| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0641/Э |
| Дугаар | 2019/ДШМ/543 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/543
Н.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Эрдэнэбаатар,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1270 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Нт холбогдох 1906013810808 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э овгийн Н-ын Н, 1973 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, "Жавхаа" салонд үсчин ажилтай, ам бүл 8, хадам эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гудамжны Зв хэсгийн 643 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт, эхнэр Б.Я-ыг "өмд угаасангүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийп 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заажээ.
Гэтэл мөн хуулийн 16.2 дугаар зүйлд 1 дэх хэсгийн "1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал" зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
1. Прокуророос Н.Ныг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Б.Яыг "өмд угаасангүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Яын өгсөн: "...Наранбаатар баруун хөлөөрөө миний зүүн гуянд 2-3 удаа өшиглөөд, шар өмдөөр толгой руу 2 удаа ороолгож байхад, манай цэцэрлэгийн тогооч болох Нарантуяа, Жагдалмаа 2 өрөөний хаалгаар орж ирсэн. Тэгээд Жагдалмаа Наранбаатарт "чи одоо болиоч ээ, өчигдөр хүртэл эхнэрээ хувцас солидог өрөөнд цохиж зодоод байсан биз дээ" гэж хэлээд Нарантуяа Наранбаатарыг дагуулаад өрөөнөөс гарсан. ...Наранбаатар миний дээд уруул руу 1 удаа цохисон. Тэр үед миний шүд унасан болохоор амнаас маш их цус гарч байсан. ...Манай ажлын газрын тогооч Жагдалмаа, Нарантуяа 2 байсан. ...Наранбаатар бараг л архины хамааралтай болсон, өдөр болгон архи уудаг. Архи уусан үедээ намайг байнга хэл амаар доромжилж гар хүрдэг ба нилээн согтуу байсан. Өглөө намайг ажил руу явах үед гэртээ архи уугаад үлдсэн. ...2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээр бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхад согтуу ирээд "Автобусны мөнгө өгсөнгүй" гэх шалтагаар зодсон. Бусадтай ямар ч шалтгаангүй хардаж, хэл амаар байнга доромжилдог. 2018 онд намайг бусадтай хардаж зодоод 10 хоног баривчилгаанд явсан. Урьд өмнө нь ч байнга хардаж зоддог байсан. ...Байнга уудаг ба өдөр бүр согтуу байдаг. 2-3 удаа эрүүлжүүлэхэд орж байсан. ..." /хх.8-10, 14-16/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд Н.Н нь өөрийн эхнэр Б.Яыг байнга зодож, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгалгүй орхигдуулжээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх шаардлагатай.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт Н.Нын өгсөн мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Яыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзээд Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагдаагийн ерөнхий газрын “АСАП” сангийн лавлагаагаар Н.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр нэг удаа баривчлагдаж байсан байх ба өөр зөрчилд холбогдож байгаагүй болох нь харагдаж байна.
Мөн хохирогч Б.Я болон шүүгдэгч Н.Н нар хүсэлт гаргасан ба шүүгдэгч Н.Н гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон ялын саналтай танилцаж гарын үсэг зурсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэхээр байна.
Иймд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/1270 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Нт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Н.Нт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаад, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэх хуулийн зохицуулалттай.
Гэтэл прокуророос яллагдагч Н.Нт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа танилцуулж, гарын үсэг зуруулалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба яллагдагчийн өөрт ашигтай байдлаар хэргээ шийдвэрлүүлэх боломжийг хангаагүй, энэ нь түүний эрх зүйн байдалд нөлөөлж байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн холбогдогч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлд тус тус заасан ажиллагааг хийсний дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн зохицуулалттай.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийх, Н.Ныг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд, Н.Н нь Б.Яыг зодсон гэсэн байх бөгөөд хэрхэн зодсон талаарх үйл баримт нь тодорхой биш байна. Цаашид хэргийн үйл баримтыг тодорхой тусгаж байх нь яллах дүгнэлт үйлдэх хуулийн шаардлага, түүнчлэн шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд ач холбогдолтой болохыг дурдаж байна.
Иймд Н.Нт холбогдох 1906013810808 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1270 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ