Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0567

 

2020 оны 09 сарын 07 өдөр           Дугаар 128/ШШ2020/0567                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэг   

Хариуцагч: Нийслэлийн Дотоод Аудитын газрын санхүү хяналтын шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16, дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч А.Х, хариуцагч Н.Ннар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Дотоод аудитын газраас манай байгууллагын санхүүгийн зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг бөгөөд Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Нийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн № 38/08-16, №38/08- 17 тоот актад “...Төсвийн зарцуулалттай холбоотой анхан шатны баримтын бүрдэл дутуу ... гүйлгээг шууд зардлаар бүртгэсэн, туслах багшийн сургалт гэж 160.0 мянган төгрөгийг үр ашиггүй зарцуулсан, урилганы үнэ гэж 50.0 мянган төгрөг шилжүүлсэн, ХАБЭА- н ажилтны сургалт гэж 150.0 мянган төгрөг гэж шилжүүлсэн. Ямар албан хаагч суусан болох нь тодорхойгүй ..." гэсэн үндэслэлээр 360.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлж, төсөвт  төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй юм. 17 тоот акт дээр 2017-2018 онд зарим анхан шатны баримтын бүрдэл дутуу ажил үйлчилгээг шууд зардлаар бүртгэж төсвийн 1,834,000 төгрөгийг үр ашиггүй зарж зарцуулсан, 24.9 мянган төгрөгийн ХХОАТ суутгаж аваагүй гэсэн үндэслэлээр 1,858,900 төгрөгийг нөхөн төлж төсөвт төвлөрүүлэх акт тогтоосон гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн алба Хөдөлмөрийн хуулиар байгууллага нь ажилтнаа сургах, хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах эрх, үүрэг бий. Үүнийхээ дагуу тус цэцэрлэгийн ажилтан С.Мийг Цэцэрлэгийн туслах багшийн мэргэжил олгох сургалтад сургаж төгсгөсөн байдаг бөгөөд энэ нь 2019 онд “Ротеныиац’ сургалтын төвөөс С.Мд олгосон цэцэрлэгийн туслах багшийн мэргэжил олгох сургалтад суралцаж төгссөн болохыг нотлох “Сертификат”-аар нотлогддог. Мөн 17 тоот актад дурдсан Иргэн Д.Г 2015 онд 201,8 мянган төгрөгөөр 2016 онд 27,5 мянган төгрөгөөр тус тус байгууллагад ном худалдаж авсан. Энэ нь нийт 229,3 мянган төгрөгийн номыг орлогод авсан ХХОАТ нь 10% буюу 22,93 мянган төгрөгийг борлуулалтын үнийн дүнгээс нь хасаж төлсөн байгаа. Энийг тус цэцэрлэгийн нягтлан бодогч У Төрийн сан банкин дахь 100200051088 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд энд маргаах байхгүй байх. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно ”, 24.2-д “Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. Тухайд үед улсын байцаагчийг ирээд хяналт, шалгалт хийж байх явцад Х эрхлэгч ажилдаа ороод удаагүй байсан, өмнөх 16 тоот актад дурдсан асуудлаар санхүүгийн баримт бүрдэл дутуу гэсэн асуудлаар баримт бүрдлийг холбогдох тухай үед нь хариуцаж байсан Б гэдэг хүнээс нь асууж тодруулъя, яагаад ийм болчихвоо яагаад ийм баримт материал дутуу байна гэдгийг бүрдүүлээд хэрэв байх юм бол олоод өгье гэж хүсэлт тавьсан боловч улсын байцаагч хүлээн зөвшөөрөөгүй, тухайн цэцэрлэгт 2 хоног ирээд баримт материалуудыг нь авч явцад шалгалт явуулж акт тогтоосон байдаг. Ямар ч нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй, ийм бодит нөхцөлөөр хангаагүй, энэ үүргээ огт биелүүлээгүй. Манай байгууллагын хувьд үндсэн чиг үүргээ биелүүлэх, байгууллагаас үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зардлыг гаргаж ажиллаж ирсэн зарим анхан шатны баримт дутуу гэсэн зүйл нь үндэслэл муутай гэж үзэж байна. Бид уг маргаан бүхий Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Нийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн № 38/08-16, №38/08-17 тоот актыг тус тус эс зөвшөөрч Монгол улсын засгийн газрын гишүүн Сангийн сайд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Х хандсан байдаг, ингээд Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13-2/8623 дугаар албан бичгээр уг актыг үндэслэлтэй болохыг тогтоосон. Уг хариуг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй тул харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. 16, 17 тоот актад дурдсан анхан шатны баримт бүрдэл дутуу гэдэг нь баримт бүрдлүүд нь бүгд байгаа. Тухайн үед эрхлэгч нь солигдоод тухайн үед яагаад баримт бүрдэл дутуу байсан гэдгийг мэдээгүй байсан учраас дараа нь холбогдох байгууллагуудаас нь асууж тодруулаад баримтуудыг нь нөхөн бүрдүүлэлт хийсэн байгаа” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...16 тоот актын хувьд Б эрхлэгч байсан үеийн асуудал учраас Хишигдуламд хамааруулан акт тогтоож байгаа нь хууль бус. 17 тоот актын тухайд бид бүх нотлох баримт болон ажил гүйцэтгэсэн гэрээ, гүйцэтгэлийн тайланг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106.3.1-т зааснаар 2 актыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн засаг даргын хүний хөгжил хариуцсан орлогч Анхмаагийн 2019 онд баталсан 5 тоот удирдамжийн дагуу манай газраас хяналт шалгалт орсон. 16 тоотын дурдагдсан асуудалд Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төв гэж НҮТББ-д 2019.4.29-ний өдөр туслах багшийн сургалтын төлбөр гээд 160,000 төгрөг шилжүүлсэн байдаг, энэ талаар тухайн сургалтад ямар албан хаагч суусан болох нь тодорхойгүй, сургалтын тайлан сертификатгүй, суралцуулах эрхлэгчийн тушаал, шийдвэргүй байсан. Гэтэл тухайн цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны тодорхойлолтод мэргэжил олгох сургалтыг төгссөн туслах багшийн үнэмлэхтэй хүн ажиллана гэж заасан атал туслах багшийн албанд албан хаагчийг суулгасан нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудал юм. Бидний шалгалтад хамруулах хугацаанд эдгээр нотлох баримтыг үзүүлээгүй. Энэ байгууллагаас ирүүлсэн тайлбарт ажилтан М сургалтад сургасан гэж байгаа боловч туслах багшийн үнэмлэхтэй хүн өнөөдөр төрийн байгууллагад ажиллах ёстой байтал ямар ч мэргэжилгүй хүнийг сургалтад сургасан гэж байгаа. Уран хүч ХХК-д 50,000 төгрөг урилганы үнэ гэж шилжүүлсэн тухайд урилгыг юунд зарцуулсан нь тодорхойгүй бараа, материалын дансанд орлого, зарлагын гүйлгээ нь хийгдээгүй байсан. Энийг мөн 2020.4.24-ний өдөр хийгдсэн баримтын үзлэгээр тухайн цэцэрлэгийн бараа материалын дансанд 50,000 төгрөгийн урилгын орлого авагдаагүй, зарлагын баримт байхгүй, шаардах хуудсаар зардал гараагүй байсныг шүүгчийн баримтын үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан. Мөндэй цэцэрлэг ББСБ-д 7.09-ний ХАБЭАА-ны сургалт гэж 150,000 төгрөг шилжүүлсэн мөн тухайн үед санхүүгийн баримтад ямар албан хаагч суусан нь тодорхойгүй, тайлан сертификатгүй, сургалтад хамруулах эрхлэгчийн тушаал шийдвэргүй байсан, үүнтэй холбогдуулаад Нягтлан бодог бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасныг харахад зөвхөн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтаар л анхан шатны баримт бүрдүүлснээс бусад гэрээ болон бусад нотолгоо гэсэн баримт байхгүй. Хишигдулам гэдэг хүнтэй 2-3 удаа утсаар холбогдсон, ирж уулзахыг хүссэн боловч огт ирж уулзаагүй, бид 5 хоногийн шалгалт орсон, гэхдээ 2019.11.25-ны өдөр би шалгалтынхаа тэмдэглэлийг Х эрхлэгч болон өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байсан У, одоогийн нягтлан бодогч болох Д нарт танилцуулсан. Энэ нэмэлт материалыг авч ирж өгөөчээ гэж хүссэн шалгалтын 5 хоногийн хугацаа дуусаад 12.06-ны өдөр миний дүгнэлт ганцаараа үлдээд байсан учраас би актаа бичиж энэ хүмүүст танилцуулж, төсвийн хохиролгүй болгох талаар мөн мэдэгдсэн. Бид 4 газраар хяналт шалгалт хийсэн байгаа.  Удирдамж 11.19-ний өдөр батлагдсан, гэхдээ 25-ны өдөр би шалгалтын тэмдэглэлээ дуусгаж танилцуулаад түүнээс хойш 12.06-ны өдөр хүртэл нэмэлт материал ирүүлээрэй гэж эдгээр 3 хүнийг 2-3 удаа дуудаж ирсэн, нэмэлт материал өгөөгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

           Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэг нь “Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Нийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16, дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байна.  

           Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нийслэлийн Дотоод Аудитын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 38/18-16 тоот актаар “...Төсвийн зарцуулалттай холбоотой анхан шатны баримтын бүрдэл дутуу дараах гүйлгээг шууд зардлаар бүртгэсэн байна. Үүнд: 04 дүгээр сарын 29-нд Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төв” НҮТББ руу туслах багшийн сургалт гэж, 160 мянган төгрөг шилжүүлэх төсвийг үр ашиггүй зарцуулсан. Туслах багшийн ажлын байрны тодорхойлолтод мэргэжил олгох сургалтыг төгссөн, туслах багшийн үнэмлэхтэй байх гэж заасан. Ямар албан хаагч суусан болох нь тодорхойгүй, сургалтын тайлан, сертификатгүй байна. 06 дугаар сарын 14-ний өдөр “Уран хүч” ХХК руу урилганы үнэ гэж 50 мянган төгрөг шилжүүлсэн, 07 дугаар сарын 09-ний өдөр “Мөндөө” цэцэрлэг БСБ рүү ХАБЭА-н ажилтны сургалт гэж, 150 мянган төгрөг шилжүүлсэн. Ямар албан хаагч суусан болох нь тодорхойгүй, сургалтын тайлан сертификатгүй байна.

           Уг улсын байцаагчийн актын Тогтоох хэсэгт: Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийн акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” заалтыг үндэслэн нийт 360 мянган төгрөгийг холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөлт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоосугай”, “Төсөвт төлөх 360 мянган төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан нийслэлийн Дотоод аудитын газрын Төрийн сан банкин дахь 100200051088 тоот дансанд оруулахыг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Х нягтлан бодогч Ц.Д нарт хариуцуулсугай” гэж шийдвэрлэсэн байна.

           Мөн Нийслэлийн Дотоод Аудитын газрын улсын байцаагчийн дугаар 38/18-17 тоот актаар “2015 онд иргэн Д.Г 201.8 мянган төгрөгийн ном худалдан авахдаа ХХОАТ суутгаж аваагүй,

           -            06 дугаар 12-ний өдөр “Өмгөөллийн Юник Легаль партнерс” ХХК руу 200 мянган төгрөг, сургалтын төлбөр гэж шилжүүлсэн бөгөөд анхан шатны баримтын бүрдэл дутуу ажил гүйлгээг шууд зардлаар бүртгэсэн. Ямар сургалтад, ямар албан хаагч суусан болох нь тодорхойгүй, сургалтын тайлан, сертификатгүй байна”,

           2016 онд:

           -            иргэн Д.Ганболдоос 27.5 мянган төгрөгийн ном худалдан авахдаа ХХОАТ суутгаж аваагүй,

           -            12 дугаар сарын 20-ний өдөр 1,027.0 мянган төгрөгийг цэвэр, бохир усны шугам засуулах гэж шилжүүлсэн бөгөөд анхан шатны баримтын бүрдэл дутуу ажил гүйлгээг шууд зардлаар бүртгэсэн. Тус оны аж ахуйн материалд тухайн зарлагын орлогод авсан баримт, ажлын тайлангаар нотлогдохгүй байна,

           2017 онд:

           -            Төсвийн зарцуулалттай холбоотой дараах ажил гүйлгээг зөвхөн нэхэмжлэхээр буюу анхан шатны баримтын бүрдэл дутуу ажил гүйлгээг шууд зардлаар бүртгэсэн. Үүнд:

-         “Синус Дочи” ХХК-д 11 дүгээр сарын 15-ны өдөр 107.0 мянган төгрөг хөргөгчний мотор,

-         “Сүлжээт зам” ХХК-д 12 дугаар сарын 18-ны өдөр 500.0 мянган төгрөг засвар үйлчилгээ гэж тус тус шилжүүлсэн.

           Нийт 2015-2018 онд зарим анхан шатны баримтын бүрдэл дутуу ажил гүйлгээг шууд зардлаар бүртгэж, төсвийн 1,834.0 мянган төгрөгийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулсан иргэнээс худалдан авсан нийт 249.3 мянган төгрөгийг гүйлгээнээс 24.9 мянган төгрөгийн ХХОАТ суутгаж аваагүй байна.

           2014 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл эрхлэгч Д.Х нэгдүгээр гарын үсгийг, нягтлан бодогч Г.У хоёрдугаар гарын үсэг зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулжээ” гэжээ.

           Уг улсын байцаагчийн актын Тогтоох хэсэгт: Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийн акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” заалтыг үндэслэн нийт 1,858.9 мянган төгрөгийг холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөлт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоосугай”, “Төсөвт төлөх 1,858.9 мянган төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан нийслэлийн Дотоод аудитын газрын Төрийн сан банкин дахь 100200051088 тоот дансанд оруулахыг Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Х, нягтлан бодогч Ц.Д нарт хариуцуулсугай” гэж тус тус шийдвэрлэсэн байна.

           Нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж байгаа үндэслэлүүд:

           Нэхэмжлэгч нь “ажил гүйлгээ хийх үед болон хяналт шалгалт хийх тухайн үед анхан шатны баримтыг бүрдүүлээгүй байсан хэдий ч бодит байдалд ажил гүйлгээ хийгдсэн, бодитоор худалдан авсан, ажил гүйлгээг бодитоор хийснийг нотлох анхан шатны баримтуудыг нөхөж бүрдүүлсэн, хариуцагч нь сонсох ажиллагаа хийгээгүй, манайд тайлбар нотлох баримт гаргаж өгөх боломжийг хариуцагч олгоогүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

           Хариуцагч нь ажил, гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэн, баталгаажуулах ёстой, анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг  хийхийг хориглоно, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлэх ёсгүй” гэсэн агуулга, үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

             Төсвийн тухай хуулийн 6.4-д “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасан байна.

           Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална”, 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна”, 20.1.4-д “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж тус тус заасан байна.

           Дээрх хуулийн зохицуулалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэг нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу хуульд заасан шаардлагуудыг хангаж ажиллаагүй болох нь нотлогдож байх тул маргаан бүхий Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Нийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №38/08-16, №38/08-17 тоот актууд хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд ажил, гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэн, баталгаажуулах, анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг хийхгүй байх, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгахыг хориглох нь аливаа хуулийн этгээдийн үүрэг байх тул Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нь хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

           Иймд Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нь ажил, гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэх талаарх хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй байх учир “бодит байдалд ажил, гүйлгээ хийгдсэн, анхан шатны баримтуудыг нөхөж бүрдүүлсэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

           Харин энд тэмдэглэхэд Нийслэлийн Дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 38/18-16 актын хувьд тухайн үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Бд эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд хамаарах зөрчилтэй нь холбогдуулан, Б.Бд хандсан төлбөрийг төлүүлэх агуулгатай албан бичиг үйлдэж явуулахаа хариуцагч Н.Н нь шүүх хуралдаан дээр илэрхийлсэн болно.

           Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.6, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Нийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16, дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ