Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1184

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.О, Г.М, Г.А, Б.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00448 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Д.О, Г.М, Г.А, Б.А нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Гад холбогдох

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсэгт 154 834 326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г

Хариуцагч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Д.О, Г.М, Г.А, Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Гтай 2003 оноос 2015 оныг хүртэл хугацаанд 3 хүүхдийн хамт амьдарч, 2007 оны 7 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.

 С.Г анх 2015 оны өвөл 1 000 000 төгрөгийн цалин авч байсан бөгөөд компанийн захирал нь байрны 50 000 000 төгрөгийн урьдчилгааг зохицуулсан. Харин “Хас дөл” ХХК-д 3 000 000 төгрөгийн цалинтай ажиллах үеэс ааш, авир нь өөрчлөгдсөн. Хуучин байраа алдсан, дараагийн байр дүүгийнх нь болж, олсон мөнгөө өмнөх эхнэрийн хүүхдүүддээ өгсөн гэдэг. Биднийг гэрлэхээс өмнө манай хүүхдүүд орон байртай байсан.

Гэрлэлт цуцлах үед орон сууцны маргаангүй, аавтай хамтран эзэмшдэг дансанд цалингаас бусад орлого орж байсныг мэдээгүй.

Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байрны 58 тоотод байрлах 70 м.кв талбай бүхий орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоосон. Иймд орон сууцны үнээс нэхэмжлэгч нарт ногдох хэсэг 27 634 326 төгрөг, “Хас дөл” ХХК-ийн захирал н.Жаргалсайханаас 50 000 000 төгрөгийн зээл авч, 42 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул үүнээс ногдох хэсэг 33 600 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хадам аавтай хамтран эзэмшдэг ХААН банкны дансанд цалингаас гадуурх олсон орлогоо хийж нийт 109 000 000 төгрөгийг нуун дарагдуулсан тул ногдох хэсэгт 93 600 000 төгрөг нийт 154 834 326 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

   Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Хас дөл” ХХК-ийн захирлаас 50 000 000 төгрөг зээлээд үүнээс 42 000 000 төгрөгийг цалингийн орлогоос байрны жинхэнэ эзэн болох төрсөн дүүдээ төлсөн. Хамтарсан дансны хувьд миний эцэг нас дээр гарч, хэрэв би өнгөрвөл мөнгийг жилийн дараа авах боломжтой гээд миний цахим үнэмлэхийг авч явж ХААН банкинд хамтарсан данс нээлгэсэн. Д.О бид хоёр аавын энэ данснаас мөнгө зээлээд автомашин авч байсан. Шүүхэд гаргасан дансны хуулганд орсон гарсан зарлага бүгд харагдана. Цалингаа аваад хуримтлал болгосон бол нэхэмжлэгч шаардах эрхтэй байх. Бид дундаасаа нэг хүүхэд гарсан. Гэр бүл цуцлуулах тэр үед хүүдээ сар бүр 185 000 төгрөгийг өгөхөөр болж, сар болгон өгдөг. Би дүүгээсээ мөнгө очиж зээлдэг байсан. Аавын данснаас ч мөнгө авдаг байсан. Хүүхдүүдээ гудамжинд гаргаагүй. Гэрлэснээс хойш олсон ашиг орлогоо нуун дарагдуулсан гэх баримт байхгүй. Тиймээс гэр бүлээс нуусан хөрөнгө надад байгаа нь тогтоогдоогүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь заалтыг баримтлан хариуцагч С.Гаас 23 028 605 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.А, Б.А нарын 77 417 163 төгрөг, Д.О, Г.М нарын  54 388 550 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 090 072 төгрөгөөс 932 122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч С.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 273 083 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гантуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

35 542 908 төгрөг болон 50 000 000 төгрөг нь хариуцагч С.Г, Д.О нарын гэр бүл байх хугацаандаа 3 хүүгийн хамт амьдарч байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 34-а байрны 58 тотод байх 70 м.кв орон сууцыг гэр бүлийн өмчлөлд шилжүүлж авахын тулд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс зарцуулагдсан “Сайхан Булган” ХХК-д төлсөн мөнгө юм. Дээрх хөрөнгийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тогтоосон "С.Дэлгэрийн өр төлбөрт төлсөн" гэх 50 000 000 төгрөгийн тухайд 2013 оны 5 дугаар сард шинээр орж ажилласан "Хас дөл" ХХК-ийн захирал Р.Жаргалсайханаас зээлж өөрийн дүү болох С.Дэлгэрт өгсөн бөгөөд гэр бүл байхдаа буюу 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд С.Г нь цалингаасаа нийт 42 000 000 төгрөгийг Р.Жаргалсайханд төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч С Ганбатын гэр бүлийн гишүүдээс нууж, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд С.Дэлгэрт өрөндөө өгсөн гэх 50 000 000 төгрөгийг маргалдаж байсан байрны төлбөрт С.Дэлгэр төлсөн гэж Улсын Дээд шүүхээс тогтоосон. Иймээс энэ 2 мөнгөн дүн хоёр өөр асуудал байхад шүүх нэг асуудал мэт нэгийг нөгөөд нь оруулан тооцож дүгнэсэн. Түүнчлэн хариуцагч гэр бүлдээ "зарцуулсан" гэдгээ нотлоогүйг харгалзан үзсэнгүй. Дансны орлогын С.Гад ногдох хэсгээс гэр бүлийн гишүүдэд хуваах ёстой.

      Г.А, Б.А нар гэр бүлийн гишүүдээс нуусан орлогыг олж байхад гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан нотлох баримтгүй байхад Иргэний хуулийн 130 дугаар зүйлд заасан журмаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхийг шүүх хаасан. Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэлийн нэгдэх шаардлагаас 4 605 721 /27 634 326-23 028 605/ төгрөг, хоёр дахь шаардлагаас 33 600 000 төгрөг, гурав дахь шаардлагаас 30 675 360 /38 344 200:5Ч4/ төгрөг нийт 68 881 081 төгрөгийг дутуу хувиарласан.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 68 881 081 төгрөгийг хариуцагч С.Гаас гаргуулж нэхэмжлэгч Д.О, Г.А, Б.А, Г.М нарт нэмж олгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх “Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00479 тоот тогтоолоор С.Одонгуа, С.Г нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хэмжээг 34 542 908 төгрөг гэж тогтоосон" тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээд шүүхийн энэ тогтоолоор С.Одонгуагийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Дэлгэр, С.Г нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг С.Г, С.Одонгуа нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн талаар шийдвэрлээгүй. Харин энэ мөнгийг С.Г нь "Сайхан Булган" ХХК-д захиалсан байрны үнэнд төлсөн байсан, уг байрны өмчлөгч нь С.Дэлгэр мөн болохыг тогтоосон, мөн байрны үнэд төлөгдсөн байсан 34 542 908 төгрөгийг С.Дэлгэр нь С.Г, С.Одонгуа нарт зээлсэн мөнгөндөө тооцож авсан зэрэг үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн.

            Нөгөө талаасаа энэ мөнгө нь хуримтлагдсан хөрөнгө мөнгө биш бөгөөд тухайн үед С.Одонгуатай гэр бүл байх үед ажил хийж авсан цалингаасаа бусдад төлсөн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зарлага, зардал болоод өнгөрсөн мөнгөн дүн байхад энэ мөнгийг дундын эд хөрөнгө мэт тооцсон нь буруу болсон. Мөн энэ яригдаад буй 34 542 908 төгрөг нь 2011 оноос авч байсан цалингаасаа суутгуулж бусдад төлж байсан төлбөрийн мөнгөн дүн байх тул одоо 7, 8 жил өнгөрсөн хойно энэ менгөтэй холбогдуулан надаас мөнгө нэхэмжлэх эрх С.Одонгуад байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байна. Иймд С.Г надаас 23 028 605 төгрөгийг гаргуулан С.Одонгуад олгохоор шийдвэрлэсэнийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.О, Г.М, Г.А, Б.А нар шүүхэд хандан, хариуцагч С.Гаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 34 542 908 төгрөг, гэр бүлийн орлогоо нуун дарагдуулсан хохиролд 120 291 418 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээл аваад буцааж төлсөн, орлогоо нуусан гэдэг нь тогтоогдоогүй, хамт амьдрахдаа зарцуулсан” гэж тайлбарлан маргаж байна.

1.Нэхэмжлэгч нарын Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 34а дугаар байрны 58 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05759 дүгээр шийдвэрээр шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын журмаар хянаад Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00479 дүгээр тогтоол гарснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Уг тогтоолд талуудын маргаж буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээг 34 542 908 төгрөгөөр тодорхойлон дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл гэрлэгчид гэр бүл байх хугацаанд хариуцагч С.Г нь 2011 онд өөрийн ажиллаж байсан “Сайхан булган” ХХК-иас орон сууцны гэрээ байгуулан 34а байрны 58 тоот орон сууцыг худалдан авч, үнэ болох 79 800 000 төгрөгөөс ажлаасаа гарах хүртэл хугацаанд нийт 34 542 908 төгрөг төлсөн байсныг нэхэмжлэгч Д.О, хариуцагч С.Г нарын гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзжээ. Анхан шатны шүүх энэ дүгнэлтийг үндэслэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, гэр бүлийн гишүүдийн ногдох хэсгийг тодорхойлон, нэхэмжлэгч Д.О, Г.М нарт 23 028 605 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасанд нийцэж байна. /хх-13-17 дахь тал/

2.Нэхэмжлэгч нар хариуцагч С.Гыг орлогоо нуун дарагдуулсан гэх үндэслэлээр 120 291 418 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь хариуцагчийн орон сууцны үнэ төлөх зорилгоор бусдаас авсан зээлээ цалин, хөлсний орлогоороо буцаан төлсөн төлбөрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхгүйн гадна эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгч нар хариуцагч С.Гын “Хас дөл” ХХК-ийн захирал н.Жаргалсайханд зээлийн үүрэгт төлсөн 42 000 000 төгрөгөөс ногдох хэсэг 33 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хариуцагч С.Г, эцэг Н.Сампил нарын хамтран эзэмшдэг ХААН банкны 5063121277 тоот дансанд 112 675 753 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байгаа хэдий ч уг мөнгөн хөрөнгө нь тэдгээрийг гэрлэлтээ цуцлуулах үед байгаагүй, зарлагадсан дансны үлдэгдэл нь 1 915 578 төгрөг байсан болох нь хэргийн 135 дугаар хуудсанд авагдсан дансны хуулгаар нотлогддог. Мөн уг дансанд С.Гын нэрээр хийгдсэн 38 344 200 төгрөгийн орлогыг хариуцагчийн олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-133-135 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул зохигч талуудын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 502 360 төгрөг, хариуцагчаас төлсөн 273 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

                                                                                                

                                                                                          Ч.ЦЭНД