Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2018/00385/И |
Дугаар | 1001 |
Огноо | 2018-04-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 1001
2018 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/01001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Н нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Э холбогдох,
өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн,
13,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Ннь С.Энхбаатартай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ С.Данзангийн гудамжны 19 дүгээр байрны 13 тоотод байрлах, 32.3 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 34,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу тухайн өдрөө С.Энь миний “Хас” банкин дахь 5002127149 тоот дансанд 34,000,000 төгрөг шилжүүлсэн хэдий ч тэрээр 9,000,000 төгрөгийг бэлнээр буцаан авч, надад 25,000,000 төгрөгийг өгсөн. Миний бие С.Энхбаатараас авсан дээрх мөнгийг өөртөө ашиглаагүй бөгөөд Ж.Энхчимэг гэдэг хүнд авч өгсөн ч өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадалгүй залилуулсан юм. Энэхүү учир байдлаа С.Эхэлэн Ж.Энхчимэгийг мөнгө өгөхийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл олж авч чадалгүй Цагдаагийн байгууллагад хандаад байна. Миний хувьд бодит байдал дээр орон сууцаа худалдах сонирхолгүй байсан тул гэрээнээс татгалзаж 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17,000,000 төгрөгийг тус тус С.Эбуцаан шилжүүлсэн. Гэвч С.Энь надад өгсөн 25,000,000 төгрөгөө буцаан авсан хэрнээ нэмж 6,000,000 төгрөгийн хүүг намайг төлөх ёстой гэж үзэн дээрх мөнгийг төлбөл байрыг чинь буцаан шилжүүлье гээд миний нэр дээр байрыг шилжүүлж өгөхгүй байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс худалдагч тал татгалзсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хороолол, /13321/ С.Данзангийн гудамжны 19 дүгээр байрны 13 тоотод байрлах 32.3 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан. Гэрээний дагуу С.Энь нэхэмжлэгчийн дансанд 34,000,000 төгрөгийн шилжүүлсэн боловч 9,000,000 төгрөгийг буцаан авсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийтдээ 25,000,000 төгрөгийг нь буцаан өгсөн. Өөрөөр хэлбэл Л.Ннь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаахаар нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгуулах гэж өөрийн шаардлагыг тодорхойлсон ч гол хүсэл зориг нь бол байрны өмчлөлөө буцаан авах юм.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Энь Л.Н34,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэвч Л.Нзээлийн гэрээг хийхээ больж орон сууцаа хариуцагчид худалдсан. Л.Наранцэцэгийн гэр бүл байраа зарсанд дургүйцсэн тул 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Л.Нболон С.Энар дахин “2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл” гэсэн хэлцлийг хийсэн. Уг хэлцэлд 34,000,000 төгрөг гэж байгаа боловч бодит байдал дээрээ 25,000,000 төгрөг байх ёстой байсан. Уг хэлцлийн 2.1, 2.2-т 2017оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэхэд төлбөрийг төлсөн байх, төлөөгүй бол худалдах-худалдан авах гэрээ хэвээр үлдэхээр талууд тохирсон. Нэгэнт зээлийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэхэд төлөөгүй учраас зээлийн гэрээ биш худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр үлдсэн. Ийм учраас хариуцагч С.Энь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй юм гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Ннь нэхэмжлэлдээ бодит болсон үйл явдлын талаар дурдаагүй байна. Би 34,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Үүнээс 9,000,000 төгрөгийг худалдан авсан байрыг бүрэн суллаж өгсний дараа өгөхөөр 9,000,000 төгрөгийг түр буцааж авсан. Харин нэхэмжлэгчийн хүсэлт гуйлтыг үндэслэн харилцан тохиролцсоныхоо дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8,000,000 төгрөгийг хүү алдангид төлсөн, дараа нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17,000,000 төгрөгийг төлсөн, бусад мөнгийг нь өгөх ёсгүй гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн түүний нөхцөл байдлыг ойлгож, хамтарч асуудлаа ярилцаж байсан. Гэтэл надад өгөх ёстой мөнгөнийхөө тухай бичээгүй байгаа нь учир дутагдалтай, шударга бус байна гэж үзээд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч С.Эшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Ннь С.Энхбаатараас мөнгө зээлэхийг хүссэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 34,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 4 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр “зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг тавина” гээд явсан боловч эргэж ирээд “...орон сууцаа худалдахаар боллоо” гэсэн. Тэгвэл би худалдаж авъя гээд миний бие “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/ С.Данзангийн гудамж, 19 дүгээр байр,13 тоотод байрлах 32.3 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг худалдаж авахаар болсон. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах,-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхээ надад шилжүүлснээр байр миний өмч болсон юм. Байраа чөлөөлж өгөхийг шаардахад Л.Ннь “надад асуудал үүсээд байна. Миний бодсоноор болсонгүй, нөгөө хүнд мөнгөө өгөөд алдчихлаа, намайг хуурч байсан юм байна, би маш хүнд байдалд ороод байна, би зээл хүү, алдангитай нь төлье, худалдах гэрээгээ түр зогсоож болох уу” гэж гуйсан. Надаас авсан мөнгөө хүнд өгсөн тухайг нь мэдсэн болохоор тэр хүндээ залилуулчихлаа гээд гуйсныг нь би ойлгож, хүссэнийх нь дагуу тохиролцоо хийж байсан. Бүр намайг дахиад мөнгө зээлээч, би Дүнжингаравын хажууд нэг ашигтай газар байна. Тэрийг авчихвал би хүнд байдлаасаа гарах гээд байна гэх мэтээр олон зүйлийн тухай ярьдаг байсан. Бидний тохиролцсоноор Л.Ннь нийт 8,000,000 төгрөг болон 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тооцоогоор надад 13,440,000 төгрөгийг төлөх ёстой. Иймд Л.Н13,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байна. Үндсэн нэхэмжлэл бол талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой. Зээлийн гэрээ дагуу шаардаж байгаа. Зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй. Худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Бодит байдал дээр зээлийн гэрээ үүсээгүй, зээлийн гэрээний дагуу хөрөнгийг аваагүй гэж байгаа. Тийм учраас хүү, төлбөрийн асуудал яригдахгүй. Хэдийгээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч энэ харилцаа нь худалдах, худалдан авах харилцаанд шилжсэн байгаа. Зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө шилжсэн зүйл байхгүй байна. Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тохиролцоо хийж байна. Уг тохиролцооноос харахад зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон нь харагддаг. Бодит байдал дээр нэгдүгээрт мөнгө шилжээгүй, хоёрдугаарт нэмэлт нөхцөлийн 2.2 дахь хэсэгт “энэ нэмэлт нөхцөл нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шууд хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүхий хэлцэл биш болно. Л.Ннь энэхүү нэмэлт нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байгаа. Л.Ннь 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн үү гэхлээр биелүүлээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй. Байрны төлбөр гэж шилжүүлж байгаа мөнгө маань 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн байгаа. Тэгэхээр 2 дугаар зүйлийн 2.2 дахь нөхцөл рүүгээ шилжсэн байна. Тийм учраас зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Энэ талаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүргийн харилцаа дуусгавар болно” гэж заасан байдаг. Зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон учраас зээл төлбөрийн асуудал яригдахгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Энь Л.Н34,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний барьцаа болгож Л.Ннь өөрийн орон сууцыг барьцаалахаар хөөцөлдөж байснаа болиод Л.Ннь өөрийн өмчлөлийн орон сууцыг С.Эхудалдах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Л.Нболон С.Энар харилцан тохирч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан юм. Ингээд өмчлөх эрхийг хариуцагч С.Эшилжүүлж авсан. Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд өөрсдөө хүсэл зоригоо бүрэн илэрхийлж уг гэрээг хийсэн. Гэрээний дагуу орон сууцыг С.Энэр дээрээ шилжүүлэн авч, мөнгөө төлсөн. Гэвч С.Энь уг орон сууцыг Л.Нбуцаан шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. С.Энь уг орон сууцыг “Л.Ннь настай хүн” учраас буцаан өгч болно гэж хэлж байгаа. Өмнө нь зөндөө туслаад, өөрөөс нь байрыг худалдан авсан мөнгийг бусдад өгөх гэж байгааг нь мэдээд сануулж, хориглож байсан ч Л.Нбайр зарсан мөнгөө бусдад өгч залилуулсан. Үүнд С.Энхбаатарын буруу байхгүй. Гэхдээ С.Энь үндсэндээ 25,000,000 төгрөгөө Л.Нөгч удаан хугацаанд ашиглуулчихаад эцэст байр ч үгүй, мөнгө зээлсэн хүү буюу ямар ч ашиггүй байдалд хүрч, хохироод байгаа. Өөрөөр хэлбэл Л.Нгэрээнээс нэхэмжлэлд дурдсан шигээ татгалзсан явдалд хариуцагч ямар ч буруугүй. Иймд бид сөрөг нэхэмжлэл гаргасан.
Учир нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Л.Нболон С.Энар хамгийн анх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох тухай гэрээг хийсэн. Учир нь Л.Ннь “...байрыг зарсанд манай гэр бүл дургуйцаад байна, авсан мөнгөн дээрээ зээлийн гэрээ хийе” гэж гуйсан байдаг. Уг хэлцэлд 34,000,000 гэж бичсэн ч үнэндээ 25,000,000 төгрөг байх учиртай. Ингээд нэг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгон мөрдөхөөр бид тохирсон. Л.Ннь 25,000,000 төгрөгийг 4 сарын хүүгийн хамт С.Э2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөх, төлсөн тохиолдолд С.Эорон сууцны өмчлөлийг Л.Ншилжүүлэхээр тохирсон. Гэвч Л.Ннь хугацаа хожимдуулж буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17,000,000 төгрөгийг, нийтдээ 25,000,000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу хүү болон алдангид нийт 13,440,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид сүүлд тооцож үзэхэд 13,440,000 биш 9,000,000 төгрөгийн хүү алдангийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр авах үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ нэгэнт 13,440,000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлээ гаргасан учир уг хэмжээгээр шаардана гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Энь Л.Н34,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн гэрээ байгуулжээ /хх 34 хуудас/.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон өөрийн орон сууцыг барьцаалахаар талууд тохирсон байсан хэдий ч Л.Ннь өөрийн өмчлөлийн орон сууцыг С.Эхудалдах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Улмаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Л.Нболон С.Энар харилцан тохирч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бөгөөд дээрх 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг үндэслэж бүртгэлийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч С.Эшилжүүлж, №000591865 дугаартай гэрчилгээ олгожээ.
Хариуцагч С.Эгэрээний үүргээ биелүүлэх үүднээс нэхэмжлэгч Л.Наранцэцэгийн Хас банкин дахь 5002127149 тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нийт 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэдий ч “...худалдсан орон сууцыг бүрэн чөлөөлсөн үед 9,000,000 төгрөгийг нь өгнө” гэж С.Энь Л.Нтүүнд шилжүүлсэн 34,000,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг бэлнээр буцаан авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Л.Нболон С.Энар дахин “2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл” гэсэн хэлцлийг хийсэн байна /хх 22 хуудас/.
Дээрх хэлцлээр талууд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 34,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгон мөрдөхөөр тохирчээ. Тодруулбал, Л.Ннь 34,000,000 төгрөгийг 4 сарын хүүгийн хамт С.Э2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөх, төлсөн тохиолдолд С.Эорон сууцны өмчлөлийг Л.Ншилжүүлэхээр болсон байна /хх 34 хуудас/.
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Л.Ннь 8,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17,000,000 төгрөгийг, нийтдээ 25,000,000 төгрөгийг хариуцагч С.Энхбаатарын данс руу шилжүүлжээ /хх7, 8 хуудас/.
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Ннь хариуцагч С.Эхолбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...би үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул байраа буцаан авах хүсэлтэй...” гэж тайлбарласан байна /хх 1 хуудас/.
Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг Л.Наранцэцэгийн өмчлөлд буцаан шилжүүлэхээс татгалзаагүй хэдий ч нэхэмжлэгчид холбогдуулж 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 13,440,000 төгрөгийн хүү болон алдангийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан /хх 19, 20 хуудас/.
Хүчин төгөлдөр аливаа гэрээг тогтвортой, баталгаатай байлгах үүднээс гэрээний талуудыг үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Хариуцагчийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Л.Наранцэцэгтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчсөн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх хэдий ч хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхөөс татгалзаагүй тул Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л.Нбуцаан шилжүүлэхийг даалгах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж шүүхээс үзлээ.
Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгон мөрдөхөөр харилцан тохирсон. Хэдийгээр уг гэрээний 2.1-д “С.Энхбаатараас Л.Нбайрны төлбөр болгон 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...шилжүүлэн өгсөн 34,000,000 төгрөгийг зээл болгож 4 сарын хугацаанд сарын 6 хувийн хүүтэй эргүүлэн төлнө” гэж талууд тохирсон хэдий ч “34,000,000 төгрөг” гэж алдаатай бичсэн, бодит байдал дээр “25,000,000 төгрөг” гэж харилцан тохирсон талаар зохигчид маргаагүй /хх22 хуудас/.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан ба дээр дурдсанчлан Л.Ннь хариуцагчид 25,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан явдалд хариуцагч буруутай нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр тохирсны дагуу 25,000,000 төгрөгийн 4 сарын хугацааны хүү болох нийт 6,000,000 төгрөгийг Л.Нгаргуулж хариуцагч С.Эолгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчихгүй гэж шүүхээс үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, С.Данзангийн гудамж, 19 дүгээр байрны 13 тоот хаягт байрлах 32.2 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Нбуцаан шилжүүлэхийг хариуцагч С.Эдаалгасугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н6,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Эолгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,440,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 225,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Н110,950 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Энхбаатарт, хариуцагч С.Энхбаатараас 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нтус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ