Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01527

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01527

 

 

 

 

 

 

 

 

 

Өү энд Би Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01051 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвд холбогдох,

19 801 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буман-Аюуш, С.Бархасбадь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

                                                                                                

Нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт : Манай компани 2015 онд зохих зөвшөөрлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйлчилгээ, бүхий орон сууцны байшин барьж ашиглалтанд оруулсан. Уг барилгын 1,2 дугаар давхарт ажилладаг үйлчилгээний байгууллага болох FULL рестораны ус, дулааны төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд төлж эхэлсэн. Дээрх барилгыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОСНААУГ-ын шийдвэрээр төлбөрийг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвд  хүлээлгэн өгсөн. Уг үйлчилгээний газрын 1,2 дугаар давхрын  дулааны төлбөрийг 2017 оны 04  дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3105.6 м.куб-аар бодож илүү төлж байсан нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн манайд ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 тоот гэрээнд эх үүсвэрт өөрчлөлт оруулж, актаар хасагдах м.кубыг тооцож ирүүлснээр мэдсэн. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар 15-ны өдөр хүртэл сар тутамд 771.96 м.кубээр илүү буюу  331 171 төгрөг буюу нийт 14 сар 15 хоногийн хугацаанд 4 801 980 төгрөг илүү төлсөн. Бид энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд гомдлоо гаргахад манай байгууллагаас илүү төлсөн 4 801 980 төгрөгийг дараа сарын төлөлтүүдээс суутгаж тооцохыг даалгаж шийдвэрлэсэн. ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төв нь дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлээгүй. Иймд олох байсан орлого 15 000 000 төгрөг, илүү төлсөн мөнгө 4 801 980 төгрөг нийт 19 801 980 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн  тайлбарт: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололд баригдсан 56 айлын орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбохоор Өү энд Би Эн ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дулааны эрчим хүчний төлбөр тооцоог МС-602 загварын 69585372 дугаартай тоолуураар төлбөр тооцоог хийж ирсэн. Ингээд жилийн дараа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан гэрээг цуцалж, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвтэй байгуулан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг үндэслэн уг барилгын эх үүсвэрийг аж ахуйн нэгжийн тарифаас ахуйн хэрэлцээний тарифт шилжих болсонтой холбогдуулан эх үүсвэрийг эзлэхүүнээс талбайн хэмжигдэхүүнд шилжүүлэх явцад 1, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний хэсгийн хэмжээний тооцоонд алдаа гарсныг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 дугаар хэрэглэгчийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах актаар залруулсан байдаг. Энэ алдаа нь тухайн барилга барьсан компани  ажлын зургийн дагуу бариагүй, зургаа өөрчилсөн, гүйцэтгэлийн зургаар баталгаажуулаагүйтэй холбоотой. Манайх гэрээ байгуулж, эх үүсвэрээ тодорхойлохдоо Улсын комиссын акт, Архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг үндэслэж, зурагт тавигдсан хэмжээ эзлэхүүнээр тооцож тодорхойлдог. Тухайн үед зургийг Харандаа ХХК хийж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байдаг. Өү энд Би Эн ХХК-ний барилгат хэрэглэгдсэн хэрэглээний болон халаалтын халуун усны төлбөр тооцоог анх дулаан авсан хугацаанаас эхлэн барилгын дулааны зангилааны узельд суурилуулсан төлбөр тооцооны хэрэгсэл болохбаталгаажсан тоолуураар бодит хэрэгцээг тооцож нэхэмжилж байсан, одоо ч мөн энэ тоолуурын заалтаар тооцоо хийж ОСНААУГ-ын харъяа хэрэглэгчид үйлчлэх 12 дугаар төвөөс нэхэмжилдэг. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас илүү төлбөр тооцоо огт нэхэмжилж байгаагүй, ямар нэг маргаан байгаагүй. Манайх хариуцагч биш учраас хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч ОСНААУГ-ын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн тайлбарт: Тухайн байрыг Эв эе 80 сууц өмчлөгчдийн холбоо хариуцахаар болж, дундын өмчлөлийн талбайн дулааны мөнгийг ямар хэмжээний талбайн төлбөрийг төлөх талаарх хүсэлтээ манайд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2 тоот албан бичгээр гаргасан. Энэ хүсэлтийн дагуу манайх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 76 тоот албан бичгээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хандсан. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК тухайн үед гэрээний эх үүсвэр нь 3105.6 м.куб, 3028 м.кв талбайтай, подвол нь 402.5 м.кв, хэрэглээний халуун ус нь 27,8 хувьтай, 207 хүн амьдардаг гэж 2015 оны 12 дугаар сард манайд шилжүүлсэн байдаг. Энэ эх үүсвэрээр нь гэрээ хийж мөнгийг шилжүүлэхээр ОСНААУГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Өү энд Би Эн ХХК нь 56 айлын орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэж өгөхдөө 3105 м.куб эзэлхүүнтэй гэж гэрээнд гарын үсэг зурсан. Өөрсдөө эх үүсвэрээ буруу тооцоолж 2 333.6 м.куб эзэлхүүнийг 3105.6 м.кубээр комисст хүлээлгэж өгсөн, энэ эх үүсвэрээр гэрээ байгуулж төлбөрөө төлчихөөд одоо хариуцагчаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийн ашиг олж, татвар төлсөн баримт нь байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвөөс 19 801 980 /арван есөн сая найман зуун нэг мянга есөн зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн Өү энд Би Эн ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунбилэгийн давж заалдах гомдолд: Өү энд Би Эн ХХК нь 2015 онд зохих зөвшөөрлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо үйлчилгээ бүхий орон сууцны байрыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд уг барилгын 1-2 давхарт ажилладаг үйлчилгээний байгууллага болох Фулл рестораны ус, дулааны төлбөрийг тус дүүргийн ХҮТ-12-т тогтмол төлж ирсэн. Дээрх барилгыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ОСНААУГ-ын шийдвэрээр ХҮТ-12-т хүлээлгэн өгсөн бөгөөд уг үйлчилгээний 1-2 давхрын дулааны төлбөрийг 2017 оны 04 дүгээр 26-ны өдөр хүртэл 3105.6 м.куб-ээр тооцож илүү төлсөн нь УБДС ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 дугаартай гэрээний нэмэлтийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах актаар хасагдах м.куб-ийг тооцож ирүүлсэн. 2015 оны 09 сарын 15-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар тутам 771.96 м.куб-ээр илүү буюу 331 171 төгрөгөөр илүү төлж нийт 14 сар 15 хоногт 4 801 980 төгрөгийг төлсөн. Энэ талаар удаа дараа Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр илүү төлөлтийн 4 801 980 төгрөгийг суутгах тооцохыг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч ХҮТ-12 нь дээд шатны байгууллагын шийдвэрийг үл тоон биелүүлээгүй. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК нь худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 19 801 980 төгрөг хариуцагч Уланбаатар дулааны сүлжээ ТӨХК болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс гаргуулахаар нэхэмжлэхдээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйлчилгээ, орон сууцны зориулалттай 56 айлын орон сууцыг 2015 онд барьж ашиглалтад оруулан, барилгын 1, 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг ПҮҮЛ рестораны дулааны төлбөрт 2015 оны 9 сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэл 3105.6 м.куб-ээр бодож 4 801 980 төгрөг илүү төлүүлсэн, ус, дулаан дур мэдэн тасалж 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх орон сууцны барилгын 1, 2 дугаар давхрын өмчлөгч нь нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК биш, иргэн Б.Оюунбилэг байх ба холбогдох дулааны төлбөрийг Б.Оюунбилэг, н.Оюунхүү нар төлж байжээ. /хх 38-49/

 

Нэхэмжлэгчийн төлбөр төлөх үндэслэл болсон гэрээ, тарифын хэмжээ тодорхой бус, хариуцагч байгууллага гэрээг Өү энд Би Эн ХХК-тай эсхүл иргэн Б.Оюунбилэгтэй байгуулсан эсэх, өмчлөгч Б.Оюунбилэг шаардах эрхээ Өү энд Би Эн ХХК-д шилжүүлсэн эсэхийг тодруулах атлаа анхан шатны шүүх нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хэргийн 17, 50-51 дүгээр тал дахь Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/932 тоот албан бичиг, гэрээний нэмэлтээр эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 тоот актад дулааны эзэлхүүнийг 771.96 м.куб-ээр хасч тооцох, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд илүү төлсөн дулааны эрчим хүчний төлбөрийг буцаан олгуулах эсхүл дараагийн саруудын төлбөрт суутган тооц гэсэн байх боловч уг баримтуудад тарифын хэмжээ хэд байсан талаар тодорхой заагаагүй, илүү төлөгдсөн 771.98 м.куб-ын тооцоолол нь 4 801 980 төгрөг болно гэсэн баримт хэрэгт авагдаагүй, уг тооцоолол үндэслэлтэй эсэхийг харьцуулан дүгнэх баримтгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллагаас гаргасан гэрээний нэмэлтээр эх үүсвэрт өөрчлөлт оруулах актад 0374 тоот гэрээний эх үүсвэрт нэмэлт өөрчлөлт оруулав гэж бичигдсэн боловч 0374 тоот гэрээ нь хэрэгт авагдаагүй тул өмнөх гэрээний талууд хэн байсан, гэрээгээр төлбөрийн тарифыг хэрхэн тохиролцсон, нэхэмжлэгч нь шаардарх эрхтэй эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ