Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 149

 

“Гутлын 22” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гриша, Б.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, Д.Барсүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0149 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Гутлын 22” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-нд 5412 мкв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Наранбаярын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт....” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Гутлын 22” СӨХ-ны “иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 195.000 төгрөгийг нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ урьдчилан төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0149 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар “Гутлын 22” СӨХ-ны 5412 мкв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж, 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг, иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Наранбаярын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-д “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад хамааралтай Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, мөн тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны хороо нутаг дэвсгэрт, Хууль зүйн яамны зүүн талд, “Гутлын 22" СӨХ-ны эзэмшил, М-100 дугаар орон сууцны байрны нийт оршин суугчдын автомашины зогсоол, сагсны шийт байрласан, байнга ашигладаг, цементэлсэн талбайд давхцуулан 109 мкв газрыг 5 жилийн хугацаатай иргэн Д.Наранбаярт үйлчилгээний зориулалтаар олгосон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга ямар нэг эрх зүйн актаар иргэн Д.Наранбаярт маргаан бүхий байршилд урьд өмнө нь газар эзэмшүүлж байгаагүй байхад нийслэлийн Засаг дарга 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Д.Наранбаярт газар эзэмшүүлсэн нь урьд нэгэнт үүссэн газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэх үндэслэлгүй, шинээр газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаас үзэхэд Д.Наранбаяр нь хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаагүй, сул чөлөөтэй газрыг л эзэмших хүсэлт гаргах эрхтэй, нийслэлийн Засаг дарга иргэний газар эзэмших хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ ч хуулийн уг заалтыг харгалзаж, сул чөлөөтэй газрыг эзэмшүүлэх ёстой.

Гэтэл маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар Д.Наранбаярт газар эзэмшүүлэхдээ оршин суугчдын нийтээр ашиглаж байгаа, манай СӨХ-ны эзэмшлийн талбайг оролцуулан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд уг асуудлаар маргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс "маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцжээ" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, уг хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг нарийвчлан зохицуулсан байхад яагаад уг заалтад хамаарахгүй талаар дүгнэлт хийлгүй, хэргийг шийдвэрлэсэн.

Мөн давж заалдах шатны шүүх "Засаг даргын шийдвэрийг үндэслэж, гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар Д.Наранбаярын газар эзэмших эрх хууль ёсны болсон" гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Бид нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар Д.Наранбаярт газар эзэмшүүлсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүх хяналгүйгээр "гэрээ байгуулж, гэрчилгээ авсан тул газар эзэмших эрх хууль ёсны болсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх "Д.Наранбаяр 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр А.Шийрэвын Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 мкв талбайтай гаражийг 3.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдах-худалдан авах тухай гэрээг байгуулсан байна" гэж дүгнэж, 2 хүн бие биедээ гараж худалдаж, худалдан авснаар газар эзэмших хууль ёсны эрхтэй болдог мэтээр тайлбар, дүгнэлт хийж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар захирамжаар Орон сууцны хороолол орчмын гаражуудыг журамлан, буулгахаар шийдвэрлэсэн бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар “Гутлын 22” СӨХ-ны эзэмшил газрын урд талд байрлах 10 гаражийг буулган, маргаан бүхий газар дээр олон давхар гараж барихаар төлөвлөсөн, энэ захирамж хүчин төгөлдөр байхад шүүх огт үнэлж, дүгнэсэнгүй.

Энэхүү захирамжийн дагуу оршин суугчид бүгд өөрсдийн эзэмшлийн гаражуудаа зөөвөрлөн газрыг чөлөөлсөн бөгөөд иргэн Д.Наранбаяр нь дээрх захирамжийг биелүүлж гаражаа буулгаагүй үлдсэн. Түүний эзэмшлийн гэх нэг автомашины 48 мкв гараж нь "Гутлын 22" СӨХ-ны эзэмшлийн 5412 мкв газрын хил хязгаарын гадна талд байрлаж байсан. Тэрээр газар эзэмших эрхгүй, зөвшөөрөлгүйгээр гараж байршуулсан байсан нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа боловч бид анхнаасаа Д.Наранбаярын нэг автомашины гаражийн газартай маргаагүй.   

Гэтэл шүүхүүд нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь огт дүгнээгүй тул шүүхийн шийдвэр, магадлалын энэ хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж өгнө үү.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9 дэх заалтыг огт хэрэглээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

“Гутлын 22" СӨХ нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 тоот захирамжаар орчны газар, оршин суугчдын нийтийн эзэмшлийн зориулалтаар 5412 мкв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй болсон. Энэ нь нийслэлийн Газрын албанаас олгосон "Гутлын 22" СӨХ-ны эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, “Гутлын 22" СӨХ-д газар ашиглуулах тухай 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдсон, талууд уг асуудлаар маргаагүй болно.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 тоот захирамжаар "1 жил" гэж илтэд ташаарсан алдаагаа өнөөг хүртэл залруулаагүй, уг захирамжаар СӨХ-ны эзэмшилд баталгаажсан 5412 мкв газраас 2014 онд иргэн Д.Наранбаярт давхцуулан эзэмшүүлж хууль зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас аргагүйд хүрсэн.

Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхүүд “1 жилийн хугацаатай гэснийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад хандсан баримт байхгүй, хугацааг өөрчлүүлэх талаар хандаж байгаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг шууд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хэрэв шүүх нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам хангаагүй, нийслэлийн Засаг даргад өөрт нь эхлээд хандах ёстой гэж дүгнэж байгаа бол анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байтал татгалзаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг шууд хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж, уг асуудлаар дахин шүүхэд хандах эрхийг хаалаа. Иймд шүүхийн шийдвэр, магадлалын энэ хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж өгнө үү.

3. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д заасан "15 жил байна" гэсэн заалт нь Засаг даргын үзэмж, шийдвэрээр багасган тогтоох боломжгүй, хуулиар хатуу тогтоосон хугацаа бөгөөд Засаг дарга "1 жил" гэснээс үл хамааран газар ашиглах эрх нь анх олгогдсон 2006 оноос эхлэн СӨХ-ны эзэмшилд 15 жил "хуулиар хамгаалагдсан" гэж үзэж байна.

СӨХ нь ямар нэг ашиг олох, аж ахуй, үйлчилгээний зориулалтаар газрыг эзэмшдэггүй, оршин суугчдын нийтээр, дундаа эзэмших эзэмшил газрыг тэдний нэрийн өмнөөс арчилж хамгаалах үүрэгтэй байгууллага юм. Иймд шүүхүүд "Гутлын 22" СӨХ-ны газар ашиглах эрх нь 1- 2 жилийн хугацаатай байж байгаад дуусгавар болсон гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хуулиар тусгайлан хамгаалагдсан харилцааг захиргааны актын хэлбэрийн алдаагаар үгүйсгэж, СӨХ-ны эзэмшил, оршин суугчдын нийтээр ашиглаж байгаа талбайг оролцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг эөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч“Гутлын-22” сууц өмчлөгчдийн холбоо нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн  Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашиглалтад олгосон газрыг 1 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж, 15 жилийн хугацаагаар ашиглуулах захирамж гаргахыг, мөн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгах, гуравдагч этгээд Д.Наранбаяр нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-д “2004 оны 123 дугаар захирамжийн” гэснийг “2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар “Гутлын-22” сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцны орчны газар 5412 мкв газрыг 1 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “оршин суугчдын эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцуулан гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлсэн, уг захирамжийн үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжид гуравдагч этгээдийн нэр байхгүй” гэх үндэслэлээр маргаж байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Д.Наранбаярт Чингэлтэй дүүрэгт, үйлчилгээний зориулалтаар 109 мкв газар эзэмшүүлсэн, уг захирамжийг гаргахдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар захирамжийн А.Шийрав, Д.Наранбаярт холбогдох хэсгийг үндэслэл болгосон боловч энэхүү захирамжаар А.Шийрав, Д.Наранбаяр нарт газар эзэмшүүлээгүй, маргаан бүхий газраас өөр байршилд, зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар захирамж, хариуцагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий А/116 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт нийцээгүй,  үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй хууль бус захиргааны акт байх ба энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ. 

Гэвч уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн байх нь нэхэмжлэлийг хангах, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл юм.

Нэхэмжлэгчийн тухайд 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар 5412 мкв газрыг 1 жилийн хугацаагаар ашиглах эрх үүссэн, 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 2 жилийн хугацаагаар газар ашиглуулах гэрээ байгуулсан, энэхүү гэрээний хугацаа дууссан байна.

Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байхаар зохицуулсан боловч тухайн тохиолдолд газар ашиглах гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч болон хариуцагчаас гэрээний хугацааг 15 жилээр биш, 2 жилийн хугацаатай байгуулсан, нэхэмжлэгчээс гэрээ байгуулах үедээ газар ашиглах гэрээний хугацаатай холбогдуулан маргаагүй, гэрээний хугацааг 15 жил болгохоор хуульд заасан хугацаанд захиргааны байгууллагад өөрт нь хандаагүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэртэй холбогдуулж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэгэнт Сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн ашиглалтад олгогдсон газрын ашиглах хугацаа дууссан байхад хугацааг сунгах талаар захиргааны байгууллагад цаг хугацаанд нь хандаагүй, газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зургийг хэрхэн хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй зэргээр газар ашиглах хүсэл зоригоо хангалттай илэрхийлээгүй, хуульд заасан боломж-/объектив эрх/-оо эдлэх талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй байгаа нь нэхэмжлэгчийн “хуулийн дагуу газрыг ашиглаж байсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн “хуулиар шууд 15 жил байна гэж заасан байхад “1 жил” гэж илтэд хууль зөрчсөн” тухай гомдлын хувьд:

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болохоор зохицуулсан. Энэ дагуу захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа газрыг 15 жил дотроо багтаан, түүнээс бага хугацаагаар газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх ерөнхий зохицуулалттай байна.

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглагчийн эрх үүргийг газар эзэмшигчийн зарим эрх үүрэгтэй адилтган зохицуулсан байна. Энэ хүрээнд газрыг эзэмших ашиглахад иргэн, аж ахуй нэгж болон сууц өмчлөгчдийн холбоо ч адил тэгш эрхтэй, адил нөхцөлтэй хууль үйлчлэх бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал өөр байгаа байдал нь газар ашиглах эрхийн хугацаанд шууд нөлөөлөхгүй гэж үзлээ.

Тиймээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх үед буюу 2014 онд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон учир Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар давхцал үүссэн гэж үзэхгүй, давхцал нь хуулийн хүчин төгөлдөр газрын гэрчилгээтэй, газар эзэмших эрхийн хүрээнд хамаарах хууль зүйн ойлголт юм.    

Эдгээр болон бусад асуудлаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0149 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ