Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  О.Батцэнгэлийн  нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00258/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                             Шүүгчид                          С.Энхжаргал

                                                                      Г.Давааренчин

                     Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар

                                 Хариуцагч                               Х.Оролмаа

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 566 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор О.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй Х.Оролмаад холбогдох  “Ти-Эн-Эс-Эн-Ти” компаний алан ёсны хувь эзэмшигч, шударга өмчлөгч тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч О.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Х.Оролмаатай хамтран Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол ШТС-46 дугаар байрлалтай Ти-Эн-Эс-Эн-Ти ХХК-г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 14-189Б тоотод оршин суух иргэн Пунцаг овогтой Мөрөнтэй 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр компаний хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 04 сарын 24-ний өдөр Компани удирдах, төлөөлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулах компаний эрх хүлээн авагчаар мөн Хувьцаа бэлэглэх гэрээ хүлээн авагчаар гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж бүртгэж хийлгэсэн болно. Ингэснээр миний бие компаний 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

    Гэтэл хамтран эзэмшигч Х.Оролмаа ойлгомжгүй шалтгаанаар алга болон надтай уулзахааас зайлсхийх болсон бөгөөд минйи хувь эзэмшлийг бусдад худалдсан, миний оролцоо байхгүй гэж мэдэгдсэн. Миний бие энэ компаний албан ёсны хувь эзэмшигч бөгөөд Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар өөрийн хувь эзэмших бусдад худалдах өөр хүн миний хувийг захиран зарцуулах эрх хэнд ч олгоогүй болно. Иймд Ти-Эн-Эс-Эн-Ти ХХК-ний албан ёсны хувь эзэмшигч, шударга өмчлөгч болохыг тогтоолгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Х.Оролмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Энэ нэхэмжлэлийг миний бие хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн байгаа. Анх компани худалдах худалдан авах гэрээг 50:50 хувийн харьцаатай хөрөнгө гаргаж гэрээ хийсэн. О.Батцэнгэл гэрээний үүргээ биелүүлэхгүй намайг хүнд байдалд оруулсан тул би О.Батцэнгэлийн 50 хувийг нэмж төлсөн” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 566 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар О.Батцэнгэлийн хариуцагч Х.Оролмаад холбогдуулан шүүхэд гаргасан ... Ти-Эн-Эс-Эн-Ти ХХК-ний хувь эзэмшигч, шударга өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн 64-80 дугаар талд авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаас хасч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн  шийдвэр нь нотлох баримтанд бүрэн үндэслэгдээгүй, хариуцагчид ашигтайгаар илт хууль бус шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан компанийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, Улсын бүртгэлийн газарт авагдсан баримтаар О.Батцэнгэл компанийн хувь эзэмшигч болохыг нотолсон байхад хариуцагчийн баримтгүй амаар гаргасан мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь учир дутагдалтай байна.

 Мөн хариуцагч нь компанийг 100% миний эзэмшлийнх гэж ярьж байгаа боловч ямар ч нотлох баримт гаргаагүй, Мөрөн гэгчтэй зээлээ бүрэн төлсөн, компаниа өөртөө шилжүүлж авсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, хэрхэн, хаанаас, ямар орлогоор төлбөр төлсөн нь холбогдох татвар төлсөн баримт тайлбар байхгүй зэрэг илт хууль бус байдалтай байгааг өөгшүүлсэн шийдвэр гаргасанд харамсаж байна.

 Иймд анхан шатны шүүхийн 566 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахиж шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаана уу гэв.

 

Хариуцагч Х.Оролмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Б.Батцэнгэл бид 2 хамтран худалдаж авахаар тохиролцсон боловч О.Батцэнгэл нь мөнгөө шилжүүлээгүй тул П.Мөрөн надад компанийг шилжүүлсэн.  Тийм болохоор О.Батцэнгэлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тухай баримтууд одоо надад байна. Шүүх намайг нотлох баримтаа гараж өг гэж хэлээгүй тул гаргаж өгөөгүй түүнээс биш надад тэр бүх баримтууд энд байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

                                                 Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

 

Нэхэмжлэгч О.Батцэнгэл нь Х.Оролмаад холбогдуулан “Ти-Эн-Эс-Эн-Ти”      ХХК-ийн албан ёсны хувь эзэмшигч, шударга өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Х.Оролмаатай хамтран П.Мөрөнгөөс компани худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Мөн хувьцаа бэлэглэх гэрээний дагуу “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигч болсон, гэтэл  хамтран эзэмшигч Х.Оролмаа нь хувьцаагаа эзэмших эрхийг зөрчсөн гэжээ.

 

Хэрэгт “Ти-Эн-Эс-Эн-Ти” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан П.Мөрөн нь  2015 оны 04 сарын 24-ний өдрийн 15/01 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр өөрийн эзэмшлийн хувьцааг Х.Оролмаад шилжүүлэх шийдвэр, мөн өдрийн Компани удирдах, төлөөлөх эрхийг Х.Оролмаад шилжүүлсэн тухай П.Мөрөн, Х.Оролмаа, О.Батцэнгэл нарын гарын үсэг бүхий  гэрээ, мөн тэдний гарын үсэг бүхий хувьцаа бэлэглэх гэрээ зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар хэрэгт авагдсан баримт  зэргээс үзвэл хэрэгт авагдсан бичгийн баримт нь зохигчдын тайлбараас зөрүүтэй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг биелүүлэх шаардлага уу эсвэл эд хөрөнгө өмчлөх эзэмших эрхийг зөрчсөн талаар гомдол эсэх нь тодорхойгүй байх ба Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын төв архивын газрын өмгөөлөгч Д.Пүрэвбаатарт ирүүлсэн 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 002467686 тоот албан бичиг, тус газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2017.06.06-ны өдрийн 12/4815 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн талаарх мэдээллүүд нь зөрүүтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь  буруу болжээ.

 

   Мөн шүүх нь хэргийн хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөөгүйгээс “шүүхийг нотлох баримтаа гаргаж өг гэх байх гэж бодоод хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаа цүнхэндээ хийгээд яваад байгаа” гэсэн тайлбараас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 566 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                  ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН