Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/00448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Д.О,

 

            Нэхэмжлэгч: Г.А,

 

            Нэхэмжлэгч: Б.А,

 

            Нэхэмжлэгч: Г.М нарын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: С.Г-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсэгт 154.834.326 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгч нарын  өмгөөлөгч Э.Г, Б.Э, хариуцагч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Гтай 2003 оноос 2015 оныг хүртэл хамт амьдарсан. 2007 оны 7 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Миний хоёр хүүхэд болон бид хоёрын дундаас төрсөн нэг хүүхэдтэй хамт амьдарч байсан. Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаандаа гэр бүлийн гишүүдээс нуусан байр болон данстай байсан. Сүүлийн 4, 5 жилийн хугацаанд ийм явдал болчихлоо. Энэ хүн олон газар ажилладаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Бас олон ч данстай юм байна. Уг нь хадам аавын нэг л данс байдаг гэж хадам аав хэлж байсан юм. Ааваас ямар мөнгөөрөө С.Г тоглоод байдаг юм. Хүмүүст мөнгө өгч авалцаад байх шиг байна гэж асуухад аавынх нь дансанд мөнгө, төгрөг байхгүй гэж хариулж байсан юм. Миний нэхэмжилж байгаа зүйл болохоор зөвхөн дундын хөрөнгөнд байсан байр болон “Хаан банк” ХХК-ийн дансанд байх бид нарт ногдох хэсгийг нэхэмжилсэн. Нийт 154.334.000 төгрөгийг С.Гаас нэхэмжилж байгаа. Би энэ хүний ийм олон харилцах данстай байна гэдгийг мэдээгүй. С.Г энэ талаар бодохдоо хамт идэж уусан байж одоо надаас нэхлээ гэж байх шиг байна. Энэ хүн “ХД” ХХК-аас 1.000.000 төгрөгийг цалин авдаг байсан. Энэ цалингийн ихэнх хэсгийг өөрт зарцуулдаг байсан. Надаас салахдаа ганцхан иргэний үнэмлэхээ аваад гарсан гэж тайлбар хэлээд байгаа нь худлаа бүхэл бүтэн машин дүүрэн хувцсаа аваад явсан. Энэ хүний 4,5 жил худлаа ярихыг нь сонсоод өдий хүрлээ. Сүүлдээ хуучин байраа алдсан. Дараагийн байрандаа амьдраад болоод байсан чинь дүүгийнх нь байр болсон. Сүүлдээ захирлаас захирлын хооронд болон компаниас компанийн хооронд олсон мөнгөө хуучин эхнэрийнхээ хүүхдэд өгсөн болоод явсан. Энэ бүх үйл явдал нь бид нарт ямар ч хамааралгүй болгоод тайлбар хэлчихсэн. Ямар ч байсан гурван хүүхдээ орон байртай болгомоор байна. Бид хоёрыг гэрлэхээс өмнө манай хүүхдүүд орон байртай байсан. Дүүтэйгээ хоёулаа нийлж худлаа ярьсан зүйлд нь бид нар хохирох ёсгүй гэж үзэж байна. Би орон байранд ирчхээд С.Гыг өмсөх хувцас идэх хоолгүй явуулж байгаагүй. Бид нар илүү дутуу мөнгө төгрөг олж байгаа эсэхийг нь сонирхдоггүй байсан. Эрүүл саруул явж байвал болоо гэж боддог байсан болохоос биш өөр санаа агуулж байгаагүй. Сүүлд дүүтэйгээ нийлж байрны маргаан гаргасан. Тухайн үедээ би бас тоглоомоор арай дүү чинь энэ байрыг авах юм биш биз гэж асуухад юу гэж авах юм гэж хариулж байсан. Гэтэл одоо болохоор миний байр биш манай дүүгийн байр гэж хэлэх юм. Энэ хүний нэр дээр хоёр, гурван байр байдаг. Ядаж гурван хүүхдээ бодох хэрэгтэй. Тэтгэврийн хүнээр тэжээлгэж явж байсан гэж хэлж байгаа нь худлаа юм. Хадам ааваас нэг сарын тэтгэврийн мөнгийг авч байсан уу гэхээс өөр зүйл авч байгаагүй. Манай том хүү хүртэл ажил хийдэг байсан. Тухайн үедээ олсон мөнгөө адилхан хуваадаг байсан. Энэ хүний эд зүйл нь бид нараас тусдаа болчихдог. Анх цалин мөнгөгүй болох үед нь дүү нь салах өргөдөл бичээд өгсөн байдаг. Үүнд нь надад гомддог юм болов уу. Надад гомдож байж болно. Гэхдээ гурван хүүгээ бодох хэрэгтэй. Бидний таньдаг мэддэг бүх хүмүүс бид нарыг яаж амьдарч байсныг мэднэ. Яагаад энэ хүнийг хууль, шүүхийн байгууллагын өмнө худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Алдаатай, оноотой өдийг хүртэл хамт амьдарч байсан. Энэ хүнийг хүндэлж хайрлаж өдийг хүрсэн. Ямар ч байсан хамт амьдарч байх хугацаандаа энэ хүнийг элдвийн үгээр хэлж үзээгүй. Гурван хүүхдүүд маань ч бас ааваа гэж дууддаг. Энэ хүн ч хойд эцгийн царай гаргадаггүй. Хүүхдүүд маань ч дагавар хүүхдийн царай гаргадаггүй байсан. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа энэ байр нь С.Дийн өмчлөлийн байр гэж тайлбарлаад хэлээд байдаг. Дүү нь ч гэсэн С.Гтай би гудамжнаас орж ирээд суусан. Тэгээд байртай болсон гэж хэлсэн байсан. Энэ хүний дүү нь угаасаа худлаа ярьдаг. Аав, ээж, хамаатан садны хүмүүсийнхээ байрыг барьцаанд тавиад түүнд нь бид нар золиослогдож байсан. Энэ талаар өөрөө мэдэж байгаа. Энэ хүнийг архинаас гаргах гэж би өчнөөн жил зүтгэсэн. Одоогийн байгаа эрүүл мэнд нь ч үүнтэй холбоотой. Анх ирэхдээ солих хувцас байхгүй. Ажил ч байхгүй хүн байсан. Ажил орохоор замбараагүй архи ууна гэж халагдана. 2015 оны өвөл анх удаа 1.000.000 төгрөгийн бүтэн цалин авч байсан. Анхны ажиллаж байсан компанийн захирал нь их сайн хүн байсан. Байрны 50.000.000 төгрөгийг урьдчилгааг зохицуулж байсан. Тухайн үедээ би бас цуг очиж байсан. Тэгээд “ХД” ХХК-д 3.000.000 төгрөгийн цалинтай ажиллах болсон үед энэ хүний ааш, авир нь өөрчлөгдсөн. Дүү нь хүртэл бид хоёрыг салгах гээд байсан. Энэ үед нь би тэвчээд явж байсан. Одоо байрны мөнгө 85.000.000 төгрөг, үлдэх төгрөг нь “Хаан банк” ХХК-ийн дансанд байх төгрөг юм гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлах үед яагаад эд хөрөнгийн маргаан гараагүй вэ гэвэл тухайн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байсан орон сууцны талаарх маргаан гараагүй байсан. Мөн аавтай хамтран эзэмшдэг данс руу цалингаас бусад өөр орлого орж байсан гэдгийг мэдээгүй байсан. Гэрлэлт цуцлуулсны дараа  орон сууцны өмчлөлийн асуудал дээр маргаан үүссэн. Энэ маргаанаа хянан шийдвэрлэх явцад гэр бүлээс орлогоо нууж байсан гэдгийг мэдсэн учраас нэмж нэхэмжилж байгаа юм. 154.834,326 төгрөг яаж гарсан бэ гэвэл Улсын Дээд Шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор 34.542.908 төгрөг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байрны 58 тоот 70 метр квадрат талбай бүхий байрыг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоосон. Үүнээсээ нэхэмжлэгч нар өөрсдийн ногдох хэсэг болох 27.634.326 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Дараа нь 50.000.000 төгрөгийн асуудал яригдана. Энэ бол “ХД” ХХК-ийн захирал н.Жаргалсайханаас гэр бүл байх үедээ зээлж аваад буцаагаад гэр бүл байх хугацаандаа цалингаасаа буюу гэр бүлийн дундын эд хөрөнгөөсөө буцааж төлсөн байдаг. Төлсөн төгрөг нь гэр бүл цуцлуулах хүртэл 42.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээсээ ногдох хэсэг болох 33.600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Үлдэх 109.000.000 төгрөгийг С.Гын аав Н.Стай хамтран эзэмшдэг 5063121277 тоот дансанд цалингаас гадуур олсон орлого байдаг. Энэ гэр бүл байх хугацаанд юм. Энэ тоот дансыг гэр бүл байх хугацаандаа Д.О мэдэж байгаагүй. Энэ нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн тус шүүхэд ирүүлсэн дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа гэв.           

            Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 128 дугаар зүйлд гэр бүлийн гишүүд нь хамтран эзэмших хөрөнгөө захиран зарцуулахад адил эрх эдэлнэ. 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт гэрлэснээс хойш гэр бүлийн эд хөрөнгийн дур мэдэн бусдад шилжүүлсэн. Олсон ашиг нь гэр бүлээс нуун дарагдуулсан бол гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Дээрээс нь Иргэний хуулинд гэр бүлийн гишүүн гэдгийг тодорхойлоод өгсөн. Тэгэхээр энэ С.Гаас гэсэн нэртэй орсон орлогыг нэхэмжлэгч мэдэж байсан юм уу. Эргүүлээд ийм зарлага гарсан гэдгийг мэдэж байсан ямар нотлох баримт байгаа юм. Хамгийн тодорхой жишээ бол юу ч өгөөгүй гэж хэлээд тодорхойлоод байгаа хэдэн компанийн тодорхойлолтод байна. Гэтэл дансанд нь энэ хэдэн компаниас нь орлого орж байна. Бүр гүйлгээний утгатай. Харин Н.Саас гэсэн 2012 оны 12 дугаар сарын 20-нд 900.000 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 16-нд 2.500.000 төгрөг орж ирсэн бусад нь гол төлөв үйлчилгээний ашиг орлого гэж үзэж байна. Үүнийг гэрлэснээс хойш үүссэн ашиг орлого гэж үзэж ёстой.  Гэр бүлийн гишүүн учраас нэхэмжлэх эрхгүй гэж байна. Гэр бүлийн гишүүн биш бөгөөд нэхэмжлэх эрхгүй гэж шүүх үзэж заагаагүй. Хүүхдүүдтэй мөнгө төгрөг өгсөн нь хамаагүй. Гэр бүлийн өөрт ногдох хэсгээ гаргуулах эрх нь байна. Зээл аваад гэр бүлийн гишүүддээ ингэж зарцуулсан гэж яриад сууж байвал өөр хэрэг тэгж ярихгүй байгаа учраас гэр бүлийн гишүүдээсээ нуун дарагдуулаад, зарцуулсан гэж үзээд байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2015 оны 1 дүгээр сард гэрлэлт цуцлах талаар С.Г өргөдөл гаргаж эхэлсэн. 6 дугаар сард нь С.Д хариуцагчаар татагдаж  Д.О нэхэмжлэгч болж явж байгаа юм. Энэ өөр хэрэг маргаан юм. С.Дийг хариуцагчаар татаад орон сууцны маргаан үүсгээд явж байхад ийм нуусан данс байсан юм байна гэдгийг мэдээгүй. Саяхан мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй гэв.

            Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Огийн ярьсан зүйлийг зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн хэлсэн тайлбарыг үндэслээд хэдэн нэмж зүйл хэлье. Өмнө нь  гэрлэлт цуцлуулах үед Улсын дээд шүүх хүртэл маргасан. Тэгэхэд Улсын дээд шүүхийн тогтоолоор  27.000.000 төгрөгийг С.Г, Д.О болон надаас мөнгө нэхэмжилж байгаа хүмүүст төлөхөөр болсон уу гэдгийг тодруулмаар байна. Хоёрдугаарт 50.000.000. Нэхэмжлэгч сая тайлбартаа хэллээ.  50.000.000 төгрөг зээлээд цалингаараа 42.000.000 төгрөгийг төлж явж байгаад салчихсан гэж байна.  Үүнд ноогдох хэсгээ нэхэмжилж байна. Тэгэхээр энэ талаар товчхон тайлбар хэлэхэд н.Дэлгэр гэж дурдагдаж байгаа байрны жинхэнэ эзэн миний төрсөн дүүд төлж байсан тухайн маргаан гараад Улсын дээд шүүх хүртэл явсан. Улсын дээд шүүхээс гарсан тогтоолд тодорхой заасан байгаа. 33.600.000 төгрөгийг С.Г та нарт төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан юм уу. Гуравдугаарт 109.000.000 төгрөгийн талаар Д.О огт мэддэггүй байсан гэж ярьж байна. Яагаад ингэж ярьж байгаа юм. Бид хоёр аавын энэ данснаас мөнгө зээлээд машин авч байсан. Миний эцэг бид хоёрын хамтарсан данс яагаад байдаг вэ гэвэл миний эцэг өөрөө би нас дээр гарлаа. Хэрэв би өнгөрвөл миний мөнгө төгрөгийг жилийн дараа авах боломжтой гэж байна. Тийм учраас би хамтарсан данстай байж бай гэж хэлээд миний цахим үнэмлэхийг авч яваад “Хаан банк” ХХК-д очоод хамтарсан данс нээсэн юм. Шүүхэд ирсэн энэ дансны хуулганд орсон гарсан бүх зүйлтэйгээ ирсэн байна. Цалингаа аваад өөрөө үүнийгээ хуримтлал болгоод байж байгаа бол нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байх. Түүнээс биш энэ мөнгөний орлого, зарлага нь он сар өдөртэйгээ байна. Энэ мөнгийг би ганцаараа идэж, уусан юм биш. Гэр бүл байхдаа ашиглаж байсан. Яагаад үүнд байсан мөнгийг авах надаас нэхэмжлэх ёсгүй вэ гэвэл Д.О надтай амьдарч байх хугацаандаа улсад ажиллаж үзсэн үү. Энэ талаар нийгмийн даатгалын дэвтэр нь байгаа байх. Энэ гэрт 5 ам бүлийг өнөөдрийг хүртэл өгсөн ч бай, авсан ч бай би тэжээж байсан. Шүүхийн байгууллагаар сүүлийн 6 жил маргаан үүсгэж явлаа. Яагаад ойлголцож болдоггүй юм. Аль, алт талдаа хариуцлагаа хүлээгээд явж яагаад болдоггүй юм бу. Би хариуцлагаа хүлээе гэж хэлэх урдаас нэхэж байгаа зүйл болон ярьж байгаа яриа, хэлж байгаа зүйл нь хэзээ ч бүтэшгүй байдаг. Би энэ хүнтэй хамтарч амьдарч байсан. Бид хоёрын дундаас нэг хүүхэд гарсан. Гэр бүл цуцлуулах үед тэр хүүдээ сар бүр 185.000 төгрөгийг өгөхөөр болсон. Түүнийгээ ч сар болгон өгөөд явдаг. Түүнээс гадна би энэ хүмүүсийг ажил төрөлгүй явж байх үед нь би энэ хүүхдийн тэмцээн уралдаанд оролцох болон өөр бусад хэрэгтэй үед нь сар болгон өгдөг 185.000 төгрөгөөс гадна туслах гэж оролддог. Энэ нэхэмжилж байгаа мөнгө нь үндэслэлгүй юм. Өр зээл, орлого, авлага, өмчийн маргаан үүссэнээс хойш би энэ талаа зөндөө бодлоо. Яасан хүн чанаргүй юм бэ. Намайг л ичдэггүй худалч гэж байна. Би өөрөө худалч хүн болоод хувирлаа. Би дүүгээсээ мөнгө очиж зээлдэг байсан. Аавын данснаас ч мөнгө авдаг байсан. Энэ талаар баримтууд нь хэрэгт байгаа. Яагаад байрны маргаан үүсэв. Хүүхдүүдээ гудамжинд гаргаагүй. Би энэ гэрээс гарахад өөрт байсан хувцсаа аваад гарсан юм шүү. Мөнгөнд шуналдаад явсан гэж ярихаа болимоор байна. Зөвшөөрч байгаа нэг ч төгрөг байхгүй гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасны дагуу гэж тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө 154.834.000 төгрөгийг гаргуулах гэж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь ярьж байгаагаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсгийг харах юм бол гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь эд хөрөнгийг дур мэдэн шилжүүлсэн, олсон ашиг, орлогыг санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр хариуцагч 154.834.000 төгрөгийг хариуцагч олоод санаатайгаар нуун дарагдуулаад үрсэн гэсэн баримт хэрэгт тогтоогдсонгүй. Гэр бүлийн дундын өмч өөрөө 154.834.000 төгрөг байсан уу. Энэ асуудлыг шүүх анзаарч үзэх ёстой. Тэгэхээр Д.О С.Гтай хамтран амьдарч байхад С.Г гуай ажил хөдөлмөр эрхэлж байсан юм байна. Д.О өөрөө ажил хийдэггүй. Өвчтэй, зовлонтой, хэвтрийн дэглэмтэй байлаа гэж тайлбар хэллээ. Хажуугаар нь бас машинаар халтуур хийдэг байсан гэнэ. Ер нь бол өвчтэй, зовлонтой байсан юм байна. Д.О өөрийнх нь хоёр том хүүхэд энэ хоёрын дундаас гарсан нэг хүү энэ 5 ам бүлийн амьдралыг хэн ажил төрөл хийж авч явсан бэ гэдэг зүйл яригдах ёстой. Тухайн үед 16 настай хүн арван хэдэн жил ажиллаад яваад амьдарч байсан гэвэл боломжгүй юм.  С.Г ажил хөдөлмөр хийгээд явж байсан. 34.000.000 төгрөгийг зээл аваад байранд зарцуулсан үүнийг нь гэр бүлийн дундын орлого гэж үзэж байна. Энэ хүн олж байсан орлогоо ахуй амьдрал, гэр бүлдээ зарцуулж байсан. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн нэхэмжлэлтэй хамааралтай нотлох баримтууд алга байна. С.Г гуай ажиллаж байсан байна. Үүнийг нь хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байна гэж нэхэмжлэгч нар тайлбар хэлж байна. Өнөөдөр ажил хийж мөнгө олно. Мөнгө олоод хуримтлагдсан зүйл энэ хүний дансанд байхгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүний хамтын ажил хөдөлмөр эрхэлж олсон орлого болон бусад орлого мөнгөн хуримтлалаар шинээр бий болсон бол гэж заасан байгаа юм. Та түрүүн уншлаа тэр данснуудад 2.200.000 төгрөг, 1.000.000 гаруй төгрөг гэсэн гэх мэт байсан. Хуримтлагдсан хөрөнгө гэж бол байхгүй. Зарлагдаад дууссан хөрөнгийн талаар ярьж байна. Нөгөө талаасаа 2011, 2012 оны дансны орлогын талаар ярьж байна. Өнөөдөр хэдэн он бэ. Энэ хүмүүс энэ асуудлаар 2017 онд нэхэмжлэл гаргасан байна. Шаардах эрх нь хэзээ үүссэн юм. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуульд заасан байдаг. 2015 оны 8 дугаар сард гэрлэлт цуцалж байхад дундын эд хөрөнгийн хувьд шийдүүлэх маргаан байхгүй гээд гэрлэлтээ цуцалсан байдаг. Үүнтэй зэрэгцээ С.Д холбогдох Д.Огийн нэхэмжлэлтэй “Сайхан дулаан” ХХК-ийн захиалсан байсан 34.000.000 төгрөгийг төлсөн. 50.000.000 төгрөгийг С.Дтөлсөн. Ингээд С.Дийн өмчлөлийн байрыг С.Гын өмчлөлийн гэж үзэж С.Д дур мэдээд шилжүүлсэн гэж хэлдэг. Гэтэл шүүхийн шийдвэр болон магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор энэ байрыг С.Дийн өмчлөлийн байр гэж тогтоосон. 34.000.000 төгрөгийг бол цалингаар С.Г төлсөн юм байна. Гэхдээ гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаандаа  өгсөн юм байна. Үлдсэн мөнгийг нь дүү нь төлөөд өрөндөө байрыг авсан гэж Улсын Дээд шүүх дүгнэсэн. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалаар энэ 34.000.000 төгрөгийг хамтын амьдралын хугацаанд бий болсон гэж үзэх юм бол нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна гэж хэлсэн болохоос биш гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзээд нэхэмжлэх эрхтэй гэж заагаагүй. Нэхэмжлэгч өөрөө тийм зүйл хүсээгүй байхад шүүх тэгж дүгнэх боломжгүй юм. Энэ хэрэгт 4 нэхэмжлэгч байгаа. Г.А, Б.А гэж одоо 24, 26 настай насанд хүрсэн хүмүүс. Гэрлэлт цуцалж байх үед энэ хүмүүсийг гэр бүлийн гишүүд гэж үзэж тогтоосон баримт хэрэгт байхгүй. Өнөөдөр шүүх байгаа баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр 50.000.000 төгрөгийн асуудлыг “ХД” ХХК-аас аваад төлсөн байгаа учир үүнийг гэр бүлийн орлого бид нараас нуусан гэж ярьж байна. Энэ бол гэр бүлийн орлого биш юм.  Өмнөх шүүхүүд дээр яриад л явж байсан. Нөгөө талаар энэ зээл аваад буцаагаад төлсөн мөнгө үүнээс үзэхэд олсон орлого мөн үү. 109.000.000 төгрөгийн асуудал яригдаж байсан. Энэ дансыг эзэмшиж байгаа Н.С гэж өвгөн байгаа. Н.С 85 настай өвгөн тодорхойлолтоо гаргаж өгсөн. Үүнд 2011 оны 8 дугаар сард хүү С.Гыгаа хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Н.С өөрөө эхэлж энэ дансыг нээлгэсэн юм. Түрүүн хариуцагч бас өөрөө хэлж байсан. Аав маань нас дээр гарсан хэрэв би нас барах юм бол энэ мөнгийг захиран зарцуулах эрхийг хүүдээ олгоё гэж хэлсэн. Энэ дансанд хүүгээрээ болон өөрөө мөнгө хийж байсан. Хамтран эзэмшигч байж байна. Ер нь бол энэ данснаас нэхэмжлэх эрх нэхэмжлэгч нарт байхгүй. Яагаад Н.С гэдэг хүний эрх ашгийг бодохгүй байгаа юм. Яагаад Н.С гуайн мөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа юм. Энэ дансанд 109.000.000 төгрөгийн орлого ороод гарсан байна. Яагаад энэ мөнгийг ганцхан С.Гын мөнгө гэж үзэж байгаа юм. Үүнийг нотлох ямар баримт байгаа юм. Нөгөө талаас нэхэмжлэгч нар баахан барилгын компанитай холбоотой баримтуудыг гаргуулах гэж зөндөө үзлээ. Өнөөдөр энэ хүний хийж байсан ажил нь барилгын инженер, талбайн инженер юм. Тэр байгууллагаас орсон орлого гэсэн баримт байхгүй. Хариуцагч нарын гэрч болон авчирч ирсэн тодорхойлолтоос үзэх юм бол Н.С гуайн мөнгө байгаа юм. Үүнээс үзэх юм бол хэдэн төгрөгийн С.Гын мөнгө гэж үзээд гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ асуудлыг хууль зүйн үндэслэлээр тайлбарлах ёстой. Гэтэл ийм хууль зүйн үндэслэл байхгүй байна. 109.000.000 төгрөгөөс 89.000.000 төгрөгийг гаргуулна гэдэг нь  үндэслэлгүй байгаа юм. Тэгээд ч тэр дансанд 99.000.000 төгрөг ороод гараад явчихсан. Аавтайгаа одоо ч хамтран эзэмшиж байгаа энэ мөнгийг хэний мөнгө гэдгийг Н.С гуайгаас асууж тодруулахгүйгээр зөвхөн Д.Огийн талд шийдэх юм бол үндэслэлгүй гэж үзэж байна. Эцэст нь шүүх асуудлыг шийдэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд харгалзаж үзэх хэрэгтэй мөн гэр бүлийн харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтуудыг харгалзаж үзэх хэрэгтэй. Гэрлэснээс хойш буюу С.Г нь олсон ашиг орлогоо нуун дарагдуулсан гэх баримт байхгүй байна. Тийм учраас хариуцагчид гэр бүлээс нуусан хөрөнгө байгаа гэдэг нь тогтоогдоогүй байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

           

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Д.О нар нь хариуцагч С.Гад холбогдуулан гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсэгт 154.834.326 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид нь 2002 оноос хамтран амьдарч, 2007 оны 11 дүгээр сарын 12-ны  өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 05445 дугаар шийдвэрээр С.Г, Д.О нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Мыг эх Д.Огийн асрамжид үлдээж, эцэг С.Гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ.

            Д.О, Г.А, Б.А нарын нэхэмжлэлтэй, С.Дэлгэр, С.Г нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүх 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00479 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх ба Хянавал хэсэгт, хариуцагч С.Г нь Д.Отай гэр бүл байх хугацаандаа дээрх орон сууцны үнэд 34.542.908 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул энэ хэмжээг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч С.Гыг гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгийг өөрөөр хэлбэл цалин хөлсөө дур мэдэн зарцуулсан гэж үзвэл өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар шаардах эрхтэй ...” гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасныг баримтлан гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хуваан шаарджээ.

 

            Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын тухайд:

             

            Нэхэмжлэгч нар нь С.Дийн орон сууцанд оруулсан 34.542.908 төгрөгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасныг баримтлан гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хувааж, 27.634.326 төгрөг гаргуулахаар шаардаж байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар             Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00479 дугаар тогтоолоор С.Г, Д.О нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хэмжээг 34.542.908 төгрөг гэж тогтоосон тул нэхэмжлэгч нь энэхүү хөрөнгийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэрлэлт цуцалсны дараа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүхээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ”, мөн хуулийн 129.4-т “Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан дараах байдлаар хуваах нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00479 дугаар тогтоолд гэр бүлийн дундын эд хөрөнгийн хэмжээг 34.542.908 төгрөг байна тогтоохдоо уг төлбөрийг хариуцагч С.Г оруулсан байна гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Г.А, Б.А нар нь гэрлэлт цуцлах үед насанд хүрсэн байхаас гадна гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болоход хөдөлмөр болон хөрөнгө оруулаагүй байгааг харгалзан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.А, Б.А нарт дундын хөрөнгөөс ногдох хэсгийг олгохгүй байх нь хуульд харшлахгүй гэж дүгнэж, гэр бүлийн бусад гурван гишүүнд тэнцүү хувааж, /34.542.908:3*2=23.028.605/ С.Гаас 23.028.605 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд:

 

            “ХД” ХХК-ийн захирал н.Жаргалсайханаас гэр бүл байх үедээ зээлсэн 50.000.000 төгрөгийг гэр бүл байх хугацаандаа цалингаасаа 42.000.000 төгрөгийг төлсөн тул ногдох хэсэгт 33.600.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч нь 50.000.000 төгрөгийг Д.Отай гэр бүл байх хугацаандаа “ХД” ХХК-иас зээлж авсан талаар маргахгүй бөгөөд гуравдагч этгээд С.Дийн өр төлбөрт төлсөн гэж тайлбарлаж байна.

            Хэрэгт авагдсан баримт болох “ХД” ХХК-ийн захирал н.Жаргалсайханы тодорхойлолтоор зээлээс 42.000.000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон боловч энэ зээлийн төлбөр нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00479 дугаар тогтоолтой иргэний хэрэгт гэр бүлийн дундын эд хөрөнгийн хэмжээг тогтооход оруулж тооцсон байна. Өөрөөр хэлбэл, С.Дийн орон сууцанд хариуцагч С.Г 34.542.908 төгрөг оруулсан гэж шүүх дүгнэхэд зээлсэн 50.000.000 төгрөг нь тооцоонд  орсон байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй байна гэж үзэж, 33.600.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна. 

 

            Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагын тухайд:

 

            Хариуцагч С.Гын Н.Стай хамтран эзэмшдэг Хаан банкны 5063121277 тоот дансанд цалингаас гадуур олсон орлогоо хийж, нийт 109.000.000 төгрөгийн гэр бүлийн дундын хөрөнгийг нуун дарагдуулсан байх тул ногдох хэсэгт 93.600.000 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж тайлбарлаж байна.

            Дээрх хугацаагүй хадгаламжийн дансны үндсэн эзэмшигч нь Н.С, хамтран эзэмшигч нь С.Г байх бөгөөд 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний хуулгыг зохигчийн хүсэлтээр шүүх “Хаан банк” ХХК-иас гаргуулахад нийт 112.675.753 төгрөгийн орлогын гүйлгээ, 110.760.175 төгрөгийн зарлагын гүйлгээ, үүнээс зөвхөн С.Г нэрээр 38.344.200 төгрөгийн орлогын гүйлгээ, 21.847.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.

            Банкны дансны хуулгаар хариуцагч С.Гын цалин хөлснөөс гадуур олсон орлого нь 109.000.000 төгрөг болсон, түүнийг нуун дарагдуулсан, гэр бүлдээ зарцуулаагүй болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар 93.600.000 төгрөгийг шаардах үндэслэлгүй байна.

 

            Иймд хариуцагч С.Гаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсэгт 23.028.605 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.А, Б.А нарын 77.417.163 төгрөг гаргуулах болон Д.О, Г.М нарын  54.388.550 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.090.072 төгрөгөөс 932.122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч С.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 273.083 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь заалтыг баримтлан хариуцагч С.Гаас 23.028.605 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.А, Б.А нарын 77.417.163 төгрөг, Д.О, Г.М нарын  54.388.550 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.090.072 төгрөгөөс 932.122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч С.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 273.083 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                        

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ