4 метр, 6 метр, 9 метр моднуудыг Н.Пүрэвсүрэнгээр уулнаас доош буулгуулж бэлтгүүлсэн. Тухайн үед Н.Пүрэвсүрэн нь өөртөө 7 ширхэг нойтон шинэс модыг унагаж бэлтгэсэн ба нийт хэдэн ширхэг ямар урттай мод бэлтгэснийг мэдэхгүй байна. Н.Пүрэвсүрэн өөрөө хөрөө рам ажиллуулдаг юм. Уулнаас мод бэлтгэх эрх авсан үгүйг хэлж мэдэхгүй байна. 7 ширхэг мод унагааж бэлтгэхдээ ганцаараа бэлтгэж, 4 метрийн урттайгаар тайрсан. Би өөрийн  зөвшөөрөлтэй бэлтгэсэн модоо Н.Пүрэвсүрэнгийн улаан, том трактороор ачиж тээвэрлэн гэрийнхээ гадаа аваачиж буулгасан ба одоо байшин барьсан байгаа.  Мөн би өөрийн бэлтгэсэн модноосоо Пүрэвсүрэнд 10 ширхэг модьг өгч байсан. Миний өгсөн мод энэ модон дунд байхгүй байна. Бид модоо цахилгаан хөрөө ашиглан бэлтгэсэн ба Батка бид хоёр Н.Пүрэвсүрэнгийн бэлтгэсэн модыг тракторт ачиж өгсөн… гэх мэдүүлэг / хх 21-22 тал/,

Гэрч Б.Батпүрэвийн өгсөн: ...Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн байгаль хамгаалагч ажилтай. Тус сумын иргэн Б.Ганбат нь 20 куб метр мод бэлтгэх эрх авсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд модоо хугацаандаа бэлтгэсэн. Б.Ганбатын модыг бэлтгэх газрын тусгаарлалтыг урьдчилан талбайн тусгаарлалт хийсэн газарт зааж өгсөн, 20 куб мод бэлтгэсэн газрыг тухайн үед хүлээн авсан. Б.Ганбатын бэлтгэсэн газрын талбайг хүлээн авах явцдаа тус сумын Хантай 2 дугаар багийн иргэн Н.Пүрэвсүрэнг хууль бусаар мод бэлтгэснийг илрүүлж мэдсэн. Н.Пүрэвсүрэн нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ойгоос хууль бусаар нийт 47 ширхэг 4 метрийн урттай модыг бэлтгэсэн байсан... гэх мэдүүлэг / хх 23 тал/,

Гэрч Д.Батбаатарын өгсөн: ...Н.Пүрэвсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны үед шиг санаж байна. Намайг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт байх өөрийн гэртээ байж байхад ирээд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт" гэх газраас Б.Ганбат, Н.Пүрэвсүрэн нарын хамтаар өөрийнх нь улаан өнгийн трактор машинд 4 метрийн урттай 40 орчим байхаа модыг ачилцаж өгсөн. Би ачсан модыг тоолоогүй учраас яг хэдэн ширхэг мод байсныг нарийн мэдэхгүй байна. Мөн Н.Пүрэвсүрэнг хаашаа тээвэрлэж явсныг, хаана буулгасныг хэлж мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоход гэрийнхээ гадаа буулгасан юм байна лээ. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаанд оролцоогүй. Зөвхөн тракторт ачилцаж өгсөн. Н.Пүрэвсүрэн надад мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг үзүүлж байгаагүй. Б.Ганбат ах болохоор надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж байсан …гэх мэдүүлэг /хх 24 тал/,

Яллагдагч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн: ...Би 2016 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг “Урт” гэх газраас ойгоос хууль бусаар 10 ширхэг модыг унагааж бэлтгэсэн ба дундуур нь 4 метрийн урттайгаар тайрч нийт 47 ширхэг модыг бэлтгэсэн. Уг модыг уулнаас би өөрөө чирч оруулж ирсэн. Тэгээд гэрийнхээ гадаа моднуудаа хадгалсан. Ууланд Б.Ганбатын байшингийн модыг бэлтэж өгчихөөд дуусах үедээ бэлтгэсэн бөгөөд модоо бэлтгээд сумын төв орж мод бэлтгэх эрхийн бичгээ авна гэж бодсон нь хууль бус үйл ажиллагаа болсон юм. Тэрнээс биш би өвөлжөөнийхөө модьг шинэ болгох гэж л бэлтгэсэн /хх 35-38 тал/, ...урьд мэдүүлэг өгөхдөө би уулнаас модыг цагаалж бэлтгээд ойн зах руу өнхрүүлж оруулсан талаар хэлсэн, харин гэрийнхээ гадаа авчирсан талаар дутуу хэлж ярьсан. Гэрийнхээ гадаа модыг авчрахдаа өөрийн тракторт Батка, Ганбат нартай хамтран ачиж ганцаараа авчирч буулгасан /хх-58 тал/ гэх мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх 2 тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 11-12 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 24-25 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 15 тал/, Хутаг-Өндөр суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн экологи эдийн засгийг үнэлгээ тогтоосон дүгнэлт, улсын байцаагчийн акт, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх 59-63 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн цахилгаан хөрөөг таниулж шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь 2016 оны 3 сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт" гэх газар буюу ашиглалтын бүсийн ойгоос эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авч тогтоосон төлбөр, хураамжийг төлөөгүйгээр хэрэглээний, нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн 1710720 төгрөгийн шууд хохирлыг байгаль орчинд учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь гэрч Б.Ганбат, Б.Батпүрэв, Д.Батбаатар нарын  мэдүүлэг, Хутаг-Өндөр суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоосон  дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт  нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн зохих зөвшөөрөлгүй ойн бүсээс мод бэлтгэж тээвэрлэн  бага бус хэмжээний хохирол учруулсан дээрхи үйлдэл нь  байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1710720 төгрөгийн шууд хохирол учирсан байх ба байгаль орчны тэнцэл, түүний нөөцөд учруулсан шууд бус хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу ойн санд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5132160 төгрөгийн нөхөн төлбөрөөр тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг төлж,  шууд бус хохирлоос 289280 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгээс 4842880 төгрөгийн шууд бус хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн гэмт хэрэг үйлдэх замаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 4 метрийн урттай, 47 ширхэг, нойтон шинэс мод болон түүнийг зөөж тээвэрлэсэн МТЗ-50 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн трактор, түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д  үйлдвэрлэсэн, шар өнгийн цахилгаан хөрөө зэргийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гацуурхан”цэцэрлэг /эрхлэгч Ж.Ариунаа/-ийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоотоор ирүүлсэн “ТОДОРХОЙЛОЛТ” –ыг шүүх үнэлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Аривжих овгийн Ням-Осорын Пүрэвсүрэнг ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг баримтлан Н.Пүрэвсүрэнг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Пүрэвсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдэж ирсэн МТЗ-50 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн трактор, 4 метрийн урттай, 47 ширхэг, нойтон шинэс мод зэргийг хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, шар өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг улсын орлого болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгээс 4842880 /дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга П.Даваажамцад олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пүрэвсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД