Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 055

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Х.Оралсын
Улсын яллагч: Б.Ботакөз
Хохирогч: Н.Сарсенбек
Орчуулагч: Т.Маншүк
Шүүгдэгч: Т.Жанибек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагадагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бахат ахтай овогт Толыхбайн Жанибект холбогдох эрүүгийн 201604000191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бахат ахтай овогт Толыхбайн Жанибек РД:БЮ81060715.   
Шүүгдэгч Т.Жанибек нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед хэрүүл маргаан гаргаж, улмаар Н.Сарсенбекийн эрх чөлөөнд халдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 
-    Шүүгдэгч Т.Жанибек шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2016 оны 04 дүгээр сарын үед манай нэг ямаа алга болсон. Шүүгдэгч Н.Сарсенбек нь ямаа хариулдаг болохоор хүмүүс Н.Сарсенбек авч магадгүй гэсэн болохоор 2 хундага архинаас болоод хэрүүл маргаан гаргасан байна. Үүнээс  биш ямаагаа яг Н.Сарсенбек авсныг хараагүй. Бид хоёрд өмнөөс ямар нэгэн өс хонзоны асуудал байхгүй. Хамт мал хариулаад явдаг хүн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Та бүхний ярьж байгаа бүгд үнэн. Манай гэр зуны үед бороо ороход эвдэрч нурах гэж байна. Манай хоёр хүүхдийн нэг нь төрөлхийн өвчтэй нарийн гэдэсний цоорхойтой. Амьдрал ахуй ар гэрийн асуудал тааруухан байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг,
-    Хохирогч Н.Сарсенбекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”... 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед их булангаас ямаа хариулж ирж байсан чинь Жанибек надад согтуу ирж намайг янз бүрээр дуудаж өшиглөж дагаад яв гэж хэлэхээр нь би гэрт нь очсон чинь “чи миний ямааг авсан байна авч ирж өг” гэж миний толгойд модоор нэг удаа цохиод авсан тэгээд миний толгойгоос цус гарсан байна. Тэгээд Жанибекийн төрсөн дүү Жарденбек намайг мотоциклээр миний ямааны хажууд авчираад яваад өгсөн байна. Дараа нь цагдаад хандсан юм. /хх-ийн 10-р хуудас/
“.....Миний урьд нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж тодруулж ярихад намайг зодсон. Т.Жанибек надаа ирж уучлалт гуйж алдаагаа зассан учраас надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Т.Жанибек бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч өөрийн буруу зүйлээ хүлээсэн байгаа дахиж бид хоёр хоорондоо маргалдаж хэрүүл хийгээгүй. Т.Жанибект холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 11-р хуудас/
Гэрч З.Өнербекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Т.Жанибекийн аавын байшинг барьж байсан чинь Т.Жанибекийн аав болох Толыхбай ах ирж тусалсан хүмүүстэй баярлалаа гэж 05 л Ерөөл гэсэн архи гаргаж ирсэн юм. Тэгээд тэнд ажил хийж байсан хүмүүсийн хамт Жанибек бүгдээрээ нэг шил архийг хувааж уусан байсан юм. Тэгээд Жанибек би Их булан явлаа гэж хэлээд яваад өгсөн.  .... Жанибек их архи уугаагүй юм нэг хундага архи уугаад яваад өгсөн. Жанибек бид нараас явахдаа согтоогүй эрүүл явсан харагдсан юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Баян-Өлгий аймгийн  шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Иргэн Н.Сарсенбекийн биед толгой хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниуулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/
-     Т.Жанибекийг сэжигтнээр байцаасан тэмлэглэл, яллагдагчаар татаах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 26-32-р хуудас/
-     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/
-     Эд мөрийн баримтаар тоцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 35-р хуудас/
-     Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42, 56-р хуудас/
-     Баян-Өлгий аймгийн Прокурорын тогтоол /хх-ийн 45-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтуууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Жанибек нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын Их булан гэх газарт иргэн Н.Сарсенбектэй “ямаа аваад өгөөгүй” гэж маргалдан таарамжгүй харилцаа үүсгэж, 2м 30см бургас модоор иргэн Н.Сарсенбекийг толгойн орой хэсэгт 1 удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Жанибект холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв. 
Хохирогч Н.Сарсенбек шүүх хуралдаанд: “...Т.Жанибекийг училсан, түүнээс 3 ямаа авсан, энэ хүнд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү...” гэж мэдүүлж байх тул хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзлээ.
Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн нь давтан гэмт хэрэг болохгүй.” гэж заасан байдаг тул шүүгдэгчийг урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд “ЦЕГ-ийн МСТТ-ийн ял шийтгэлийн мэдээлэлийн санд бүртгэгдээгүй байх тул урьд ял шийтгүүлж байгаагүй.” байх тул  шүүгдэгч Т.Жанибекийг анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хууллийн 82 дугаар зүйлийн 82.2-т “яллагдагч өөрийн гэм буруууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтааар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харвал шүүгдэгч Т.Жанибек нь мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... би согтуу байсан болохоор....” /хх-ийн 31-р хуудас/ гэж мэдүүлсэн боловч, согтуу байсан эсэх нь тодорхойгүй, согтолтын зэрэг тогтоогдоогүй, цуснаас шинжилгээ хийгээгүй, бөгөөд гэрч З.Өнербекийн мэдүүлгээр “Т.Жанибек бид нараас явахдаа согтоогүй, эрүүл явсан харагдсан юм“ /хх-ийн 15-р хуудас/ гэсэн мэдүүлгийг үндэслэн согтуугааар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. 
Өөрөөр хэлбэл гэрч З.Өнербекийн “...Жанибек их архи уугаагүй юм нэг хундага архи уугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэгт “нэг хундага” нь хэр хэмжээтэй болох нь тодорхойгүй, үүнийг мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Энэ гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгйин хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүлйийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа байдал,  шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулийн шинж чанар, Баян-Өлгий аймгйин Бугат сумын Засаг даргын тодорхололт /хх-ийн 56-р хуудас/ зэргийг харагалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний өмчлөлийн Мустанг-5 мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримт болох хоёр хэсэг бургасыг устгах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага  болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ахтай овогт Толыхбайн Жанибекийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасанаар шүүгдэгч Т.Жанибект холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Жанибекийн өмч “мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хэсэг бургас модыг устгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Жанибек нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдасугай.
6. Шүүгдэгч Т.Жанибект авсан  батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсогосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14  хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ