Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01053

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01053

Улаанбаатар хот

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.З-д холбогдох зээлийн гэрээ цуцалж 118 445 800 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж Д.С, хариуцагч Г.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр /үнэмлэх 1985/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.  

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Б ХХК нь Г.З-тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2100003078 тоот зээлийн гэрээ байгуулж 85 000 000 төгрөгийг зээлийг орон сууц худалдан авахад нь зориулж олгосон. Зээлийг 120 сарын хугацаатай, сарын 2,1 хувийг хүүтэй олгосон. Гэвч Г.З зээл  авсан хугацаанаасаа хойш зээл, зээлийн хүүг огт төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Г.Заас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85 000 000 төгрөг, зээлийн хүү 33 274 355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 171 444.34 төгрөг, нийтдээ 118 445 800.14 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд А Б ХХК Г.Зтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 118 445 800 төгрөг гаргуулаха, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7,8 тоот хаягт байрлах 109.6 мет квадрат орон сууц, 14.31 метр квадрат талбайтай гражаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Э-той хамтран Эрэл банкнаас 2013 оны 5 дугаар сард 50 000 000 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сард тухайн барьцаа дээрээ нэмэлтээр 50 000 000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор зээлсэн. Тухайн үед барьцаа хөрөнгө Г.Э-ын нэр дээр байсан.  2016 оны 6 дугаар сар хүртэл бид үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан. Үндсэн зээлээс 37 000 000 төгрөгийг төлж, зээлийн хүүд 50 000 000 гаруй төгрөг төлсөн. Тэгээд тодорхой хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн эргэн төлөлт хийгдээгүй улмаас үндсэн зээл дээр зээлийн хүү нэмэгдээд 2016 оны 6 дугаар сард 84 900 000 төгрөг болсон. Тухайн үед Э банк нь А банк болж нэрээ өөрчилсөн байсан. “А б” ХХК-ийн  ажилтнуудтай байнга холбогдож байсан. Тэгэхэд “таны зээл эрсдэлтэй зээлийн ангилалд орж байна, энэ нь та нарын бизнесийн үйл ажиллагаа, хувь хүн дараагийн зээл авахад нөлөөлнө” гэдэг байсан. Бид тухайн үед зээлээ төлөх боломж байгаагүй. Өөр ямар боломжууд байна вэ гэхэд банк орон сууцны зээлийг 2.4 хувийн хүүтэй олгож байсныг хүүг 2.1 хувь болгож бууруулаад өмнөх зээлийг шилжүүлж 85 000 000 төгрөгөөр барьцаанд байсан орон сууц худалдах, худалдан авах үндсэн зээл болгож, Г.Э-ын нэр дээрх барьцаа хөрөнгийг Г.З-ын нэр дээр шилжүүлж, шинэ зээл болгож гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А Б ХХК нь Г.З-д холбогдох зээлийн гэрээг цуцалж 118 445 800 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ. 

 

А банк нь Г.З-тай 2016 оны 06-р сарын 20-ны өдөр 2100003078 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 85 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2204028759 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7,8 тоот 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 14.31 м.кв талбай бүхий автомашины зогсоол зэргийг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.  Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /хх 4-11, 17/

 

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарч зээлдүүлэгч гэрээгээ цуцлахыг шаардсан бол хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй, өмнөх зээлийн гэрээний үүргийг хааж дараагийн хэлцэл хийсэн, хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус” гэж маргажээ.

 

Эрэл банк нь 2013 оны 05-р сарын 16-ны өдөр  Г.Э, Д.У нартай 13/163 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, 2013 оны 10-р сарын 01-ний өдөр Г.Э, Г.З нартай 13/295 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тус тус тохирч, эдгээр зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204028759 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7,8 тоот 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 14.31 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг барьцаалжээ. Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, гэрээ хүчин төгөлдөр /хх 49-62/ байжээ.

 

Зээлдэгч нар эдгээр зээлийн гэрээний үүргийг тодорхой хэмжээгээр  гүйцэтгэж байсан боловч зээлийг бүрэн төлж дуусгах боломжгүй болсон, зээл, зээлийн хүүгийн төлбөр 84 900 000 төгрөг байсан, улмаар энэ үүргийг дуусгавар болгох зорилгоор дараагийн зээлийн гэрээг байгуулах болсон  талаар хариуцагч маргаагүй байна.

 

Харин Г.З нь Аг банктай 2016 оны 06-р сарын 20-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 85 000 000 төгрөгийг зээлсэн, улмаар өмнөх зээлийн гэрээний барьцааны зүйл болох сууц, автомашины зогсоолыг 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч Г.Э-оос худалдан авч, түүнд өмчлөх эрхийн 000508367 тоот гэрчилгээ /хх 16-17/ олгогджээ.

 

Зээлдүүлэгч нь 85 000 000 төгрөгийг Г.Э-ын дансанд 2016 оны 06-р сарын 20-ны өдөр шилжүүлж, үүнээс 13/163 тоот зээлийн гэрээний 54 140 266 төгрөгийн, 13/295 тоот зээлийн гэрээний 30 790 540 төгрөгийн үүргийг тус тус дуусгавар болгосон байх ба эдгээр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон талаар зээлдэгч, зээлдүүлэгч нар маргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236-р зүйлийн 236.1, 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг буюу зээлийн гэрээний үүргийг дараагийн гэрээний үүргээр сольж өмнөх үүргийг дуусгавар болгосон гэж дүгнэлээ. 

 

Зээлдэгч Г.З нь 85 000 000 төгрөгийг зээлэхдээ А банкинд хүсэл зоригоо илэрхийлсэн, талууд гэрээний зүйлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр хэлцэл   бөгөөд зээлдэгч зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй нь гэрээний 5-р зүйлийн 5.2.3 дахь хэсэгт заасан гэрээг цуцлах үндэслэл болно. 

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан А б, Г.З нарын хооронд байгуулсан 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, Г.З-аас 118 445 800 /нэг зуун арван найман сая дөрвөн зуун дөчин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулж Ариг банкинд олгосугай.

 

            2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г.З нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн  Ү-2204028759 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 39 дүгээр байрны 7,8 тоот 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 14.31 м.кв талбай бүхий автомашины зогсоол зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 820 380  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 820 380 төгрөг гаргуулж А банкинд олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

                     

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА