Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2018/00063/И |
Дугаар | 163 |
Огноо | 2018-03-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 163
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Одончимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ХААН банк”ХХК /Сэлэнгэ салбар/, Сэлэнгэ аймаг дахь “МИГ даатгал” ХХК-ний Сэлэнгэ салбарт холбогдох “Даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Н.Одончимэг, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч “МИГ даатгал”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсаруул, Я.Отгондаваа, хариуцагч “ХААН банк”ХХК-ний Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсайхан, гэрч Ч.Төгсжаргал, Б.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Төмөр зам, 2 дугаар хэсэг, 02 тоотод оршин суух, хувиараа бизнес эрхэлдэг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Наранхүүгийн Одончимэг РД:/МЮ-72050221/-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Иргэн Н.Одончимэг би 2017 оны 04 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Хаан банкнаас эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 100.000.000 төгрөгийн зээл авсан юм. Энэ зээлийн авахад Хаан банк, Миг даатгалын компаний зуучлагч болж надтай гэрээ байгуулсан юм. 2017 оны 04 сарын 07-ны өдөр Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа хийж миний өмчлөлийн VOLYO маркийн YU2G4CEA54B367147 арлын дугаартай машиныг 100.000.000 төгрөгөөр үнэлж даатгаж 950.000 төгрөгийн хураамж аваад Миг даатгалын компаний дансруу хийлгэсэн билээ. Би энэ хүнд даацын машинаараа Орос улсын бүх хотоос болон Казакстан улсаас бараа тээвэрлэдэг бизнес хийдэг юм. Хаан банк зээл олгохдоо миний машиныг банкныхаа өмч болгож тээврийн хэрэгслийн гэрчилгээг банкны нэр дээрээ болгож шилжүүлээд машиныг барьцаа болгон авсан билээ. Тэгээд түүний дараа машинаа Миг даатгалын компанид даатгуул гэсэн шаардлага тавьсан тул би машинаа даатгуулсан юм. Манай машин 2017 оны 08 сарын 17-ны өдөр Орос улсад Новосибирск хотоос бараа тээвэрлэх гэж яваад осолд орж эвдэрч ашиглагдахгүй болж хохироосон юм. Би машин осолд орж хохирол гарсан талаар Миг даатгалын компани, Миг даатгалын зуучлагч Хаан банкинд нэн даруй мэдэгдсэн юм. Миний бие Миг даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг авах хүсэлт гаргаж өөрийн биеэр уулзахад Миг даатгалын компани нь нөхөн төлбөр олгохгүй , даатгалын гэрээнд заахдаа Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байгаа гээд нөхөн төлбөр олгохгүй байгаа юм. Миг даатгалын компани нь нөхөн төлбөр олгохгүй гэсэн тухайгаа надад одоог хүртэл албан журмаар хариу өгөөгүй байна. Миг даатгал компани нь даатгалын гэрээндээ заасан: Монгол улсын гадна учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэсэн заалт нь иргэн хүнийг илт хохироосон заалт юм. Монгол хүн машинаа бариад Орос улс руу , Эрээн хот руу гээд хилээр гарч орж явдаг шүү дээ. Улсын хилээр зорчихгүй машин гэж байхгүй билээ. Бүх л жолооч улсын хилээр гарч орох эрхтэй шүү дээ. Гэтэл Монгол улсын гадна аливаа осолд өртөгдвөл Миг даатгалд хамаарахгүй болж байгаа нь иргэнээ илт хохироосон хуульд нийцээгүй хуулиас дээгүүр заалт даатгалынхаа гэрээнд оруулсан байна гэж үзэж байна. Миг даатгалын зуучлагч Хаан банк нь энэ заалтаа хэлж тайлбарлаж өгөөгүй, уншуулаагүй бөгөөд ийм заалт байгаа гэж бидний санаанд огт ороогүй юм. Даатгалын гэрээнд гарын үсэг зурах үед ажлын цаг дуусаж банк хаах үе болсон байсан бөгөөд гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зурсан болно. Миг даатгалын компанитай даатгалын гэрээг заавал байгуул гэсэн учир байгуулсан. Би банкнаас зээл хүсэхдээ зээлийн баримт материалуудаа зөвхөн гадаад улсад тээвэр хийхээр бүрдүүлж өгсөн юм. Үүнд гадаад улсад тээвэр хийх зөвшөөрөл, жолоочийн гадаад паспорт, Орос, Казакстан улс руу тээвэр хийх бичиг, Оросын даатгал, бизнесийн ашиг орлогоо тооцсон баримтандаа гадаад улсад явах тооцооллоо хийж банкинд өгсөн билээ. Ийнхүү Хаан банк нь намайг гадаад улсад тээвэр хийхээр зээл авч байна гэдэг хүсэл зорилгыг минь лавтай сайн мэдэж бидний материалыг судлаж үзээд зээл олгож байгаа атлаа гадаад улсад учирсан хохирлыг даатгалын компани хариуцахгүй гэсэн заалттай даатгалын гэрээнд гарын үсэг зуруулсан нь илэрхий буруутай байна гэж үзэж байна.Миний машинд хэрвээ эрсдэл учрах тохиолдол гарвал гадаад улсад тээвэр хийдэг болохоор гадаад улсад эрсдэл гарах нөхцөл ихтэй юм. Хэрвээ Хаан банк даатгалын гэрээ хийхдээ гадаад улсад учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж тайлбарласан бол бид гадаад улсад тээвэр хийдэг тул Миг даатгалаас өөр бусад даатгалын компанийг сонгож даатгуулах байсан билээ. Миний үндсэн ажил бол машинаараа Орос улсаас бараа тээвэрлэдэг ажил юм. Би машинаараа гадаад улсад тээвэр хийж олсон ашгаасаа банкнаас авсан зээлээ төлөх хүн шүү дээ. Хаан банк үүнийг мэдэж байсан тул миний машиныг барьцаалсан юм. Би машинаа осолд орсны дараа Хаан банкинд хандаж машин осолд орсон болохоор тээвэрлэж чадахгүй болж зээлээ төлөх боломжгүй болж хүнд байдалтай байна гэж учраа олэхэд банк “та зээл авсан учир зээлээ төлөх л ёстой гэсэн тул би арга буюу хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж банкны зээлийг төлж байна. Хаан банк миний машиныг барьцаалахдаа өөрийн өмчөө болгож шилжүүлж авчихсан мөртлөө тус машин осолд ороод эвдэрч хохирсон байхад Хаан банк Миг даатгал компаны зуучлагч нь атлаа даатгалын нөхөн "өлбөрийн талаар огт анхаарал тавьж хөөцөлдөхгүй байгаад иргэн би гомдолтой байна. Миг даатгал компаны зуучлагч Хаан банк нь даатгалын гэрээ хийхдээ надад даатгалын компани сонгох бололцоо олголгүй “та манай банкнаас зээл авч байгаа болохоор Миг даатгал компанитай даатгалын гэрээ хийнэ” гэж гэрээг шууд хийлгэсэн нь Хаан банкны буруу гэж үзэж байна. Миг даатгал компани нь мөн гадаад улсад тээвэр хийдэг хүнд даацын автомашиныг даатгаж төлбөр авч байгаа атлаа гадаад улсад учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэсэн бодит байдалд нийцэхгүй. Үндэслэлгүй заалт гэрээндээ оруулаад тэр заалтаа баримтлаад нөхөн төлбөр олгохгүй байгааг буруутай байна гэж гэж байна. Миг даатгал компаны зуучлагч Хаан банк, Миг даатгалын компани хоёр 2-уулаа буруутай гэж үзэж байна. Иргэн миний эрх ашиг зөрчигдөж хохирч байгаа тул Миг даатгал компаний зуучлагч Хаан банк, Миг даатгалын компани хоёроос хамааруулан даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх,
Нэхэмжлэгч Н.Одончимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Хаан банк”ХХК”-иас эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан. Мөн “Миг даатгал” ХХК-ний зуучлагч “Хаан банк” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслээ 100.000.000 төгрөгөөр даатгуулаад, даатгалын хураамж 950.000 төгрөгийг “Миг даатгал” ХХК-ний данс руу хийсэн. Машин маань Оросын холбооны улсын Сибирь хотоос бараа татаж яваад осолдож ашиглагдах боломжгүй болсон. Осолд орсны дараа хариуцагч болох “Хаан банк”, “Миг даатгал”-д мэдэгдсэн. Даатгуулсан нөхөн төлбөр болох 100.000.000 төгрөгөө авах хүсэлт гаргаж уулзсан боловч “Миг даатгал”-аас “Орос улсад осолдсон тул нөхөн төлбөр олгох боломжгүй” гэх хариуг өгсөн. Тухайн үед даатгалын гэрээнд Орос улсад учирсан хохирлыг хариуцахгүй гэдэг заалтыг би анзаараагүй. Гэхдээ анх “Хаан банк”ХХК-иас зээл авахдаа Орос улсаас ачаа тээвэрлэдэг тухай баримтаа гаргаж өгсөөр байхад даатгалын гэрээ байгуулсаныг ойлгохгүй байна. Мэдээж том оврын машинаар дотооддоо бус гадаадаас бараа тээвэрлэх нь ойлгомжтой. Монголд байгаа юм чинь Монголынхоо л даатгалын компаниар даатгуулсан. Оросд гарсан ослыг хохиролд тооцохгүй талаар гэрээнд заасныг би анзаараагүй, гэрээтэй сайн танилцаж амжаагүй, ажил тарах дөхөж байсан, хурдал гэж шаардаж шахаад байхаар гарын үсгээ зурчихсан. Иймд даатгуулсан үнийн дүн болох 100.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна гэх,
Хариуцагч “МИГ даатгал” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхсаруул РД:/НВ-87082323/ -нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын 8041840003 тоот гэрээний 8-днөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл хэсгийн 8.2-т “Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл”, 12.2-т “Тухайн даатгалын оцлогтой холбоотой дараахь тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана”, 12.2.21-т “Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол” гэж заасан. Монгол улсын даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно. Үүний 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан гэрээний үүрэг даатгагчид үүсээгүй гэх үндэслэлээр дараах тайлбарыг гаргана. Компанийн тухай хуулийн 2.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг үндэслэн манай компани байгуулагдан, хуулийн этгээдийн гэрчилгээ авсан. Мөн хуулийн 2.2-д “Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна” гэсэн заалтаар Даатгалын компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Даатгалын компани нь үйл ажиллагаагаа даатгалын тухай хууль тогтоомжид нийцүүлэх ёстой. Даатгалын тухай хуулийн 2.1-т “Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 16 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох” 16.1-т “Энэ хуулийн 16.3, 17.2-т зааснаас бусад этгээд Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”. Эдгээр заалтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах тул Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аваад, хуулийн заалтад нийцүүлэн “Миг даатгал” ХХК нь зөвхөн Монгол улсад даатгалын үйл ажиллагаа үзүүлэхээр байгаа. Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын 8041840003 тоот гэрээний 12.2.21-т “Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол” нь манай компанид хариуцахгүй талаар тусгаж өгсөн. Хаан банкны эзэмшлийн VOLVO FBFH маркийн СЭА-1099 автомашиныг Сандаг овогтой Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчим Иркутск хотыг чиглэсэн Байкаль Р258 авто зам дээр гүүрэн дээрээс унаж зам тээврийн осол гаргасан болохыг Оросын холбооны улсын Кабаск дүүрэг хариуцсан Дотоод явдлын Яамны дэргэдэх Замын цагдаагийн газрын ослын акт, захиргааны зөрчил ногдуулах захиргааны шийтгэлийн 18810003170390066209 тогтоолоор нотлож байна. Энэ нь хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.2.21-т”...Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол” гэдэгт хамаарч байгаа. Нэхэмжлэгч Н.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ослын огноог зөрүүтэй мэдээлсэн байдаг. “Миг даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлалын эрх авсан “Хаан банк”ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Зээлийн барьцааны зүйл болох VOLVO маркийн автомашиныг хүнд даацын автомашины даатгалд даатгаж, даатгалын гэрээний баталгааг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Н.Одончимэгт өгсөн байдаг. Даатгалын гэрээт баталгаанд хоёр тал гарын үсэг зурсан нь уг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Нэхэмжлэгч Н.Одончимэг нь нэхэмжлэлдээ “..би даатгалын гэрээг хийх үед гадаад улсад үйлчлэхгүй даатгал гэдгийг мэдээгүй, энэ заалтаа надад тайлбарлаж хэлээгүй, уншуулаагүй” гэдэг. Үүнийг нотлох боломжгүй, даатгагчид гэрээний үүрэг үүсэх, үндэслэл болох тайлбар биш. Мөн банкнаас зээл хүсэхдээ “гадаад улсад тээвэр хийх тухай гадаад улсад тээвэр хийх зөвшөөрөл, жолоочийн гадаад паспорт, Орос Казакстан улс руу тээвэр хийх бичиг, Орос улсад хийсэн жолоочийн хариуцлагын зэрэг материалуудыг бүрдүүлж өгсөн гэдэг. Оросын холбооны улс руу нэвтэрч тухайн улсад тээвэр хийх тохиолдолд Оросын холбооны улсын хууль тогтоомж мөрдөгддөг. Үүнийгээ мэдэж судалсан, Оросын холбооны улсын хууль тогтоомжийн хүрээнд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн нь Монгол улсын хууль тогтоомж Монгол улсдаа, Оросын холбооны улсын хууль тогтоомж тухайн улсдаа үйлчилдэг гэдгийг мэддэг болохыг нотолж байна. Н.Одончимэг нь Оросын холбооны улсад машиныг жолоодож явах итгэмжлэлийг Энхбаатар гэх хүнд олгосон байдаг. Тэр хүний гадаад паспорт, жолооний үнэмлэх, итгэмжлэл зэргийг материалдаа өгснөөс харахад Оросын холбооны улсад тусдаа даатгал үйлчилдэг гэдгийг мэдэж байсан гэж ойлгоно. Нэхэмжлэлийн шаардлага болох 100.000.000 төгрөгөөр хохирсон гэдэг нь нотлогдохгүй байна. Сүйрсэн гэх автомашиныг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т “учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал”-ыг үндэслэн нөхөн төлбөрийг олгох тул үнэлгээний баримт хэргийн материалд алга. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хөрөнгөө нэмэгдүүлхээр авсан зээлийн мөнгөн дүнгээ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн машиныг барьж явсан С.Ганбат нь замын хөдөлгөөний заалтыг зөрчиж осол гаргасан, даатгалтай автомашинд хохирол учруулсан. Гэтэл Н.Одончимэг нь С.Ганбатаас хохирлоо нэхэмжилсэн зүйл алга. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.2.1-т “..согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсноос үүдэн гарсан хохирлыг даатгагч компани нөхөн төлхөөс татгалзана” гэж заасан. “Хаан банк”-наас зээл авахад “Миг даатгал” ХХК-д даатгуул гэсэн гэдэг. Тэгвэл жолоочийн хариуцлагын даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал нь “Монгол даатгал”-д даатгуулсан байдгаас харахад тулган шаардсан зүйл байхгүй, сонгох боломжоор хангасан гэж ойлгоно. “Монгол даатгал” ХХК-ний жолоочийн хариуцлагын даатгалын 17041301700782 тоот гэрээнд Монгол улсад барих эрх бүхий жолооч нь Н.Одончимэг, Гантулга, Энхбаатар гэх хүмүүсийн нэр бий. Харин тухайн үед орос улсад машиныг жолоодож явсан С.Ганбатын нэр байхгүй. Жолоодох эрхтэй хүн байсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр даатгагчид гэрээний үүрэг үүсээгүй, нотлогдохгүй байгаа тул ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйл заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх,
Хариуцагч “ХААН банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсайхан РД:/МО-86030317/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Одончимэг нь 2017 онд бизнесийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Энэ зээлийг авахад “Зээл авах журам”-ын дагуу барьцаа хөрөнгийг хангуулахын тулд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авах ёстой байдаг. Ингээд Н.Одончимэгийн нэр дээр байсан VOLVO маркийн автомашиныг банкны нэр дээр шилжүүлж даатгалын гэрээ даатгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ даатгалын компанийг “Миг даатгал” ХХК- ийг сонго гэж тулгасан нь худлаа. “Хаан банк”ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны дагуу даатгалын нэр бүхий компаниудтай гэрээ хийж тэдгээрийг төлөөлөх эрхтэй. “Хаан банк”ХХК-ний ажилтантайгаа байгуулсан нууцын гэрээ болон, ажилчдын хөдөлмөрийн гэрээнд “аливаа иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, даатгалын байгууллагыг төлөөлж нөхөн төлбөр олгох, тогтоох, санал болгохыг хатуу хориглосон” байдаг. Иймд манай ажилтан “Миг даатгал”ХХК-ийг санал болгоогүй. Түүнийг гэрчүүд нотлоно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх.
Гэрч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 178-б тоотод оршин суух, “Хаан банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ тооцооны төвийн ахлах харилцааны менежер ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Бадарчийн Болорцэцэг РД:/МЭ-80102807/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Н.Одончимэг нь хилийн худалдаа хийдэг. Оросын холбооны улсаас өндөг, бараа, ачааны тээвэр хийдэг, зээл олгох боломжтой харилцагч байсан. Банк зээл олгохдоо зээлийн барьцаа гэж авдаг. Н.Одончимэгийн хувьд том оврын ачааны автомашиныг барьцаа болгосон. Зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг заавал даатгуулдаг. Тухайн үед харилцагч даатгалын байгууллагын ханшийн талаар асуухад нь “Монгол даатгалын ханш 1.200.000 орчим байна, даатгалын ханшны багцаа ер нь ийм байдаг, та даатгалын компаниа судлаад сонгочихоод ирээрэй” гэж зөвлөсөн. Тэрнээс биш энэ компаниар даатгуул гэж шаардаагүй, тийм эрх ч байхгүй. Тэгээд харилцагч маань “Миг даатгал” ХХК-ийг сонгосон гээд даатгалын гэрээг байгуулсан. 100.000.000 төгрөгийн зээлийг авах хүсэлт гаргаснаас хойш материалаа 100% өгсөн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор шийдэх боломжтой. Зээлийн материалд Орос, Казакстан улсад тээвэр хийдэг талаарх баримтаа хангалттай бүрдүүлж өгсөн. Тухайн үед даатгалын гэрээг хийхэд миний бие байсан. Зээлдэгч Н.Одончимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч болох түүний гэр бүлийн хүн Гантулга, даатгалын зуучлагч Ч.Төгсжаргал, зээлийг судалсан эдийн засагч миний бие байсан. Даатгалын гэрээг хийхэд зуучлагч Хашчулуун байгаагүй. Даатгуулагчийг гэрээгээ уншиж танилцах боломжоор хангаж, уншиж танилцаад гарын үсгээ зурсан гэх.
Гэрч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг 8-1 тоотод оршин суух хаягтай, “Хаан банк”ХХК-ийн Сэлэнгэ салбарт эдийн засагч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Чонс овогт Чинболдын Төгсжаргал, РД:/МЯ84030106/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Даатгалын байгууллагыг бид санал болгодоггүй. Тухайн үед Н.Одончимэг, хамтран үүрэг гүйцэтгэгчтэйгээ хамт даатгалын кампаниа судлаад ирье гээд явсан. Ажлын цаг тарсаны дараа “Миг даатгал”-ыг сонгочихлоо гэж хэлсэн учир харилцагчийн хүсэлтээр даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээ хийхэд тулган шаардсан зүйл байхгүй, бид хангалттай хугацаа өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр өмчлөгч Хаан банк гэж байна. Иргэн хүний өмч, барьцааны зүйлийг өөрсдийн өмчлөлд нэр шилжүүлэх асуудал банкны дотоод журмаар явагддаг . Даатгагч талын гарын үсэг, тамга тэмдэгтэй гэрээ автоматаар хэвлэгддэг бөгөөд даатгалын гэрээ байгуулахад зуучлагчийг төлөөлж Ч.Төгсжаргал байсан. Зуучлагч Хашчулуун гэж хүн байгаагүй. Гарын үсэг энд зур гэж тулган шаардаагүй. Н.Одончимэг уншаад хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Гэрээтэй танилцаад гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Тэрнээс биш шууд гарын үсгээ зур гэж хэлээгүй. Танилцаад гарын үсгээ зураарай гэж хэлсэн гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Одончимэг нь Сэлэнгэ аймаг дахь МИГ даатгал ХХК-ний салбар, “ХААН банк”ХХК-ийн Сэлэнгэ салбараас даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзаж байна.
Нэхэмжлэгч Н.Одончимэг нь “ХААН банк” ХХК-ний Сэлэнгэ дахь салбартай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан №201742984460, 201742984460 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээний дагуу 99.000.000 төгрөгийн зээл авч, VOLVO маркийн хүнд даацын ачааны машин зээлээр худалдан авсан ба улмаар уг машинаа зээлийн барьцаанд тавьж, “ХААН банк” ХХК нь уг машины өмчлөгч болсон боловч барьцаалуулагч буюу зээлдэгч Н.Одончимэг нь уг машинаар ОХУ руу тээвэр хийхээр эзэмших эрхтэй байсан болох нь хавтаст хэргийн 6-11 дүгээр талд авагдсан бичгийн баримтууд болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр нотлогдож талууд үүн дээр маргаангүй байна.
Нэхэмжлэгч буюу даатгуулагч Н.Одончимэг, хариуцагч буюу даатгалын зуучлагч “ХААН банк” ХХК-ний Сэлэнгэ салбар, даатгагч “МИГ даатгал” ХХК-ийн Сэлэнгэ салбарын хооронд 2017 оны 04 сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай “Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа болон даатгалын № 8041800003 тоот гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр VOLVO маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжинд 950.000 төгрөг төлснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-д заасан ... даатгалын гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн 7, 14 – 16 дугаар талд авагдсан бичгийн чанартай баримт болох ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, даатгалын гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд даатгагч, даатгуулагч талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх дээр мөн маргаангүй боловч нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Оросд гарсан ослыг хохиролд тооцохгүй талаар гэрээнд заасныг би анзаараагүй, гэрээтэй сайн танилцаж амжаагүй, ажил тарах дөхөж байсан, хурдал гэж шаардаж шахаад байхаар нь гарын үсгээ зурчихсан ... гэж маргаж байгаа боловч тэрээр энэ байдлаа нотлоогүйгээс гадна түүний энэхүү тайлбар нь дээрх гэрч нарын шүүхэд өгсөн ... Гарын үсэг энд зур гэж тулган шаардаагүй. Н.Одончимэг уншаад хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Гэрээтэй танилцаад гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Тэрнээс биш шууд гарын үсгээ зур гэж хэлээгүй. Танилцаад гарын үсгээ зураарай гэж хэлсэн гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
Мөн зам тээврийн ослын улмаас уг машинд учирсан хохирлын талаархи баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаагүй байна.
Даатгалын зүйл болох дээрх тээврийн хэрэгсэл нь 2017 оны 08 сарын 23-ны өдөр Монголоос ОХУ-ын Кемерово хот хүрэх чиглэлтэй явж байгаад Байкал Р258 зам дээр эсрэг урсгалаас чиглэн ирсэн тээврийн хэрэгсэлээс зайлах үйлдэл хийх үедээ замын гүүрний хаалтыг давж гүүрнээс унаж зам тээврийн осолд орсон болох нь хавтаст хэргийн 19-27 дугаар талд авагдсан орчуулагчийн баримтууд болон хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан магадлагаа № 033209 гэсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд талууд үүнд маргаангүй байна.
Харин дээрх даатгалын гэрээ, зам тээврийн осол, гэрээнд заасан даатгалын үнэлгээ зэрэг нь нэхэмжлэгчийн буюу даатгуулагчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болж байгаа бөгөөд хариуцагч “МИГ даатгал” ХХК – нь уг гэрээний наймд заасан ... нөхөн төлбөр олгохгүй, ерөнхий нөхцөл хэсгийн 8.2-т ... даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл, 12.2-т ... тухайн даатгалын онцлогтой холбоотой дараахь тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана, 12.2.17-д ... тээврийн хэрэгслийг согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирол, 12.2.21-д ... гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3-д зааснаар даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Монгол Улсын хилийн гадна осолд орвол МИГ даатгалд хамаарахгүй болж, иргэнийг хохироосон хуульд нийцээгүй, хуулиас дээгүүр заалт гэрээндээ оруулсан, ... “МИГ даатгал” ХХК-ний зуучлагч “ХААН банк” ХХК нь энэ заалтаа хэлж тайлбарлаж өгөөгүй, ийм заалт бичсэн гэж бидний санаанд огт буугаагүй, ажил тарах үеэр гэрээнд гарын үсэг зураарай гэж шахаж шаардсаны улмаас зурсан, ... “МИГ даатгал” ХХК-тай заавал гэрээ байгуул гэсэн учир байгуулсан, ... би банкнаас зээл авахдаа гадаад улсад тээвэр хийх материалаа бүрдүүлж өгснийг мэдэж байсан атлаа гадаад улсад учирсан хохирлыг хариуцахгүй гэсэн заалттай гэрээнд гарын үсэг зуруулсан илэрхий буруутай гэж маргаж байгаа боловч тэрээр энэ байдлаа шүүхэд баримтаар нотлож чадаагүйгээс гадна гэрч Ч.Төгсжаргал, Б.Болорцэцэг нараас шүүхэд өгсөн ... Н.Одончимэг нь даатгуулагчаа сонгоод ирье гэж гарч яваад ажил тарах үед хүрч ирээд МИГ даатгалтай гэрээ хийе гэж тохироод гэрээ хийсэн, даатгуулагчийг тулган шаардсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа бөгөөд тэрээр сайн дурын үндсэн дээр даатгагчаа сонгож, гэрээний нөхцөл, зүйл, заалтуудыг хүлээн зөвшөөрч байгуулсан болох нь тогтоогдож байна гэж үзнэ.
“ХААН банк” ХХК нь “МИГ даатгал” ХХК-ний даатгалын зуучлагчийн үүргийг 2015 оноос хойш гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа болох нь энэ талаар хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь хавтаст хэргийн 90-92 дугаар талд авагдсан 802 дугаартай гэрээгээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал нь даатгалын зүйлийн хохирлын үнэлгээг даатгалын гэрээнд заасан даатгалын үнэлгээ болох 100.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа боловч хариуцагч талаас ...энэхүү үнэлгээг үндэслэлгүй гэж эсэргүүцэж байгаа ба нэхэмжлэгч нь энэ талын нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт шүүхэд гаргаагүй бөгөөд хэргийн 33-35 дахь талд авагдсан баримтаар зохигч түүний төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг шүүхээс танилцуулсанаас гадна нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалах, мэргэжилтэн, мэргэшсэн хуульч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг дурдвал зохино.
Хууль зүйн үүднээс дүгнэхэд; Дээрх талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай “Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа болон даатгалын № 8041800003 тоот хүчин төгөлдөр гэрээнээс үзэхэд; Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-д заасан ... даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээс гадна мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан ... гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар ... гэрээг бичгээр байгуулахаар / Иргэний хуулийн 431.3 / хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болдог байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д ... зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрсдийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлбөл зохих 657.950 төгрөг төлөх хугацааг шүүгчийн 276 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд нэхэмжлэл бүхэлдээ хангагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 657.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “МИГ даатгал”ХХК-ийн Сэлэнгэ салбар, “ХААН банк”ХХК-ийн Сэлэнгэ салбараас “Даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг гаргуулах” тухай Н.Одончимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 657.950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН