Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01051

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр     

       Дугаар 102/ШШ2018/01051

Улаанбаатар хот

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 42-р байр 1 тоот, Ө Э Б Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, УБ-16030 өөрийн байр, УБДС ТӨХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол 4 тоот, өөрийн байр, ОСНААУГ-ын харъяа ХҮ 12-р төвд  холбогдох 19 801 980 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, С., Р.Ж, Д.Г, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                               

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 онд зохих зөвшөөрлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйлчилгээ, бүхий орон сууцны байшинг барьж ашиглалтанд оруулсан. Уг барилгын 1,2 дугаарт давхарт ажилладаг үйлчилгээний байгууллага болох FULL рестораны ус, дулааны төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд төлж эхэлсэн. Дээрх барилгыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОСНААУГ-ын шийдвэрээр төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд  хүлээлгэн өгсөн. Уг үйлчилгээний газрын 1,2 дугаарт давхрын  дулааны төлбөрийг 2017 оны 4  дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3105,6 м.куб-р бодож илүү төлж байсан нь “УБДС” ТӨХК-ийн манайд ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 тоот гэрээнд эх үүсвэрт өөрчлөлт оруулж, актаар хасагдах м.кубыг тооцож ирүүлснээр мэдсэн. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар 15-ны өдөр хүртэл сар тутамд 771,96 м.кубээр илүү буюу  331.171 төгрөг илүү төлж байжээ. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 15 өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 сар, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 15 хоног нийт 14 сар 15 хоногийн илүү төлөлт  4 801 980 төгрөгийг манай  компани илүү төлсөн. Энэ илүү төлөлтийн талаар бид Баянгол дүүргийн ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд хандаж, илүү төлөлтийг буцаан олгох, эсвэл дараа сарын ус дулааны төлбөрийг хөнгөлж өгөхийг удаа дараа хүссэн боловч боломжгүй гэсэн учраас бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүх хурал 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болж Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь заалтын дагуу дээд шатны байгууллагат гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр болсон. Бид Эрчим хүчний зохицуулах хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудлаар судалж, талуудаас тайлбар, дүгнэлт авч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвийн дарга н.Баяржаргалд “манай байгууллагаас илүү төлсөн 4 801 980 төгрөгийг дараа сарын төлөлтүүдээс суутгаж тооцохыг даалгаж” шийдвэрлэсэн. Бид дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төв нь дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлээгүй. 2017 оны 11 дүгээр сараас хойш ус, дулааныг дахин дур мэдэж салгасан. Манай байгууллага шинэ жилийн үеэр ашиг олох байсан үед зориудаар ус дулааныг тасалсан, үүнээс болоод албан газрууд гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаанд төлсөн мөнгө зэргээ авах зэрэг хүндрэлтэй байдлууд бий болсон. Мөн 10 гаруй усны тоолуурыг салгаж, 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төв нь УБДС ТӨХК шийднэ, бид мөнгийг дамжуулж өгдөг гэсэн тул хариуцагчаар татсан.  Иймд олох байсан орлого 15 000 000 төгрөг, илүү төлсөн мөнгө 4 801 980 төгрөг нийт 19 801 980 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч УБДС ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороололд баригдсан 56 айлын орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбохоор “Ө э Б Э” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дулааны эрчим хүчний төлбөр тооцоог МС-602 загварын 69585372 дугаартай тоолуураар төлбөр тооцоог хийж ирсэн. Ингээд жилийн дараа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн “УБДС” ТӨХК-тай байгуулсан гэрээг цуцалж, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвтэй байгуулан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг үндэслэн уг барилгын эх үүсвэрийг аж ахуйн нэгжийн тарифаас ахуйн хэрэлцээний тарифт шилжих болсонтой холбогдуулан эх үүсвэрийг эзлэхүүнээс талбайн хэмжигдэхүүнд шилжүүлэх явцад 1, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний хэсгийн хэмжээний тооцоонд алдаа гарсныг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 дугаар хэрэглэгчийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах актаар залруулсан байдаг. Энэ алдаа нь тухайн барилга барьсан компани  ажлын зургийн дагуу бариагүй, зургаа өөрчилсөн, гүйцэтгэлийн зургаар баталгаажуулаагүйтэй холбоотой. Манайх гэрээ байгуулж, эх үүсвэрээ тодорхойлохдоо Улсын комиссын акт, Архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг үндэслэж, зурагт тавигдсан хэмжээ эзлэхүүнээр тооцож тодорхойлдог. Тухайн үед зургийг “Харандаа” ХХК хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байдаг. Ө Э Б Э ХХК-ний барилгат хэрэглэгдсэн хэрэглээний болон халаалтын халуун усны төлбөр тооцоог анх дулаан авсан хугацаанаас эхлэн барилгын дулааны зангилааны узельд суурилуулсан төлбөр тооцооны хэрэгсэл болох баталгаажсан тоолуураар бодит хэрэгцээг тооцож нэхэмжилж байсан, одоо ч мөн энэ тоолуурын заалтаар тооцоо хийж ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвөөс нэхэмжилдэг. “УБДС” ТӨХК-иас илүү төлбөр тооцоо огт нэхэмжилж байгаагүй, ямар нэг маргаан байгаагүй. Манайх хариуцагч биш учраас хариуцагчаас хасч өгнө үү гэв.  

 

Хариуцагч ОСНААУГ-ын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбартаа: Гэрээний нэмэлт эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай акт гарснаар нэхэмжлэгч энэ талаар мэдсэн. Энэ талаар нэхэмжлэгч ОСНААУГ-т хандаж байгаагүй. Тухайн байрыг “Эв эе 80” сууц өмчлөгчдийн холбоо хариуцахаар болж, дундын өмчлөлийн талбайн дулааны мөнгийг ямар хэмжээний талбайн төлбөрийг төлөх талаарх хүсэлтээ манайд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2 тоот албан бичгээр гаргасан. Энэ хүсэлтийн дагуу манайх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 76 тоот албан бичгээр “УБДС” ТӨХК-д хандсан. УБДС ТӨХК тухайн үед гэрээний эх үүсвэр нь 3105,6 метр куб, 3028 метр квадрат талбайтай, подволь нь 402,5 метр квадрат, хэрэглээний халуун ус нь 27,8 хувьтай, 207 хүн амьдардаг гэж 2015 оны 12 дугаар сард манайд шилжүүлсэн байдаг. Энэ эх үүсвэрээр нь гэрээ хийж мөнгийг шилжүүлэхээр ОСНААУГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Ө Э Б Э ХХК нь 56 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэж өгөхдөө 3105 м.куб эзэлхүүнтэй гэж гарын үсэг зурж гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Өөрсдөө эх үүсвэрээ буруу тооцоолж 2 333.6 м.куб эзэлхүүнийг 3105.6 м.кубээр комисст хүлээлгэж өгсөн, энэ эх үүсвэрээр гэрээ байгуулж төлбөрөө төлчихөөд одоо хариуцагчаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийн ашиг олж, татвар төлсөн баримт нь байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                        

Нэхэмжлэгч Ө Э Б Э ХХК нь УБДС ТӨХК болон ОНААУГ-ын харъяа ХҮ үйлчлэх 12-р төвд холбогдох худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 19 801 980 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Ө Э Б Э ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйлчилгээ, орон сууцны зориулалттай 56 айлын орон сууцыг 2015 онд барьж ашиглалтад оруулан, барилгын 1,2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг FULL рестораны ус, дулааны төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд төлдөг гэх ба тус төв нь ус, дулааны төлбөрийг 2015 оны 9-р сарын 15-наас 2017 оны 5-р сарын 15-ныг хүртэл 3105,6 м.куб-р бодож илүү төлүүлж байсан гэж маргажээ.

 

УБДС ТӨХК нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 тоот “Гэрээний нэмэлтээр эх үүсвэрт өөрчлөлт оруулах акт” актаар хэрэглэгч Ө Э Б Э ХХК-ний  0374 тоот гэрээний эх үүсвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар /хх 17-18/ тогтоожээ.

 

Гэрээний эх үүсвэрт өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь Эв эе-80 сууц өмчлөгчдийн холбоо тухайн байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцах болсон, улмаар Улсын комиссын 2015 оны 7-р сарын 06-ны өдрийн 2015/89 тоот актыг үндэслэн хэрэглэгчийг аж ахуйн нэгжийн тарифаас айл өрхийн тарифт шилжүүлэн 2017 оны 4-р сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр тооцоог хийхээр шийдвэрлэсэнтэй холбоотой байсан, энэ талаар талууд маргаагүй байна.  

 

Актаар тухайн барилгын 1,2-р давхарын үйлчилгээний хэсгийн дулааны эх үүсвэрийг 3105.6 м.куб-р тооцож байсныг 2 333.6 болгож өөрчлөхөөр тогтоосон байх ба хэрэглэгч нь 2014 оноос УБДС ТӨХК-тай, 2015 оноос ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвтэй гэрээний үндсэн дээр 3105.6 м.куб эзлэхүүний  хэмжээгээр төлбөр тооцоо хийж байсан тохиолдолд Иргэний хуулийн 254-р зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар дулааны эрчим хүчийг худалдан авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах боломжтой байсан, түүнчлэн хэрэглэгч анх эрчим хүчээр хангагдахдаа энэ эзлэхүүнээр төлбөр тооцоо хийхээ мэдэж байсан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 09-р сарын 21-ний өдрийн “Хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх тухай” 5/932 тоот албан бичигт “...Ө Э Б Э ХХК-ний өмчлөлийн талбайд хэмжилт хийсэн, ...халаалтын төлбөрийг 2 333.6 м.куб эзлэхүүний хэмжээгээр тооцох, -771.98 м.куб эзлэхүүний тоо хэмжээгээр илүү төлсөн төлбөрийн хасалтыг хийхийг мэдэгдсэн” байх ба Ө Э Б Э ХХК нь өмчлөгч болох нь баримтаар тогтоогдоогүй, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар 15-ны өдөр хүртэл сар тутамд 771,96 м.кубээр илүү буюу  331.171 төгрөг төлж нийт  4 801 980 төгрөгийг төлж хохирсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Улсын бүртгэлийн Ү-2205059722 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 80-р байрны 1, 2 дугаар давхарын 641.40 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Батсуурийн Оюунбилэг бүртгэгдсэн /хх 52/, энэ обьектод Амстел ХХК-д /захирал Я.Батсуурь/ ресторан ажиллуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны 9-р сарын 18-ны өдрөөс 2 жилийн хугацаатай олгосон /хх 53/  байх ба ус, дулааны төлбөрийг Б.Оюунбилэг /хх 41-45, 47-49/ төлж байжээ. 

 

Өөрөөр хэлбэл, Ө Э Б Э ХХК төлбөр төлсөн, төлбөрийг илүү төлсөн талаарх шаардлагаа баримтаар нотлоогүй, шинэ жилийн арга хэмжээний үеэр олох байсан 15 000 000 төгрөгийн орлогоороо хохирсноо нотлоогүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан УБДС ТӨХК болон ОСНААУГ-ын харъяа ХҮ 12-р төвөөс 19 801 980 /арван есөн сая найман зуун нэг мянга есөн зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн Ө Э Б Э ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  258 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА