Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/00897

 

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/00897

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч:  Д.О,          

             

           Нэхэмжлэгч: Д.Б  нарын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч:  С.О,

 

            Хариуцагч: Т.С,

 

            Хариуцагч: Я.Б нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 80 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг /үнэмлэх 0976/, хариуцагч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /үнэмлэх 1270/, хариуцагч С.О,  хариуцагчмйн өмгөөлөгч Б.Батбаяр /үнэмлэх 1960/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сард манай эгч Д.О гадаадаас ирсэн, байр авах гэж хайж байгаад манай хуурай ах Я.Б, найз Т.С нартай уулзсан. Тэгэхэд Т.С нь “ашиглалтанд ороогүй, карказ нь боссон байр байна, бид 2 машин өгөөд уг байрыг бартераар сольж авч байгаа, энэ байрыг хямд авах уу” гэхээр нь би эгчтэйгээ очиж байрыг үзсэн. Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 12 давхар байр байсан. Барилгын ажлыг гүйцэтгэж байсан хүн нь С.О, түүнтэй уулзаад “та надтай бартераар гэрээ хийх үү” гэхэд зөвшөөрсөн. Тухайн барилгын захиалагч Блю драгон компаний нягтлан О гэдэг хүнээс байрыг асуухад “С.О-ийн нэр дээр байр  байгаа нь үнэн” гэж баталсан. Тэгээд гэрээгээ компани дээр нь хийх гэсэн боловч захирал нь гадаад явсан байсан. Гэтэл хариуцагч С.О Баянзүрх дүүрэгт миний нэг таньдаг нотариат байгаа, тэнд гэрээ хийгээд нэрээ шилжүүлье гэсэн. Тэгээд С.О, Т.С, н.Батболд, Д.О бид нар нотариат дээр очиж хүн бүр дээр  хэлцэл хийсэн. Ингээд Т.С Я.Б нарт 80 000 000 төгрөгийг өгсөн. Эхлээд 15 900 доллар, дараа нь Капитрон банкнаас эгчийнхээ байрыг тавиад шуурхай зээлээр 40 000 000 төгрөг авч өгсөн. Уг байр 2016 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно гэж байсан, 2016 оны 4 дүгээр сард очиход байранд айлууд нь орж эхэлсэн байсан. Би авах гэж байгаа байрны 4 давхрын тоотод очтол айл нүүгээд орчихсон байсан. Тэгээд С.О рүү залгасан боловч утсаа аваагүй. Ер нь залилангийн шинжтэй байсан учраас эрүүгийн журмаар шалгуулсан. Блю драгон компаний нягтлантай уулзахад С.О нь ажлаа гүйцэт хийгээгүй, 7 000 000 төгрөгний өртэй учраас зарим байрнуудад өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар Т.С, н.Батболд нарт ч хэлсэн. Би одоо Т.С, С.О нараас 80 000 000 төгрөгийг нэхэмжилж , хариуцагч Я.Б-оос татгалзсан байгаа гэв.

 

Хариуцагч Т.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.О-ийн дүү н.М-тай уулзсан. н.М нэг найзтайгаа байр барьж байгаад  н.Б-д байр өгнө гээд мөнгө аваад тэр байр нь баригдахаа болчихсон. Тэр талаар уулзсан чинь н.М С.О гэж манай ах байгаа, машин оролцуулж байр авч болно гэсэн. Тэгээд н.М бид гурав Халдвартын эмнэлгийн хойно баригдаж байгаа барилга дээр очиж С.О-тэй анх  уулзсан. Миний 41-42 УБЯ улсын дугаартай Ford expedition авто машиныг унаад үзье, би байрны гүйцэтгэл хийж байгаа,  эндээс байр авна, машин оролцуулж зарж болно гээд миний машиныг авч үлдсэн. Мөн орой нь манай гэрийн гаднаас суудлын 20-17 УНТ улсын дугаартай суудлын Mercedes Benz  авто машиныг үзээд С.О авч явсан. Тэгээд 2 жижиг байр байна, зөрүүг тооцоод ав гээд машин авч явсан. Тэгээд явж байхдаа Д.Бтай таараад авахаар тохирсон байрыг үзүүлсэн. Анх Д.Б-аас 3 500 доллар хүлээж аваад н.М-т өгсөн. С.Отэй утсаар ярихад н.М-т өгчих гэсэн. Хэд хоногийн дараа Д.Б, Д.О нарт байрыг шилжүүлж өгсөн. Би өөртөө байсан хоёр машинаа С.О-д өгөөд, машиныхаа мөнгийг Д.Б, Д.О нараас авсан. Би өөрийн эзэмшлийн хоёр машинаа С.Од хүлээлгэж өгөөд бидний хооронд төлбөр тооцоо дууссан. Одоо нэхэмжлэгч нарт төлбөр төлөхөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ явдал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон. Би хуурай дүү н.М-т “...надад  машин хэрэгтэй байна, ажлынхаа хөлсөнд байр авахаар болсон” гэдгээ хэлэхэд Т.С, Я.Б- хоёрыг танилцуулсан. Тухайн үед Ford expedition, Mercedes Benz   авто машиныг Т.С-ос авсан.  Гэхдээ үнэ хөлсөө тохироогүй, 2 машин авахгүй, надад Ланд-100 маркийн машин өгчих, үлдэх 6 000 000 төгрөгийг байр ашиглалтанд орохоор өгөөрэй гэж хэлсэн. Ланд-100 маркийн машиныг 45 000 000 төгрөгөөр тооцсон. Т.С 2 машинаа үлдээчихье, би таньд Ланд-100 маркийн машин өгнө, та Д.Б, Д.О нартай гэрээ хийчих гэхээр нь гэрээ хийсэн. Би 2015 оны 1 дүгээр сард Ford expedition машиныг хөдөө унаж явахад эвдэрсэн, Т.С-д хэлэхэд янзалж өгнө гэсэн. Тэгээд 2015 оны 7 дугаар сард Ford expedition машинаа янзлах гэж байна гээд авч яваад хүнээр эвдүүлчихсэн. Mercedes Benz авто машин  нь одоо хүртэл надад байгаа. Би Т.С-ос авсан Mercedes Benz  машин болон 9 000 000 төгрөгийг өгнө. Би нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.О, Д.Б  нар нь С.О, Т.С,  Я.Б- нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 80 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 74 258 600 төгрөгийг С.О-ээс гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болон хариуцагч Т.С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нар хариуцагч Я.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            С.О нь Блю драгон ХХК-тай 2014 оны 8-р сарын 1-ний өдөр “Орон сууцны бартер, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Блю драгон ХХК-ний захиалгаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Арт 14 орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулах, захиалагч ажлын хөлсөнд тус байрны 4-р давхарын 48 тоот 33.8 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 62 046 000 төгрөгөөр, 6-р давхарын 69 тоот 31 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг 57 006 000 төгрөгөөр тооцож тус тус шилжүүлэхээр /хх 44-53/ тохирчээ. С.О нь барилга угсралтын ажлыг өөрийн Тэнгэр царам уул ХХК-ний нэрээр гүйцэтгэсэн гэх ба гэрээг  иргэний хувьд хийсэн байна.

 

           Харин С.О нь ажлын хөлсөнд авах байсан сууцыг борлуулах, өөрт шаардлагатай автомашин авах, хариуцагч Т.С нь автомашинаа худалдах, нэхэмжлэгч Д.О, Д.Б нар нь орон сууц худалдан авах хүсэл зорилготой байсан, улмаар найз нөхөр, хуурай ах дүү гэх Ц.Мөнхбаатар, Я.Батболд нараар дамжуулан бартераар авах байраа Д.О, Д.Б нарт худалдахаар тохирсон, сууцны үнэнд Т.Сос 2 машин, 9 сая төгрөг авсан, Т.С нь Б.О, Д.Б нараас сууцны мөнгийг авсан зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

             Улмаар, С.О нь Д.О, Д.Б нартай 2014 оны 11-р сарын 21-ний өдөр “Хэлцэл” хийж,  Д.О-д Баянзүрх дүүргийн 14-р хороо, Арт 14-р байрны 4-р давхарын 48 тоот 2 өрөө сууцыг 62 046 000 төгрөгөөр, Д.Б-д тус байрны 6-р давхарын 69 тоот 1 өрөө сууцыг 57 006 000 төгрөгөөр худалдсан, тус бүрээр төлбөрийг бүрэн авснаар ямар нэг тооцоогүй талаар /хх 64, 65/ тусгажээ.

 

             Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4-р зүйл, Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2, 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар ...өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх баталгаажина, үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол нотариатаар гэрчлүүлэх, уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно.

 

            Харин С.О-д Блю драгон ХХК-иас бартераар авах байсан гэх 2 сууцны өмчлөх эрх үүсээгүй, өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан нь Д.О, Д.Б нарт эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөгчөөр бүртгүүлэх нөхцөл бүрдээгүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан журмаар хэлцэл хийгдээгүй гэж үзнэ.

 

            Нөгөө талаас, С.О нь Блю драгон ХХК-д төлбөр тооцоотой байсны улмаас бартераар байр авах боломжгүй болсноо мэдсээр байж нэхэмжлэгч нартай тооцоо дууссанаа зөвшөөрч, сууцны үнэнд машин, мөнгө шилжүүлэн авснаар үндэслэлгүйгээр хөрөгөжсөн гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч С.О нь Т.С-ос авсан гэх машин нь эрхийн доголдолтой гэж маргадаг боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй, харин эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шаардлага гаргах эсэхээ жичдээ шийдвэрлэх боломжтой.

 

            Хариуцагч Т.С нь сууцны үнэнд машин, мөнгийг С.О-д шилжүүлсэн, нэхэмжлэгч нараас машины үнийг авсан байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

           Нэхэмжлэлийн шаардлагаас бэлнээр төлсөн 3 500 доллар, 15 900 долларыг Монгол банкны ханш 1 869.20 төгрөгөөр тооцож 36 258 600 төгрөг, бэлнээр өгсөн 38 000 000 төгрөг нийт 74 258 600 төгрөгийг хангаж, Д.Б, Т.С нарын хооронд тооцох байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Шүүх хуралдааны шатанд шинжлэгдсэн хариуцагч Т.С-ын гаргасан С-Д  бичлэг “С.О-тэй ярилцсан” гэх бичлэгийг зөвшөөрөлгүйгээр хийсэн хууль бус аргаар цуглуулсан баримт байна.

 

            Хэргийн 54-63, 66 дахь талд авагдсан гэрч Я.Б, Т.С, Б.Ш нарын мэдүүлгүүд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 20-ны өдрийн 01148 дугаартай шийдвэртэй хэрэгт хэлэлцэгдсэн, 67-85 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэгт хамааралтай баримтууд байна.                 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.О-ээс 74 258 600 /далан дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Д.О, Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 741 400 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч Т.С-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нар нь хариуцагч Я.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс 529 243 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч нарт олгосугай. 

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА