Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00359

 

2021           04            08                                          001/ХТ2021/00359

 

................ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01862 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1869 дүгээр магадлалтай,

 

................ийн нэхэмжлэлтэй

................ ОНӨААТҮГ-т холбогдох

 

15 сарын тэтгэмж 18,911,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ нь цахилгаан тээвэр компани захирлын тушаалаар 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 27 тоот тушаалаар ажилд орсон. ................ийн ОНӨААТҮГ-ийн 2 дугаар баазад ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Б/47 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тус байгууллагад 26 жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэтэл ................ энэ байгууллагад бүх насаараа ажилласан байхад ................ийн ОНӨААТҮГ-ийн захиргаа нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Энэ байгууллагад 26 жил ажилласан хүн Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар 15 сарын цалинг нэг удаагийн цалин хэлбэрээр авах ёстой. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин болох 1 260 780 төгрөгөөс дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 57 дугаар тушаалын хавсралтын 7а-д зааснаар тодорхойлсон. Иймд ................ийн ОНӨААТҮГ-аас 15 сарын тэтгэмж 18 911 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2013 оны 7 сард тэтгэвэрт гарсан гэж байгаа ч тэтгэвэрт гараагүй. Нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр Цахилгаан тээвэр компанид үргэлжлүүлэн ажиллаж байсан гэдэг нотлогдож байгаа ба нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч хувиараа төлөөгүй, байгууллага төлсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 2 дугаар баазад 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар токарьчин мэргэжлээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож ирснийхээ дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 тоот тушаалаар токарьчнаар ажилд орж, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн. 2018 оноос 2020 он хүртэл мөрдөх Хамтын гэрээг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хэсэгт хамгийн сүүлд ажилд орсон тушаал тасралтгүй ажилласан гэх хугацааг заасан. Нэхэмжлэгч байгууллагад 4 жил 10 сар тасралтгүй ажилласан бол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тэтгэмж авах эрх үүснэ. Мөн нэг сарын цалингийн дундаж хөлсийг бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцно гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 955 083 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 17 956 617 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт дараа оны 4 дүгээр сар хүртэл тасалдсан, тэр хооронд нийгмийн даатгал төлөгдсөн байвал хувиараа төлсөн байх. Магадгүй нэхэмжлэгч байгууллагаар дамжуулж төлье гэсэн байх магадлалтай. Хэрэв үнэхээр төлсөн гэж үзэж байгаа бол хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талыг нотлох баримт хангалтгүй цуглуулсан гэж үзэж байна. Төлсөн гэж байгаа тухайн үеийн цалингийн тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгөх ёстой. Хариуцагч талаас татгалзлын үндэслэл болсон захирлын тушаалаа хэрэгт хавсаргасан, мөн тэдгээр тушаал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй нийцэж байгаа. 2014 оны 4 дүгээр сард токарьчнаар ажилд авав гэдэг бол байгууллагад ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн алдаа байгаа гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01862 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ................ ОНӨААТҮГ-аас 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 18 911 700 төгрөг гаргуулах гаргуулж, нэхэмжлэгч ................т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 508 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1869 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 508 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлийг анхаараагүй болно. Үүнд : - Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг анхан шатны шүүх буруу тооцоолсон. Учир нь Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн /тэтгэвэрт гарах үеийн/ тэтгэмжийг тооцохдоо цалин хөлсний бүрэлдэхүүнд унаа, хоолны хөнгөлөлтийг оруулахгүй гэж заасныг анхаараагүй болно. Дээрх журмын дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо унаа хоолны хөнгөлөлтийг хасч тооцоход 955 083 төгрөг болно. /задаргаа/ -Мөн нэхэмжлэгчийг 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 тоот тушаалаар ажилд эгүүлэн авсан үйл баримт хэрэгт байхад нэхэмжлэгчийн ажилласан жилийг тасраагүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн арын хуудсанд мөн ажлаас чөлөөлсөн ажилд авсан тухай бичилт хийгдсэн байдаг бөгөөд дээрх үйл баримтыг давхар нотолж байгаа болно. -Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээний 3.4 заалтад тасралтгүй ажилласан жилийг байгууллагад ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаар тооцох бөгөөд дундаж цалин хөлсийг тооцохдоо НХХЯ-ны сайдын баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцохоор заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................ нь хариуцагч ................ ОНӨААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээний дагуу олгох ёстой 15 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 18,911,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг  зөвшөөрөөгүй, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байх ба шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

 

................ нь Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр УҮГ-ын захирлын 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар токарьчнаар ажилд орсон, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/132 дугаар тушаалаар “...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн боловч 2013 оны 9 дүгээр сараас ажилдаа эргэн орж, ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр техник технологийн албаны токарьчны үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаанаас үзэхэд ажил олгогчийн зүгээс ажилтны нийгмийн даатгалыг 1993 оны 3 дугаар сарын 27-2013 оны 7 дугаар сарын 09 хүртэл, 2013 оны 9 дүгээр сараас 2019 оны 2 дугаар сарын 14 хүртэл тасралтгүй төлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох ба мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар тэтгэмжийн хэмжээг хамтын гэрээгээр зохицуулж болно.

 

Ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар  ................ ОНӨААТҮГ-ын ажил олгогчийн төлөөлөгч болон тус газрын ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч нарын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтын гэрээ Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн, хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 15.5, 16 дугаар зүйлийн 16.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хамтын гэрээний 3.4-т ................ ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах ажилтанд тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамаарч, 1-5 жил хүртэл ажилласан бол 1 сар, 6-10 жил хүртэл ажилласан бол 4 сар, 11-15 жил хүртэл ажилласан бол 8 сар, 16-20 жил хүртэл ажилласан бол 10 сар, 21-25 жил хүртэл ажилласан бол 12 сар, 26-аас дээш жил ажилласан бол 15 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа, олгохоор заасан байна. /хх-ийн 36-44/

 

Хамтын гэрээ нь заавал дагаж мөрдөх шинжийг агуулсан хэм хэмжээ тул гэрээнд заасан нөхцөл болзлыг хангасан эсэх асуудал тогтоогдсон байж тэтгэмжийн хэмжээ тодорхойлогдоно. Ажилтны ажилласан жилээс хамаарч олгох тэтгэмжийн хэмжээг ялгамжтай тогтоосон тул ажилтан бүрийн авах тэтгэмжийн хэмжээ өөр өөр ялгаатай байна.

 

................ нь 1993.03.27-2013.07.09, 2013.09.01-2019.02.14 хүртэл нийт 25 жил 10 сар ажилласан байхад шүүх 26 жил ажилласан гэж алдаатай дүгнэсэн, ажилтны сарын дундаж цалинг үндэслэлтэй тогтоогоогүй, тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо хамтын гэрээг зөрчсөн байх тул залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хамтын гэрээнд Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасан ба нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрээс үзвэл нэг сарын дундаж цалин хөлс 1,060,780 төгрөг, 25 жил 10 сар ажилласан тул 12 сарын тэтгэмжид 12,799,368 төгрөгийг ажил олгогч олгох үүрэгтэй байна.

 

Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1869 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...18 911 700...” гэснийг “...12,799,368...” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож, 6,112,332 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дах заалтад “...252 508...” гэснийг “...219,739...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 252,508 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД