Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0732

 

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0732

Улаанбаатар хот

Г.Д ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Т.Д;

Нэхэмжлэгч: Г.Д

Хариуцагч: БСЗД

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Т.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “БСЗД-ын  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Т.Д,

Гуравдач этгээдийн өмгөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 123/2023/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д  нь БСЗД д холбогдуулан “БСЗД-ын  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн БСЗД-ын  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээд Т.Д давж заалдах гомдолдоо:

3.1. ...Шүүх хууль бус бодит байдал хэрэгт авагдсан нотлох баримтыг гуйвуулсан дүгнэлт үндэслэл хийжээ. Тухайлбал: Төв аймгийн БСЗД-ын  2008 оны 01 сарын 14-ний өдрийн 8-р Захирамжаар иргэн Г.Д д 0.07 га газрыг “Номтын хар толгой”-н зүүнд байршилтайгаар олгон, мөн 0116845 тоот гэрчилгээнд “Номтын хар толгойн Зүүнд” гэж олгосон байна.

Гэтэл энэ гэрчилгээг 2020 онд 000092801 тоот болгон шинэчлэхдээ газрын байршлыг “Номтын Хар толгойн зүүн урд” болгож захирамжаас зөрүүлэн өөрчилсөн нь маргалдаж байгаа бууцыг булаан авах атгаг санаа агуулсан хууль бус үйлдэл болохыг шүүгч олж харсангүй. Энэхүү хууль бус гэрчилгээгээр Улсын бүртгэлийн Э-1407000010 дугаар авч кадастрын мэдээллийн санд бүртгүүлснийг шүүгч зөвтгөх үндэслэл байхгүй байна. Бодит байдал ийм байхад шүүгч зүүн зүгт зүүн урд болон зүүн хойд зүг хамаарах тухай зүг чигийн шинэ номлол гаргаж ирээд “Номтын Хар толгой”-оос зүүн урд зүгт 1,6 км-ийн зайтай байрлах 10 гаруй жил өвөлжиж хашаа саравч барин тохижуулсан айлын өвөлжөөг Г.Д д эзэмшүүлсэн газар гэж дүгнэх үндэслэлтэй гэж шүүгч тодорхойлсон нь Г.Д ийн хууль бусаар гэрчилгээ өөрчилсөн залилангийн хэргийг өөгшүүлэн дэмжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.2. Түүнчлэн иргэн Ч.Т-т 2007 оны 08-р сарын 30-ны өдрийн 130-р тоот Засаг даргын захирамжаар “Хавцгайн зуун ар толгой” гэсэн газар олгосон байхад шүүгч үүнийг гуйвуулж 3 янзын Хавцгайн аль болохыг тогтоолгүй Хавцгайн Хоолойн болгон гуйвуулж байршлыг зөрүүлэн эзэмшил газар давхардаагүй болгох гэж оролдсон байна. Түүнчлэн шүүгч “Номтын Хар толгой”-нь өндөр газар учир өвөлжөө, хаваржаа барьж гэр барих боломжгүй гэж дүгнэсэн нь амьдралд огт, нийцэхгүй дүгнэлт болжээ.

Энэ Номтын хар толгойн зүүн талд өвөлжөө, хаваржаа барих боломжтой ихээхэн том газар байгааг шүүгч үгүйсгэж байгаа нь нутгийн ард иргэдийн доог тохуу болохоор дүгнэлт болсон байна. Дээрх болон бусад дүгнэлтүүдээс үзэхэд шүүгч Ч.О зөвхөн Г.Д-д ашигтай шийдвэр гаргах гэж бодит байдал хэргийн материалыг ихээхэн гуйвуулсан байна гэж би үзэж байна.

3.3. Орон нутгийн Засаг захиргаа түүний ажилтнууд хэнд ямар газар олгосноо хэрхэн ашиглаж байгаа зүүн болон зүүн урд зүгийн ялгааг хэнээс ч илүү мэдэж шийдвэр гаргах нь тодорхой юмаа. БСЗД  маргаж байгаа талуудын газар давхарлах болсон шалтгаан

а/ иргэн Г.Д  эзэмших газрын байршлаа Засаг даргын Захирамжаас зөрүүлж шинэчлэн нь: Улсын бүртгэлд бүрдүүлснээс болсныг

б/ иргэн Г.Д  эзэмшил газартаа 15 жил ямарч үйл ажиллагаа явуулаагүй зэргийг үндэслэн Г.Д ийн газар эзэмших хууль бус гэрчилгээг хүчингүй болгосон нь шударга ёс хууль зүйд нийцэж байгаа гэж үзэж байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд “Номтын Хар толгойн Зүүн”, “Хавцгайн зүүн ар толгой” нэртэй газар давхцаж байгаа эсэхийг гаргах боломжгүй гэж дүгнэсэн байхад шүүгч маргаж байгаа газрууд давхцаагүй гэж дүгнээд шийдвэр гаргасан байна. Дээрх байдлаас үзэхэд, БСЗД-ын  2022 оны 11 сарын 30-ны өдрийн А/1** дугаартай захирамж нь бодит байдал, шударга ёс, хууль зүйд нийцэж байгаа тул шүүгч Ч.О-ийн гаргасан уг Захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэргийг оролцогчдын хооронд газрын харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангасан байна.

2. Маргаан гарах болсон шалтгаан нь Төв аймгийн БСЗД-ын  2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай захирамжаар иргэн Ч.Т-т өвөлжөөний зориулалтаар олгосон газартай, мөн сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Д д өвөлжөөний зориулалтаар олгосон газар давхцуулсан гэж талууд маргалдсан байна.

3. Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн БСЗД  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Гомпилийн Дэрэмийн өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1** дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “...сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 тоот захирамжийн хавсралтын 5 дахь дэс дугаарт өвөлжөөний зориулалтаар олгосон 700 м2 газар нь Чимэдийн Тогосын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/130 тоот захирамжийн 6 дахь дэс дугаарт олгогдсон өвөлжөөний газартай давхцаж газар олгосон байх тул 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 тоот захирамжийн хавсралтын 5 дахь дэс дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. Ч.Т ын өвөлжөөний газар эзэмших эрхийн талаар;

Гуравдагч этгээд Т.Д-ийн төрсөн эцэг Ч.Т  / 2013.10.17-ны өдөр нас барсан/-т Төв аймгийн БСЗД-ын  2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 130 дугаар захирамжаар байршил “Хавцгай зүүн ар толгой” нэртэй 0,07 га газрыг өвөлжөөний, мөн байршил “Самартын ар” нэртэй 0,07 га газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. Талуудын хэн аль нь “Самартын ар” гэх байршилтай 0.07 га газрыг хаваржааны зориулалтаар олгосонтой маргаагүй.

4.2. Нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримтаар дээрх захирамжийн дагуу Ч.Т-т өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил “Хавцгай зүүн ар толгой” гэж шийдвэрлэсэн байхад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээн дээр байршлыг “Хавцгайн зүүн хар толгой” гэж өөрөөр бичигдсэн, иргэн газар эзэмших хүссэн өргөдлийн маягт дээр он, сар, өдөр бичигдээгүй, нэгж талбарын дугаар гэрчилгээнд 180700506 гэж бичигдсэн боловч эзэмшүүлсэн өвөлжөөний газрын кадастрын зураглал үйлдэгдээгүй, газрын улсын бүртгэл болох мэдээллийн санд бүртгэлгүй байна.

4.3. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Шинжээчийн дүгнэлт болон Геодези, зураг зүйн тухай хууль /1997 оны/ -ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “газар зүйн нэрийг батлах” гэж заасны дагуу геодези, зураг зүйн талаар бүрэн эрхийг хэрэгжүүлж, Улсын Их хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” 42 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалтад “Номтын хар толгой, Хавцгайн дэлт толгой, Хавцгайн хоолой, Хавцгайн худаг гэх нэрүүд батлагдаж цахим мэдээллийн санд бүртгэгдсэн байх бөгөөд сумын Засаг даргын захирамжаар Ч.Т-т өвөлжөөний зориулалтаар олгосон гэх газрын нэр “Хавцгай зүүн ар толгой”, гэрчилгээ, гэрээн дээр бичигдсэн “Хавцгайн зүүн хар толгой” гэх нэрүүд аль аль нь мэдээллийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна.

4.4. Энэ нь иргэнд өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон тохиолдолд кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэгдэх зэргээр сумын газрын даамал Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал ...дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.3-т “эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, кординатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

5. Г.Д ийн газар эзэмших эрхийн талаар;

5.1. Нэхэмжлэгч Г.Д д Төв аймгийн БСЗД-ын  2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 08 дугаар захирамжаар байршил “Номтын хар толгой зүүн” нэртэй, 0.07 га газрыг 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэнд газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдлийн маягтад “Эрдэнэ баг Номтын хар толгой зүүн” гэж эзэмших газрын нэр тэмдэглэгдсэн, мөн энэ байршлаар газар эзэмших гэрчилгээ,газар эзэмшүүлэх гэрээн дээр бичигдсэн байх бөгөөд харин газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, шинээр бичиж олгогдсон 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Номтын хар толгойн зүүн урд” гэх нэртэй тэмдэглэгдэж, газрын кадастрын шинэ мэдээллийн санд 4102030658 нэгж талбарын дугаартай Г.Д ийн нэр дээр Номтын хар толгой нэрээр Номтын хар толгойн зүүн урд 1.6 км зайд 1419.4 тоот өндөрлөгийн урд бүртгэгдсэн байгаа нь түүнд анх 2008 онд сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр олгосон газрын байршил эрс өөрчлөгдсөн зөрүүтэй гэж үзэх үндэслэл биш байна.

5.2. Дээрх байдлуудаас үзвэл Ч.Т  болон Г.Д  нарт сумын Засаг даргын захирамжаар өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрх үүсэн газрын байршил, нэршил өөр болох нь тогтоогдсон, Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт, мэдээллийн санд бүртгэгдээгүй газарт буюу “Хавцгай зүүн ар толгой”, “Хавцгайн зүүн хар толгой” гэж сумын Засаг даргаас нэр заан байршил тогтоож газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.3. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлэг, шүүхээс маргаан бүхий газарт очиж үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл, Газрын кадастрын шинэ мэдээллийн санд 4102030658 нэгж талбарын дугаартай Г.Д ийн нэр дээр “Номтын хар толгой” нэрээр Номтын хар толгойн зүүн урд 1.6 км зайд 1419.4 тоот өндөрлөгийн урд бүртгэгдсэн байх ба Ч.Т ын нэр дээр “Хавцгайн ар” нэрээр мэдээллийн санд бүртгэл байхгүй болох нь тогтоогджээ.

5.4. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 480 дугаар шийдвэр, мөн аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлал, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар гуравдагч этгээд Ч.Т ын эрх залгамжлагч Т.Д-аас иргэн Л.О-д түр эзэмшүүлж, Л.О ын хашаа саравч барьсан газар нь “Номтын хар толгой” нэртэй газраас зүүн зүгт, “Хавцгайн хоолой” гэх газраас баруун зүгт байрлалтай болох нь мөн тогтоогдож байна.

5.5. Үүнээс үзвэл, Төв аймгийн БСЗД-ын  2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар захирамжаар Ч.Т-т өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн 0,07 га газар нь Г.Д д 2008 онд эзэмшүүлсэн газартай давхацсан гэж үзсэн сумын Засаг даргын захирамж үндэслэлгүй.

5.6. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Газрын тухай хуульд заасан журмаар “Номтын хар толгойн” зүүн талд байрлах өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрх Г.Д-т үүссэн байх бөгөөд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ч.Т-т 2007 онд эзэмшүүлсэн газартай давхцуулан 2008 онд Г.Д-д газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн БСЗД-ын  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1** дүгээр захирамж нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

5.7. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.

5.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2023/0032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА