Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00349

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2019/00393 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар магадлалтай, 

*******-ийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад холбогдох 

Хохиролд 610,632,191.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мэндсайхан түүний өмгөөлөгч Ш.Энхбаатар, хариуцагчийн төлөөлөгч Л.Чойжжанцан, өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2010 онд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын шийдвэрээр дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулан гэрээ байгуулж, 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамжаар 0202787 дугаар гэрчилгээгээр Хайрхан сумын нутаг дэвсгэр Хануй Хүнүйн бэлчир, 969 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшсэн. Гэтэл нутгийн иргэдийн гомдлоор маргаан үүсч Монгол Улсын Дээд шүүхийн 2015.05.25-ны өдрийн 129 тоот тогтоолоор Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамж нь Иргэдийн нийтийн хурлын санал аваагүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг зөрчиж олгосон нь тогтоогдож дуудлага худалдаа хүчингүй болсон болно. Ийнхүү манай компани Монгол Улсын Дээд шүүхийн дээрх шийдвэрийг гарах хүртэл дуудлага худалдаа хууль ёсоор явагдсан газар эзэмших хууль ёсны эрхтэй гэж итгэн бусдаас зээл, хөрөнгө оруулалтыг татаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулж нийт 610,632,191.23 төгрөгийн зардал гаргаад байна. Үүнээс газар тариалангийн зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авах зорилгоор Капитрон банкнаас 1,100,000,000 төгрөгийг жилийн 7%-ийн хүүтэй, мөн АНУ-ын иргэн П.Энхсайханаас 94,000 долларыг сарын 1.7%-ийн хүүтэйгээр тус тус зээлсэн бөгөөд 2012 оноос өнөөг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 405,720,689.98 төгрөг, АНУ-аас тоног төхөөрөмж ачуулсан тээврийн зардалд 79,904,224.70 төгрөг, дээрх тоног төхөөрөмжийг өнөөг хүртэл ашиглаагүйн улмаас элэгдлийн зардал 82,107,276.55 төгрөг, түүнчлэн худалдан авсан газрын харуул манааны байнгын 2 ажилтны цалингийн зардалд 2012 оноос өнөөг хүртэл нийт 43,500,000 төгрөг бүгд 610,632,191.23 төгрөгийг Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжилж буйг ханган шийдвэрлэж, манай компаний хохирсон ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга В.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус компанид учирсан 610,632,191.23 төгрөгийн хохирлыг******* хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.10-ны өдрийн 129/ШШ2019/00393 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар*******ас 182,103,070 /нэг зуун наян хоёр сая нэг зуун гурван мянга дал/ төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 428,529,121.23 /дөрвөн зуун хорин найман сая таван зуун хорин есөн мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.211.111 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч*******ас 1,068,465 төгрөг гаргуулж *******-д олгохоор дурдаж шийдвэрлэжээ.  

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн 15 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.10-ны өдрийн 129/ШШ2019/00393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 182,103,070 /нэг зуун наян хоёр сая нэг зуун гурван мянга дал/ гэснийг 343,814,676 гэж, 428,529,121.23 /дөрвөн зуун хорин найман сая таван зуун хорин есөн мянга нэг зуун хорин нэг/ гэснийг 266,817,515" гэж, 2 дахь заалтын 1,068,465 гэснийг 1,877,023 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мэндсайханы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019.07.17-ны өдөр төлсөн 1,877,023.38 /нэг сая найман зуун далан долоон мянга хорин гурван төгрөг 38 мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******-ийн нэхэмжлэлтэй, Хайрхан сумын Засаг даргад хариуцагдах хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.10-ны өдрийн 00393 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн 15 дугаартай магадлалтай эс зөвшөөрч байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх, *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтадад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр хууль буруу хэрэглэж, Хайрхан сумын Засаг даргаас 343,814,676 төгрөг гаргуулж шийдвэрлэлээ. Нэхэмжпэгч ******* нь дуудлага худалдаагаар авсан Хайрхан сумын Асгат багийн нутгийн 969 га газар эзэмших эрх хүчингүй болсноос шалтгаалан уг газарт үйл ажиллагаа явуулахаар техник, тоног төхөөрөмж авах зориулалтаар Капитрон банкнаас зээлсэн мөнгөний хүү, АНУ-аас техник тоног төхөөрөмж ачуулсан зардал, мөн АНУ-ын иргэн Энхсайханаас зээлсэн мөнгөний хүү зэргийг нэхэмжжилж, шүүх эдгээрийг буюу 343,814,176 төгрөгийг Хайрхан сумын Засаг даргаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч банк болон хувь хүнээс зээл авсан, банкнаас зээл авахдаа Хайрхан суманд байгаа 969 га газрыг барьцаалсан үйл баримт байгаа боловч уг газар дээр газар тариалан эрхэлж олох байсан ашиг, алдагдлын тооцоо байхгүй байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Зөвхөн газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болсон учраас компанид учирсан хохирлыг Хайрхан сумын Засаг дарга төлнө гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байдлыг харуулж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Мэндсайхан газар эзэмших эрх хүчинтэй байгаад үйл ажиллагаа явуулсан бол 3 жилийн дотор зардлаа нөхөх, безнис төлөвлөгөө бидэнд байсан гэж шүүх хурал дээр тайлбарлаж байгаа боловч ямар үйл ажиллагаа явуулж, хэрхэн зардлаа нөхөж, хэрхэн ашигтай ажиллах талаарх баталсан төлөвлөгөө гаргаж өгөөгүй байдаг тул үүнийг нотлох баримт байхгүй байна. Энэ байдал нь зөвхөн Архангай аймгийн Хайрхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулахын тулд техник тоног төхөөрөмж авсан гэж боломжгүй юм. Эдгээр тоног төхөөрөмжүүд одоогоор Хайрхан суманд байдаггүй.

Иймд дээрхи үндэслэлээр хэргийг хянаж, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.10-ны өдрийн 00393 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн 15 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* нь*******д холбогдуулан хохиролд 610,632,191 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад нэхэмжлэлийн зарим хэсгийг нэмж ханган шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.*******-нь Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэр Хануй Хүнүйн бэлчир газарт хэмээх 969 га газрыг үр тарианы зориулалтаар дуудлага худалдаагаар авсан тул Хайрхан сумын Засаг даргын 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамжаар газар эзэмших эрх олгожээ. Энэхүү 47 тоот захирамжийг Хайрхан сумын засаг даргын 2012.11.11-ний өдрийн а/89 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.

Хайрхан сумын засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын а/118 тоот, болон Архангай аймгийн засаг даргын 2014.03.20-ны өдрийн а/156 тоот захирамжаар, 2012.11.11-ний өдрийн дээрх а/89 тоот захирамжийг хүчингүй болгожээ.

Дээрх хугацаанд *******-ийн Хайрхан сумын Засаг даргын 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамжаар үр тарианы зориулалтаар олгосон 969 га газар эзэмших эрх нь сэргэсэн боловч иргэдийн гомдлоор шүүхэд маргаан үүссэн байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүх, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон сумын засаг даргын шийдвэрийг Газрын тухай хуулийн дуудлага худалдаа явуулах зохицуулалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хянан хэлэлцээд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 129 тоот тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

а). Нэхэмжлэгч *******-нь 2010 онд байгуулагдсан үйл ажиллагааны чиглэлийг нь 000169123 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд Газар тариалан эрхлэх гэжээ.(хх-4)  

Хариуцагчаас хохиролд 610,632,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа газрын дуудлага худалдаа хууль ёсоор явагдсан, газар эзэмших эрхтэй гэж итгэн газар тариалангийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор тоног төхөөрөмж худалдан авахад зориулж банк, хувь иргэнээс зээл авсан бөгөөд хүүнд төлсөн 405,720,689 төгрөг, тоног төхөөрөмж ачуулсан тээврийн зардалд 79,904,224.70 төгрөг, тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал 82,107,276.55 төгрөг, харуул манааны 2 ажилтны цалин 2012 оноос өнөөг хүртэл 43,500,000 төгрөг гэжээ.

б). Хэргийн баримтаас үзэхэд *******-нь анх газар эзэмших эрх олгосон 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамж хүчинтэй байх хугацаанд буюу 2011.10.13-ны өдрийн №3053-2011/166 тоот Зээлийн гэрээгээр Капитрон банкнаас 1,100,000,000 төгрөгийн зээл авсан, мөн гадаадаас газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж худалдан авч тус компанийн нэр дээр орж ирсэн нь зээлийн гэрээний цаг хугацаа, гаалийн бүрдүүлэлтийн холбогдох баримтаар тогтоогдсон энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. (хх-36-41)

в). Нэхэмжлэгчид газар тариалангийн чиглэлээр газар эзэмших эрх олгосон Хайрхан сумын Засаг даргын 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамжтай холбогдох маргаан 2010 оны 11 дүгээр сараас - 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн бөгөөд уг захирамжийг хүчингүй болгосон үндэслэлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн 2015.05.25-ны өдрийн 129 тоот тогтоолд *******-д эзэмшүүлэх тухай Хайрхан сумын Засаг даргын 2010.06.21-ний өдрийн 47 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан зохицуулалтад нийцээгүй байх тул уг захирамжийн үйлчлэлийг Архангай аймгийн Засаг даргын 2014 оны а/156 дугаар захирамжаар сэргэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж дүгнэжээ.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Хайрхан сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр явагдсан 2009.12.24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан газрын дуудлага худалдааг хууль зөрчсөн гэж дүгнэн энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэгч *******-нд газар эзэмшүүлсэн 2010.06.21-ний өдрийн 47 тоот захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирол нь дээрх шийдвэр гаргасан албан тушаалтны буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой нь үгүйсгэгдэхгүй байна.

г). Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ажилтны гэм буруутай эс үйлдэхүйгээс учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллага хариуцах талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа хэргийн нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн, алдаатай дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй атлаа нэхэмжлэгчийн иргэнээс авсан гэх 94,000 ам.долларын зээлийн хүү 161,711,606 төгрөгийг хохирол гэж тооцон энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг нэмж хангасан нь хэргийн нотлох баримтад тулгуурлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулна.

д).Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал 82,107,276.55 төгрөг, харуул манааны цалин 43,500,000 төгрөг, иргэн П.Энхсайханаас авсан 94,000 ам.долларын хүү 161,711,606 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 116 дугаар зүйлийн 116.3-д заасныг зөрчөөгүй байна.

е).Нэхэмжлэлээс тоног төхөөрөмж ачуулсан тээврийн зардалд 79,904,224.70 төгрөг гаргуулах шаардлагыг хангах дүгнэлт хийж, хэрэгт баримтаар авагдсан хил гаалиар оруулж ирсэн мэдүүлгийг үндэслэн уг шаардлагаас 55,604,220 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч банкны зээл авч дурдсан тоног төхөөрөмжийг худалдан авч, тээвэрлэн ирүүлсэн боловч уг эд зүйлсийг өөрийн өмчлөлд байлгаж 2016 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаандаа зориулалтаар нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон байна. Иймд тоног төхөөрөмж ачиж ирсний зардлыг хохиролд тооцох, ийм хэмжээний хөрөнгийн алдагдал хүлээсэн гэж үзэх боломжгүй.

Харин газар эзэмших эрх хүчинтэй байх хугацаанд газар тариалангийн үйл ажиллагаанд зориулж, банкны зээлийн хөрөнгөөр худалдан авсан тоног төхөөрөмжийг ашиглалгүй хугацаа алдсан нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж зээлийн хүү 281,108,333 төгрөгнөөс тоног төхөөрөмжийн үнэ 500,000,000 төгрөгт ногдох хүү 126,498,750 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******* хожим 2015 онд Хайрхан сумын нутаг Могой багт 500 га газар дуудлага худалдаагаар авч газар тариалангийн үйл ажиллагааг эрхэлж энэ үеэс дээрх тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа талаар талууд шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.(хх 36-48)

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2019/00393 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 182,103,070 /нэг зуун наян хоёр сая нэг зуун гурван мянга дал/ төгрөг... гэснийг ... 126,498,750 төгрөгийг... гэж, ... 428,529,121.23 /дөрвөн зуун хорин найман сая таван зуун хорин есөн мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийг... гэснийг ...484 133 441 төгрөг... гэж,

-шийдвэрийн 2 дахь заалтын .... 1,068,465 төгрөг ... гэснийг, ...790,443.75 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангагсугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД 

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА

                   Х.СОНИНБАЯР

                  Г.ЦАГААНЦООЖ

                  Д.ЦОЛМОН