Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0032

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 873 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Д” ХХК

Хариуцагч С, О

Гуравдагч этгээд: “Д” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Т.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.

Хэргийн индекс: 128/2023/0843/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 873 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.7, 46 дугаар зүйлийн 46.4, 47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Монгол Улсын Санд холбогдуулан гаргасан Сны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/6960 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, О-ын даргад холбогдуулан гаргасан “О-ын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “

2.1. Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (Тендерийн хууль) хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд.

2.1.1. Анхан шатны шүүх хариуцагч Сны 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дутаартай шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хяналгүйгээр захиалагч буюу хариуцагч О-ААС Тендерийн хуульд заасан эрхийн дагуу боловсруулж, баталсан Тендерийн баримт бичигт өгөгдлийн хүснэгтэд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор буюу нэхэмжлэгчийн маргаагүй асуудалд дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчээс гэрээ байгуулах эрх олгосон захиалагч О-ын шийдвэрийг С дээрх шийдвэрээрээ хүчингүй болгохдоо заасан 2 үндэслэлийг нь эс зөвшөөрч тухайн шийдвэрийг хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж маргасан. Тухайлбал, хариуцагч Сны О-ын “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”-ийг хүчингүй болгосон 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай шийдвэрийн 1-д “Д” ХХК нь тендерт санал болгосон үнэ 1,370,166,000 төгрөг байх ба ижил төстэй барааны мэдээлэл (маягт-5), ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл (маягт-7)-д тусгасан 8 гэрээ тус бүрийн гэрээний үнэ тус компанийн санал болгон тендерийн үнийн дүнгийн 50 хувьд хүрэхгүй байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэжээ.

2.1.2. Гэтэл  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын (ШӨХТГ) 2023 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 03/1153 дугаартай бичигт “...захиалагчийн тендерийн баримт бичиг дурдсан дээрх заалт нь өрсөлдөөнийг зөрчсөн байна.,” гэж үзсэний дагуу хариуцагч О нь Тендерийн баримт бичигт тусгасан дээрх хэсэгт өөрчлөлт оруулсан. Иймд Сны шийдвэрийн 1-д заасан дээрх “Д” ХХК-ийн ирүүлсэн гэрээ тус бүрийн үнэ тендерийн үнийн дүнгийн 50 хувьд хүрэхгүй байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн нь үндэслэлгүй юм.

2.2. Төрийн захиргааны төв байгууллага буюу С нь зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг захиалагч зөрчсөн гэж үзвэл хуулийн 55-р зүйлийн 55.3.1-55.3.3-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Гэтэл хариуцагч Сны маргаан бүхий шийдвэрт захиалагч О-ын шийдвэрийг хүчингүй болгох ямар хуулийн үндэслэл байсан, захиалагч О нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аль заалтыг, ямар байдлаар зөрчсөн гэдгийг шийдвэртээ зааж, улмаар түүнийгээ үндэслэлтэйгээр дурдаагүй.

2.2.1 Тодруулбал, гэрээ байгуулах эрх олгосон О-ын шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн эсэхийг хариуцагч С шийдвэртээ заагаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасантай нийцээгүй гэж үзэж байна. Улмаар маргаан бүхий 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай шийдвэрийг хуульд үндэслээгүй нь С Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “Хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна, Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбарт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна.

2.2.2. Түүнчлэн, хариуцагч С нь захиалагч О-ын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан эрхийн дагуу боловсруулж баталсан буюу хэрэгт авагдсан “тендерийн баримт бичиг-өгөгдлийн хүснэгт" зэрэг баримтуудад дүгнэлт өгөх замаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2.2.3. Өөрөөр хэлбэл, захиалагч О-ААС баталсан тендерийн эдгээр баримт бичгийг захиалагч өөрөө зөрчсөн гэж үзэж, улмаар түүний нэхэмжлэгч “Д” ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1793 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон Сны шийдвэрийг зөв гэж үзэхгүй юм. С нь захиалагчийн тендерийн баримт бичгийг бус гагцхүү захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл хуулийн 55.3.1-55.3.3-д заасан шийдвэрийг гаргах ёстой.

2.2.4. Дээрх байдлаар анхан шатны шүүх Сны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаагүй, захиалагч О-ын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аль заалтыг зөрсөн болохыг С хэрхэн тогтоосныг дүгнээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55-р зүйлийн 55.3.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй тухайд.

2.3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.9-д “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн сан бүрдүүлэх журам"-ын 3.6-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах, тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана”, мөн тус журмын 3.13-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотойгоор тендерт оролцогч болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахад захиалагчаар дамжуулан харилцана” гэж тус тус заасны дагуу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан талаар О-ААС албан бичгээр хариу мэдэгдсэн.

2.3.2. Өөрөөр хэлбэл  энэ бол Үнэлгээний хорооноос санал боловсруулж, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулахаар захиалагчид хүргүүлсэн шийдвэр биш. Захиалагч тал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гарсан шийдвэрийг л биелүүлсэн. Мөн нөгөө талаас Тендерийн баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ны 9.4-д “Захиалагч тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээллийг холбогдох журмыг баримтлан цахим системд нийтэлснийг хуульд зааснаар бүх сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно”, 11.3-д “Тендерийн баримт бичгийн аливаа өөрчлөлт нь түүний салшгүй хэсэг болох бөгөөд холбогдох журмын дагуу цахим системд нийтэлснээр бүх сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдаагүй, маргааны зүйл болоогүй энэ баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”,  106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж тус тус заасан нийцээгүй гэж үзэж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрээр оруулсан өөрчлөлт нь тендерт оролцогчид тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлээгүй учраас (ТШЗ)-ны 11.2-т заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгах эсэх нь захиалагчийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм. Тодруулбал, заавал хугацаа сунгах шаардлагагүй.

2.3.3. Тендерийн баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ны 19.3-д “Тендерт оролцогчийн санал болгож буй бараа нь Тендерийн баримт бичгийн Ш бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримт, захиалагч шаардсан тохиолдолд нийлүүлэх барааны загвар, дээжийг тус тус тендерт ирүүлнэ”, 19.4-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нэг бүрчлэн үнэн зөвөөр харьцуулсан тайлбар, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарт дурдсан байна” гэж заасны дагуу “Д” ХХК нь Тендерийн баримт бичгийн III бүлэгт заагдсан VI бүлэг-Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН.210-Д заагдсан МNS 0370:2021 стандартын гэрчилгээг хавсаргаж, Тендерийн баримт бичгийн II бүлэг-Тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн дагуу захиалагчаас тогтоосон жишиг техникийн тодорхойлолтод дурдсан стандартуудыг хангах талаар харьцуулсан тайлбаруудыг хийж, Тендерийн шалгаруулалтад бүрдүүлж өгсөн материалдаа технологийн горим, үйлдвэрт мөрддөг техникийн нөхцөлийн тодорхойлолтын талаарх бүх зурган мэдээллийг хавсаргаж өгсөн.

2.3.4. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:” 16.1.7-д “барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл” гэж заасны дагуу Тендерийн шалгаруулалтад бүрдүүлж өгсөн материалын 24-р хуудсанд “Тендерт оролцогч өөрөө үйлдвэрлэдэг тухай” үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хийж давхар хавсаргаж өгсөн байсан. Дээрхээс үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зөвхөн стандартын гэрчилгээг үндэслэн тогтооно гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг үндэслэн тогтоож болохоор заасан байна,

2.3.5. Мөн Тендерийн баримт бичигт ч нотлох баримт нь зөвхөн стандартын гэрчилгээ байх ёстой гэж тусгайлан тодорхойлсон заалт байхгүй, нотлох баримт нь нийтлэл, зураг хэлбэрээр байж болно, санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор харьцуулсан тайлбар гаргаж өгөх талаар заасан байна. Энэ тухайд захиалагч буюу О-ын зүгээс стандартад нийцсэн гэрийг худалдаж авна гэж заасан боловч, тохирлын гэрчилгээтэй байна гэдэг шалгуур үзүүлэлтийг тусгайлан заагаагүй гэсэн тайлбарыг өгсөн. Шүүхээс гарч буй аливаа шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байх ёстой. Хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй гэж үзнэ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байна. Тендерийн баримт бичигт стандартад нийцсэн байх тухай тусгасан боловч стандартын гэрчилгээг заавал хавсаргах шаардлага тавиагүй байхад гуравдагч этгээд өөрийн сайн дураар стандартын гэрчилгээнүүдийг хавсаргаж өгчхөөд, түүнийгээ тендерийн баримт бичгийг шаардлага байсан мэтээр тайлбарлаж, маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

2.3.6. Нэхэмжлэгч “Д” ХХК нь өв соёл, уламжлан эдэлж хэрэглэж ирсэн монгол гэрийн хэлбэр, хийц загварыг алдагдуулахгүйгээр орчин үеийн стандартад нийцүүлэн чанартай материалаар үйлдвэрлэн төрийн болон орон нутгийн худалдан авалт, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж хувь хүнд худалдаалан борлуулдаг. Уг тендерт “Д” ХХК нь ажлын туршлага, хийсэн гүйцэтгэл, чадавхын гол үзүүлэлтүүдийг 100 хувь бүрэн хангаж, хамгийн хямд үнийн саналыг өгсөн. Гэтэл уг тендерийн бусад оролцогч нар болох “Дөрвөлжин бэл” ХХК нь 24 ширхэг иж бүрэн гэрийн дүн болох 127,414,000 төгрөгөөр их үнийн санал, “Өнө монгол” ХХК нь 47 ширхэг иж бүрэн гэрийн дүн болох 242,585,700/ төгрөгөөр их үнийн санал өгсөн байсан. Тендерийн баримт бичгийн 30.2-д заасны дагуу “тендерт санал болгож буй барааны хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээргүй” жижиг хэмжээний зөрүүтэй асуудлаар гомдол гаргаж, тендерийн ажлыг удаашруулснаар цас, зуд ихтэй аймаг сумдад гамшиг ослын үед иргэдэд тусламж болгон очих ёстой гэрийн нөөц тасалдах бодит эрсдэл үүсэж болзошгүйг анхаарч үзнэ үү.

2.4. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Сны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/6960 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, О-ын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байх тул уг гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

            1. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Сны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  03/6960 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх “... тендерийн баримт бичгийн ... Техникийн тодорхойлолтод заасан ... “Монгол гэрийн мод MNS 0370:2021” тохирлын гэрчилгээ ирүүлсэн, бусад эсгий туурга, гэрийн гадуур болон дотуур бүрээсийг стандартын шаардлага хангасан талаар нотолсон ямар нэгэн баримт ирүүлээгүйг “шаардлагад нийцсэн” гэж үнэлсэн захиалагчийн шийдвэрийг С үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй талаар мөн нэхэмжлэгчээс  хэрэгт ирүүлсэн “Ө” ХХК-аас худалдаж авах гэрээ, албан бичгийг тендерийн материалдаа өгөөгүй болохыг тогтоож, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            1.1. Давж заалдах гомдолд “анхан шатны шүүх С нь захиалагчийг аль хуулийг зөрчсөн болохыг шийдвэртээ заагаагүй байхад хууль зүйн үндэслэлийг хянаагүй, хэрхэн хууль зөрчсөнийг тогтоосон талаар дүгнээгүй, тендерийн баримт бичигт стандартын тохирлын гэрчилгээ хавсаргах талаар заагаагүй, Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтын талаар 19.4-т заасны дагуу зурган мэдээлэл, харьцуулсан тайлбараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг өгсөн тендерийн материалд хавсаргасан, шаардлагыг 100 хувь хангаж, хамгийн бага үнэ санал болгосон байхад жижиг хэмжээний зөрүүтэй асуудлаар ажлыг удаашруулснаар цас зуд ихтэй, гамшиг ослын үед гэрийн нөөц тасалдах эрсдэл үүсэж болзошгүйг анхаарч үзнэ үү” гэжээ.

            1.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цахимаар ирүүлсэн тендерийн материалд Техникийн тодорхойлолтод заасан эсгий бүрээс, дотуур болон гадуур бүрээс зэргийн фото зургийг ирүүлсэн байх боловч хэн үйлдвэрлэсэн, хэнээс худалдаж авч нийлүүлэх талаар, үйлдвэрлэгч этгээд нь тухайн бараанд холбогдох стандартыг хангаж үйлдвэрлэдэг эсэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл, тодорхойлолт, гэрчилгээ, итгэмжлэл ирүүлээгүй байх тул Сны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            1.3. С тухайн албан бичиг /шийдвэрт/-тээ ямар хуулийн заалтыг үндэслэснээ заагаагүй боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд захиалагчаас мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.1.7-д заасан шаардлага хангаагүй тендерийг ирүүлсэн этгээдтэй гэрээ байгуулах эрх олгосныг мөн хуулийг зөрчсөн болохыг тогтоосон байх тул Сны шийдвэрийг “хууль бус” гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.

            1.4. Мөн тухайн шалгаруулалтын дүнд худалдан авах бараа нь “монгол гэр” бөгөөд нэхэмжлэгч нь монгол гэрийн зөвхөн модыг үйлдвэрлэдэг, энэ талаарх стандарт, тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл ирүүлснийг монгол гэрийн бүрдэл хэсэг болох эсгий туурга, гэрийн гадуур, дотуур бүрээс зэргийг стандартын шаардлагад нийцүүлэн бусдаас авч нийлүүлэхээ нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй, ийм баримт ирүүлээгүйг “жижиг хэмжээний зөрүүтэй асуудал” гэж үзэхгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн О-ын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/2001 дугаар албан бичгийг “захиргааны акт” биш гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Уг албан бичигт “... захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Сны 2023 оны 03/6960 дугаар албан бичгээр хүчингүй болгосон тул ... гэрээ байгуулах эрх цуцлагдсаныг мэдэгдье” гэж дурдан, “Д” ХХК-д хандаж хүргүүлсэн байна.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сны 03/6960 дугаар албан бичигт “... Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж заасны дагуу Үнэлгээний хороо нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хуралдаж, тендерийг дахин үнэлж, Снаас “Д” ХХК-ийн тендерийн “ижил төстэй ажил гүйцэтгэсэн нотлох баримт ирүүлээгүй” гэснийг нь зөвшөөрөхгүй, энэ талаарх шаардлагыг хангасан гэж үзсэн, харин техникийн тодорхойлолтод заасан “эсгий туурга, дотуур, гадуур цагаан бүрээсийг стандартын шаардлага хангасныг нотлох тохирлын гэрчилгээ ирүүлээгүй” нь “чадавхын шаардлага хангаагүй” гэж үзэж,  дээрх хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерээс татгалзаж, гэрээ байгуулах эрх олгосноо цуцалсныг мэдэгдэж, тухайн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, дүгнэлт /хэргийн 89-96 дугаар хуудас/, дахин тендер зарласан болон холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

            2.2. Үүнээс үзвэл зөвхөн Сны шийдвэрийн дагуу мэдээлэл хүргүүлсэн албан бичиг гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Сны албан бичгийн дагуу Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж, нэхэмжлэгчийг техникийн шаардлага хангаагүй гэж үзэж, тендерээс нь татгалзаж, гэрээ байгуулах эрхээ цуцалснаа мэдэгдсэн нь нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шийдвэр байх тул үүнийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, дүгнэлт хийж, нэг мөр шийдвэрлээгүй нь буруу болжээ.

            2.3. Сны албан бичгийг үндэслэн Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийхдээ нэхэмжлэгчийг “техникийн чадавхын шаардлага” хангаагүй гэж үзэж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, гэрээ байгуулах эрхээ цуцалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, ... хариуцлагатай байх” зарчимд нийцсэн, 27 дугаар зүйлийн 27.4-т “... Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчөөгүй байна.  

3. Нэхэмжлэгч нь “техникийн шаардлага хангасан” талаарх баримтыг бүрэн ирүүлээгүй нь тогтоогдсон байх тул маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг  хүлээн авахаас татгалзсаныг зөвтгөж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            4. Тус шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан тайлбар баримтыг үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, өөрчлөлт оруулсан бөгөөд гуравдагч этгээд “Д” ХХК нь хариуцагчийн “өөрийнх нь тендерээс татгалзаж, дахин тендер явуулахаар шийдвэрлэсэн”-тэй холбоотой маргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0873 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтаас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1” гэснийг, “шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг тус тус хасаж, “хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг” гэснийг “бүхэлд нь” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

                    ШҮҮГЧ                                                                   З.ГАНЗОРИГ

      ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ