Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1494

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/01007 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.О-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-т холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 51 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Хариуцагч Б.О-

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Ц.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.О-т 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээг бичгээр байгуулсан. Ингэхдээ тухайн өдрөө нотариатын дэргэд 20 000 000 төгрөгийг хариуцагч бэлнээр хүлээн авч, өөрөө баталгаажуулан гарын үсгээ зурсан. Хариуцагч 4 000 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрээтэй хольж ярьж байна. Дээрх хоёр гэрээ нь 20 000 000 төгрөгийн гэрээтэй ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч Ц.О-гийн нөхөр нь тухайн үед 2 байр зарж, мөнгөтэй байсан учир бусдад мөнгө зээлсэн.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 14 400 000 төгрөг, алданги 17 200 000 төгрөг, нийт 51 600 000 төгрөгийг Б.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Б.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ц.О-гаас 2015 оны 8 дугаар сард хүүхдийн сургалтын төлбөр 5 000 000 төгрөг зээлээд хугацаандаа буцааж төлсөн. Дараа нь дахин 4 000 000 төгрөг зээлээд одоо төлөөд явж байна. Ц.О- 2015 оны 9 дүгээр сард над руу утсаар ярьж “...би байр авсан чинь олон хүнд мөнгө зээлсэн тухай баримт хэрэгтэй байна, банкинд үзүүлэх гэсэн юм, ажил дээр хүрээд ирээч” гэдэг байсан. Иймээс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр очиход “зүгээр л танд мөнгө зээлсэн, та надад өртэй гэсэн бичиг банкинд үзүүлэх хэрэгтэй байна” гээд нотариат руу орсон. Тухайн үед тэрээр “...хуурамч юм хийж байгаа юм, та санаа зовох хэрэггүй, банкинд үзүүлээд л устгана” гэсэн. Тиймээс би ярианд нь итгэж, тус болъё гэж бодсон. Гэвч Ц.О-гаас нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Ц.О-гаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж, нөхөр н.Төрмандахын нэр дээрх Foton маркийн 09-83 УНГ улсын дугаартай, бүхээгтэй ачааны машиныг барьцаалж, Ц.О-гийн нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоход Ц.О-гаас 5 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Ингэхдээ нөхөр н.Төрмандахын ALLIO IV маркийн 40-17 УНР улсын дугаартай, суудлын автомашиныг барьцаалахаар тохиролцсон боловч автомашины мотор нь эвдэрснээс хотод ирэх боломжгүй байсан. Зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж байтал Ц.О- “5 000 000 төгрөг нь манай хадам ээжийн мөнгө, нэхээд намайг их зовоож байна, нөхөр хүртэл зодож нүдээд байна” гэхээр нь би 2015 оны 6 дугаар сард өөрийн байрандаа мөнгө зээлж хүн суулгаад Ц.О-д 5 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хоёул харилцан зөвшөөрч 4 000 000 төгрөгийг сар бүр 450 000 төгрөгөөр төлөх жагсаалт гаргасан. Дараа нь манай гэрт нөхөртэйгээ ирээд “үлдсэн мөнгөө өг, өгөхгүй бол байр, орон гэрийг чинь хүнд түрээслэж мөнгөө олж авна” гэж дарамталсан. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ц.О-г дагаад нотариат ороход тэрээр “9 000 000 төгрөгт гэрээ хийе” гэхэд нь би “5 000 000 төгрөгөө өгчихсөн” гэхэд уурлаж, загнаад “хүү нь бараг 4 000 000 төгрөг болсон, цагдаагаар явна” гээд байсан тул нь зээлийн гэрээ хийсэн. Мөн Ц.О- “дүү нь амьдралаа дээшлүүлж, байраа томруулмаар байна” гэхэд нь би “миний чадах юм байвал тус болно, чи надад зөндөө тус болсон” гэсэн. Удалгүй Ц.О- “та тус бол, би олон хүнээс авлагатай байх ёстой юм, нотариатаар ороод гарын үсгээ л зурчих, зээлийн гэрээг би банкны эдийн засагчид үзүүлээд л устгана” гээд байхаар нь дагаад нотариат орсон. 20 000 000 төгрөгийг би аваагүй, Ц.О- энд гарын үсэг зур гэхээр нь зурсан.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч хуурч мэхлэн, төөрөгдүүлж хийсэн тул хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.О- нь надаас хэрэгтэй үедээ их хэмжээний мөнгө авчихаад одоо буцааж өгөхгүй байх арга, саам хайж худал тайлбар өгч байгаа нь хуульд нийцэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 44 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч Б.О-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 415 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс 379 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийж шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

Зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд таамгаар хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүх Ц.О-гаас Б.О-т 20 000 000 төгрөгийг хэзээ хэрхэн шилжүүлсэн талаарх үйл баримтыг тогтоохоос үндэслэлгүйгээр зайлсхийсэн. Бодит байдалд Ц.О- нь 20 000 000 төгрөг бусдад зээлдүүлэх санхүүгийн чадамжгүй бөгөөд 8 хувийн зээлд хамрагдахын тулд уг баримтыг хуурамчаар үйлдэж хожим өөртөө ашигтай байдлаар ашиглаж мөнгө шаардаж байхад шүүх Ц.О- нь гэрээ байгуулагдах үед 20 000 000 төгрөг зээлдүүлэх мөнгөтэй байсан эсэх, байсан бол эх үүсвэрийг хаанаас хэзээ яаж бүрдүүлсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй байхад гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Ц.О-г 20 000 000 төгрөг зээлдүүлэх санхүүгийн боломжтой байсан талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулах хариуцагчийн хүсэлтийг хангалгүй, уг үйл баримтыг тогтоогоогүй байж 20 000 000 төгрөг аваагүй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гарын үсэг мөн биш гэдэгт маргаагүй нь 20 000 000 төгрөгийг авсан гэсэн үг биш. Мөн Ц.О- нь хариуцагч Б.О-т өмнө нь 4 000 000, 5 000 000 төгрөг зээлэхдээ барьцаа авдаг байсан ч 20 000 000 төгрөг зээлэхдээ барьцаа аваагүй, шүүхэд хандах хүртлээ зээлээ төлөхийг нэхээгүй зэргийг шүүх үнэлж үзээгүй.

Зээлийн гэрээг баталсан нотариатч үйлдэл хийхдээ үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаагүй, шүүх хуралдаанд миний дэргэд мөнгө өгч авалцаагүй, санахгүй байна гэсэн. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа хариуцагчийг татгалзлаа нотолж чадаагүй гэсэн нь учир дутагдалтай. Гарын үсгийг худал хэлж, дарамталж, хүчирхийлж яаж ч зуруулах боломжтой атал гарын үсэг зурсан л бол мөнгө авсан гэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Ц.О- нь Б.О-тэй 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 20 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчид мөнгөн төлбөр төлөхдөө гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-4 дахь тал/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Харин гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитой шилжүүлсэн эсэх талаар маргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “20 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, зөвхөн банкинд үзүүлээд устгах хуурамч гэрээ гэж нэхэмжлэгч тайлбарласан учраас гарын үсэг зурсан” гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн гэрээнд “... 20 000 000 төгрөгийг Б.О-т 2015 оны 12 дугаар сарын 11-нд бэлнээр хүлээлгэн өгөв, хүлээн авсан- Б.О-” гэсний ард хариуцагч нь гарын үсэг зурсан байх тул түүнийг мөнгийг шилжүүлэн аваагүй гэж үзэх боломжгүй.

            Анхан шатны шүүх, уг баримтыг үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцнэ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.О- нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн учир түүнээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 14 400 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг нийт 44 400 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ. Иймээс анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

 

                                                                                    Ч.ЦЭНД