Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 130

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: О.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Оролмаад холбогдох “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ний  хамтран өмчлөгч / эзэмшигч / - өөр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч Х.Оролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие иргэн Х.Оролмаатай  хамтран Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо,  5 дугаар хороолол ШТС-46  дугаар байрлалтай “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,  Алтан өлгий 14-189Б тоотод оршин суух  иргэн Пунцаг овогтой  Мөрөнтэй  2015 оны  02 дугаар сарын 13-ны өдөр компаний хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны  04 сарын 24-ний өдөр “Компани удирдах, төлөөлөх эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулах компаний эрх хүлээн авагчаар  мөн “Хувьцаа бэлэглэх гэрээ” хүлээн авагчаар гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж бүртгэж хийлгэсэн болно.   Ингэснээр  миний бие компаний  50 хувийн хувьцаа  эзэмшигч  болсон. Гэтэл хамтран эзэмшигч Х.Оролмаа  ойлгомжгүй  шалтгаанаар  алга  болон надтай уулзахааас зайлсхийх болсон бөгөөд   миний  хувь  эзэмшлийг  бусдад  худалдсан, миний оролцоо  энд байхгүй гэж мэдэгдсэн. Миний бие энэ компаний  албан ёсны хувь эзэмшигч бөгөөд Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар өөрийн хувь эзэмших бусдад худалдах өөр хүн миний  хувийг захиран зарцуулах эрх хэнд ч олгоогүй болно. Иймд “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ний  албан ёсны хувь эзэмшигч, шударга өмчлөгч болохыг тогтоолгож өгнө үү гэх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ... Нэхэмжлэгч О.Батцэнгэл нь  тус шүүхэд Х.Оролмаад холбогдуулан  “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ний албан ёсны  хувь эзэмшигч, шударга өмчлөгч  тогтоолгохоор  тус шүүхэд  нэхэмжлэл гаргасан болно.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад Давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй өөрөөр хэлбэл  талуудын хооронд  байгуулсан гэрээний  үүрэг биелүүлэх  шаардлага уу эсвэл эд хөрөнгө  өмчлөх, эзэмших  эрхийг зөрчсөн талаарх гомдол уу  гэсэн нь тодорхойгүй байх ба ...гэсэн  байх тул нэхэмжлэгчийн  зүгээс  нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчлөн тодотгож  “хамтран өмчлөгч мөн болохоо тогтоолгох” гэж өөрчлөхөөр  боллоо. О.Батцэнгэл нь  Х.Оролмаатай  хамтран 2015 оны 02 сарын 13-нд Пунцаг овогтой  Мөрөнтэй “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ий хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцаа  эзэмшигч болж, Монгол улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн  ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын  2016 оны  12 дугаар сарын 26-ны  өдрийн  002467686 тоот албан бичгээр  баталгаажсан баримт байна. Иймд О.Батцэнгэл нь  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн  “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-нийг  хамтран өмчлөгч  /эзэмшигч/ мөн болохыг  тогтоолгохоор  гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа болно гэх,

 

   Хариуцагч Х.Оролмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Ти-Эн-Эс-Эн-Ти”  ХХК-нь 4050 га тариалангийн талбайн хөрөнгөтэй компани юм. Түүнээс өөр хөрөнгө байхгүй. О.Батцэнгэл бид хоёр тавь тавин хувийн хөрөнгө гаргаад энэ компанийг худалдаж авахаар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр П.Мөрөнтэй гэрээ байгуулсан юм. Ингээд төлбөрийн 50 хувь буюу 203 сая төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээсэн. 2016 оны 03 дугаар сард компаний үнийг 100 хувь төлж барагдуулах ёстой болсон. Миний зүгээс компаний үнэнд 3 шинэ трактор өгсөн. Харин худалдагч тал О.Батцэнгэлийг тодорхой хэмжээний төлбөр төлөхийг шаардахад О.Батцэнгэл нь утсаа ч авахгүй зугатаад байсан. 2015 оны 05 дугаар сард П.Мөрөн нь 50 хувийн төлбөрөө хийхийг шаардахад миний бие хувиасаа 20.000.000 төгрөг гаргаж өгсөн. Өмнө нь өгсөн 3 трактортой нийлээд миний зүгээс 150.000.000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өнгөрөөд Улаанбаатар хотод П.Мөрөн, О.Батцэнгэл болон миний бие Х.Оролмаа нар уулзсан. Уулахад П.Мөрөн нь О.Батцэнгэлд хандаж “Х.Оролмаагийн зүгээс тодорхой хэмжээнд үүргээ биелүүлсэн чи ямар ч мөнгө төлсөнгүй гэрээнийхээ дагуу үүргээ биелүүл хэрэв чи үүргээ биелүүлэхгүй бол Х.Оролмаагийн төлсөн мөнгийг эргүүлж өгөхгүйгээр компаниа эргүүлж авна” гэж хэлж байсан. Үүнээс өмнө компаний үйл ажиллагааг явуулахад байнга П.Мөрөнгийн гарын үсэг зуруулах шаардлага тулгарсан тул П.Мөрөн нь 2015 оны 04 дүгээр сарын 20-нд бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр компаниа шилжүүлсэн юм. Ингэхдээ та хоёр тавь тавин хувиа төлсний дараа бэлэглэлийн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгоод та хоёрын нэр дээр 4057 га газартай компаниа хувь тэнцээлж хувааж өгнө гэж хэлсэн. Ингээд 2016 оны 03 дугаар сар болж худалдагч буюу П.Мөрөн нь мөнгөө нэхэхэд миний бие надад мөнгө болон үрийн будаа байна гэхэд үрийн будаа авъя гэж хэлсэн. Ингээд миний зүгээс төлбөрийн зохих хэмжээнд үрийн будаа өгсөн. Тэгээд би үлдэгдэл мөнгөө О.Батцэнгэлээс аваарай гэхэд “үгүй наад хүн чинь мөнгөө өгөхгүй зугатаад байна хэрэв О.Батцэнгэл ямар ч мөнгө өгөхгүй бол чиний өгсөн мөнгийг өгөхгүй бол  компаниа буцааж авна гэж хэлсэн. Ингээд аргагүйн эрхэнд үлдэгдэл төлбөрийг би төлсөн юм. Мөн П.Мөрөн нь бэлэглэлийн гэрээгээр компанийг өгсөн тул хариуцагчаар П.Мөрөнг татах ёстой байсан гэж үзэж байна. О.Батцэнгэл энэ компанийг авахад нэг ч төгрөг гаргаагүй тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх,

Шүүх  нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаарпдлагаа өөрчлөн гаргасан нэхэмжлэл,  хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан  бичгийн чанартай  нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Батцэнгэл нь тус шүүхэд ... “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ний   хувь эзэмшигч,  шударга өмчлөгч тогтоолгохоор анх нэхэмжлэлийн шаардлага /хх-ийн 1-2  дугаар тал/  гаргасан боловч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн  195 дугаар талд  өөрчлөн гаргасан нэхэмжлэлдээ  ... “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ний  хамтран өмчлөгч / эзэмшигч / тогтоолгохоор шаардсан бөгөөд түүний энэхүү  нэхэмжлэлийн шаардлагыг  шүүх хавтаст хэрэгт авагдсан  бичгийн чанартай нотлох баримтуудтай харьцуулан судалж үзээд  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан нэхэмжлэлдээ ... О.Батцэнгэл нь  Х.Оролмаатай  хамтран 2015 оны 02 сарын 13-нд Пунцаг овогтой  Мөрөнтэй “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ий хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцаа  эзэмшигч болж, Монгол улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн  ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын  2016 оны  12 дугаар сарын 26-ны  өдрийн  002467686 тоот албан бичгээр  баталгаажсан баримт байна. Иймд О.Батцэнгэл нь  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн  “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-нийг  хамтран өмчлөгч  /эзэмшигч/ мөн болохыг  тогтоолгохоор  гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэснээс өөрөөр О.Батцэнгэл нь шүүхэд болон шүүх хуралдаанд биечлэн оролцож нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дэмжсэн тодорхой тайлбар өгөөгүй байна.  

Харин хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... миний бие тус компаний захирал П.Мөрөнтэй  хамт 2015 оны  02 дугаар сарын 13-нд компаний хувьцаа Худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба  үүнд О.Батцэнгэл  байлцсан тул компаний  хувьцааг 50, 50 хувиар тэнцүү  худалдан авахаар  гэрээ хийсэн боловч  уг гэрээний 2.9 дэх хэсэгт зааснаар ... 2015 оны 11 дүгээр сарын  20,  2016 оны  03 дугаар сарын 01-ний өдөр  төлбөр хийх ёстой хугацаандаа  О.Батцэнгэл нь төлбөрөө хийгээгүй, тэрээр төлбөр хийхгүй  гэдгээ ч  2016 оны 08 сард  хэлсэн тул  компаний эзэн  П.Мөрөн хувьцааны үлдсэн 50 хувийн үнийг  нэмж, 100 хувь болгож төлсөн  баримтуудаар миний бие  улсын бүртгэлийн гэрчилгээ  авсан, компаний үнэ болох 405 сая төгрөгийг Х.Оролмаа 100 хувь бүрэн  төлсөн гэдгийг ч П.Мөрөн шүүхэд гэрчилсэн тул нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй  хэмээн маргаж  байгаа боловч  хавтаст хэргийн 5-6, 9, 18-19, 23-25, 42-63 дугаар талд  авагдсан бичгийн чанартай баримт болох тус  компанийн хувьцаа  худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ,   дүрэм, улсын бүртгэлийн лавлагаа, компанийн хувьцаа эзэмшигчийн  шийдвэрийн тухай 2015 оны  04 дүгээр сарын 24-ний  өдрийн албан тоот, хавтаст хэргийн  83-84, 189-190 дүгээр талд авагдсан  гэрч П.Мөрөнгийн  хууль  сануулагдан шүүхэд өгсөн ... “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-нийг газрын эрхийн  хамт Х.Оролмаа нь төлбөрөө надад бүрэн төлсөн тул  100 хувь Х.Оролмаад шилжүүлсэн, харин  О.Батцэнгэл нь ... 50 хувийг төлөх мөнгө байхгүй, энэ компани надад хамаа байхгүй,  би авахгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг,  мөн шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан бичгийн баримт болох  ... П.Мөрөнгийн    2018 оны  03 дугаар сарын 14-ний  өдрийн тодорхойлолтод ... миний бие П.Мөрөн нь  “Шинэ нуур”ХХК-ний захирал Х.Оролмаад  “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-нийг  худалдсан бөгөөд төлбөрийг 2015 оны 11 сараас 2017 оны 5 сарын хооронд  100 хувь авсан болно гэх тодорхойлолт зэргээр дээрх  компаний хамтран өмчлөгч / эзэмшигч/ мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч  О.Батцэнгэлийн нэхэмжлэлийн шаардлага нь  үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа ба харин  тус компанийг  100 хувь өмчлөгч /  хувьцаа  эзэмшигч / - нь  Х.Оролмаа  мөн болох нь   нотлогдож байна гэж  дүгнэв.

Ийнхүү  нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.1, 42 дугаар зүйлд зааснаар  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөх эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна  гэрч  О.Бат-Эрдэнийн  өгсөн /хх-ийн 81-82 дугаар  тал/  мэдүүлэгт ...тэрээр  тус компаний  2000 га газрыг 180 сая  төгрөгөөр өөрөө өөртөө худалдан авсанаа гэрчлэн мэдүүлсэн болохоос  О.Батцэнгэлийг уг компанийг болон түүний хувьцааг худалдан авсан гэдгийг гэрчлэхгүй байна. Харин хэргийн 64-80 дугаар талд авагдсан бичгийн чанартай  баримтуудыг тус компанийн татвар ногдуулалт, төлбөртэй холбоотой баримтууд тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй , ач холбогдолгүй  гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар  нотлох баримтаас хасах нь зүйтэй.

Хууль зүйн үүднээс дүгнэхэд: Иргэний хуулийн  90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг  хууль ёсны эзэмшигч  байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй  болох нь тодорхой  байгаа этгээдийг  шударга эзэмшигч гэж   үзэх тул  мөн хуулийн 93 дугаар зүйлийн  93.1 дэх хэсэгт зааснаар ... эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй  гэж заасан бөгөөд мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар ... талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжихээр  заасан тул мөн хуулийн  106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ... нэхэмжлэгч О.Батцэнгэл нь  тус компанийг  өөрийн хамтран өмчлөгч мөн хэмээн үзэж  бусдаас шаардах эрх үүсэхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч О.Батцэнгэлд шүүхээс шүүх хуралдааны товыг / хх – 192 тал / боломжит хугацаанд удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээр хэрэг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Оролмаад холбогдуулан тус шүүхэд гаргасан ... “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ний хамтран өмчлөгч /эзэмшигч/ мөн болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэгч О.Батцэнгэлийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн 64-80 дугаар талд авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаас хассугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т  зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Л.ЭНХТАЙВАН