Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 1007

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

  

зээлийн гэрээний үүрэгт 51,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр надтай холбоо бариад “надад яаралтай мөнгөний хэрэгцээ гарчихлаа, мөнгө зээлээч” гэж хэлсэн. Уг гуйлтын дагуу Ц.Оби 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлж, гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний 2 дахь заалтад “зээлдэгч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөх үүрэгтэй ба хугацаанд нь чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлүүлнэ” гэж заасан. Б.Онь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй миний эрх ашиг сонирхлыг хохироож байна. Иймд зээлийн гэрээний үндсэн мөнгө 20,000,000 төгрөг, хүү 14,400,000 төгрөг, алданги 17,200,000 төгрөг, нийт 51,600,000 төгрөгийг Б.О гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй хариуцагчид зээлсэн. Тухайн өдрөө нотариатын дэргэд 20,000,000 төгрөгийг хариуцагч бэлнээр хүлээн авч, энэ талаараа өөрөө баталгаажуулж, гарын үсгээ зурсан. Талууд гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан бөгөөд хэн ч хариуцагчийг албан хүчээр гэрээг хийлгээгүй. Тэрээр гэрээтэй танилцаад л гарын үсгээ зурсан. Хариуцагчийн зүгээс 4,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрээтэй хольж ярьж байна. Энэ хоёр гэрээг хийсэн нь үнэн боловч 20,000,000 төгрөгийн гэрээтэй ямар ч холбоогүй. Бид 20,000,000 төгрөгийн гэрээний маргаанаа шийдвэрлүүлсний дараа энэ хоёр гэрээг тусад нь бас шийдүүлнэ. 4,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ ч хариуцагч бүрэн биелүүлээгүй байгаа. Нэхэмжлэгч Ц.Онөхөр нь тухайн үед 2 байр зарсан, мөнгөтэй байсан бөгөөд бусдад мөнгө зээлэх боломж байсан. Нэгэнт хариуцагч гарын үсгээ зураад мөнгийг авсан учир зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, нотариатаар гэрчлэгдсэн гэрээ юм. Хариуцагчийн зүгээс уг гэрээг байгуулахдаа төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Б.Онь насанд хүрсэн хүн бөгөөд гэрээний зүйл заалтыг уншиж ойлгосны эцэст “...20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан” гэсэн заалтын ард гарын үсгээ зурсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Ошүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ц.Онь миний түрээслэн ажилладаг байсан газар “ломбард” ажиллуулдаг байсан. 2015 оны 01 дүгээр сард бид хоёр анх танилцсан. Би Ц.Одмаагаас 2015 оны 8 дугаар сард хүүхдийн сургалтын төлбөрт хэрэг болоод 5,000,000 төгрөг зээлээд хугацаандаа буцааж төлсөн. Дараа нь дахин 4,000,000 төгрөг зээлээд одоогоор төлөөд явж байна. Ц.О2015 оны 9 дүгээр сараас хойш над руу утсаар ярьж “...би байр авсан. Тэгсэн чинь олон хүнд мөнгө зээлсэн тухай баримт хэрэгтэй байна, банкинд үзүүлэх гэсэн юм” гээд олон удаа ажил дээр хүрээд ирээч гэж дууддаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бас л дээрхи зовлонгоо яриад дуудаад байхаар нь надад тус болдог юм чинь бас муухай байлгүй дээ гэж бодоод очсон. Гэтэл  тэрээр “таньтай нэг сайхан хоол идье” гээд намайг хоолонд оруулсан. Тэгээд “ойрхон нотариат байгаа, зүгээр л таньд мөнгө зээлсэн, та надад өртэй л гэсэн бичиг банкинд үзүүлэх хэрэгтэй байна” гээд нотариат руу дагуулаад орсон. Тухайн үед тэрээр “...хуурамч юм хийж байгаа юм, та санаа зовох хэрэггүй, банкинд үзүүлээд л устгана” гэж байсан. Тийм болохоор нь би ярианд нь итгэж, байр авах гэж байгаа юм бол тус болъё гэж бодсон. Гэхдээ би Ц.Одмаагаас нэг ч төгрөг аваагүй. Ц.Онь ингэж хүнийг хуурч, залилан мэхэлж байгаад маш их гомдолтой байна. Б.Оминий бие Ц.Ошүүхэд гаргасан 51,600,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Одмаагаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дээрхи мөнгийг зээлэхдээ нөхөр н.Төрмандахын нэр дээр байдаг Foton маркийн 09-83 УНГ улсын дугаартай, бүхээгтэй ачааны машиныг барьцаанд тавьсан. Тухайн үед ломбард ажиллуулах зөвшөөрөлгүй байсан учир Ц.Онэр дээр машиныхаа гэрчилгээг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө төлж явж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоод 5,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Тухайн үед Ц.Обид хоёр барьцаанд тавих зүйлээ ярилцаж тохирсон байсан. Мөн л миний нөхөр н.Төрмандахын нэр дээр байдаг цагаан өнгийн ALLIO IV маркийн 40-17 УНР улсын дугаартай, суудлын авта машинаа тавихаар болж тохиролцсон. Тухайн үед дээрхи машин хөдөө байсан. Гэтэл удалгүй машин явахаа больж эвдэрсэн. Мотор нь эвдэрсэн тул хотод авч ирэх боломжгүй байсан. Зээлсэн мөнгө болон хүүгээ тухай бүр төлөөд явж байтал Ц.Онь нэг өдөр “...5,000,000 төгрөг нь манай хадам ээжийн мөнгө, нэхээд намайг их зовоож байна. Нөхөр хүртэл ээжийн мөнгийг өг гээд зодож нүдээд байна” гэхээр нь би 2015 оны 6 дугаар сард өөрийн амьдарч байсан байраа мөнгө зээлж хүн суулгасан. Тэгээд Ц.Одмаагаас зээлсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед сарын хүүгээ өгөөд л яваад байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үлдсэн 4,000,000 төгрөгийг сар бүр 450,000 төгрөгийн төгрөг төлж байхаар жагсаалт гаргасан. Хоёр тал хоёулаа зөвшөөрч харилцан тохирсон. Ингээд мөнгөө төлөөд явж байтал Ц.Онь “...Б.Оэгчээ хоёулаа нотариат орж зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй байна гээд байсан. Дараа нь удалгүй манай гэрт нөхөртэйгээ хамт ирээд үлдсэн мөнгөө өг өгөхгүй бол манай нөхрийн найз цагдаад ажилладаг, тэрэнд хэлээд байр, орон гэрийг чинь аваад хүнд түрээслэж мөнгөө олж авна” гэж дарамталж байгаад явсан. Би зээлсэн мөнгөнийхөө хүүг өгдгөөрөө өгөөд л явж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ц.О“...яаралтай уулзах хэрэгтэй байна. Тэгээд ч би гадагшаа яваад ирсэн таньд үзүүлэх юм байна, одоо манайд хүрээд ирээч” гээд байхаар нь би гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очоод явах гэж байтал мөн л “...мөнгөө яаралтай өг” гэж байснаа “...Оюунцэцэг эгчээ хоёулаа нотариат орж нэг гэрээ шиг юм хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөхөр намайг дарамтлаад байна” гэхээр нь би дагаад нотариат орсон. Нотариат дээр Ц.Онь “шууд 9,000,000 төгрөг дээр гэрээ хийнэ” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ 5,000,000 төгрөгөө өгчихсөн шүү дээ. 4,000,000 төгрөг дээрээ хиймээр байна ш дээ гэсэн чинь уурлаж, загнаад “...тэгэж ярих юм бол хүү чинь бараг 4,000,000 төгрөг болчихсон. Тэгвэл цагдаагаараа л явъя л даа” гэхээр нь би яалт ч байхгүй зээлийн гэрээг хийсэн. Тэр өдрийн зээлийн гэрээн дээр би өөрөө гараараа нэмэгдүүлээд хийсэн. Энэ өдрийн зээлийн гэрээг ч мөн л намайг дарамталж байж хийлгэсэн. Ц.Онь надад бүх амьдралаа ярьж, би ч түүнд нь итгэж бас л хамаг амьдралаа ярьдаг байсан. Ц.Онэг өдөр “...дүү нь амьдралаа дээшлүүлмээр байна, орон байраа томруулмаар байна” гэж ярьдаг байсан. Тэр үед нь би эгч нь чамд миний чадах юм байвал тус болно шүү. Чи надад зөндөө л тус болж байсан гэж хэлж байсан. Ц.Оч “за болно биз дээ эгч минь” гээд явж байсан. Удалгүй Ц.Одүү нь байраа томсгоод 8 хувийн зээлд орохоор боллоо. Банк их юм шаардах юмаа бөөн бичиг цаас л цуглуулаад явж байна гэж байсан. Тэгээд нэг өдөр “...та тус бол, би олон хүнээс авлагатай байх ёстой юм байна. Та надад хэдэн төгрөгийн өртэй гэж гэрээ хий” гээд утасдаад байхаар нь тухайн үед нь би очоогүй. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тэрээр “...та манай ажил дээр хүрээд ирээч, ярих юм байна” гээд утасдаад байхаар нь би очсон. Тэгтэл нэхэмжлэгч “та үүн дээр л надад тус бол, нотариатаар ороод гарын үсгээ л зураад өгчих. Энэ зээлийн гэрээг би банкны эдийн засагчид үзүүлчихээд л устгана” гээд байхаар нь дагаад нотариат орсон. Ц.Одмаагаас ингэж хуурамч гэрээ хийж болж байгаа юм уу гэсэн чинь Ц.О“та айх хэрэггүй, би үзүүлчихээд л устгана” гээд байхаар нь итгээд дээрх зээлийн гэрээг хийсэн. Энэ зээлийн гэрээн дээр бичигдсэн 20,000,000 төгрөгийг би огт аваагүй. Зээлийн гэрээн дээр бичсэн зүйлүүдийг би огт уншаагүй. Ц.Оэнд гарын үсэг зур гэхээр нь л зурсан. Хэрвээ үнэхээр мөнгө зээлсэн үнэн, зээлийн гэрээ байсан бол миний бие зээлийн гэрээний заалт бүрийг нарийн харж хянах, мөн хүү алдангийг ийм өндрөөр бичүүлж тооцуулахгүй нь тодорхой байсан. Иймд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч хуурч мэхлэн, төөрөгдүүлж хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Онадаас хэрэгтэй үедээ их хэмжээний мөнгө авчихаад одоо буцааж өгөхгүй байх арга, саам хайж шүүхэд худал тайлбар өгч байгаа нь хуульд нийцэхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Одмаатай 2013 оны 12 дугаар сард анх танилцсан. Анхандаа эгч дүүс мэт амьдрал ахуйгаа ярилцаад, хамтдаа түрээсийн байранд ажилладаг байсан. Ц.О нь тухайн үед ломбард ажиллуулдаг байсан. Хамгийн анх 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Ц.Одмаад хандаж 4,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр, фотон маркийн автомашин барьцаалж зээлж авч байсан. Уг зээлийнхээ хүүг нь төлж явж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийн төлбөрт зориулж ахин 5,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээсээ нийтдээ 11,500,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. 

Ц.Онь 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд “...би 8 хувийн зээл авах гэж байгаа, гэтэл олон хүнд мөнгө зээлсэн гэсэн баримт хэрэг болоод байна” гэж яриад яваад байсан. Надаас ч удаа дараа ийм мөнгө зээлсэн баримт хийгээд өгөөч гэж гуйсан. Гэвч би түүнээс дандаа мөнгө зээлдэг байсан тул дандаа татгалзаж чадаагүй. Хүний мөнгийг зээлж авдаг, хугацаандаа төлж чадаагүй байсан болохоор санаа зовоод түүний гуйлтыг зөвшөөрч 20,000,000  төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан юм. Ингээд  нотариатын газар очиж маргааны эх болсон зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Дээрх зээлийн гэрээг байгуулахад би гарын үсэг зурсан боловч дээр нь байгаа “...бэлнээр 20,000,000 төгрөг авлаа” гэдэг бичгийг анхаарч уншаагүй. Шууд л нэхэмжлэгчид итгээд, түүнд тус болох гэж гэрээн дээр гарын үсгээ зурсан, Ц.Одмааг энэ байдлыг ингэж муухай ашиглана гэж үнэхээр бодсонгүй. Би гэрээнд гарын үсгээ зурсан боловч 20,000,000 төгрөгийг огт аваагүй. Өмнө нь зээлсэн мөнгөө төлж чадаагүй хүн яаж 20,000,000 төгрөг зээл авах билээ. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан. Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хугацаа нь дууссан байхад нотариатч нь үүнийг анхааралгүй гэрээг баталгаажуулсан нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч Ц.Онь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа дүр үзүүлж, хариуцагчийг хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлсэн учир уг гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч Ц.Онь хариуцагч Б.О-тхолбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 14,400,000 төгрөг, алданги 17,200,000 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзлаа “...би 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг хүлээж аваагүй”, “...уг гэрээг нэхэмжлэгч намайг хууран мэхэлж, төөрөгдүүлж хийсэн” гэж тайлбарласан бөгөөд энэхүү үндэслэлээрээ сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Ц.Оболон Б.Онар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Ц.О20,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба уг зээлийн гэрээ нь зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан, тэдгээрийн хүсэл зориг илэрхийлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан. 

 

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “зээлийн гэрээ”-нд “...20 сая төгрөгийг Б.О-т2015.12.11-нд бэлнээр хүлээлгэн өгөв. Хүлээн авсан: Б.Оюунцэцэг” гэж тусгагдсан ба хариуцагч Б.Оуг бичвэрийн ард гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй /хх 4 хуудас/.

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс “...20,000,000 төгрөгийг хүлээн аваагүй” гэж маргах хэдий ч дээрх баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэгч Ц.Одмааг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч Б.Оюунцэцэгээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 14,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Мөн талууд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 7,200,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг  амаар болон бичгийн хэлбэртэй хийх, бичгийн хэлбэр нь энгийн болон нотариатчаар гэрчлүүлсэн байх боломжтой тул хариуцагчийн “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг нотариатч батлахдаа хариуцагчийн иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байгааг анхааралгүй хууль зөрчсөн гэрээг гэрчилсэн” гэх татгалзал үндэслэл муутай болжээ. 

Нэхэмжлэгч Ц.Одмаагаас хариуцагч Б.Онь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлж авсан талаар зохигчид маргаагүй бөгөөд энэхүү зээлүүд нь талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгчид хууран мэхлэгдсэн”, “...Ц.Одмаад зээл авахад тус болох гэж төөрөгдсөн”, “...уг хэлцэлийг талууд анхнаасаа дүр үзүүлж хийсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.  

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т аливаа гэрээний талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, байгуулсан хэлцлээрээ ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсээгүй дүр үзүүлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг заасан.

 

Мөн аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хамгаалдаг бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй болохыг уг хуулийн заалтаар зохицуулжээ. Түүнчлэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болохыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан. 

 

Дээр дурдсанчлан зээлийн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Оюунцэцэгээс 44,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Б.Оюунцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 415,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунцэцэгээс 379,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Одмаад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ